Т.Батзаяа: Дэлхий дахинд ч тэр, Монголд ч тэр ПРОГРАММИСТ-ын эрэлт, хэрэгцээ их байна


Yolo.mn сайт энэ удаагийн зочны булангаараа Юнител Групп ХХК-д Биллинг ахлах инженер, М дижитал банкны төслийн програм хөгжүүлэлтийн багийн ахлагчаар ажиллаж байсан Т.Батзаяаг урин оролцууллаа. Тэрээр Юнител Групп ХХК-ийн Биллинг хариуцсан ахлах инженерээр ажиллах хугацаандаа EPOS, Unidish, New Billing төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай програмист бөгөөд тун удахгүй ахлах ангийнханд зориулсан Математик, Англи хэл, Програмчлалын гурвалсан хөтөлбөртэй “М.E.P. Program”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

 


YOLOБидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Юун түрүүнд таны бага насны мөрөөдлийн талаар ярилцъя гэж бодлоо. Өөрийнхөө хүсэж байсан дүр төрхийг бий болгож чадсан уу?

-Би хүүхэд байхдаа дарга болно гэж их мөрөөддөг байсан. Яг юуны дарга болохоо мэдэхгүй ч, зүгээр л мундаг хүн болохыг хүсдэг байлаа. Дараа нь жаахан том болоод сургуульд орсныхоо дараагаар програм хангамжаар суралцана гэж бодох болсон. Одоо хүсэж байсан мэргэжлээ эзэмшээд, тасралтгүй ажилласаар байгаа маань өөрийнхөө хүсэж байсан дүр төрхөө бий болгож чадсан юм болов уу даа.

YOLO: Анх яагаад энэ мэргэжлийг сонгох болов? Юу таныг энэ мэргэжлийг сонгоход нөлөөлөв?

-Манай аав инженер хүн л дээ. Бага байхад янз бүрийн тоног төхөөрөмжүүдтэй ажилладаг байсан учраас аавыгаа хараад дагаж дуурайх болсон. Анх компьютер хараад шууд дурласан гэж хэлж болно. Тухайн үед телевизор л гэж байсан болохоос биш компьютер гэж байгаагүй. Яг л телевизор шиг мөртлөө удирдаж болдог болохоор маш их сонирхол төрж, үүнийг л би хийх ёстой юм байна гэсэн мэдрэмж төрж билээ.


YOLOХүмүүс тэвчээртэй хүн л эмч болж чадна гэж ярьцгаадаг шүү дээ. Таны бодлоор ямар зан ааштай хүнд таны сонгосон мэргэжил илүү тохирох бол?

-Мөн л ялгаагүй маш тэвчээртэй, чөлөөтэй сэтгэдэг байх хэрэгтэй. Ажиллаж байх хугацаанд маш олон саад бэрхшээл, мэдэхгүй зүйлс гарч ирнэ. Тэр үед аливаа зүйлд шантрахгүй, тууштай байх хэрэгтэй гэж боддог.

YOLOТэгвэл програм хангамжийн инженер болоход ямархуу ур чадварууд шаардагддаг вэ?

-Одоо ингээд эргээд харахад математик суурь энэ мэргэжилд маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Хэрэглээний түвшинд математик хэрэглэж сурах хэрэгтэй. Учир нь математикийн шинжлэх ухааны үндэс суурин дээр логик сэтгэлгээ хөгждөг. Заавал мундаг, гавал байх албагүй. Ерөнхий суурь мэдлэгтэй бол програм хангамжийн мэргэжлийг эзэмшихэд илүү дөхөм бөгөөд ойр байдаг.

YOLOМэргэжлийнхээ давуу талаас дурдвал?

-Давуу талын хувьд бид програм зохиогч учраас төрөл бүрийн мэргэжил рүү шилжих боломжтой, хөрвөөх чадвар сайтай мэргэжил. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, санхүү бүртгэлийн програм хангамжийг хийхийн тулд санхүү бүртгэлийн үндсэн ойлголтуудыг мэддэг байх шаардлагатай. Үүгээр энэхүү мэргэжлийн онцлог харагдаж байгаа юм. Өөр салбарын, өөр мэргэжлийн програм хангамжийг үйлдвэрлэхийн тулд тэр салбараа ойлгох хэрэгтэй болно. Тэгж байж л тэр хүнд хэрэгтэй програм бичиж чадна гэсэн үг. Нэг үгээр тодорхойлбол хөрвөөх чадвар сайтай мэргэжил.

YOLOТа ажлаа хийж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Хамгийн сайхан мэдрэмж бол програмаа бичиж дуусгаад үр дүнг нь харах. Бид нар багаараа ажилладаг. Багаараа ажлаа хийж дуусгаад, хийсэн програм маань ажиллаж байгааг бодитоор харах цаг мөч хамгийн сайхан шүү.


YOLOКомпьютерын шинжлэх ухаан тухайн мэргэжилтнээсээ цаг зав их шаарддаг шүү дээ. Таны нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө ажилдаа ирээд шинэ долоо хоног эхэлж байвал долоо хоногоор ажлуудаа төлөвлөнө. Ажил эхлэхээс өмнө өглөө бүр багаараа богино уулзалтууд хийдэг. Өчигдрийн ажлын үр дүн болоод өнөөдөр юу хийх талаараа ярилцдаг. Сүүлийн үед ажлаа тараад маш олон хүмүүстэй уулзаж байгаа. Янз бүрийн санаанууд, шинэ старт-апууд болон програм хангамжийн талаар ярилцах зэрэг асуудлаар уулздаг. Ажиллаж буй салбар маань маш хурдацтай хөгжиж буй учраас хоцрохгүйн төлөө орой гэртээ хариад дор хаяж нэг цагийг шинэ соргог мэдээллүүд уншихад зарцуулдаг даа. 

YOLOСүүлийн үед энэ салбарын эрэлт хэрэгцээ хэр их байна вэ?

-Дэлхий дахинд ч тэр, Монголд ч тэр энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ их байна. Манай улсад сүүлийн жилүүдэд дижитал шилжилт, цахим шилжилт гэх ярианууд яригдах болсон. Тэгэхээр яг одоо Монголд програм хангамж, технологийн хөгжлийн эхэн үе тавигдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Бүх л газар, албан байгууллага, хувь хүмүүс тодорхой хэмжээгээр програм хангамж руу орж эхэлж байна. Хэрэглэгчид ихсэх тусам эрэлт, нийлүүлэлт дагаад ихэснэ. Ялангуяа манай улсад энэ салбарын хүмүүс маш их дутагддаг. Програм хангамж өөрөө маш нарийн, ур чадвар шаардсан мэргэжил учраас эрэлт хэрэгцээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.

YOLOЭнэ мэргэжлийг ихэвчлэн хөвгүүд сонирхож, хичээллэдэг. Охидод боломж бий юу? Ийм ур чадвар эзэмших нөхцөл, боломж бололцоо хэр вэ?

-Монголд энэ мэргэжлийг инженер гэж бодох нь элбэг байдаг. Хуучны тогтолцоогоор  инженерийг эрэгтэй хүн хийх ёстой гэсэн бичигдээгүй ойлголт суучихсан. Үүнээс улбаалаад охидууд сонгож суралцах нь маш бага. Гэхдээ сүүлийн үед сонирхоод, суралцаж байгаа охидууд харьцангуй ихэссэн. Эмэгтэй програмистуудад давуу тал их бий. Маш няхуур, нямбай ажилладаг ба яг бодлогын даалгаврынхаа дагуу юмаа хийдэг. Тиймээс эмэгтэйчүүд энэ салбарт чадварлаг боловсон хүчин болох боломжтой гэсэн үг юм.  


YOLOКомпьютерын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр, хүний оюун ухаан ч түүнийг дагаж, илүү их потенциал шаардах болсон. Таны бодлоор энэ салбар ирээдүйд хэрхэн хөгжих талаар ямар нэгэн төсөөлөл байдаг уу?

-Хүн оршин байгаа цагт програм хангамж мөн л оршсоор байна. Ирээдүйд зарим мэргэжлийг устана гэж ярьж байгаа боловч энэ мэргэжил харин ч эсрэгээрээ устаж үгүй болох мэргэжлүүдийг орлох юм. Магадгүй зөгнөлт кинонууд дээр гардаг шиг хүмүүс үгүй болоод роботууд гарч ирсэн ч байсаар л байх болно. Ирээдүйд улам хөгжин бүх зүйл автоматчилагдан, бүгд дэс дараалалтай, програмчлагдсан байх болов уу гэж бодож байна.

YOLO Энэ мэргэжлийг эзэмшсэн тохиолдолд хакер болох боломж мэдээж бий байх. Таны бодлоор програм хангамжийн инженер хүнд зайлшгүй байх ёстой мэргэжлийн ёс зүй нь юу вэ?

-Мэдээж үнэнч, тууштай байдал чухал учраас энэ хоёрыг ёс зүйтэй байлгах хэрэгтэй. Таны бичсэн програмыг бусад хүмүүс хэрэгтэй зүйлдээ ашиглаж байгаа учраас маш хариуцлагатай байхыг шаарддаг. Хариуцлагын цаана үүрэг, ухамсар давхар явж байдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

YOLOЭнэ шинжлэх ухааныг ямар нэгэн зүйлээр илэрхийлбэл тэр нь юу байж болох вэ?

-Хүний тархи гэж хэлмээр байна.

YOLO Та тун удахгүй өөрийн санаачилсан “M.E.P Program” хэмээх хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байгаа шүү дээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ?

-Монголд програм хангамж мэргэжлийг сонгон суралцаж байгаа хүүхдийн тоо асар хангалтгүй байна. Эрэлт ихтэй 21-р зууны шинэ мэргэжил шүү дээ. Гэтэл жилээс жилд багассаар байна. Их дээд сургуульд 40 оюутан суралцаж байлаа гэхэд тал нь л төгсдөг. Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчнүүд дутагдаж байгаа учраас мэргэжлээ зөв таниулах, сурталчлах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талаас заавал програмист болохгүй ч ирээдүйд програм хангамжийн мэдлэг шаарддаг болно. Гаднын орнуудын сургуулийн хөтөлбөрт зургадугаар ангиас нь эхлээд алгоритмын хичээлүүд заадаг. Энэ нь ямар ч мэргэжлийн хүн байсан програм хангамж бол зайлшгүй сурах чадваруудын нэг гэдгийг харуулж байгаа юм.

YOLOТус хөтөлбөрт хамрагдсан сурагчдад ямар боломжууд нээгдэж байгаа вэ? Хөтөлбөр хэр удаан үргэлжлэх вэ?

-Хөтөлбөр маань бүтэн жил үргэлжилнэ. Математик, англи хэл, програмчлал хосолсон гурвалсан хөтөлбөр юм. Тухайн хүүхдэд ямар давуу тал олгож байна вэ гэвэл, нэгдүгээрт гурвалсан хөтөлбөр, хоёрдугаарт бид нар математикийг алгоритмтай холбож өгснөөр хүүхэд хос ойлголттой болох давуу талыг бүрдүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн маань танилцуулах өдөрлөг энэ сарын 19-нд 12:30 цагаас HUB Innovation Center-т болно. Сонирхсон хүүхэд, залуус хүрэлцэн ирж болно шүү.


YOLOТаны ажиллаж байсан төслүүдийн талаар ярилцъя. Хамгийн их ур чадвар, хөлс, хүч хөдөлмөр шаардсан төсөл аль нь байсан бэ?

-Би мэргэжлээрээ 12 жил ажиллаж байна. Ажилласан жилүүдийнхээ ихэнх хугацааг Unitel компанид өнгөрүүлсэн. Энэ хугацаанд тус компанид хэрэгжсэн бүх л ажлуудад оролцсон. Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг ажил бол “Unidish” хэмээх төсөл юм. Надаас маш их чадвар, цаг хугацаа шаардсан ажил байсан. Яагаад гэвэл хиймэл дагуултай холбогдсон шинэ технологи учраас сайн уншиж, судлан програмчлах шаардлагатай тулгарч байсан юм. 

YOLOТа хийсэн бүтээсэн зүйлээсээ гадна өөр юунаас урам, зориг авдаг вэ?

-Мэдээж хийж буй ажлаасаа урам авахаас гадна гэр бүл, найз нөхдөөсөө авдаг. Анхнаасаа дуртай мэргэжлээ сонгосон учраас ажлын хажуугаар амьдрах биш ажил, амьдралаа нэгэн цул болгочихсон. “Ажлаа өөртөө дуртай болго” гэдэг үг байдаг шүү дээ. Уйгагүй, байнга өөрийгөө хөгжүүлээд явж байхад амжилт өөрөө аяндаа ирнэ гэж боддог доо.

YOLOТархиа сэргэг байлгаж, байнга идэвхтэй байлгах дасгал хийдэг үү? Тийм арга байвал хуваалцаач?

-Манай мэргэжлийн хувьд мэргэжилтнүүд нь харилцаанд бага ордог, дотогшоогоо, илүү бодлогоширсон, массаараа спортод муу байдаг нийтлэг талтай. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд аль алиныг нь хослуулдаг болсон нь авууштай чанар шүү. Миний хувьд чөлөөт цагаараа ууланд алхдаг, нэг өдрийг юу ч хийхгүй өнгөрөөх дуртай. Энэ нь компьютертой зүйрлэвэл RESTART хийгдэж буйтай адил тархиа амрааж байна гэсэн үг. Тархиа ер нь байнга сэргэг байлгаж, цэвэрлэж байх хэрэгтэй.

YOLO Энэ мэргэжлийг сонгохоор төлөвлөж буй, сонирхож байгаа уншигч хүүхэд, залууст хандаж үг хэлээч?

-Би энэ мэргэжлийг заавал сонгоорой гэж хэлэхгүй. Эхлээд энэ мэргэжлийн гоё сайхныг таньж мэдэх хэрэгтэй. Дараа нь үнэхээр би энэ мэргэжилд тохирох хүн мөн үү гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Энэ мэргэжил маш олон сорилтуудтай тулгардаг мэргэжил. Нөгөө талаас тэдгээрийг даваад гараад ирчихсэн хүнд маш гоё боловсрол, мэдлэг өгдөг. Тиймээс сайн судлаад, таньж мэдээрэй гэж хэлмээр байна. Манай улсаас дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа мундаг залуус бий. Тэд нарыг хайж олоод, түүхийг нь уншаарай. Ер нь энэ мэргэжлийн бас нэгэн давуу тал бол улс, үндэстэн хамаарахгүйгээр эх орондоо байгаа ч гэсэн гаднын томоохон компаниудад ажиллах, тэдний ажилтан болох боломжийг бүрдүүлж өгдөг гэдгийг хэлэхэд таатай байна.

YOLOХүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

-Баярлалаа

#Амжилт #Програм хангамжийн инженер