Б. Цэрэндолгор: Ямар ч хатуу эмэгтэй чиний хажууд НЯЛХАРДАГ эр хүн байгаарай


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-12-20

Гурван жилийн өмнө биднийг орой болгон зурагтын өмнө уяж, гэр бүл дотор дэмждэг оролцогчдоо өмөөрсөн хөгжилтэй маргаан хүртэл үүсгэж дөнгөдөг байсан “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн ялагч, модель Б.Цэрэндолгортой уулзаж ярилцлаа. Түүний уудлаад барамгүй ертөнцөөр аялсан, бяцхан хэдий ч бялхам их зөвлөгөөтэй ярилцлагаа уншигч танд өргөн барья.


YOLOСайн байна уу? Ярилцлагаа ойрд модель Цэкү юун дээр төвлөрч, ажиллаж буй тухай ярьж эхлүүлье.

- Сайн байна уу? Ойрд нэгэн брэндийн модель бэлтгэх ажил болон хувийн бизнестээ төвлөрч ажиллаж байна.

YOLOШүдний эмч мэргэжлээрээ цаашид ажиллах эсвэл уг салбарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулъя гэсэн төлөвлөгөө бий юу?

- Мэргэжлээрээ ажиллана гэж бодохгүй байна. Харин таваас найман жилийн дараа шүдний эмнэлэгтэй болох зорилготой.

YOLOЗагварын ертөнцөд хөл тавиад хэр удсан бэ? Яагаад сонгосон юм бол?

- Хүмүүс намайг модель бол гэж их хэлдэг байсан ч би тоодоггүй байлаа. Тухайн үед загвар өмсөгчид бага зэрэг муу нэртэй байсан. Ийнхүү уг сэдвийг хойш тавьж явсаар “Ариунаа Сүри” брэндийн зураг авалтад оролцож анхны гараагаа эхэлсэн. Энэ зураг авалтаас жилийн дараа “Mongolia’s Next Top Model” тэмцээнд оролцож байв.

YOLOМодель хүнд заавал байх ёстой чадвар юу гэж боддог вэ?

- 100 хувь мэдрэмж. Би зураг даруулахдаа өөрийгөө өөр хүн мэтээр мэдэрдэг. Хувцас, камертайгаа нэг цул болсон юм шиг санагддаг. Мэдрэмж маш чухал.


YOLOТаны бодлоор шинэ моделиуд юун дээр илүү алдаж байна вэ?

- Хөөрхөн байхдаа их анхаардаг. Энэ бол хамгийн том алдаа. Модель хүн дандаа хөөрхөн байх боломжгүй. Чи мисс, энхийн элч биш. Чи дизайнерын хүссэн дүр төрхийг гаргах ёстой хүн. Тиймээс байнга өөр байх хэрэгтэй. Хөөрхөн царай хувирдаггүй. Өөр харагдахыг илүүд үзэж, хөөрхөн байхаас татгалзахыг зөвлөж байна. 

YOLOТаны зургууд нүүрний олон төрлийн хувирал гаргасан, өөр өөр байдаг. Сая дурдсан хөөрхөн царайндаа дасчихсан, үүнийгээ өөрчлөхийг хүсэж буй охидод хувийн туршлагаасаа зөвлөгөө өгөхгүй юу?

- Тольтой дасгал хий гэж хүмүүс хэлдэг л юм. Би үүнд итгэдэггүй. Нөлөөлдөг хүмүүстээ нөлөөлдөг л байх. Би юу гэж хэлэх вэ гэвэл өөрийгөө өөр талаас нь харж, дурлах хэрэгтэй. Хүн өөрийгөө үнэлдэг, өөртөө дуртай л бол ямар ч царайны хувирал гаргасан таалагдана. Нөгөө л хөөрхөн царайгаа харахгүй бол зураг чинь сонин харагдаад, итгэл төрөхгүй байвал чи өөртөө итгэх итгэлгүй гэсэн үг. Иймээс эхлээд өөртөө итгэж, өөртэйгөө ажиллаж сураарай.

YOLOМоделийн чиглэлээр ямар ямар улс, хотуудад ажиллаж, тэмцээнд оролцож байсан бэ?

- Би Орос, Хятад, Сингапур улсад моделиор ажилласан. Тэмцээний хувьд “Asia’s Next Top Model”-д оролцохоор судалсан. Гэхдээ аль нэг улсын “Next Top Model” тэмцээний ялагчийг оруулахгүй дүрэмтэй юм билээ. Тэмцээнд оролцох хүсэл нь байв ч боломж бүрдэхгүй байгаа юм. Дахиад “алалцвал алалцмаар” л байна. Нэгдүгээр сард Италийн Милан хот руу явах ёстой байсан ч чадсангүй. Хил нээгдэхээр явна даа.

YOLOОлон улсад ажиллахдаа сурч мэдсэн зүйлээсээ хуваалцаач. Явсан хүнээс үг сонс гэдэг дээ.

- Олон улсад амжилттай яваа моделиуд олон. Би тэдний дэргэд ийм юм ярих нь илүүц байх. Гэхдээ өөрийнхөө үзэж, мэдсэн зүйлээс хуваалцахад Монгол шигээ төсөөлөөд өөр улсын өрсөлдөөн дунд орвол чи “алгадуулна” шүү. Монголд ямар ч өрсөлдөөн байхгүй. Чиний өрсөлдөөн гэж бодож байгаа зүйл чинь биш. Монголд модель гэдэг нэртэй хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Ямартай ч тэр тоо бол асар бага тоо. Тиймээс сэтгэлийн хаттай, хичээл зүтгэлтэй байж, үргэлж өөрийгөө шинэчилж, судалгаа хийх хэрэгтэй. 


YOLOМодель хүнтэй уулзаж байгаа учраас гоо сайхан, галбираа хадгалах нууцаас нь хуваалцахгүй байж болохгүй байх. Хэрхэн галбираа хадгалдаг вэ?

- Би хүүхэд гаргаагүй учраас бие физиологийн хувьд өөрчлөлт явагдаагүй байна. Иймээс галбираа хадгалахад амар байдаг байж болох юм. Гэхдээ би хурдан таргалж, хурдан турдаг төрлийн хүн. Тиймдээ ч турах биш жингээ барих нь миний хувьд асуудал болдог. Өөртөө тохирсон хоолны дэглэм, зөв дасгалаа мэддэг байхад ер нь давгүй. Гол нь үүнийгээ мэдэхэд хэдэн жилийг зарцуулна. Одоо би юу идэж болох, болохгүй мөн ямар дасгал хийвэл үр дүнтэй гэдгээ мэдчихсэн. 

YOLOТэгэхээр таны хооллолтыг мянга сонслоо гээд бүх хүнд таарахгүй учраас өөрөө өөртөө тохирох дэглэмийг олж мэдэх хэрэгтэй гэсэн үг үү?

- Тийм. Эрүүл хооллолт гэж хүн болгонд таардаг зүйлийг хэлнэ. Зөв хооллолт гэж зөвхөн чамд таарах юм. Эрүүл хооллолт гэдэг нь өдөрт бага багаар дор хаяж таван удаа хооллохыг хэлнэ. Ингэхдээ гурил, чихэр, хийжүүлсэн ундааг битгий хэрэглэ. Эрүүл хооллож чадах юм бол илүүдэл жингүй байна. Эндээс л эхлэх хэрэгтэй. Мөн дасгалыг зөвхөн гоё байхын тулд биш эрүүл байх гэж хий. Ингэснээр үр дүн нь ч илүү хурдан гарна. 


YOLOАрьсаа хэрхэн арчилдаг вэ?

- Хүн болгоны арьс хоорондоо ялгаатай байдаг. Миний арьс харшламтгай, биржийдэг төрлийн арьс. Иймээс байнга гоо сайханд орох шаардлага гардаг. Ажлын шаардлагаар зураг авалттай үедээ зузаан будалт их хийлгэдэг учраас энгийн үед нүүрээ буддаггүй. Хүчтэй, өө даралттай будаг хэрэглэхээс татгалзаж, арьс цэвэрлэгээндээ түлхүү анхаардаг. 

YOLOОлон нийт хүнийг Инстаграм дээрх зургаар нь их дүгнэдэг. Байнга гоё будалттай зургаа оруулахаар үргэлж л нүүрээ буддаг юм байна гэж боддог байх л даа.

- Үгүй ээ. Хэрвээ тэгэх юм бол миний арьс ховхорч унах байх /инээв/.

