Дэлгэцийн донтолтын талаарх цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт дэлгэцийн донтолтыг хэрхэн даван туулах, энэ үед ямар арга хэмжээ авах тухай зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
СЭТГЭЛ СУДЛААЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?
МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл судлаач Н. Должин:
1. Дэлгэцийн донтолт буюу дэлгэцийн хамааралтай болсон бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
Юуны өмнө дэлгэцийн хамааралтай болоход нөлөөлсөн гол шалтгаан чиний хувьд юу болохыг олох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд ганцаардал, өөртөө итгэлгүй байдал, найзууддаа хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ зэрэг сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг. Хэрэв дэлгэц байнга хэрэглэж байгаа гол шалтгаанаа мэдчихвэл эрүүл мэнддээ тустай аргаар сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж сурах нь дараагийн алхам болно. Өөрөөр хэлбэл ганцаардлаа багасгах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд мэдлэг чадвараа сайжруулах, харилцааны чадвараа хөгжүүлэх, сургууль дээрх үйл ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй байж болно.
2. Хэрхэн даван туулах вэ?
Телевиз, компьютер, таблет, гар утсыг байнга хэрэглэх үед архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглохтой адилхан зарчмаар донтолт үүсдэг. Эдгээрийг хэрэглэх үед тархинд эндорфин ялгарч, тааламжтай мэдрэмж бий болгодог. Ингэснээр тааламжтай байдлыг мэдрэхийн тулд өдөр бүр урт хугацаагаар дэлгэцийн өмнө суудаг гэсэн үг юм.
Тиймээс ийм тааламжтай мэдрэмж төрүүлдэг эрүүл дадалтай болохыг зөвлөж байна. Тухайлбал, дасгал хийхэд эндорфин тархинд ялгардаг болохыг судлаачид баталсан байдаг. Нөгөө талаас дэлгэцийн хэрэглээ зуршил болсон байдаг тул Жеймс Клейрийн “Энгийн дадал” номыг уншихийг санал болгож байна.
Харин хэт хамааралтай хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх, дэлгэц байнга хэрэглэх боломжгүй орчинд байлгах зэргээр тусламж үзүүлдэг байна. ШУТИС-ийн сэтгэл судлалын багш нар “Компьютер тоглоомын хамаарал: Оношилгоо, урьдчилан сэргийлэх арга зам” номондоо бичсэнээр энэ төрлийн хамаарлын үед сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц засал, орчноос тусгаарлах эмчилгээ зэргийг хийдэг.
3. Дэлгэцийн донтолтын үед мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг байдаг шүү дээ. Энэ үед ямар хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэвэл ашиг тустай вэ?
Дэлгэцийн донтолтын үед хоолоо хэрхэн идэх вэ гэдэг илүү чухал. Ихэнхдээ дэлгэц ширтэнгээ хэр их идэж байгаагаа анзаардаггүй. Тиймээс өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоо идэж байхдаа телевиз, гар утас, компьютероос хол сууж, идэж байгаа хоолны үнэр, амт, үзэмжид анхаарлаа хандуулж идэх хэрэгтэй.
Хэрэв хоол хооронд зууш идэж, цай уудаг бол мөн адилхан ууж байгаа цайндаа бүрэн анхаарлаа хандуулаарай. Энэ нь олон давуу талтай. Нэгд, дэлгэцээс холдож байгаа учраас тархи, нүд тань амарна. Хоёрт, дэлгэц ширтэнгээ идэх явцдаа хүн тасралтгүй үргэлжлүүлэн иддэг. Ийм үед өлсөж байгааг тархинд мэдээлдэг лептин хэмээх дотоод шүүрэл тасралтгүй ялгарах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд улмаар хүн байнга идэж, хэт таргалах эрсдэл бий болно. Гуравт, хоол идэх үед тархинд эндорфин ялгардаг тул дэлгэцээс өөр зүйлээс таашаал авах давуу талтай болно.
Харин мэдрэлийн ядаргааны үед сайн унтаж амрах хэрэгтэй. Тархинд шим тэжээл өгөх хоол хүнсний тухайд 3-4 цагийн зайтай хоолоо идэх эсвэл хөнгөн зууш хэлбэрээр самар, жимс, тараг, чанасан өндөг зэргийг хэрэглэж болно.
4. Ихэвчлэн аль насныханд түгээмэл тохиолддог вэ? Урьдчилан сэргийлэх аргууд бий юу?
Дэлгэцийн донтолт болон цахим донтолт нь 10-17 насны хүүхдүүдийн дунд их тохиолддог боловч бага насны хүүхдүүд дэлгэцээс хамааралтай болох тохиолдлууд байна. Энэ төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэхийн тулд бодит амьдралдаа сэтгэл хангалуун байхад анхаарах хэрэгтэй. Тухайлбал, гэр бүл, найзууд нь өөрийг нь үнэлдэг, анхаардаг гэдгийг мэддэг бол хүн өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байна.
Хийж байгаа зүйлдээ бага ч гэсэн амжилт гаргаж, өөртөө байгаа зүйлсдээ баяртай байвал хүн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Мөн гэр бүл, найзуудтайгаа байхдаа дэлгэц хэрэглэдэггүй байх буюу дэлгэцийн хэрэглээ хязгаартай орчинд амьдардаг байх маш чухал шүү.
Үргэлжлүүлэн Сэтгэл судлаач Adam Alter-ын хийсэн сонирхолтой туршилтын үр дүн болон дэлгэцийн донтолт бидний аз жаргалыг хэрхэн үгүй хийж буй талаарх илтгэлийг хүлээн авч үзнэ үү. /Бичлэгийн CC буюу Closed captions хэсэгт орон Монгол хэлийг сонгож үзээрэй./
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх