З.Билгүүн: ХААН шиг үйлчлүүлэхийг хүсэж байвал эхлээд СОЁЛТОЙ үйлчлүүлж сураасай


Улаанбаатар хотын гоо сайханд цоо шинэ өнгө нэмсэн "2 хэмжээст" кофе шопыг зорилоо. Энэхүү газрын үүсгэн байгуулагч З.Билгүүн биднийг угтан авч өөрийн амьдралын сонирхолтой түүхүүд болон кофе шопынхоо тухай халуун яриа өрнүүлснийг хүлээн авна уу. Нэмж хэлэхэд энэ газар Монголдоо анхдагч хэв маягийг бүрдүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна. 


YOLOСайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө уншигчдад маань өөрийнхөө талаар товч танилцуулаач?

- Сайн байна уу. Намайг Билгүүн гэдэг. Хоёр жилийн өмнө ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийг Маркетингийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. Одоогоор "2 хэмжээст" кофе шопын үүсгэн байгуулагч, ахлах баристагаар ажиллаж байна. 

YOLOАнх яагаад кофе шоп нээхээр болов ?

- Их сургуулиа төгссөнийхөө дараа эгчтэйгээ ярилцаад кофе шоп нээхээр болсон. Тухайн үед эгчийнхээ саналыг сонсоод кофе шоп нээх үү, яах уу гэж их эргэлзэж байсан ч нээгээд үзье гээд сэтгэл шулуудсан. Ингээд 2019 оны аравдугаар сард тухайн үед ажиллаж байсан ажлаасаа гараад кофе шоп нээх ажилдаа бүрэн төвлөрсөн. 

YOLOБаристагаар ажиллаж эхлэхээсээ өмнө ямар мэргэжлээр ажиллаж байсан бэ? 

- Би ерөнхийдөө суралцсан мэргэжлийнхээ хүрээнд буюу сошиал маркетинг чиглэлээр ажилладаг. Мэргэжлээ сонгохдоо аав ээжээсээ зөрөн байж сонгосон учраас мэргэжилдээ эзэн байхын төлөө хичээдэг. Мөн энэ ажлынхаа хажуугаар өөр байгууллагуудад ч ажилладаг учраас бусад ажлуудаа цахимаар хийдэг. Тухайлбал кофе шопдоо ажиллахын зэрэгцээ өөр нэг газар түгээлт хариуцсан менежер, сав баглаа хариуцсан ажилтан, зураглаач гэх мэтчилэн янз бүрийн ажил хийнэ. Юм юм л хийх гэж оролддог доо.


YOLOБизнесийн удирдлага чиглэлээр суралцаж төгссөн гэж байна шүү дээ. Төгсөөд бизнесийнхээ санааг хэрхэн олсон бэ? Аль эсвэл эртнээс төлөвлөж байсан уу?

Төгсөөд юу хийхээ сайн төлөвлөөгүй байсан. Ямар ч байсан нэг ажил олж хийе, түүнийхээ хажуугаар томоохон компанид ороод тухайн газрын соёл, албан тушаалууд, дотоод харилцаа зэргийг нь судлангаа нэг орчим жил ажиллая гэсэн бодолтой байсан. Дараа нь өөрийн хувийн жижиг бизнес эхлүүлье гэж бодож байсан боловч эгчийнхээ ятгалгад автан кофе шоп нээхээр болсон доо /инээв/. Кофе шоп нээнэ гэхээр айж байсан ч үүсэж болох эрсдэлүүдээ бүгдийг нь тооцоолж гаргасан. Ер нь бол манай нийслэл хотод кофе шопын зах зээл ханачихсан шүү дээ. Тиймээс энэ зах зээлд хэрхэн бусдаас ялгарах вэ, өөр дагалдах бүтээгдэхүүн юу байх вэ гэдэг тал дээр их судалгаа хийсэн. Залуучууд дунд хамгийн их эрэлттэй, трэнд болж байгаа бүтээгдэхүүн нь Bubble tea байсан учраас нэмэлтээр шинэ хэв маягтай болгох зүйл оруулж ирсэн юм. 


YOLOИхэнх хүмүүс төгсөөд ажил хийхдээ бусдын бизнест тусалж, туршлага хуримтлуулдаг. Харин өөрийн чинь хувьд сургуулиа төгсөөд удаагүй байхдаа өөрийн бизнесээ эхлүүлсэн байна. Анх бизнесээ эхлэхээр сэтгэл шулуудсан үеэсээ дурсвал? Ямар саад бэрхшээл тулгарч байв?

- Саад бэрхшээл, хэцүү асуудлууд зөндөө тулгарч байсан. Нээгдсэний дараа ч хүмүүс их шүүмжилдэг байсан. Зарим хүмүүс "чи залуу хүн байж ийм юм хийж яах гэсэн юм, үүнийхээ оронд өөр газарт ажиллаад байр, машинтай бол" гэдэг байлаа. Яг л хүн бүрийн хийдэг зүйлсийг хийлгүүлэх гэдэг байсан нь надад таалагдаагүй. Мөнгө бол байдаг л зүйл шүү дээ. Хэрэв байр, машинтай болчихвол нэг талаас миний эд хөрөнгө хэдий ч нөгөө талаас би сэтгэл ханамж, аз жаргал мэдэрч чадахгүй бол харамсалтай. Харин оронд нь би энэ бизнесээ эхлүүлээд, мөнгөө алдсан ч гэсэн үүнээс ихийг сурч байгаадаа аз жаргалтай байдаг. Манайхаар ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд, залуус ирж үйлчлүүлдэг. Тэд нартай яг л найзууд шиг харьцаж, баяр баясал, эрч хүч авдаг юм. 


YOLO: Та маш олон ажил амжуулдаг гэж байсан. Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа хуваалцаач?

- Миний өдөр кофе шоп дээр өнгөрдөг. Өглөө сэрээд хамгийн түрүүнд кофе шоп дээрээ ирнэ. Анх нээж байхдаа ажил дээрээ өдөрт 10-15 цагийг зарцуулдаг байсан. Дөнгөж нээгдэж байсан болохоор ажилтан байхгүй. Бүтэн өдөр ажиллаад, тарсныхаа дараа цэвэрлэгээгээ хийнэ, дутуу засваруудаа хийнэ, найз нарынхаа хэлсэн санаануудыг хөрсөн дээр буулгана, нэмж зураг зурна гээд олон ажил амжуулж дуусгаад харьдаг байсан. Ер нь бүх л цагаа кофе шопдоо зарцуулдаг гэж хэлж болно. Гадуур явж бараа, материал цуглуулах хэрэг бас гарна. Хааяа зав гарахаар шинээр гарч ирж буй кофе шопуудын кофег амталж үзэх дуртай. Бид бүгд л кофены соёлыг түгээж, амт чанарыг сайжруулах зорилго дор нэгдсэн нэг завины хүмүүс шиг санагддаг. Тиймээс би хэзээ ч бусад газрыг өрсөлдөгч гэж хардаггүй. Цар тахал гарахаас өмнө би "Prime Cineplex" кино театр ажилладаг байсан юм. Одоо бол хөл хорионы улмаас хаагдчихсан. Аливаа зүйл эерэг болон сөрөг талтай байдаг шиг үүсээд буй нөхцөл байдлыг боломж гэж харж байгаа. Учир нь энэ их цаг хугацааг ашиглаад кофе шоп дээрээ бүрэн төвлөрч ажиллаж чадаж байна шүү дээ.


YOLOЧөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

- Чөлөөт цагаараа найзуудтайгаа цагийг өнгөрөөх маш дуртай. Дурсамж бол хүнд ганц үлдэх чухал зүйл. Тиймээс би найзуудтайгаа юу хийвэл дурсамж дүүрэн сайхан мөчүүдийг өнгөрөөх вэ гэж боддог. Өдөр зүгээр нэг газар суугаад ном уншаад сууж болох ч тэр зүйл чадвар суулгана уу гэхээс дурсамж үлдээхгүй шүү дээ. 

YOLOАрван жилийн дараах Билгүүн ямар байх бол?

- Төсөөлөхөд хүнд санагдаж байна шүү /инээв/. Арван жилийн дараа гэр бүлтэй болоод, хүүхдүүдийнхээ хамт аз жаргалтай байхыг хүсэж байна. Би бусад хүмүүс шиг баян, мөнгөтэй болохыг тийм ч их хүсдэггүй. Зүгээр л аз жаргалтай, хайртай хүнтэйгээ байх нь чухал санагддаг юм. Мөн нийслэл хотоо бүтэн хоёр удаа тойрон аялсан байна. Эрдэм мэдлэг сурах бол хамгийн гоё зүйл. Тиймээс дахин суралцаад докторын зэрэгтэй болно гэж төлөвлөж байна.

