“My ID is Gangnam Beauty” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-09-30

Бид өмнөх дугаарт “The Kissing Booth” киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа оюутан насны сэтгэл догдлом хайр дурлал, нандин нөхөрлөл, тулгамддаг асуудал зэргийг харуулсан “My ID is Gangnam Beauty” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.5/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.2/10
Эхний анги цацагдсан огноо: 2018 оны долдугаар сарын 27
Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Kang Mi Rae бол онц сурдаг, сайхан сэтгэлтэй хэдий ч гадаад төрхөөсөө болоод бүхий л амьдралынхаа турш бусдад гадуурхагдаж, дээрэлхүүлж ирсэн нэгэн. Тэрээр их сургуульд элсэх жилдээ амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд гоо сайхны хагалгаанд орж "цоо шинэхэн" Kang Mi Rae болохоор шийднэ. Түүний хүсэл биеллээ олж тэрээр хөөрхөн царайг олсон хэдий ч бүх зүйл түүний бодсон шиг сайхан байсангүй. Харин энэ үеэр түүнд их сургуулийн хамгийн царайлаг залуу гэгддэг Do Kyung Seok хайртай болсноор киноны үйл явдал өрнөнө.

ГОО САЙХНЫ ХЭМЖҮҮР ГЭЖ БАЙХГҮЙ

Цуврал дээр Kang Mi Rae-гийн багийн дүр төрхийг огт гаргадаггүй. Учир нь кино багийнхны зүгээс хэн нэгнийг хөөрхөн, муухай гэж ялгах нь зохиолын утга санаатай зөрчилдөх тул “царай муутай” гэж хочлуулдаг байсан Kang Mi Rae-гийн багийн дүрийн нүүр царайг харуулахгүй байхаар шийджээ. 

АЛДАРТАЙ КОМИК ЗОХИОЛ

Энэхүү киног ижил нэрт комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Уг комик зохиол 2016 онд Өмнөд Солонгос улсад ид эрчээ авч байсан бөгөөд тун удалгүй цуврал болон бүтээгдсэн билээ. Тухайн үед “Do Kyung Seok-ийн дүрд хэн тогловол тохиромжтой вэ?” хэмээсэн санал асуулгад дуучин, жүжигчин Cha Eun Woo дээгүүр байрыг эзэлж байсан гэнэ шүү. Олон нийтийн хүсэл ч биеллээ олж Cha Eun Woo тус дүрийг чадварлагаар бүтээсэн билээ.

НАСНЫ ЗӨРҮҮ

Цувралын ихэнх жүжигчид өөрийн наснаасаа залуу дүрийг бүтээсэн аж. Жишээлбэл их сургуулийн 20 настай оюутны дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй Im Soo Hyang нь одоо 30 настай ба хамтран дүр бүтээсэн жүжигчин Cha Eun Woo-гоос 7 насаар эгч юм.

КАННАМЫН ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭЖ ЮУ ВЭ?

Өмнөд Солонгос улс гоо сайхны мэс засал хийх чадвараараа дэлхийд танигдсан. Харин тус улсад "Каннамын /Gangnam/ гоо үзэсгэлэн" хэмээх хоч их алдартай байх аж. Учир нь тус улсад гоо сайхны хагалгаа өндөр өртөгтэйн дээр сайн чанарыг эмнэлгүүд нь зөвхөн Каннам дүүрэгт байрладаг учир нүүрнийхээ бүхий л хэсгийг "янзлуулсан", хагалгаа хийлгэсэн нь илт мэдэгддэг хүмүүсийг "Каннамын гоо үзэсгэлэн" гэж хочилдог байна. 

CHA EUN WOO-ГИЙН ЖҮЖИГЛЭЛТ

Яг л Монгол улсын адилаар Өмнөд Солонгос улсад ч мөн "дуучид жүжиглэж чаддаггүй, царайлаг болохоор л кинонд тоглодог" гэх шүүмжлэл түгээмэл байдаг. Astro хамтлагийн гишүүн Cha Eun Woo ч мөн жүжиглэлтээсээ болоод багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан ч Do Kyung Seok-ийн дүрээрээ өөрийн жүжиглэх чадвараа батлан харуулж, үзэгчдийн магтаал, сайшаалыг хүртээд байсан юм. 

Гэсэн ч дуучин залуу маань “Rookie Historian Goo Hae-Ryung” (2019) түүхэн цувралд тоглосон дүрээрээ дахин шүүмжлүүлэх болсон билээ. 

ҮЕРХЛИЙН ЦУУРХАЛ

Цуврал гарч дууссаны дараа Cha Eun Woo болон Hyun Soo Ah-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Jo Woo Ri нарыг үерхдэг хэмээх цуурхал дэгдсэн. Гэвч хоёр талаас энэхүү цуурхлыг няцааж, "зөвхөн сайн эгч дүүсийн харилцаатай" гэсэн тайлбар өгсөн байна. Жүжигчин Jo Woo Ri нь Cha Eun Woo-гаас 5 насаар эгч юм.

CHA EUN WOO-ГИЙН ТӨГС ЦАРАЙ

Цувралд дээд курсийн царайлаг залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Kwak Dong Yeon анх эмэгтэй гол дүрүүдээсээ илүү Cha Eun Woo-гийн царайг хараад биширсэн гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа: 

- “Хэдий би эрэгтэй хэдий ч түүний царайг хараад үнэхээр дуу алдах шахсан. Бодит амьдрал дээр зурагтаар гардгаасаа илүү царайлаг хүнийг хараад хэлэх үггүй болдог юм байна лээ” хэмээжээ.

Эх сурвалж: Allkpop

#Бидний мэдэхгүй баримтууд #My ID is Gangnam Beauty