Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ядаж байхад би өөрөө хөвгүүдийг их голж шилнэ
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Надад нэг зүйл сэтгэлийг минь их зовоох боллоо.
Би одоо 17 настай. Удахгүй 18 хүрнэ. Би ганц ч удаа хэн нэгэнтэй үерхэж байгаагүй. Сүүлийн жилүүдэд би хүнтэй үерхэхийг маш ихээр хүсэх болсон. Залуу хосууд, үерхэж байгаа хүүхдүүдийг харахаар л цаана л нэг атаархах сэтгэл төрдөг. Ангийнхан, зарим найзууд маань хүртэл энэ сэдвээр намайг цаашлуулж шоолох болсон. Өөртөө таалагддаг хөвгүүдийг хараахаар ихэвчлэн надаас ах хөвгүүд. Ангийн ямар нэг хүүхэдтэй холбоход ч тэрхэн үедээ бага зэрэг догдлох ч тийм ч их таалаад байхгүй.
Ер нь л ангийнхаа хөвгүүдийг яагаад ч юм тийм ч их сонирхож хардаггүй. Угаасаа хараад ч байхаар онцгой биш Зарим нь найз охинтой, зарим нь хямсгар их зантай, хичээлдээ хэт донтсон, эсвэл буруу замаар орцгоосон хөвгүүд байдаг. Манай ангийн зарим охид ч тэр найз бандитай нэг нь хэт хямсгар эсвэл тэрэнтэйгээ өдөржин нялуурчина. Бас л ганц бие охид хэд хэд бий. Гадуур гарч хүнтэй танилцъя гэхээр огт яахаа мэдэхгүй юм. Ядаж байхад өөртөө олдохгүй ч гэсэн хөвгүүдийг их голж шилнэ.
Би магадгүй хэтэрхий шунаж байж магадгүй ч зүгээр л надад сэтгэлээ гаргадаг л хөвгүүнтэй үерхэж тэдний өмнө атаархтал жаргалтай байж, хэцүү үед минь надад түшиг тулгуур болсон тийм л сайхан анхны хайртайгаа учрах гэсэн юм. Би яах хэрэгтэй вэ. /Энэ захиаг би сайтад оруулмаар байна. Над шиг олон хүүхэд зөвлөгөөг нь уншаасай гэж хүсэж байна/
ЗӨВЛӨГӨӨ: Цаг хугацаа иртэл хүлээх хэрэгтэй
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Чиний хувьд өөрт чинь маш ихээр таалагдаж байгаа эсвэл тэр хүнд өөрийн эрхгүй татагдаж байгаа тийм үед л хүнтэй үерхэх үерхэхгүй байх тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй.
Одоогийн нөхцөл байдалд үнэхээр чамд таалагдаж байгаа тийм хүн хараахан байхгүй учир бусад хүмүүс сайхан харагдах, бусад шиг хостойгоо аз жаргалтай явах гэх мэт зүйлээс болж ийм алхам буюу яаран үерхэх алхам хийхгүй байхыг зөвлөе.
Аливаа зүйл өөр өөрийн гэсэн цаг хугацаатай учир тэр зүйлийг өөрийнх нь цаг хугацаа иртэл хүлээх хэрэгтэй. Зүгээр л таалагдаж байгаа хүнтэйгээ үерхэн яаран шийдвэр гаргавал сүүлд нь чиний сэтгэл шаналах, дэмий зүйлд цагаа үрсэн юм шиг санагдах, харамсах гэх мэт сөрөг үр дагавар гарч магадгүй учир сайн бодож байж бэлэн болсон, яг цаг нь мөн гэсэн үедээ л шийдвэр гаргавал зүйтэй.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх