Намар болж, навчис шарлахаар хөнгөхөн гунигт автдаг уу? Хаашаа л харна, зуны ногоон өнгө харагдахад л хачин их тайвшрал мэдэрч, иймээрээ л байгаасай гэж бодогддог юм. Шар өнгөнд дургүй дээ биш. Шарласан навчис хэсэг хугацааны дараа бүр байхгүй болоод, өвөл ирнэ гэж бодохоор тэгдэг байж болох юм. Гэтэл энэ нь өнгөний сэтгэл зүйд нөлөөлөх үйл явцтай холбоотой, шинжлэх ухааны асуудал байжээ.
Өөрчлөлт ба мөнх бусын бэлгэдэл
Навчны өнгө ногооноос шар болж өөрчлөгдөж байгаа нь өөрчлөлт, мөнх бус байдлыг бидэнд сануулдаг. Олон орны соёлд намар нь мөчлөгийн төгсгөл, уналтын үе, өвлийн бэлтгэлийг бэлгэддэг бөгөөд энэ нь юуг ч юм, магадгүй зуны хөгжилтэй цагаа дурсах, гуниглах мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Навч шарлаж, унах үед бид цаг хугацаа хэчнээн хурдан талаар бодож, хөгшрөлт, тэр байтугай үхлийн тухай ч эргэцүүлдэг байна.
Мөнх бус байдлыг илтгэх намрын утга санаа бол “Мөнх бус байх нь оршихуйн үндсэн шинж” гэж сургадаг Буддизм гэх мэт янз бүрийн гүн ухаан, оюун санааны уламжлалтай нягт холбоотой. Унаж буй навчис, нүцгэрэн үлдэж буй модод бидний төгсгөл ч ирнэ гэж сануулж буй мэт байдаг даа.
Олон орны соёлд намрын элбэг дэлбэг байдлыг баяр ёслолын шинжтэй тэмдэглэдэг. Эдгээр баярууд нь амьдралын мөчлөгийн мөн чанарыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ ургац арвин хураасандаа талархаж, байгалийн өгөөмөр байдлыг магтан сайшаах утгатай. Тухайлбал, барууны уламжлалд Талархлын баяр нь ургац хураалтыг тэмдэглэхийн сацуу өвлийн улирал эхэлж байгааг хүлээн зөвшөөрч буй өдөр юм. Мөн олон соёлд уг улирал сүнслэг ач холбогдолтой байдаг. Уугуул Америкийн зарим уламжлалд намрыг өөрийн дотогшоо өнгийж, ярилцах, эргэцүүлэн бодох үе гэж үздэг билээ.
Түүнчлэн утга уран зохиол, дүрслэх урлагт намрын дүр төрхийг дурсамжаар илэрхийлэх нь элбэг. Уран бүтээлчид алтан намрыг ихэвчлэн навчис унаж, алтан шаргал өнгөтэй, сүүдэрлэсэн байдлаар дүрслэн, түр зуурын мэдрэмж, өөрчлөлтийн гашуун амтыг мэдрүүлдэг билээ.
Унтаж буй шар навч
Шар навчнууд нь моддын идэвхтэй үйл ажиллагаа суларч, амьдралынхаа унтаа байдалд орж буйг илтгэдэг. Энэхүү байгалийн мөчлөг нь далд ухамсарт уйтгар гуниг, таагүй мэдрэмжийг төрүүлдэг аж. Зуны эрч хүчтэй амьдралаас өвлийн нам гүм юм шиг мөртлөө завгүй хэв маяг руу шилжих нь хөгжилдөх боломж, эсвэл бүр өөрийн ямар нэг хэсгээ гээж байгаа мэт санагдуулдаг юм байна. Түүнчлэн бид намар илүү нойрмоглож эхэлдэг шүү дээ.
Өдөр богиносох тусам нарны байгалийн туяанд өртөх нь багасаж, хүний бие махбод дахь унтах болон сэрэх мөчлөгийг зохицуулах үүрэгтэй даавар болох мелатонин ялгарахад нөлөөлдөг аж. Аз жаргал, сайн сайхан байдлыг мэдрэхэд тусалдаг серотонин ч нойрыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Намрын улиралд нарны туяа багасах тусам серотонины түвшин буурч, нойрмоглох, сэтгэл санааны байдал муудах, унтах хүсэл нэмэгддэг. Түүнчлэн намрын сэрүүн температур нь унтах таатай орчныг бүрдүүлдэг билээ. Орчны сэрүүн хэм нойр хүрэх үйл явцыг сайжруулж, унтахад хялбар болгодог нь энэ юм.
