"Би ГАДААДАД СУРАЛЦМААР байгаа ч ЭЭЖИЙГЭЭ өрөвдөөд байна"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-16

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: БИ ГАДААДАД СУРАЛЦМААР БАЙГАА Ч ЭЭЖИЙГЭЭ ӨРӨВДӨӨД БАЙНА

Гадаад явахаар төлөвлөгөөгөө гаргачихаар бүтэхгүй бол яaх вэ гэхчлэн олон бодол толгойд эргэлдээд байх юм аа, надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.

Танд  энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ жил 11-р ангид сурдаг. Ирээдүйд маркетингийн менежер болно. Мөн давхар мэдээлэл технологийн чиглэлээр суралцах бодолтой байгаа. Тэгээд гадаад руу явж суралцмаар байна гэтэл ээж маань нэг л дургүй. Яагаад гэхээр ээж маань гадаад явсан хүмүүс чинь ирдэггүй биздээ л гэсэн. Манай нэг хамаатан гадаад яваад хориод жил болж байгаа болохоор ч тэр үү ... Миний бодлоор энэ шалтгаан нь биш байх гэж бодсон л доо. Үнэнийг хэлэхэд ах маань гэнэтийн ослоор одоогоос таван жилийн өмнө бурхан болсон болохоор ганц хүүхэдтэйгээ хамт байхыг л хүссэн байх. Ахыг маань бурхан болсноос хойш нэг жилийн дараа ээж аав хоёр маань тусдаа амьдрах болсон. Одоо ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Гадаад явж суралцах уу эсвэл монголдоо суралцах уу? Гадаад явахаар төлөвлөгөөгөө гаргачихаар бүтэхгүй бол ях вэ гэхчлэн олон бодол толгойд эргэлдээд байх юм аа, надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: ЗӨВ ШИЙДВЭР ҮҮ, ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ДАХИН ТУНГААГААРАЙ

Мөн гадаад руу явсан хүн болгон эргэж ирдэггүй биш бас үүнийг ямар их хүсэж байгаа, яагаад явах нь чухал вэ гэдгийг ээждээ тайлбарлаарай.

Сайн байна уу, захиа илгээсэнд баярлалаа. Ирээдүйнхээ талаар төлөвлөн, санаа тавьж түүний хажуугаар ээждээ анхаарал тавьж байгаа тань үнэхээр сайн байна. Энэ үед мэргэжил сонгох, хаана сурахаа сонгох мөн сургуульдаа тэнцэх гээд олон чухал асуудлууд үүсдэг учраас ахлах ангийнхан их стресстдэг. Магадгүй хэт их бодож стрессдсэнээс асуудлыг хүндрүүлж харах сөрөг талтай. Тиймээс юун түрүүнд сэтгэл зүйгээ тайван байлгах нь чухал юм шүү.

Гадаадад явж суралцах үнэхээр чиний чин хүсэл мөн үү, мөн гадаадад суралцах нь үнэхээр зөв шийдвэр үү гэдгийг дахин тунгаагаарай. Ингэхдээ цаасыг голоор нь хуваан нэг талд гадаадад сурахын давуу болон сул тал  харин нөгөө талд дотоодод сурахын давуу бас сул талуудыг жагсаан бичээрэй. Хэрвээ чиний чин хүсэл байгаад хамгийн зөв шийдвэр бол ээж тань ойлгоно гэдэгт итгэж байна. Мөн гадаад руу явсан хүн болгон эргэж ирдэггүй биш бас үүнийг ямар их хүсэж байгаа, яагаад явах нь чухал вэ гэдгийг ээждээ тайлбарлаарай. Хэрвээ гадаад руу явахаар бол аль болох ээжтэйгээ холбоотой байн зуны амралтаараа ирж байхыг хичээгээрэй. Мөн өөр ямар арга зам байж болох вэ, ямар боломжууд байна вэ гэдгийг судлаарай. Танд амжилт хүсье!

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#teenagers #problem #student