2020 он МИНИЙ НҮДЭЭР


Улиран одож буй 2020 он маань Монголын өсвөр үе, залуучуудын хувьд яг ямар он болж өнгөрнийг илтгэх арван сонирхолтой түүхийг хүлээн авна уу. Уншигч та ч гэсэн нийтлэлийн төгсгөлд 2020 оноо дүгнэж, шинэ оныхоо төлөвлөгөө, хүслийн жагсаалтыг гаргаж бэлдээрэй. 

Б. БАЛЖИННЯМ: АМЬДРАЛДАА ХИЙЖ ҮЗСЭН ХАМГИЙН САЙХАН АЖИЛ БОЛ ААВЫГАА ХАЛАМЖЛАХ БАЙЛАА

- "2019 он улиран одохоос яг долоо хоногийн өмнө ажлын ширээнийхээ ард суугаад 2020 онд юу хийх, ямар амжилт гаргах, ямар чадвараа хөгжүүлэх гэх зэргээр төлөвлөгөөгөө нарийн тооцоолон бичиж байсансан. Төлөвлөгөөнийхөө дагуу арав орчим жил сайн дураараа судалж буй шавж судлалын чиглэлээр номоо хэвлүүлэхээр ажиллаж байлаа. Гэтэл жилийн тэн хагасаас эхлэн харахад эрүүл ч цаанаа ядрангуй болсон аавтайгаа хамт Хавдар судлалын үндэсний төвийн хаалгыг сахих боллоо.

Эмнэлгийн шуугиант хонгилын нэг буланд суух гунигтай, айдастай ч зүрхэндээ итгэлийн галтай хүмүүсийн нэг нь болов. Цар тахлаас шалтгаалан гэрээсээ онлайнаар ажиллах хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг хугацааг хамт өнгөрүүлж, аавдаа хоолыг нь халбагадан өгөх, усанд оруулах, хувцаслах, хамт дасгал хийх гэх зэргээр аавынхаа “ээж” нь байж үзсэн энэ хугацаа миний хувьд алтан цаг байжээ.

Одоогоос 22 хоногийн өмнө аавыгаа амар тайван байж, бидэндээ эргэн ирээрэй гэж чихэнд нь шивнээд тэнгэрт үдсэн. 


М. ЭНХДАЛАЙ: ӨӨРИЙГӨӨ ХҮЧЭЭР ОЛСОН АНХНЫ ОРЛОГОО ЭЭЖ, ААВДАА ӨГЧ БАЙХДАА УЙЛМААР САНАГДАЖ БИЛЭЭ

- "2020 он бол бид бүгдийг сорьсон, амьдралд минь олон зүйл болж өнгөрсөн жил байлаа. Коронавирус дэгдэхээс өмнө би урсгалаараа л хөвж явдаг, тогтсон шийдвэр, нухацтай бодолгүй, 11-р ангийн жирийн л нэг сурагч байсан. Өвлийн амралт маань дөнгөж дуусаад ангийнхантайгаа ярих зүйлс ихтэй, догдлол дүүрэн уулзаж байтал “COVID-19” дэгдэж хичээл, сургуулийг хаасан нь хүмүүст гэлтгүй надад ч гэсэн хүнд цохилт болов.

Хөл хорионы эхний гурван сар хийсэн дорвитой зүйлгүй байсаар дуусчихаж билээ. Гэтэл айлын том хүүхдийн хувьд санхүүгийн зогсонги байдалд орсон гэр бүлдээ санаа зовж, ээж, аавдаа хэрхэн тус нэмэр болох талаараа бодож эхэлсэн юм. Ингээд интернэтээр хэрхэн мөнгө олох аргын талаар гурван сарын турш судалж, өөрийнхөө хүчээр олсон анхны орлогоо ээж, аавдаа өгч байхдаа уйлмаар санагдаж билээ.

Удалгүй урин дулаан цаг ч болж, хүмүүс ч коронавирусийг анхаарахаа болив. Харамсалтай нь би зүүн гараа хугалаад гурван долоо хоногийн хугацаанд гэртээ байх болж, тэр цаг хугацааг зөвхөн бодоход л зарцуулсан даа. Тэгээд гэнэт “Хөлбөмбөгийн тэмцээн зохиовол гоё байх даа” гэж бодоод энэ санаагаа найзууддаа хэлтэл тэд маань бүхий л чадлаараа намайг дэмжиж тусалцгаасан.

Тэмцээний бэлтгэлээ хангах гэж бид өдөр шөнөгүй хөөцөлдсөний эцэст хүсэн хүлээсэн өдөр маань болов. Харин миний гар хангалттай хэмжээнд хүртэл эдгэсэнгүй. Гар маань бүрэн эдгээгүй байсан ч хугацаанаасаа өмнө гипсээ авахуулаад, айдсаа даван туулж чадсандаа, найз нөхөдтэйгээ хамт хэзээ ч мартагдашгүй нэгэн дурсамжийг, түүхийг бүтээж чадсандаа маш их талархаж байна".


М.БАТЧИМЭГ: ГАЦУУРЫН ГЭРЭЛ ХАРААД ДОГДОЛДОГГҮЙ ХҮН БОЛЧИХВОЛ ГУНИГТАЙ БИЗ ДЭЭ

- "Бага байхад “Өвлийн өвгөнөөс чин сэтгэлээсээ хүсвэл тэр хүсэл нь биелдэг” гэж итгүүлдэг байсан шиг үнэхээр л сэтгэлийнхээ гүнээс хийе гэж хүсвэл бид хүссэн зүйлээ авч чаддаг. Тухайн зүйлээ хүслийн жагсаалт дээрээ бичсэн ч биелээгүй байвал илүү их хүсэх хэрэгтэй байсан л гэсэн үг. Өнгөрсөн 2019 оноос одоогийн өөртөө хаяглаж бичсэн захидлаас гарчиглахад: 

Тийм ээ үнэхээр сайхан айдас байсан. Хэзээ ч хийхийг хүсдэггүй байсан зүйлсээ хүртэл хийж, алдахыг хүсээгүй боломж, итгэлийг ч алдсан. Олно гэж бодоогүй зүйлсээ ч олж авсан. Том хүн болох гэж их л хөглөсөн.

Гэхдээ том хүн болох гэж байна гээд амьдралд тохиох гайхалтай мэдрэмжүүдийг тойроод гарч хэзээ ч болохгүй. Үүрийн дөрвөн цагт гарч болзохоос эхлээд л эргээд бодоход сэтгэл хөдөлж нулимс унагахаар олон сайхан, муухай мэдрэмжүүдийг сэтгэлдээ сийлжээ. Магадгүй тэдгээрийг мэдэрч байж л хүссэн шигээ том хүн болох байх.

Гацуурын гэрэл хараад догдолдоггүй хүн болчихвол гунигтай биз дээ? Энэ жил өвлийн өвгөнөөс хүссэн бүхэн минь биелсэн. Гол нь чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй шүү. Бүтэн жилийн турш сэтгэлээ шингээж урласан хүсэл эцэст нь заавал чинийх болно". 


А.АЛТАНБАЯР: ШИНЭ ХОББИГОО БИЗНЕС БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

- "Бакалаврын дипломоо шуудангаас авсан анхны цахим төгсөгч нь байна өө. Хөл хорионы өдрүүдэд гэртээ байх хугацаандаа хичээлээс гадуур ямар ч хоббигүй амьдарч байсан өөрийгөө анзаарсан. Уг нь хамгийн дуртай зүйл минь хажуудаа лаа асаагаад, өөрийн гараар чанасан кофегоо уух байдаг ч лаа болон кофены аль аль нь өртөг өндөртэй.

Дэлгүүрээс лаа авъя гэхээр үнэтэй эсвэл биед сөрөг нөлөөтэй лаанууд л байдаг. Тиймээс өөрийн гараар лаа хийхээр зориглон, түүхий эдүүдийг нь багцаар нь худалдаж авсан юм л даа.

Лаагаа хүссэнээрээ чимэглэж, дуртай үнэрээ шингээнэ гэж бодох бүрд ямар их догдолж байсан гэж санана. Лаа хийх өртөг нь бэлэн лаа авсантай ижилхэн үнэтэй байдаг ч лаагаа өөрийн гараар, шар буурцагны тосоор хийж байгаа учраас эрүүл мэндэд аюулгүй, тансаг санагддаг. Үүнийгээ найз охинтойгоо хамт хобби болгон хөгжүүлж, цахимаар олон улсын лааны сургалтад хүртэл хамрагдаад амжсан. 2020 онд олсон энэхүү шинэ хоббигоо бид дараа жил гэхэд хосын хүчирхэг бизнес болгохоор төлөвлөгөөгөө гарган, зориглон ажиллахаар шийдээд байна".


Г.МЯГМАРСҮРЭН: ЭНЭ ОНД СУРСАН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ЯМАР Ч НӨХЦӨЛД АЗ ЖАРГАЛЫГ ХАЙЖ ОЛОХ

- "2020 он гэхээр цагаан сарын дүр зураг нүдэнд шууд харагдаж байна. Таних танихгүй байсан ч хамаагүй нэгнээ тэвэрч, гэр бүлээрээ золгодог байсан хаврын тэргүүн сарын үеийн гудамж гэхэд тийм эл хуль байгаад итгэхэд бэрх ч эвлэрэхээс өөр сонголтгүй. Хүмүүсийн харц маскны цаанаас айдас, зовнил дүүрэн. Тэгэхэд надад “Энэ бүгд хэзээ дуусах бол” гэж л бодогдож байсан. Хэзээ дуусах бол гэж бодсоноос биш нам жим цэцэрлэгт хүрээлэнд улбар ягаан тэнгэр ямар үзэсгэлэнтэй харагддаг болохыг, нэг ч хүнгүй Зайсан толгой дээр нар жаргахыг харах нь ямар сонгодог мэдрэмж болохыг, бүх газар хаалттай үед ч хайртай хүнтэйгээ хамгийн гайхалтай болзоог хийж болох ямар олон санаанууд байдгийг ухаарч, том болоод нүүрэндээ инээмсэглэл тодруулан бодох олон дурсамжийг энэ онд бүтээж, ямар ч нөхцөлд аз жаргалыг хайж олох ухаанд суралцлаа. 

Тиймээс яг одоо байгаа аз жаргалыг ханатлаа мэдрэх нь хамгийн чухал юм шүү".


Б.ТӨГСБУЯН: ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ СУРАХГҮЙ БАЙЖ БОЛОХ БАЙСАН ЗҮЙЛЭЭ СУРСАН ЖИЛ БАЙЛАА

- "2020 он миний хувьд өнгөрсөн жилүүдээс их ялгаатай, сонирхолтой, адал явдлаар дүүрэн жил болж өнгөрлөө. Олон улсын цахим сургалтад хамрагдаж, сурахыг хүсэж байсан олон сонирхолтой зүйлсийнхээ талаар анхан шатны мэдлэгтэй болсон. Магадгүй коронавирус гараагүй байсан бол би тэдгээр зүйлийг ойрын хэдэн жилдээ огтхон ч сурахгүй байсан байх. 

Тэгэхээр хөл хорионоос болоод хугацаа алдаж байна, юу ч хийж чадсангүй гэж бодохгүйгээр энэ хугацааг ирээдүйд өөрт хэрэг болох зүйлээ сурч, бэлтгэлээ хангах цаг хугацаа болгон ашиглаарай. Бас зөндөө шинэ дуу, уран бүтээлчдийн талаар мэддэг болсон. Дулаараад, хөл хорио тавигдахаар эхнээс нь бүгдийг нь сонсоод, гудамжаар алхахыг тэсэн ядан хүлээж байна".


Э. СҮХБАТ: ЧИ ӨМНӨ НЬ БАЙСАН ӨӨРӨӨСӨӨ ТҮРҮҮЛЖ АЛХАХАД Л БОЛНО

- "Яарах хэрэггүй. Бусдын шууд бус дарамтаар өөрсдийгөө шахуулж, аливаад яарах хэрэггүй. Үеийнхэн чинь гадаадад суралцахад бэлдээд, тэтгэлэг аваад явчихсан, зарим нь ур чадвараараа өндөр цалинтай ажилд орчихсон байхад чи л ард нь хоцроод үлдчихсэн мэт тийм мэдрэмж төрөөд байна уу?

Нийгэм залуус биднийг яар, суралц, төлөвлөгөө гаргаж, богино хугацаанд их хэмжээний мэдлэг чадвар, туршлагатай бол гэж шахдаг. Гэвч хүн ямар нэгэн зүйлийг сурахад түүнд зарцуулсан хугацаа буюу туршлага маш чухал нөлөөтэй. Туршлага өнөө маргаашийн дотор интернетээс хайгаад, эсвэл хүнээс сонсоод шууд олдчихдог зүйл биш. Үүнийг сонгосон нэг зүйлээ байнга давтаж, алдаж, засаж, шантарч, дахин босож ирж байж, цаг хугацаа зарцуулж байж олж авдаг.

Нийгэм биднээс хурд шаардаад байгаагаас болж бидний ухамсарт "Би хоцроод байгаа юм биш үү?" гэх эргэлзээ төрж, энэ нь цаашлаад өөртөө үл итгэх байдлыг бий болгоод байна. 

Чи өөрийнхөө замаар урагшилсаар л байгаа. Чи эргэн тойрны хүмүүсээ гүйцэх нь чухал биш. Харин долоо хоног, сар, жилийн өмнөх өөрөөсөө илүү байхдаа анхаарвал амьдрал бодсон шиг чинь хурдан өнгөрч байгаа мэт санагдахгүй.

Өөрийн өсөлтөд анхаарсаар нэг л мэдэхэд бусдын түрүүнд манлайлж явбал хэчнээн сайхан бэ? Нэгэн алдартай хүн хэлсэн байдаг даа, "Би удаан урагшилдаг ч хэзээ ч ухардаггүй" гэж. Өөрийгөө бусдаас хоцорч байна гэж бүү эндүүрээрэй, чи зөвхөн өмнөх өөрөөсөө л түрүүлж алхахад болно”.

Энэ бол миний энэ онд өөртөө хэлсэн үгс, дараа жил өөртөө болон бусдад хэлэх үг. 


Б.НОМИНГОО: БАЙГАА ЦАГ ХУГАЦААГАА ХАЙРЛАЦГААЯ!

- "Кофег анх удаа амсаж үзэхэд баахан хөөстэй хэрнээ гашуун, тааламжгүй санагдаж билээ. Гэхдээ амтлах тусам гашуун амт нь тааламжтай санагдаж эхэлсэн. 

“Харьцангуйн онолд бидний хэн ч үүрд сайн, муугаараа үлдэхгүй” гэдэгчлэн аливаа нөхцөл байдал ээлжлэн солигдож, өөрчлөгдөж байдаг хорвоогийн жам ёсыг ойлгуулсан он байлаа. Нөхцөл байдал байнга одоогийнх шиг хэцүү, төвөгтэй байхгүй эсвэл байнга тааламжтай сайхан байхгүй юм байна. Тиймээс байгаа цаг хугацаагаа хайрлацгаая".


Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧ ӨВЛИЙН ӨВГӨН БОЛ БИД ӨӨРСДӨӨ

- "Энэ онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас аав ээждээ үнсүүлээд, амьдралын минь баяр, гуниг бүрийг хуваалцдаг найзуудаасаа урам зориг, итгэлийг нь өвөртлөөд арлын Япон оронд суралцахаар ниссэн нь яг л зүүд мэт мэдрэмж байсан. 

Бага байхад гоёл чимэг дүүрэн гацуурынхаа өмнө алгаа хавсран, сайн сайхныг хүсэхэд өвлийн өвгөн хаа нэгтэйгээс гарч ирээд хүслийг минь биелүүлж өгнө гэдэгт итгэдэг байлаа. Гэвч...

Мөн мацаж байгаа хүний дэргэд түүнийг дэмжих гэр бүл, найз нөхөд байхад амжилт, аз жаргал үргэлж дагадаг гэдгийг мэддэг болсноос хойш хүсэл биелүүлэгч өвлийн өвгөн нь бид өөрсдөө юм байна гэж боддог болсон".


С.САРУУЛ-УХААН: ГЭРИЙНХЭЭ ҮНЭРИЙГ ИНГЭЖ ИХ САНАНА ЧИНЭЭ ОГТООС ТӨСӨӨЛӨӨГҮЙ

- "Ганцаараа, заримдаа найзуудтайгаа хамт олон ч сайхан газраар аялж, олон улсын хүмүүстэй танилцаж, жил дамнан үргэлжилсэн үүргэвчтэй аялал минь энэ оны нэгдүгээр сарын 20-нд “Буянт-Ухаа” онгоцны буудал дээр бууж өндөрлөсөн юм.

Гурван жилийн хугацаанд гадаадад сурсан намайг гэр бүл минь үүрийн таван жингээр тосон авлаа. Тэднийгээ харахад инээмсэглэл дүүрэн ч аав, ээжийн минь үрчлээс нэмэгдэж, дүү нар минь том болцгоожээ. Хамгийн бяцхан дүүгээ өлгийтэй байхад нь явсан болохоор надаас бишүүрхэх нь аргагүй. Олон зуун хүнтэй танилцах нь нэг хүнтэй сайн танилцахаас хамаагүй амар ч юм шиг. Бяцхан дүүгийнхээ эгч нь болох гэж, түүний зурсан гэр бүлийн зурагт багтах гэж удтал хичээсэн энэ жил олон зүйлийг надад ухаарууллаа. Гадагшаа явахыг хүссэн олон жилийн өмнөх би гэрийнхээ үнэрийг ингэж их санана чинээ огтоос төсөөлөөгүй нь лавтай.

Энэ цаг үеийг ашиглан дэргэдээ байгаа хүмүүстэйгээ хамт эргээд дурсахад инээмсэглэл бэлэглэх сайхан дурсамжийг бий болгоорой".

#Дүгнэлт #Хуучин он