Энэхүү гарчгийг уншаад “гэр бол угаасаа л хамгийн тухтай газар шүү дээ” хэмээн бодож байж магадгүй. Гэвч бид сүүлийн хэдэн сарыг ажлаа хийхдээ ч, хичээлээ хийхдээ ч гэртээ өнгөрөөж байгаа учир гэртээ тийм ч сайн амарсан, тайвширсан мэдрэмж төрөхгүй байгаа нь нууц биш.
Тэгвэл дараах зөвлөгөөг уншаад гэрийнхээ тодорхой хэсгийг өөрт тухтайгаар тохижуулан, тэндээ тайвшралыг мэдрээрэй.
Гэртээ тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд хийх хамгийн анхны алхам нь таны хувьд тав тух гэж юуг илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлох явдал. Зарим хүмүүсийн хувьд ямар ч илүү дутуу эд зүйлгүй, цэвэрхэн орчинг тав тухтайд тооцдог бол зарим нь хайртай хүмүүсийнхээ жаазтай зураг, бэлэг дурсгалын тоглоомтой хэсгийг тухтай гэж үзэх нь бий.
Дараагийн алхам бол гэртээ ямар өөрчлөлт хийх боломжтойгоо тооцоолох. Мэдээж бидний ихэнх нь ажил, хичээлийн өрөө, амралтын өрөө, унтлагын өрөө гээд олон тусдаа өрөөтэй байхыг хүсдэг ч боломж нь тэр бүр бүрддэггүй. Тиймээс байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулан өрөөнийхөө аль нэг жижиг булан, хэсгийг л өөрчлөхөд болно.
Ингээд гэрийнхээ аль нэг хэсгийг, эсвэл өрөөгөө бүхэлд нь өөрт тухтайгаар өөрчлөхөд, мөн үүнээсээ таашаал авахад тань туслах долоон аргыг хүргэж байна.
1. НАРНЫ ГЭРЛИЙГ АШИГЛАХ
Хүн болон амьтдад хийсэн хэд хэдэн судалгаагаар нарны хэт ягаан туяа биеийн дотоод шүүрэл, дархлааны системд нөлөөлж, улмаар сэтгэл санааны байдлыг эерэг болгодог нь тогтоогджээ. Ялангуяа байгалийн гэрэл аз жаргалын серотонин дааврын ялгаралтын зохицуулдаг бөгөөд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт зэрэг эмгэгүүдэд эерэгээр нөлөөлдөг байж болзошгүй аж.
Тиймээс өдрийн цагаар нарны гэрэл их тусдаг өрөөнд ажил, хичээлээ хийх нь тохиромжтой. Харин энэ өрөөнд тань байгалийн гэрэл тусах боломжгүй бол өрөөгөө зохиомлоор гэрэлтүүлээрэй.
2. УРГАМАЛ ТАРИХ
PubMed сайтад нийтлэгдсэн нэгэн судалгаанд цар тахлын үеэр хөл хорионд орсон хүмүүсээс гэртээ тасалгааны ургамал тарьдаг, аль эсвэл байшингийнхаа гадаа зүлэг модтой, орчин тойрон нь зүлэгжсэн газар амьдардаг хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд сайн байсан талаар дурджээ.
Тиймээс интерьер дизайнерууд гэртээ тасалгааны ургамал тарьдаггүй хүмүүст тасалгааны ургамал тарихыг зөвлөдөг. Таны гэрт нарны туяа хангалттай орж ирдэггүй, эсвэл ургамал арчлах хангалттай мэдлэг, мэдээлэлгүй бол арчлахад хамгийн хялбар ургамлуудыг сонгох боломжтой юм.
3. ТАЙВШРУУЛАХ ҮНЭР
Үнэр хүмүүс бидэнд маш хүчтэйгээр нөлөөлдөг. Хүн төрөлхтний түүхэнд хийгдсэн хэд хэдэн судалгааны ажлаар сайхан үнэр бидний тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг нь тогтоогдсон.
Тиймээс сайхан үнэртэй лаа, амин тос, үнэртүүлэгч зэргийг ашиглаарай.
4. АЖИЛ, АМЬДРАЛАА САЛГА
Бид өнгөрсөн оны ихэнх цагийг гэрээсээ хичээллэх болон ажиллахад зориулсан. Тиймдээ ч бүгд л ажил, амьдралаа ялгаж салгах нь хэчнээн чухал вэ гэдгийг ойлгосон байх.
Гэхдээ одоо ч энэ тал дээр тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байгаа бол ЭНД дараарай.
5. БАЙРЛАЛЫГ ӨӨРЧЛӨХ
Өрөөнийхөө тавилгуудын байрлалыг өөрчлөхөд тархинд нэг тийм ер бусын гайхалтай мэдрэмж төрдөг шүү дээ. Тиймээс гэртээ байхдаа бачимдаад, эсвэл нэг л сэтгэл дундуур мэдрэмж төрөөд байвал өөрийнхөө өрөөний тавилгын байрлалыг нь өөрчлөөд үзээрэй. Энэ бол сэтгэл санаагаа тайвшруулах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга юм шүү.
6. ШҮҮГЭЭГЭЭ ЦЭГЦЛЭХ
Ихэнх хугацаанд гэр нь замбараагүй байдаг хүмүүсийн бие дэх стрессийн даавар гэрээ бүхий л хугацаанд эмх цэгцтэй байлгадаг хүмүүсийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг гэнэ. Тиймээс та амар тайван, стресс багатай амьдрахыг хүсвэл гэрээ өдөр бүр цэвэрлэх хэрэгтэй аж. Үүнд хувцасны шүүгээ ч мөн хамаарна шүү!
7. АМРАЛТЫН БУЛАНТАЙ БОЛОХ
Дээрх зөвлөгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бол та ширээн дээрээ ажил, хичээлээ хийх гэж, орон дээрээ унтах гэж л хэвтдэг болсон байх учиртай. Тэгвэл ажил, хичээлээ хийж байгаа түр завсарлах, аль эсвэл стрессдэж хямарсан үедээ түр амсхийх буланг бий болгоорой. Тухайн хэсэг тань зөөлөн гэгч нь сандалтай, хажуудаа жижигхэн тавиуртай байвал тохиромжтой.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх