Сайн дурын ажил нь өөрийн цаг зав, мэдлэг, ур чадварыг бусдад туслахын тулд зориулж хариу нэхэлгүй, цалин хөлс шаардалгүй, өөрийн хүсэл, зоригоор оролцож бусдын тусын тулд, тэдний аз жаргал, сайн сайхны төлөө хийж буй үйл хэрэг юм.
Иймээс энэ удаагийн ярилцлагын булангаараа сайн дурынхан болон Байгууллага (ТББ болон бусад), нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг холбох, сайн дурын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой Монголын анхдагч платформ болох "I Volunteer"-ын зохицуулагч Э.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.
YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. I Volunteer санаачлагад хэзээнээс эхлэн ажиллах болсон бэ?
- I Volunteer санаачлагад ажиллаж эхлээд нэг жилийн нүүрийг үзэж байна. 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр "I Volunteer Do you" өдөрлөг дээр сайн дурын ажилтнаар ажилласнаар ажлын минь гараа эхэлж байсан. Анх уг санаачлагадаа дизайнераар ажиллаж байсан. Миний сонирхол, хийж чаддаг зүйлстэй их тохирсон учраас энд ажиллах болсон доо.
YOLO: Хамгийн анхны сайн дурын ажил чинь юу байсан бэ?
- Ахлах сургуульдаа сургуулийнхаа зохион байгуулсан арга хэмжээнүүдэд л оролцдог байсан. Сайн дурын ажлын гараа маань оюутан болоод л эхэлсэн.
YOLO: Сайн дурын ажлын үр ашиг, учир холбогдол нь юундаа байна вэ?
- Сайн дурын ажил нь хоёр талын ач холбогдолтой. Эхнийх нь сайн дурын байгууллагад бид нар ажилласнаар тухайн байгууллагад үр ашигтай. Нөгөө талаараа тухайн байгууллагад ажилласнаараа эргээд бидэнд ч мөн ашигтай. Бид нарт ямар ашигтай вэ гэвэл хувь хүний хөгжил, өөрийгөө таних, танилын хүрээгээ нэмэгдүүлэх гэх мэт маш олон зүйлээр үр шимээ өгнө.
Гэхдээ энэ бүхнийг дэлгэрүүлж ярихаасаа илүүтэй сайн дурын ажил хийснээр хамгийн нэгдүгээрт ажлын туршлага олж авдаг. Оюутан байх хугацаандаа сайн дурын ажил хийснээр төгсөөд ажилд ороход туршлага арвинтай байдаг. Ажил олгогчид ч сайн дурын ажил хийж байсан хүнийг ажилд авах хандлага ихтэй байдаг.
YOLO: "I Volunteer Do You" өдөрлөг саяхан хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Өмнөх жилтэйгээ харьцуулахад ямар болж өрнөсөн гэж бодож байна вэ?
- Өнгөрсөн жил анх зохион байгуулагдахад 1500 гаруй хүн оролцож байсан. Энэ жил мөн л их хүмүүс ирцгээлээ. Танхимын маань суудал дүүрээд бусад нь ардуур зогсож байсан. Цахимаар бүртгүүлсэн 1600 гаруй хүн байсан. Эндээс Монголын хүүхэд залуучууд сайн дурын ажил хийх хүсэл сонирхол ихтэй байгааг харж болно.
YOLO: "I Volunteer" санаачлага маань бүл нэмсэн гэж сонссон. Хэчнээн гишүүн ямар шалгуураар элсүүлсэн бэ?
- Манайх жилд хоёр удаа гурав болон есдүгээр саруудад элсэлт авдаг. Энэ удаагийн есдүгээр сарын элсэлтээрээ таван гишүүн авсан. Бид бүхэн ажлын туршлага, хувь хүний хандлагыг нь харгалзан үзсэний үндсэн дээрээс өөр өөрийн гэсэн таван өөр чадвартай залуусыг эгнээндээ нэгтгэсэн.
YOLO: "I Volunteer" санаачлагын гол үйл ажиллагаа нь сайтдаа тулгуурлан явагддаг. Сайтдаа өөрчлөлт шинэчлэлт хийх төлөвлөгөө бий юу?
- Яг үүн дээр бид ажиллаж байна. Өдөрлөгт очсон хүмүүс анзаарсан бол IVO гээд гурван үсэг нэгээн түгээмэл хаа сайгүй байрласан. Энэ нь манай сайтын дараагийн нэр. Манай санаачлагын хоёр жилийн ойгоор албан ёсны нээлтээ хийнэ. Энэ сайт нь сайн дурын ажлыг үнэлэх системтэй гэдгээрээ одоогийн хувилбараасаа ялгаатай. Сайн дурын ажилчид болон байгууллагууд өөрсдийн хаягийг нээж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж бие биенээ үнэлдэг болно.
YOLO: Одоогийн байдлаар хэчнээн сайн дурын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа вэ?
- Наймдугаар сард сайтын анализаар харахад 66 835 сайн дурын ажилтныг 128 сайн дурын байгууллагуудтай холбож зуучилж өгсөн байсан.
YOLO: Сайн дурын ажил чамайг хэрхэн өөрчилсөн гэж боддог вэ?
- Намайг маш их өөрчилж байгаа. Жишээ нь сайн дурын ажил хийгээд маш олон чадваруудыг эзэмшиж байна, зан харилцааны хувьд ч мөн их өөрчлөлт орсон. Мөн танилын хүрээ тэлж, найз нөхөд ихтэй болж байна.
YOLO: Э.Жаргалсайхны маань цаашдын зорилго юу вэ?
- Би иргэний нийгмийн байгууллагаар цаашдаа явахгүй. Би химийн шинжлэх ухаанаар суралцаж байгаа. Судалгааны ажил дээр цаашид тулгуурлан ажиллах болно. Химээр сурдаг хэрнээ сайн дурын ажил хийдэг гэхээр тэс хөндлөн санагдах байх. Гол нь хувь хүний чадвараа дээшлүүлж бусадтай харилцаж суран хувь хүнийхээ суурийг сайн босгохын тулд хичээж явна даа.
YOLO: Ярилцлагын маань төгсгөлд өсвөр насныхандаа зориулаад үг хэлэхгүй юу?
- Сайн дурын ажил хийж үзээрэй гэж хэлмээр байна. Манай сайтаар зочилсноор сайн дурын ажлын мэдээллийг нээлттэй авах боломжтой. Сайн дурын ажлаа сайн судлаад өөртөө тохирсон, хүсэл сонирхолд чинь нийцсэн ажлаа сонгож хийгээрэй.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх