Цэрэг хувцастай удирдаач баруун, зүүн, дээшээ, доошоо удирдана. Жагссан олон цэргүүд шаргал өнгийн бүрээ, бөмбөр хөгжимдөж эхэллээ. Сургуулийн гадаа сурагчид жагсан, зарим нь цонхоороо харан шуугилдана. Хичээлийн шинэ жилийн баяр болж байна уу гэлтэй эцэг эх болон бусад төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний зүг голдоо цэцэг барин, цэх шулуун алхлах цэрэг эрс. Тэдэнтэй зэрэгцэн 12-р ангийн хоёр сурагч тэднээс дутахааргүй хүндэтгэлтэй алхална. Ёслолын цэцгээ хөшөөний урд тавин өөрсдөө бөхийн ёслоод цэх зогслоо. Тэдний араас Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, Цэргийн штабын хурандаа Л.Батаа, Жанжин Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа болон бусад зочид бөхийн ёслон хүндэтгэл үзүүлэв. Мөн тус сургуулийн 11-р ангийн хүүхдүүд хөшөөнд мэхийн ёсоллоо.
1948 оноос Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль хэмээн нэрлэсэн. 2008 онд түүний хөшөөг сургуулийнхаа урд байрлуулан нэрэмжит танхимыг мөн тус сургуульд байгуулжээ.
“Өнөөдөр бол Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна. 1956 оны ардын тэргүүлэгчдийн хурлаар манай дүүргийг энэ агуу хүний нэрээр нэрлэсэнд их талархаж явдаг. Тиймдээ ч бид жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлдэг юм. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээн Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа ёслолын үйл ажиллагааг нээлээ.
Сургуулийн нэг давхарт улаан бүч зүүн, цагаан цамц өмссөн сурагчид “Тавтай морил” хэмээн ирсэн хүн бүрийг угтав. Хана дүүрэн жанжин Д.Сүхбаатарын амьдралын түүхэн замналыг харуулсан гар зураг болон ханын самбарууд хаджээ. Ногоон өнгийн цэргийн хувцастай бүсгүйчүүд завгүй гүйлдэх нь тус сургуулийн багш нар аж.
“Манай сургууль 69 дахь жилдээ Д.Сүхбаатарын мэндэлсэн ойн баярын өдрийг тэмдэглэн, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж байна. Мөн энэ өдөр бүх ангид хичээлийн эхний таван минутад түүний байгуулсан алдар гавьяаны тухай хичээл ордог” хэмээн тус сургуулийн түүхийн багш Т.Гансүх ярилаа.
Д.Сүхбаатарын нэрэмжит танхимд 11-р ангийн морин хуурын дугуйлангийн сурагчид хөгжимдөн, 10-р ангийн сурагч н.Бархас “Чингисийн Монгол” дууг дуулан өрөөний жаврыг үргээсэн юм. Илтгэлийн уралдаанд тэргүүлсэн 12б ангийн Б.Мягмардорж Д.Сүхбаатарын амьдрал, түүхэн гавьяаг нь өгүүлэн илтгэлээ сонирхууллаа. Мөн зочид болон сурагчдад түүхэн баримтат кино үзүүлэв.
11в ангийн Б.Энхмаа “Би энэ сургуульд сурдагтаа бахархдаг. Түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн ёсолсондоо баярлаж байна. Тэрээр ядуу буурай өссөн ч амьдралд шантралгүй, улс эх орондоо агуу гавьяа байгуулсан мундаг хүн. Ирээдүй хойч үе болсон үр хүүхэд бид нар түүгээр бахархаж байна. Түүний гавьяаг мартах ёсгүй” гэлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх