Аделийн хувийн дасгалжуулагчийн жингээ хасах гэж буй хүмүүст өгсөн ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ


О.Хандмаа | YOLO.MN
2020-06-04

Алдарт дуучин Адель 45 кг жин хассаныг шүтэн бишрэгчид нь янз янзаар хүлээн авч байв. Зарим нь “үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Өмнөх Аделийг хармаар байна. Гэхдээ бие галбир чинь ямар ч болсон бай үргэлж дэмжсээр байх болно” гэцгээж байлаа.

Түүнчлэн цахим орчинд хэт их жин хаях нь буруу, зөв гэх мэтгэлцээн үүсгээд амжсан юм. Аделийг жингээ хасахад хамгийн их нөлөөлж чадсан хүний нэг бол түүний хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Пит Геракимо юм.

Тэрээр Аделийг фитнессээр хичээллэж эхэлснээс хойш дөрвөн жилийн турш хамтран ажиллажээ. Туршлагатай дасгалжуулагч Пит Геракимо илүүдэл жингээ хасах тухай, дэлхийн хэмжээний одуудтай хэрхэн ажилладаг зэргээ хуваалцсаныг хүргэж байна.

БИЕЭ “УРЛАЖ” ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСЛАХ ГУРВАН АЛХМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Өдгөө 48 настай дасгалжуулагч Пит Геракимо фитнессээр хичээллэх гэж буй бол “биедээ өөрчлөлт гарахыг яаран хүлээх хэрэггүй” хэмээн зөвлөв. Мөн тэвчээртэй, шаргуу байх нь хамгийн чухал гэдгийг онцолжээ.

Хурдан үр дүнд хүрэх нь тур зуурынх байх магадлалтай. Харин аажмаар ахиц гаргах нь цаашдаа илүү урт удаан үргэлжлэх амжилтын үндэс болдог аж.

Хэрвээ та Аделийн жингээ хассан түүхээс урам авсан бол өөрөө оролдоод үзэж болох юм. Учир нь түүний дасгалжуулагч нэг л зориг шулуудсан бол жингээ хасах нь тийм ч хэцүү ээдрээтэй асуудал биш гэж зөвлөжээ.

Өөртөө итгэлтэй байж, зөв дадал зуршлыг цогцлоон сахилга баттай байхад л хангалттай аж. Пит Гераким дараах гурван зүйлийг онцлон тэмдэглэжээ. Үүнд:

  • Нарийн тооцоолсон хооллолтын төлөвлөгөө гаргаж, дагах,
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж зүрхний цохилтоо хурдасгах хэрэгтэй. Өөрийгөө чөлөөлж шинэ зүйлс туршиж үз,
  • Бие болон тархиа бүрэн амрааж, сэргээхийн тулд сайтар унтаж амрах нь нэн чухал хэмээжээ.

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТАЙ БАЙХ НЬ ТАНЫ БОДОЖ БАЙГААГААС Ч ХЯЛБАР ЮМ

Пит Гераким эрүүл чийрэг биетэй, амьдралын зөв хэмнэлтэй болох нь зугаатай аялалтай адил гэж үздэг байна. Түүнчлэн дасгал хөдөлгөөн нь өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцоход тусалдаг гэж боддог аж.

Дасгал хөдөлгөөн нь хүний хувийн онцлогт тохирсон байх ёстой. Хэн нэгний хийж буй дасгалыг заавал дуурайн хийж өөрийгөө хэт хүчлэх нь хурдан залхахад хүргэдэг. Хүнд дасгалыг хөгжилтэй өөрт амар байдлаар хийх нь илүү үр дүн үзүүлдэг байна.

Пит Гераким хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм бэлдмэл, тураах цай зэргийг огт санал болгодоггүй. Харин эрүүл зөв хооллох нь зүйтэй гэж үздэг аж.

ПИТ ГЕРАКИМ АДЕЛИЙГ ДОЛОО ХОНОГТ 2-3 УДАА ДАСГАЛЖУУЛДАГ БАЙЖЭЭ

Аделийн ажлын хуваарь хэтэрхий шахуу байдаг нь түүнтэй ажиллахад төвөгтэй байдал үүсгэдэг байжээ. Хамгийн ихдээ л долоо хоногт 2-3 удаа хамтран бэлтгэл хийх боломж олддог байсан аж. Аделийг 40 гаруй кг жин хассан зургийг харсан хүмүүс хэт их жин хасах нь буруу гэж шүүмжилж байсан. Харин үүнд Пит Гераким дасгалжуулагч “Хэн нэгэн хүсэл зорилгоо биелүүлснийхээ төлөө шүүмжлэл хүлээх ёсгүй” хэмээн хариулт өгчээ.

Эх сурвалж: News Break, Laprense

#Adele #Жин хасах #Зөвлөгөө