Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэгэх бүрд үхэх талаар бодчихоод байх юм
Сайн байна уу. Би одоо 20 настай, эмэгтэй. Их сургуулийн оюутан. Үнэндээ яг хаанаас эхлэх ёстойгоо сайн мэдэхгүй байна. 5 сарын ѳмнѳѳс эхлэн сѳрѳг бодлууд болон сѳрѳг мэдрэмжүүд бий болох болсон. Юм бүхэн ядаргаатай санагдаж, ямар ч утга учиргүй мэт сэтгэгдэл тѳрѳх болсон гэх үү дээ. Тухайн үедээ хичээлийн ачаалал, стресснээс болоод л тэгээд байна гэж бодож байсан. Намайг стрессдүүлдэг тэдгээр зүйлсээс салчихвал дээрдэх байх гэж санасан. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг ѳнгѳрүүлж, амар тайвнаар цагийг элээвэл бүх сѳрѳг мэдрэмжүүд маань арилчих байх гэж итгэсэн. Эхэндээ ч тийм байсан. Гэтэл цаг хугацаа ѳнгѳрѳх тусам сѳрѳг сэтгэгдлүүд улам нэмэгдэж ямар ч шалтгаангүй, гадны хүчин зүйлсийн нѳлѳѳгүйгээр гэнэт л уйтгарт автагдаж, уйлмаар санагдах боллоо. Инээж байсан ч ялгаагүй. Инээснээсээ болж уйлж байгаа хэрэг биш шүү. Ер нь зүгээр л амьдралаас баяр баясал мэдрэхгүй байна. Аливаа юмнаас утга учир, шалтгаан хайгаад байгаа ѳѳрийгѳѳ үзэн ядаж байна. Яг л тэдгээр зүйлс үгүй бол замхарчих гээд байгаа мэт...
Бусадтай харьцах хүртэл тѳвѳгтэй болж эхэлсэн. Үүнийг буруу гэдгийг нь мэдэж байгаа ч нэг л болж ѳгѳхгүй юм. Бусдын бодол, үзэл хандлага нь тээртэй санагдаж зүгээр л зугтчихмаар. Заримдаа илэн далангүй байя гээд ѳѳрийнхѳѳ мэдрэмжийг илэрхийлэхээр тэдгээр хүмүүс огт ойлгохгүй юм. Үүнд манай гэр бүлийн хүмүүс ч хамаарна. Магадгүй миний хүсэж байгаа, надад хэрэгтэй хариулт биш болохоор тэр юм болов уу. Би гэдэг хүн энд хэдэн хэсэг бутарч байхад, миний оронд миний мэдрэмжийг ер тоож үзэлгүйгээр, шууд л ѳѳрсдийнхѳѳрѳѳ ''яав л гэж дээ'', ''сүртэй шдээ'', ''зүгээр ээ, гайгүй болчихно'' гээд л.
Үнэндээ юу ч сонирхолтой санагдахгүй байна. Хийх дуртай зүйлээ хийж байгаа хэр нь сэтгэлд хүрэхгүй, тэр нь улам дарамт мэдрүүлээд… Ѳѳр зүйлс оролдож үзсэн ч улам дордоод байгаа аятай. Багахан шуугиан хүртэл чихэнд чийртэй санагдаж, жижигхэн маргаан хүртэл дарамт үүсгэнэ. Заримдаа тэдгээрээс болж амьсгал давчдаж, зүрхний цохилт түргэсэж эхэлдэг. Биеийн хаа нэгтээ зовиуртай санагдаж, тэгэх бүрд үхэх талаар бодчихоод байх юм. Болохгүй гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ амьсгалах хүртэл ядаргаатай санагдаж, цээжин дээр бул хар чулуу тавьчихсан юм шиг. Үүрийн 5 цаг хүртэл огт нойр хүрэхгүй гѳлийчихнѳ. Маргаашийг давах эрч хүч хэрэгтэй учраас л албадан унтана. Ѳглѳѳний ундны эхний хазалт эсвэл эхний балганд л дуршил буурч эхэлнэ. Бас юмнаас амархан цоччихоод байдаг боллоо. Харанхуй дахь багахан сүүдэр, жижигхэн хар юм, нүдний буланд гялсхийгээд ѳнгѳрсѳн юмс хүртэл амьсгал давчдуулна. Яах хэрэгтэй юм бол?
