Өсвөр насныхны гол асуудал: НАЙЗ НӨХӨД, ҮЕРХЭЛ, ХАРИЛЦАА...


ССҮТөв | YOLO.MN
2016-09-01

Өсвөр насныхны багагүй хувь нь бусадтай харилцах чавдараа дээшлүүлж, бусдад өөрийгөө үнэн зөвөөр ойлгуулаж, үеийнхэнтэйгээ сайн харилцаатай байж, олон найз нөхдөөр хүрээлүүлж нэр хүндтэй байхыг ихэд хүсдэг.

Гэвч зарим үед санаснаар болохгүй байх нь нэг биш удаа тохиолдоно. Бусад хүүхдүүд тоохгүй байх, гадуурхах, хүний тооноос хасагдсан мэт санагдах зэргээс болоод хичээлдээ явмааргүй санагдах, хэн нэгэнд тунирхах, өөрийгөө азгүй амьтан гэж бодох үеүүд гарна.

ХҮН БҮРТ Л АСУУДАЛ ТУЛГАРДАГ

Яагаад ийм асуудлууд гарч байна вэ? Яагаад заавал би гэж? Яаж энэ байдлаас гарах вэ? гэсэн асуултууд өдөр шөнөгүй толгойд эргэлдэж, хэнд ч хэлж чадахгүй, хариултыг нь хайсаар сэтгэлээр унан, ганцаардах үе байдаг л биз дээ?

Үүнээс үүдэн зарим өсвөр насныхан нэг бол бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээх эсвэл бусдаас зайгаа барьж, бусдад итгэх итгэлгүй болж, ганцаараа байхыг илүүд үздэг. Зарим хүүхдүүд өөрөө хүсээгүй байж тамхи татах, архи уух зэрэг эрсдэлтэй зүйл хийдэг бол зарим нь бусдад таалагдах гэж хичээж, дүр эсгэж хүлээн зөвшөөрүүлэх хиймэл үйлдэл гаргадаг нь өөрийгөө үгүйсгэж, өөрийгөө сайнаар үнэлэхгүй, өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодон бусдаас хараат байх үндэс болдог. Харин бусдаас зайгаа барьж байгаа хүүхдүүдийн хувьд сэтгэл гутралд орж хэтрүүлэн идэх, амьдралын идэвхигүй болох, байнгын түгшүүртэй байх зэрэг өөрчлөлтүүд гарч өөртөө итгэлгүй болдог.

АСУУДАЛ БҮРИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ГЭЖ БАЙДАГ

Тэгвэл мэдээж эдгээрийг даван гарах хүч хүн бүрт бий гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв чамд ийм асуудлууд тулгарч байгаа бол дараах чухал бөгөөд энгийн зүйлүүдийг сайн тунгаан бодож үзээрэй.

Асуудлын гол нь чамд л бий
Хамгийн эхлээд ойлгох зүйл бол үүнийг таслан зосоох эсвэл нөхцөл байдлыг жаахан ч гэсэн сайжруулж чадах хүн бол ганцхан чи! Үүний тулд эхлээд юу чамд байхгүй вэ, би юундаа муу вэ гэж бодох биш, би юугаараа илүү вэ, намайг хэн хэн хайрладаг билээ гээд бодоод үзэх хэрэгтэй. Мөн өөрийгөө бусадтай харьцуулалгүйгээр өөрийгөө цорын ганц гэдэгт итгэсэн цагт чи өөр өөрийгөө хүлээн зөвшөөрөх болно. Чи өөрийгөө эхлээд хайрлавал, өөрийгөө хүлээн зөвшөөрч хүндэлвэл бусад хүмүүс ч мөн адил хариу үйлдэл үзүүлж эхлэх болно.

Итгэл даах хүндээ ярь эсвэл тэмдэглэл хөтөл
Мөн өөрт тулгардаг дээрх асуудлуудыг өөртөө байнга хадгалаад байлгүй итгэл даах хүндээ ярьж, хэлэлцэж байх хэрэгтэй. Харин энэ нь тийм ч сайхан санаа гэж бодохгүй байгаа бол тэмдэглэл хөтлөх, цаасан дээр бичих зэрэг нь сэтгэл санааг өмнөхөөсөө илүү сайжруулах арга шүү. Бодлоо амаараа эсвэл, бичгээр илэрхийлэх нь хүнийг бодол санаагаа цэгцлэх, асуудлын мөн чанарыг ойлгох, магадгүй шинэ санаа, шийдэл олоход дөхөм байдгыг мэдэхэд илүүдэхгүй байх.

Хүсэл мөрөөдлөө заавал тодорхойл
Бас нэгэн чухал зүйл бол чиний хүсэл мөрөөдөл. Хүсэл мөрөөдлөө тодорхойлсноор ирээдүй илүү гэрэл гэгээтэй байх болно. Ингэснээр ирээдүйнхээ төлөө өнөөдөр тэмцэх хэрэг гарна. Магадгүй хүсэл мөрөөдөл, зорилго чинь өөрийгөө таних, мэдэх, өөрийгөө өөрчлөх, илүү их мэдлэгтэй болох, чадваржих, олон танил, найз хамтрагчидтай болох эхлэл байж болох юм. Мөн өөрийн хоббитой болж, түүндээ долоон хоногт хэд хэдэн цагийг зарцуулж байнга өөрийгөө идэвхижүүлж байгаарай.

Бүгдэд нь амжилт хүсье!

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Найз #Friend