Гадаад хэл сурах ЦОНХ ҮЕИЙГ тодорхойлжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-05-02

Гадаад хэлийг төрөлх хэл шигээ сурах тун бага хугацаа байдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Жишээлбэл та англи хэлийг унаган хэл шиг мэддэг болохын тулд арван наснаасаа өмнө сурч эхлэх хэрэгтэй.

Учир нь хүмүүсийн гадаад хэл сурах чадвар 18 хүртлээ тун өндөр байдаг бөгөөд үүнээс цааш сурах чадвар нь буурч эхэлдэг аж. Cognition сэтгүүлд бичсэнээр тэд төрөл бүрийн насны, өөр өөр гарал угсаатай 670 мянган хүнээс цахим судалгаа авчээ.

Олон хүн оролцуулахын тулд асуултаа Facebook-ээр дамжуулсан аж. Ингээд “Yesterday John wanted to won the race” гэсэн өгүүлбэр дүрмийн хувьд зөв эсэхийг асуужээ. Үүний өмнө оролцож буй хүмүүс өөрсдийн нас, англи хэлийг хэр удаан сурч байгаа зэргээ бичиж оруулна.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 246 мянга нь англиар хэлд орсон бол бусад нь хоёр болон түүнээс дээш хэлтэй хүмүүс байжээ. Тэдний дийлэнх нь Финлянд, Турк, Герман, Орос, Унгар хэлтэй хүмүүс байсан аж.

Компьютер шинжилгээгээр судалгаанд оролцсон хүмүүс хүүхэд байхдаа хэлний дүрмийг хамгийн сайн сурдаг, өсвөр насандаа энэ чадвараа хадгалдаг бол насанд хүрснээр чадвар  нь буурч эхэлж байжээ.

Яг юуны учир 18 нас хүртэл хэл сурах чадвар өндөр, үүнээс цааш бага болдог нь бүрэн тодорхой болоогүй ч судалгааны багийнхны үзэж буйгаар насанд хүрсэн хүний тархи өөрчлөлтийг хүлээж авахдаа муу байдагтай холбоотой байж магадгүй аж.

Үүнээс гадна насанд хүрсэн тохиолдолд шинэ ажилд орох, гэрээсээ тусдаа гарах, ямар нэгэн зүйлээр мэргэшиж эхлэх зэрэг нь хэл сурах чадварыг бууруулдаг байж болох талаар тэд онцолжээ.

Гэхдээ ингэлээ гээд насанд хүрсэн хүн хэл сурч чадахгүй гэсэн үг биш юм. 18 наснаасаа хойш сурсан хүмүүс аялгатай, дүрмийн хувьд бага зэргийн алдаатай ч гэсэн шинэ сурсан хэлээрээ тун сайн харилцаж чаддаг болох боломжтой.

#Foreign language #Advice