ЗӨВЛӨГӨӨ: Зүгээр л дотно ярилцахад л хангалттай тусалдаг
Сайн байна уу? Бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд чамайг сайн ойлгож байгаа юм шиг санагдаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Эдгээр сөрөг мэдрэмжүүдийг байнга мэдрэх нь үнэхээр хэцүү байдаг. Чиний хэлдэгчлэн хүмүүсийн хэлж байгаа шиг тэгж байгаад зүгээр болчих зүйл биш юм. Гэхдээ тэр хүмүүс чамтай л адилхан чамд юу тохиолдоод байгааг ойлгохгүй эсвэл яаж туслахаа мэдэхгүй байгаа болохоор сэтгэлийг чинь сэргээх санаатай л тэгж хэлдэг байх.
Энэ асуудлыг шийдэхэд тодорхой алхам хийх хэрэгтэй. Мэдээж ойр дотны хүмүүс нь чамд туслахыг хүсэж байгаа гэхдээ яаж гэдэг учраа л олохгүй байгаа байх гэдэгт итгэлтэй байна. Эхлээд надад юу тохиолдоод байна вэ? Би яагаад байгаа вэ? гэдгээ ойлгох хэрэгтэй. Бичсэн захидлаас нь харахад сэтгэл гутрал байх магадлалтай байна. Сэтгэцийн эмч, сэтгэл судлаачтай уулзан оношлуулж болно. Тэгвэл илүү чанартай, найдвартай тусламж авна. Хэрвээ үнэхээр боломжгүй бол өөртөө туслах аргуудыг хэрэглээрэй.
Дэлхий дээрх таван хүн тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг бөгөөд ханиад хүрэхтэй адил хэнд ч тохиолдож болох өвчин юм. Заримдаа ямар ч асуудалгүй, стрессгүй үед сэтгэл гутралд өртөх тохиолдол байдаг. Ханиад хүндрэхээс өмнө бид өөрсдөө арга хэмжээ авдаг шүү дээ. Тиймээс эхлээд өөртөө туслах гээд оролдоорой. Эерэгээр бодох хэв маягийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Бидэнд өдөрт ойролцоогоор 50,000 гаруй бодол бодогддог. Хар аяндаа төрж байгаа бодлыг эсэргүүцэх, болиулах, зогсоох боломжгүй. Гэхдээ бид бодлоо удирдаж, сөрөг бодлоо эерэг болгож засаж бодох боломжтой байдаг. Сэтгэл гутралд өртсөн хүн аливааг сөргөөр бодох гээд байдаг бөгөөд энэ нь нөхцөл байдлыг улам даамжруулдаг. Сэтгэл гутрал даамжрах нь эргээд асуудал шийдэх чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Чамд яг ямар бодол төрөөд байгааг ч ойлгохгүй байж болно. Тэгвэл бодлын тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Чамд төрж буй бодлуудаа бичнэ гэсэн үг. Тэгээд уншаад үзээрэй. Эерэг утгатай байна уу? Сөрөг байна уу? Сөрөг байвал яаж ийгээд засаж бичээрэй. Тэгээд өөртөө давтан хэлээрэй. Мөн ойр дотны хүндээ би сэтгэл гутралтай байх магадлалтай юм байна. Намайг сонсох, ярилцах, туслах хүн хэрэгтэй байгааг хэлээрэй. Сэтгэл гутралд өртсөн үед хэн нэгнээс зөвлөгөө сонсохоос илүү зүгээр л дотно ярилцахад л хангалттай тусалдаг. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: ОСD-г хэрхэн даван туулах вэ?
Хэрхэн ОСD-г даван туулах вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Би 19 настай. Анх ОСD-гийн талаар хоёр жилийн өмнө мэдээлэл хайж байгаад олж мэдсэн. Тэгээд шинж тэмдгийг нь өөртөө байгаа эсэхийг туршиж үзсэн. Би амархан сэтгэлээр унадаг. Юмыг хэтэрхий хүндээр тусгаж авч, хэт их зүйлийг бодож шаналдаг. Энэ байдлаасаа ерөөсөө гарч чаддаггүй. Бас өдөр тутамдаа хийдэг маш олон утгагүй зуршлууд байгаа. Би энэ өвчнийг мэдэхээсээ өмнө сэтгэл зүйчтэй уулзаж байсан боловч энэ талаар тодорхой асууж, мэдээлэл авч чадаагүй. Мэргэжлийн сэтгэл зүйчид ямар зөвлөгөө өгөхийг мэдэхийн тулд захидал бичиж байна. Мөн энэ талаар зөвлөгөө өгөөч.