YOLOМанай сайтын зонхилох уншигчид өсвөр үе, залуучууд байдаг. Та тэдэнд хандаж, яг энэ насандаа сурсан байх шаардлагатай зүйлсийг хэлэхгүй юу?

- Нэгдүгээрт, хэл сур. Хүн нас ахих тусам тархиных нь юм хүлээж авах хурд удааширдаг. Иймээс энэ насандаа хэл сурвал илүү амар байх болно. Хоёрдугаарт, чөлөөт цагаараа хийдэг юмтай бол. Цаг аргацааж, найзуудтайгаа байхыг илүү үздэг бол дараа нь харамсах болно. Харамсахаасаа өмнө өөрийн гэсэн сонирхолтой бол. Энэ нь Инстаграмд цагаа өнгөрүүлээд, хэн нэгнийг дуурайж загвар өмс гэсэн үг биш шүү. Спортоор хичээллэж эрүүл амьдралын хэв маягийг олж авах хэрэгтэй. Ингэвэл дараа нь таргалах, нүүрэн дээр батга гарах зэргээс айх шаардлагагүй болно. 


YOLOИнстаграмдаа нүцгэн зургаа хийсэн учраас энэ хүн үнэ цэнгүй гэсэн ойлголт байдаг. Таны бодлоор эмэгтэй хүний үнэ цэн гэж юу вэ?

- Үнэ цэн гэж эмэгтэй хүн өөрийгөө юу гэж бодож байгаа дээр тогтдог. Хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдастай байгаа бол тухайн хүний үнэ цэн өөрт нь бус өөр хүмүүст оршиж байна гэсэн үг. Би өөрийгөө юу гэж бодож байна тэр л миний үнэ цэн. Түүнээс биш би богино банзал өмслөө гээд хямдхан болчихгүй. Энэ асуудалд хүмүүс хэтэрхий хийсвэр ханддаг. Нөхөртэй боллоо гэхэд нөхөртөө чи өөрөө өөрийгөө юу гэж боддогоо ойлгуулах хэрэгтэй. Түүгээр чинь хүн чамайг дүгнэнэ үү гэхээс биш чи өөрийгөө тодорхойлж мэдэхгүй байхад тэр хүн чамайг яаж ойлгож, хайрлах вэ дээ. 

YOLOТаны хувьд хосын харилцаанд юу чухал вэ? Магадгүй тухайн эмэгтэй өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлсон байхад дэргэд нь байгаа хүн үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй байвал яах вэ?

- Дэргэд нь байгаа хүн зөвөөр нөлөөлж байвал хүндлэх хэрэгтэй. Шууд зөрөөд байж болохгүй. Эсрэгээрээ тэр хүн чамайг хорьж, цагдаж, өөрийн хүслээр байлгах гэж оролдоод байвал энэ нь эерэг нөлөөлөл биш. Харамлах, хардах хоёр өөр. Миний хосын харилцаандаа баримталдаг зүйл бол итгэл болон хүндлэл. Бие биенийхээ цаг зав, эрхэлдэг ажил, олж байгаа мөнгө, хоёр талын гэр бүлээ ч хүндэлдэг байх хэрэгтэй. Өмнө нь би их дэврүүн, ассан хүн байсан учраас дэргэд байгаа хүн минь надад буулт хийж өгдөг байсан. Одоо бол би тийм биш гэж бодож байна. Ерөнхийдөө бол харилцан буулт хийж сурах хэрэгтэй.

YOLOИнстаграм гэснээс сүүлийн үед инфлюнсерүүд их болсон. Та үүнийг юу гэж боддог вэ?

- Би үүнд нээлттэй ханддаг. Тухайн хүн олон нийтэд таалагдаж, бусдад нөлөөлж чадаж байвал ямар ч асуудалгүй. Дагаж байгаа хүмүүс нь өөрийн сонголтоор дагаж байгаа шүү дээ. Хүмүүс надад Инстаграмын олон дагагчтай хүмүүс зураг авалтад ороод чиний ажлыг булааж байна гэж их хэлдэг. Би огт санаа зовдоггүй. Мэргэжлийн хүн, мэргэжлийн бус хүн хоёрын хооронд асар том зааг бий. Би мэргэжлийн ажилдаа орно. Харин нөгөө хүн магадгүй надаас бага үнээр, жижиг компанитай ажиллаж байхыг үгүйсгэхгүй. 