Бидний ухамсарт ногоон газар аюулгүй гэсэн мэдээлэл бий
Ногоон нь амьдрал, өсөлт, шинэчлэлттэй хамгийн их холбоотой өнгө юм. Сэтгэл зүйн хувьд ногоон өнгө тайвшруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулах нөлөөтэй байдаг. Иймээс байгальд байх нь зүрхний цохилт, стрессийн түвшнийг бууруулж, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг ажээ. Түүнчлэн аюулгүй, тогтвортой, тэнцвэртэй байдлыг бий болгодог.
Ногоон өнгөний тайвшруулах нөлөө бидний хувьслын түүхээс үүдэлтэй гэж үздэг. Ногоон байгууламж, орчин нь үржил шимт газар, арвин баялаг нөөц, махчин амьтдын аюулгүй байдлыг илтгэдэг учраас бидний ухамсарт ногоон газар аюулгүй, таатай гэсэн мэдрэмж төрүүлдэг байх нь.
Анхаараарай! Шар өнгө!!!
Харин шар өнгийг ихэвчлэн аз жаргал, өөдрөг үзэл, түгшүүр, болгоомжлол зэрэг олон төрлийн сэтгэл хөдлөлийг төрүүлдэг өдөөгч гэж тодорхойлох нь бий. Байгалийн хувьд шар өнгө нь боловсорч гүйцсэн эсвэл бэлэн байдлыг илэрхийлдэг боловч сэрэмжлүүлэг болон үхлийг ч илтгэдэг. Нэг ёсондоо шар өнгө баяр баясгалантай байж болох ч намрын улиралтай холбогдох үедээ “амьдрал” дуусах гэж буйн шинж тэмдэг болохоос гадна сэтгэлийн түгшүүр, таагүй байдлыг төрүүлдэг гэнэ.
Түүнчлэн шар нь спектрийн хамгийн тод харагдах өнгө бөгөөд нүдийг маш ихээр өдөөдөг. Энэхүү нүдэнд үзэгдэх эрчимтэй байдал нь тархины хэт их өдөөлтийг үүсгэдэг ажээ. Шар өнгө хэт давамгайлсан орчинд энэ хэт өдөөлт нь хүмүүсийг тайван бус, сандарч, түгшсэн мэдрэмжтэй болгодог. Жишээлбэл, тод шар ханатай газарт сэтгэлийн түгшүүр төрөх нь элбэг байдаг билээ. Байгаль болон хүний бүтээсэн орчинд ч шар өнгийг ихэвчлэн анхааруулга болгон ашигладаг. Олон хортой ургамал, амьтан шар өнгөтэй байдаг бөгөөд энэ нь махчин амьтдад “хортой” гэх сануулгыг өгдөг юм. Үүний нэгэн адил хүн төрөлхтний соёлд шар өнгийг анхааруулах тэмдэг, гэрлэн дохионы “Анхаараарай, улаан гэрэл асах гэж байна” гэсэн дохио, нэвтэрч болохгүй аюултай зэрэг анхааруулгад ашигладгийг бид мэднэ. Энэхүү сонор сэрэмж, болгоомжлол нь намрын навчийг харах үед ч ажиллаж эхлэх нь бий.
Шар + Улбар шар = Намар
Намарт дан ганц шар өнгө зонхилохгүй, улбар шар өнгө ч бий. Улбар шар бол улаан өнгөний эрч хүчийг шаргал өнгөтэй хослуулсан дулаан өнгө. Энэ нь ихэвчлэн урам зориг, бүтээлч байдалтай холбоотой байдаг ч шар өнгөтэй адил сэтгэлийн түгшүүр, тайван бус байдлыг мэдрэхэд хувь нэмэр оруулдаг. Улбар шар өнгө зүрхний цохилтыг хурдасгаж, сэтгэл хөөрлийг нэмдэг учраас унтлагын өрөө, амрах газраа энэ өнгөөр тохижуулахгүй байхыг зөвлөх нь ч бий. “Inside Out 2” хүүхэлдэйн кинонд ч түгшүүрийг улбар шараар илэрхийлдэг шүү дээ. Үүний цаана мөн л өнгөний сэтгэл судлал бий.
Навчны өнгө өөрчлөгдөхөд үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, ялангуяа ногооноос шар руу шилжих нь өнгөний сэтгэл зүй, байгальтай харилцах харилцаанд гүн гүнзгий үндэслэсэн байдаг байх нь. Ногоон навч нь тайван, тогтвортой байдлын мэдрэмжийг өгдөг бол шар навч хувирлын гоо үзэсгэлэнгээс эхлээд төгсгөлийн уйтгар гуниг хүртэл холимог мэдрэмжийг төрүүлдэг. Иймээс байгалийн өнгө, хувьслын энэхүү цогц харилцан үйлчлэл нь намар ирэхэд бидний сэтгэл хөдлөл өөрчлөгдөхөд хүчтэй хувь нэмэр оруулдаг аж. Хэдий тийм ч намарт сайхан зүйл олон шүү дээ. Сайхныг нь олж харан, намрын өнгийг аз жаргалтайгаар тольдоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх