"Black Lives Matter" хөдөлгөөн Нобелийн Энх Тайвны шагналд нэр дэвшлээ


Т. Азжаргал | YOLO.MN
2021-02-01

Өнгөрсөн онд АНУ-ын 50 мужаас гадна Их Британи, Франц, Мексик тэргүүтэй дэлхийн олон оронд өрнөсөн "Black Lives Matter" хөдөлгөөн Нобелийн Энх Тайвны шагналд нэр дэвшжээ. 

Уг шагналыг 1901 оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл жил бүр олгож байгаа бөгөөд энэ жилийн хувьд Норвеги улсын Парламентын гишүүн Petter Eide уг хөдөлгөөнийг нэр дэвшүүлж буйгаа мэдэгджээ. Тэрээр "Black Lives Matter" хөдөлгөөнийг нэр дэвшүүлж буйгаа илэрхийлсэн баримт бичигтээ "Уг хөдөлгөөн Энх Тайвны шагналыг хүртвэл энэ нь дэлхий дахинд энх тайван бол эрх тэгш байдал болон эв нэгдэл дээр суурилдаг бөгөөд энэ зарчмыг дэлхийн бүхий л улс орон баримтлах ёстой гэсэн томоохон мессэжийг өгөх болно" гэжээ. 

"Black Lives Matter" хөдөлгөөн нь анх 2013 онд буюу 17 настай, африк-америк гаралтай Trayvon Martin хэмээх хүүг хөнөөсөн гэмт хэрэгтэн шударга бусаар цагаатгагдсан явдлыг эсэргүүцэх тэмцлээр эхэлж байв. Үүнээс долоон жилийн дараа цагаан арьс цагдаа нар африк-америк гаралтай George Floyd хэмээх эрийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөнд олон хүн бухимдлаа илэрхийлж жагссанаар уг хөдөлгөөн хүчээ авсан билээ. 

Нобелийн Энх Тайвны шагналд АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгч Donald Trump, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, байгаль орчныг хамгаалах үйлсийн идэвхтэн Greta Thunberg нар мөн нэр дэвшсэн аж. Шагналын эзэн ирэх аравдугаар сард тодрох юм. 

Эх сурвалж: LAD Bible

#Мэдээ #BLM #Шагнал