YOLOҮргэлжлүүлэн кофе шопын тань талаар ярилцъя. Тохижуулалт, дотоод засал чимэглэлийн хувьд үнэхээр содон бөгөөд сонирхолтой харагдаж байна. Иймэрхүү 2D орчинтой газрууд өөр байдаг уу?

- Ийм дизайны шийдэлтэй газрууд манайхаас өөр улсад зөндөө байдаг. Манайхыг нээсний дараа хүмүүс “Чи миний санааг хулгайлчихлаа. Би яг ийм газар нээх гэж байсан юм, танайх өрсчихлөө” гэж хэлж байсан удаатай. Яг үнэндээ энэ санаа тэр хүмүүсийнх ч биш Японоос гарсан санаа шүү дээ. Орос, Япон, Хятад, Солонгос зэрэг нийт 17 улсад 2D кофе шоп байдаг. Тухайн улс бүр өөр өөрсдийн соёлын онцлогийг харуулсан дизайны шийдэлтэй. Яагаад заавал кофе шоп гэхээр бүүдгэр гэрэлтэй, бараан ханатай, ганц хоёр зурагтай, жааз хөгжим эгшиглүүлсэн нэг л хэвийн загвартай байх ёстой гэж? Багш маань үргэлж шинийг сэтгэ, хайрцагнаас гарч сэтгэ гэдэг байсан. Ер нь заавал хайрцаг байлгах шаардлага байхгүй шүү дээ. Би бусад газруудаас өөр байхыг хичээдэг. Тиймээс иймэрхүү, хэв маягийг эвдсэн шинэлэг зүйл оруулж ирэхийг хүссэн. Манай доод давхарт үйлчлүүлэгчид гэртээ байгаа юм шиг гутлаа тайлаад, тухтай суунгаа кофе ууж кино үзэх боломжтой.


YOLO: 2 хэмжээст нь урт өргөнөөр хэмжигдэх хавтгай дээрх дүрс гэсэн үг шүү дээ. Санаагаа хэрхэн бодож олсон бэ?

- Хоёр жилийн өмнө би интернетээс Японы интрьерийн шийдлүүдийг харж байсан юм. Тэр үед эгчдээ үзүүлээд "ийм газар байдаг юм байна, ямар гоё юм бэ" гээд ярилцаж байсан. Тэгээд бид хоёр өнгөрсөн жилээс бага багаар судлаад, ийм дизайнтай байж яагаад болохгүй гэж бодсон. Бусад улсын 2D кофе шопууд руу зөвшөөрөл, тусламж хүссэн мэйл бичихэд хариуд маань өөрийн улсын соёлын онцлогоо тусгаж хийгээрэй гэсэн зөвлөгөө ирсэн байсан. Ингээд зөвлөгөөний дагуу өөрсдөө зургаа зурж, булан тохой бүрийг нь сэтгэл зүрхээ зориулж тохижуулалтаа хийсэн дээ.

YOLO: Кофе шопоо 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээсэн гэж байсан. Зорьж энэ өдрийг сонгосон уу?

- Нээлтийн өдөр хоёрдугаар сарын 3-нд таарах гээд байсан юм. Тэгэхээр нь яг 2-нд тааруулах гээд өмнөх өдөр нь гэр бүлээрээ бүх ажлаа дуусгаад үүрээр гэртээ харьсан. Өглөө нь 7 цагийн үед эргэж ирээд нээлтээ хийж байсан.

YOLO: Нээснээс хойш үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, сэтгэгдэл, санал шүүмж хэр их ирж байна вэ?

- Ямар ч том газар байсан бүгд л шүүмжлэл авдаг шүү дээ. Тэрний адил манайд ч бас ирдэг. Гэхдээ хүмүүс шүүмжилж болно, харин битгий доромжлоосой гэж бодогддог. Би аль болох ирсэн бүх шүүмжлэлүүдийг няцаалгүйгээр хүлээж авдаг. Хүн бүрийн амтлах мэдрэмж өөр шүү дээ. Нэг газрын кофе чамд таалагдаад нөгөө газрынх таалагдахгүй бол битгий муулаарай.


YOLOЗарим хүмүүс зүгээр л үнэгүй wifi ашиглангаа юм захиалахгүй суух ч юм уу, аль эсвэл үйлчлүүлэгч хаан гэсэн утгаар харьцдаг шүү дээ. Ер нь манай улсад үйлчлүүлэгчдийн кофе шопын соёл хэр байна вэ? Өөрийнхөө бодлыг хуваалцаач?

