Бохь хүний бие махбодод ЯМАР НӨЛӨӨ үзүүлдэг вэ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-09

Хүн төрөлхтөн таван мянга гаруй жилийн өмнөөс л хус модны давирхайг зажилж байсан гэх баримт бий. Ер нь хүмүүс түүхийн туршид резин, парафинаас эхлээд Орбит хүртэл байж болох бүх зүйлийг л зажилж байжээ. Ийнхүү бохь нь он удаан жилийн турш боловсорсоор эцэст нь хүн төрөлхтний түгээмэл хэрэглээ болсон байна. Тухайлбал, New York Times сэтгүүлийн мэдээлснээр америк хүн жилд дунджаар 800 грамм бохь зажилдаг гэнэ. Энэ бол тийм ч бага тоо биш юм.

Зарим хүн бохины ачаар жингээ хасаж чаддаг бол харин зарим нь жин нэмдэг. Мөн бохь зажлах үед зарим хүний сэтгэл санаа дээрдэж, сэргэдэг бол харин заримынх нь толгой өвдөж эхэлдэг. Иймээс бохь зажлах үед бидний биед яг ямар үйл явдал болдог талаар та бүхэнд сонирхуулж байна.

ШҮД

Сайн тал: Сахаргүй бохь зажилснаар аман доторх нян устдаг учраас шүдний оонд зарцуулах мөнгийг хэмнэнэ. Мэдээж хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэж, аманд нян үржих, буйл үрэвсэхээс сэргийлнэ.

Сөрөг тал: Хэрвээ сахар агуулсан бохь зажилбал амны хөндийн эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, бохинд агуулагдаж буй сахар нь шүд цоорох эхлэл болно.

ОЙ ТОГТООЛТ

Бохь зажлах үед зүрхний цохилт хурдсаж, цусны эргэлт сайжрах бөгөөд тархин дахь хүчил төрөгчийн хангамж нэмэгддэг. Энэ үед хүний ой тогтоолт, шийдвэр гаргах чадвар сайжирна. Гэхдээ энэ үйл явц тийм ч удаан үргэлжлэхгүй. Зөвхөн бохь зажлах үед л өрнөх болно. 

ИЛҮҮДЭЛ ЖИН

Сайн тал: Род-Айлендын Их Сургуулийн судлаачид бохь зажилдаг хүмүүс бохь зажилдаггүй хүмүүстэй харьцуулахад 5 хувиар илүү калор шатааж байгааг тогтоосон байна. Мөн тус судалгаагаар хоол идэхээс өмнө бохь зажилсан хүмүүс илчлэг багатай хооллож, хэтрүүлэн идэх тохиолдол гаргаагүй аж.

Тиймээс судлаачид бохийг жин хасахад нөлөөлдөг хэмээн дүгнэсэн байна. Нөгөөтээгүүр, бид гэртээ зурагт үзэх, дуу сонсох, хичээл хийх үедээ амттан, хөнгөн зууш зэргийг “ухамсаргүйгээр” идсээр л байдаг. Харин бохь зажилбал юм идэх дуршил дарагддаг учраас таргална гэж айх шаардлагагүй. 

Сөрөг тал: Хоолны дэглэм барьж байхдаа бохь зажлах нь тийм ч зөв зүйл биш. Энэ үед шүлс байнга ялгарч байдаг учраас тархинд “өлсөж байна” гэсэн дохио очиж байдаг. Иймээс бохийг удаан зажилбал өлсөх мэдрэмж төрж эхэлнэ.

ЭРҮҮ

Бохь байнга зажлаад байвал эрүүний үе ба эргэн тойрны булчинд нь асуудал үүсэж мэднэ. Ярих, идэх, зажлах зэрэг хөдөлгөөн нь зарим тохиолдолд мөр болон хүзүү рүү өвдөлт өгөх нь бий. Мөн шүдээ хавирдаг хүмүүс стресстэй үедээ бохь зажилбал аюултай байдаг гэнэ.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сайн тал: Өглөө босох, машинд суухад дотор муухайрах үед бохь зажлах нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хоол шингэхгүй таагүй мэдрэмж төрөх, бөөлжих үед эм уухаас урьтаж бохь зажлаад үзээрэй.

Сөрөг тал: Гэвч таны хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэтэрхий эмзэг бол бохь зажлах хэрэггүй. Энэ үед бид багагүй хэмжээний агаар залгиж байдаг учраас ходоод гэдэс хийгээр дүүрсэн мэдрэмж авдаг. 

ЦЭЭЖ ХОРСОХ

Заримдаа ходоодны хүчил ихэссэн үед ам гашуун оргидог шүү дээ. Харин бохь зажлах үед шүлс ихээр ялгарч ходоодны хүчлийг саармагжуулдаг гэнэ. 

ТАРХИ

Сайн тал: Бохь зажлах үед таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарч байгааг ажиглаж байсан уу? Энэ үед ихэнх хүмүүс тайвширч, сэтгэл санаа нь дээрддэг аж. Тиймээс сэтгэл түгшсэн, стресстсэн үедээ зажилж болох юм.

Сөрөг тал: Гэвч эрүүгээ байнга ажиллуулах нь толгой өвдөх эхлэл болно. Ийнхүү даамжирсаар толгой тань маш ихээр өвддөг болж мэднэ.

ЧИХ

Чихний өвчлөл нь хамраар дамжин халдварлах нь түгээмэл. Энэ нь ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог. Харин ксилит (xylitol) агуулсан бохь нь нян үржих, халдварлахаас сэргийлдэг байна. 

Эх сурвалж: Bright Side

#Сонин хачин #Бие махбод #Бохь