YOLOЭмэгтэй хүн эр хүний араас гүйж болохгүй эсвэл өөрөө зориг гаргаад хайртайгаа хэлж чаддаг байх хэрэгтэй гээд хоёр янзаар ярьдаг. Та аль талд нь байдаг вэ?

- Хуучинсаг байж магадгүй л дээ. Би эрэгтэй хүнд түрүүлж сэтгэлээ илчилж үзээгүй. Ер нь ингэхгүй гэж боддог. Түрүүлж сэтгэлээ илчилдэг эмэгтэйчүүдийг буруутгахгүй. Өөрт нь зөв санагдаж байвал асуудалгүй. Харин би бол түрүүлж алхам хийх хүн биш.

YOLOЖендерийн тэгш бус байдал танд ажиглагдаж байсан уу? 

- Миний сонгосон мэргэжил, ажиллаж байгаа салбарт аль алинд нь ийм асуудал тулгардаггүй. Бизнес хийгээд явахад бол тийм зүйл ажиглагдана. Хүмүүс жендерийн тэгш байдлыг зөвхөн эмэгтэй хүнд хамаатай гэж боддог. Энэ нь тэгш эрхийн асуудал. Эрэгтэй, эмэгтэй хүн нийгэмд тэгш эрхтэй байгаасай гэсэн үг болохоос эмэгтэйчүүд нь эрчүүдээ доош нь хий гэсэн үг биш. Үүнийг зөв ойлгохгүй бол нийгэмд тэгш эрх бүрдэхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн эрхийн хувьд тэгш байж болно. Гэхдээ бие физиологийн хувьд өөр төрсөн нь үнэн л юм чинь чадварын хувьд зарим талаар илүү байх нь тодорхой. Би эрэгтэй, эмэгтэй хүнийг зарим зүйл дээр нэгнээсээ илүү байгаасай гэж хүсдэг. Маш олон эмэгтэйчүүдийн нэгнээ дэмжсэн арга хэмжээ, сургалт байна. Үүний адил эрчүүдэд зориулсан гэр бүлээ хэрхэн авч явах, эхнэр хүүхдээ болон өөрийгөө хэрхэн хайрлах талаар арга хэмжээ хийх хэрэгтэй.


YOLOЭрхэм сайн охины шинж гэж байдаг. Таны хувьд сайн охинд байх хэрэгтэй шинж юу вэ?

- Охиддоо хэлэхэд өөртөө үнэнч байж, эрэгтэй хүнийг хүндэлдэг байгаарай. Мөн ухаантай, боловсорсон эмэгтэй байж, хүмүүжилтэй байгаарай. Эцэг, эх нь охин хүүхдээ гарч ороход нь их цагддаг. Тэглээ гээд буруудсан юм надад лав байхгүй. Тиймээс эцэг, эхийнхээ үгийг сонсдог байгаарай. Үүнийг би танай сайтад л хэлэхгүй бол өөр хэлэх боломж олдохгүй байх. Манай улсад бэлгийн харилцааны талаарх асуудал тийм ч нээлттэй байдаггүй учраас хүүхдүүд энэ талаар сайн мэддэггүй. Иймээс ариун нандин байгаарай. 

YOLOСая охидод зориулж зөвлөлөө. Одоо хөвгүүдэд зориулж бяцхан зөвлөгөө өгөхгүй юу?

- Хэрвээ аав ээж чинь эрэгтэй хүүхэд барилга дээр ажиллаад ч болов мөнгө олж чадна. Охиддоо л сайн боловсрол эзэмшүүлье гэдэг бол үүнийг эсэргүүцээрэй. Ямар ч хүн боловсрол эзэмших эрхтэй. Чи өөрийгөө болон цаашдаа гэр бүлээ авч явах хэмжээний чадвартай байх хэрэгтэй. Хатан хаан, эмэгтэй ерөнхийлөгч ч бай хамаагүй, ямар ч хатуу эмэгтэй чиний хажууд нялхардаг тийм эр хүн байгаарай. 

YOLOЦаг зав гарган ярилцсан баярлалаа.

#Ярилцлага #Загвар өмсөгч