- Хэцүү санагдах үе бий. 20-25 насны залуучуудын ихэнх нь маш соёлтой үйлчлүүлдэг. Зарим нь аягаа хурааж өгнө, зарим нь ном цэгцэлж өгөөд ширээ бохирдсон байвал өөрөө арчиж өгдөг. Үнэхээр соёлтой. Мөн Bubble tea-нд өсвөр насныхан илүү дуртай байдаг учраас манайхаар их үйлчлүүлдэг. Гэхдээ ханан дээр зурна, киноны постер зургуудыг урна, барьж зургаа авахуулдаг стикерэн цааснуудыг маань зажлах хүртэл тохиолдол гардаг. Тэр болгонд аль болох тайван, эелдэг байдлаар хандахыг хичээдэг. Ер нь үйлчлүүлэгч хаан гэдэг үг хаанаас гарсныг нь сайн мэдэхгүй ч хаан шиг үйлчлүүлэхийг хүсэж байвал захиалгаа соёлтой өгч, үйлчлүүлж сураасай гэж боддог. Насанд хүрсэн ч соёлгүй үйлдэл хийчихээд бүр нэмж доромжилдог хүмүүс ч бий. Манайд орж ирчхээд ямар жижигхэн бүгчим юм бэ гэж хэлдэг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд "шинээр юм хийж, бүтээх гэж хичээж буй залуусыг шүүмжилж болно, харин битгий урмыг нь хугалж доромжлоорой" гэмээр байна. Таны үйлчлүүлж буй газрын булан бүрийг хүмүүс сэтгэл зүрхээ зориулж бий болгосон байдаг юм шүү.

YOLOХэрхэн бариста хийж сурсан бэ? Ер нь маш сайн мэргэшсэн бариста болоход хэчнээн хугацаа шаардлагатай вэ?

- Тухайн хүний ур чадвараас л шалтгаалах байх. Зарим кофе шопд арван жил, таван жил бариста хийсэн туршлагатай ажилтан ч байдаг. Миний хувьд бариста болоод жил ч болоогүй байна. Гэхдээ баристагийн албан ёсны сургалтад сууж, шалгалтандаа тэнцэн, олон улсын сертификат авсан.


YOLO: Кофе шопоо өргөжүүлэх ч юм уу аль эсвэл шинэ салбар нээх санаа бий юу?

- Бодож төлөвлөсөн зүйл их бий. Цаашдаа шинэ салбар нээе ч гэж төлөвлөж байгаа. Манай кофе шоп маш хэцүү цаг үед нээгдсэн. Бид нар эхний хоёр сард алдангитай ажиллана гэж төлөвлөсөн ч төсөөлснөөс их алданги гарсан. Анх хадгаламжин дахь бүх мөнгөө шавхан байж кофе шопоо босгосон. Гэтэл сүүлчийн хадгаламжаа хүртэл цуцлах шаардлагатай тулгарсан юм. Удалгүй гурав дахь сараасаа яг балансаа барьж сурсан. Одоо бол ямар ч хадгаламж байхгүй учраас эрсдэлээ зөв тооцоолоод тэнцвэртэй ажиллаж сурч байгаа.

YOLOТанай кофе шопыг зорьж ирэх нэг шалтгаан хэлээч?

 

- Манайхыг өглөө нээхэд үүдэн дээр хүлээж байгаад орж ирээд орой тарахад хамт гардаг хүмүүс ч бий. Бид юу ч захиалахгүй хүнийг заавал гар гэж хэлдэггүй. Тэр хүн манайхыг зорьж ирээд тухтай юмаа хийгээд сууж байхад нь гаргахыг хүсдэггүй. Аль болох тав тухтай байлгахыг эрмэлздэг. Байнгын үйлчлүүлэгч маань тооцоогоо хийх гээд картан дахь дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх үед нь бид зүгээр дээ гэж хэлээд суулгадаг. Хэрэв манайд ирж үзээгүй хүмүүс байвал ирээд өөр шинэлэг зүйл мэдэр, найзуудтайгаа ирээд зургаа даруулж дурсамжаа бүтээлц гэж хэлмээр байна. Дөрвүүлээ орж ирсэн бол бүгд заавал ижил зүйл захиалах албагүй шүү дээ. Өөр өөр төрлийн зүйл захиал. Цоо шинэ өөр зүйлийг мэдрээсэй гэж хүсэж байна. Бид үйлчлүүлэгчидтэйгээ аль болох дотно, найзууд шиг л байхыг хүсдэг.

YOLOЯрилцсанд баярлалаа.


#2 хэмжээст #Кофе шоп