ЗӨВЛӨГӨӨ: Стресс өндөр үед сэтгэцийн асуудлууд сэдэрдэг.
Сайн байна уу, бидэнд хандсанд баярлалаа. Чи өөрт төрж буй шинж тэмдгүүд, бодлууд, үйл явдлаа дэлгэрэнгүй бичээгүй учраас чамд хандсан захидал бичихэд хэцүү байна. Тиймээс ерөнхийдөө OCD буюу Оbsessive Compulsive Disorder –н талаар мэдээлэл, зөвлөмж өгье.
OCD –г монголоор улигт бодлын эмгэг гэдэг. Гадны улсуудад олон жилийн өмнөөс судлагдаж, ард иргэд нь сайн мэдээлэлтэй байдаг бол манайд энэ талын мэдлэг одоохондоо бага байна. Бид энэ талаар ойлголт өгөхөөр өсвөр насныханд зориулсан анимэйшн хийсэн бөгөөд удахгүй Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Фэйсбүүк хуудсанд тавигдана. Түүнийг үзээрэй.
OCD нь сэтгэл гутрал, сэтгэл түгшүүрийн дараа хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн өвчлөлүүдийн нэг юм. Ихэнхдээ бактериас айх, алдаа гаргахаас айх, эмх цэгцгүй байхаас айх, тэгш бус байхаас айх тэдгээрээс болоод маш олон удаа гараа угаах, дахин дахин шалгах, байнга цэгцэлж, нягталж, тэгш хэмд оруулах гэх мэт үйлдлүүдийг өдөр тутамдаа хийх байдлаар илэрдэг. Энэ байдал нь 6 сараас дээш хугацаанд үргэлжилж өөрт болон эргэн тойрныхонд асуудал, төвөг учруулж эхэлсэн үед албан ёсоор оношлогддог. Эдгээр шинжүүд өөрт байгааг мөн түүнээс болж тухгүй болж байгаагаа анзаарсан бол “засах”, өөрийгөө өөрчлөх боломжтой. Яаж вэ? Хамгийн зөв арга нь сэтгэл судлаач, сэтгэцийн эмчтэй тогтмол уулзаж тусламж авах юм. Хэрвээ тэгэх боломжгүй бол дараах зүйлсийг зөвлөж байна.
1. Стрессээ удирдах. Стресс өндөр үед сэтгэцийн асуудлууд сэдэрдэг. Шалгалт дөхсөн, даалгавар ихтэй, үл ойлголцол ихтэй зэрэг үед стрессдэж түүнээсээ болоод гараа дахин дахин угаах, дутуу хийчихсэн юм шиг санагдаж дахин дахин нягтлах түүнээс болж нэмж стрессдэх хандлагатай байдаг. Стресссээ удирдах талаар psychology.mn хаяг дээр тавигдсан нийтлэлийг уншаарай.
2. Дахин дахин хийлээ гээд сэтгэл чинь амрахгүй, харин ч улам их хийдэг болно. Тиймээс аль болох “Энэ бол ОСD –гээс л болж байна, логикоор бодвол дутуу хийсэн байх боломжгүй, гарын бактери устсан байгаа, одоо тайвшрах, гүнзгий амьсгалах хэрэгтэй” зэргээр бодлоо удирдаарай.
3. Төгс төгөлдөрт тэмүүлэгч буюу перфекшинист хүмүүст OCD хамт илрэх хандлагатай. Тиймээс би алдаж болно, дутуу хийж болно, муухай байж болно зэргээр өөртөө хэт өндөр шаардлага тавихаа багасгахыг хичээгээрэй. Тэртээ тэргүй амьдралд тохиолдох энэ олон хүчин зүйлс, эрсдэлийг бүгдийг нь хянаж чадахгүй шүү дээ.
Мөн өөрт туслах гарын авлагуудыг уншиж болох юм. Жишээ нь монгол хэл дээр "Өөрийгөө Болон Гэр Бүлээ Халамжлах Ном: Сэтгэл зүйн эрүүл мэндийг гарын авлага" хэмээх ном номын дэлгүүрт бий. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Дөнгөж 8-р анги байж порно үздэг.
Сайн байна уу? Танай хамт олон талархаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Би анхны захидалдаа гэр бүл, дотоод сэтгэлийнхээ асуудлыг тоочсон. Сүүлийнхдээ мартаж чаддаггүй цусан төрлийн хамаатандаа дурласан хэцүү асуудлаа бичиж явуулсан. Энэ удаад би найзынхаа асуудлыг ярихаар шийдлээ. Тэр найз маань 8-р ангид сурдаг. Би сэтгэл зүйч болохыг хүсдэг болохоор ном энэ тэр уншдаг, найзууддаа зөвлөгөө өгдөг юм л даа. Энэ найз маань тэгээд надад хандсан юм. Би бодоод бодоод яах ёстойг нь ойлгоогүй. Миний бодлоор чимээгүй байж байгаад л мартагдуулах хэрэгтэй асуудал л гэж бодож байна. Энэ найзыгаа их өрөвдөж байна. Би өөрөө тусалж чадахгүй болохоор танайхаас зөвлөгөө авч дамжуулахаар болсон юм аа. Бичсэн зүйлсийг нь хуулаад тавьсан байгаа шүү.
"Би бага зэрэг донтой л доо. Бага зэрэг биш ч байж магад. Дөнгөж 8-р анги байж порно үздэг. Бүр охин хүүхэд байж порно үздэг. Тэгээд манай нөгөө ангийн .... гээд банди бас над шиг донтой байхгүй юу. Тэгээд бид хоёр шөнө дандаа порно, +18 яриад, болдог бол тэгж, тэгж хийнэ гэж ярьдаг байсан юм. Одоо бодохоор ичиж байна. Тэгээд нэг шөнө надаас зургаа явуулчих гэж гуйсан юм. Тэгэхээр нь би хөлөө гаргаад дотуур өмдтэй зургаа явуулчихсан. Бурхан минь би тэр үед үнэхээр галзуурчихсан байсан байх. Тэгсэн чинь нөгөө банди Фэйсбүүкээ хакердуулчихсан. Бид хоёрын чат, миний зургийг хүртэл харчихсан. Би бүр аймар ичээд уйлах шиг болоод шууд блок хийчихсэн.
Тэгээд би их айсан л даа. Одоо яавал дээр вэ? Миний зургийг тараачихгүй байгаа? Тараагаад хүмүүс мэдчихвэл яанаа гэж айж байсан. Хамгийн гол нь ээж мэдчихвэл би үхсэн нь дээр болох биз. Тэгээд байж байсан чинь миний хамгийн сайн найз над руу чат бичээд “Ёоо чи бүр донтой гэхэд арай дэндүү донтой юмаа. Эмэгтэй хүүхэд байж ... рүү зургаа явуулаад байхдаа яадаг юм. Ангийнхан чинь бүгдээрээ мэдчихсэн байна лээ. Бүр миний танихгүй хүмүүс хүртэл зургийг чинь над руу явуулаад надаас (энэ танай найз мөн үү) гээд асуугаад байна лээ. Чамайг би бүр гаж донтой юм уу гэж бодоод харьцмааргүй санагдсан. Гэхдээ багаасаа найзалсан юм даа гээд чамайг бодоод хэлж байна. Ээж чинь мэдчихвэл яана. Ангийнхан чинь ч яахав нэг анги юм чинь чамайг бодоод тараахгүй байх. Бусад хүмүүс бол аймар тараах байх. Ээжийн чинь чихэнд хүрчих вий гэж л айж байна шүү. Энэ асуудлаа шийдээрэй. Би яаж туслахаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед бүр миний дотор зарс хийгээд л явчихаж байгаа юм чинь.
Би дахиж Фэйсбүүкээр тиймэрхүү балай юм ярихаа больсон. Порно үзэхээ ч больсон. Одоо засарч байгаа. ... уг нь миний хамгийн сайн найз байсан. Гэтэл шинэ фэйсбүүк нээж чаталж байснаа гэнэт намайг аймар хэлбэр болчихож энэ тэр гэж хэлж байснаа намайг блоклочихсон. Одоо миний зүрх бутраад алга болчихсон юм шиг л санагдаж байна. Найзуудтайгаа чатлахаа ч болилоо. Гадуур явж байхдаа царайгаа нууж маск, малгай өмсдөг болсон. Одоо бүр хоол ч хоолойгоор давахгүй байна. Ээж мэдчих вий гэхээс үхтлээ айж байна. Мэдсэн бүх хүмүүс намайг янхан гэж бодож байгаа байх даа. Сургууль таарах хүн бүхэн намайг хараад “энэ нөгөө янхан явж байна” гэж хэлэх байх даа. Тэгж нүдний булай болох гэж. Би үнэхээр галзуурсан байсан байх. Бүр photoshopдоод нүв нүцгэн зураг хүртэл явуулчихсан байсан гэсэн. Ингэж нүдний булай болохын оронд үхсэн минь дээр байх. Найзаа надад туслаач. Зөвхөн чамд л итгээд хэлж байна. Ганцхан чи л надад туслах юм шиг санагдаад хэлж байна. Чамайг нууц задалж ярьдаггүй гэж сонссон. Гуйя найздаа туслаач" гэж хэлэхэд нь би өмнөөс нь аймар их айсан. Миний хэлсэн зүйл гэвэл:
- “Миний бодлоор одоо ер нь нэлээн тарчихсан байх. Биеэ үнэлэгч гэж муухайгаар бодож байгаа хүн ч гэсэн байгаа байх л даа. Одооны хүүхдүүд юмыг дандаа муугаар харж, ярьж байдаг болчихсон. Гэхдээ би хувьдаа тэгж бодохгүй байна. Хүний амьдралд алдаж эндэх зүйл олон. Тэр болгон том ачаалал өгөөд өөрийгөө битгий зовоо. Эвтэйхнээр мартсан нь л зүйтэй байх. Одоо шаардлагагүй бол хүнтэй чатлахгүй, пост оруулахгүй, зураг бараг хийхгүй, стори ч гэсэн хийгээд дэмий байх. Ер нь хүмүүстэй нээх холбоо тогтоохгүй байвал тэд илүү хурдан мартана. Магадгүй чиний постыг хараад "өө энэ чинь нөгөө биеэ үнэлэгч байна" гэж бодоод дахин санах байна. Чимээгүйхэн байж байгаад энэ асуудлыг мартагдуулахаас өөр сонголт байхгүй болов уу л гэж бодож байна. Өөрөө ч гэсэн байнга бодоод байлгүй март. Битгий санаагаа чилээ. Цаг хугацаа өнгөрөхөд мартагдана. Би сайн мэдэхгүй байна. Чиний өмнөөс YOLO.mn рүү бичээд үзэх үү? Гол нь чи зөвшөөрвөл? (Зөвшөөрсөн)” гэж зөвлөсөн.
Миний зөвлөгөө зөв байсан эсэхийг мэдэхгүй байна.
1. Би буруу зөвлөгөө өгчихсөн үү? Мэргэжлийн хүн биш ч гэлээ би найздаа туслахыг хүссэндээ л чадах чинээгээрээ зөвлөгөө өгсөн.
2. Одоо энэ найз маань яавал дээр вэ? Найз маань их айгаад, амь насан дээсэн дөрөөн дээр байгаа мэт л санагдаж айж байна. Найзынхаа өмнөөс санаа минь их зовж байна. Цаг заваа гарган миний найзад туслах гэж байгаад маш их баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Хүнийг нэг удаагийн алдаагаар нь тодорхойлдоггүй.
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Найздаа туслах гэсэн хүсэл чинь их сайхан байна. Найзад чинь одоо маш их хэцүү байгаа болов уу. Зөвлөх гэж яарах хэрэггүй. Хэцүү, хүнд үе тулгарахаар бид юу хүсдэг вэ? Зүгээр л өөрийг нь шүүмжлэхгүй, буруутгахгүй, ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр сонсож чадах хүн л хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйч хүн гэхээр хүний асуудлыг шийдэж, юу хийх хэрэгтэйг нь хэлж өгдөг хүн биш. Аль болох тэг, ингэ гэж хэлэхгүй байхыг зөвлөгөө гэдэг.
Шилжилтийн нас эхлэх үед бэлгийн боловсролын асуудал яригддаг. Бэлгийн боловсролыг хаалттай сэдэв шиг ярихгүй байх тусам хүүхэд тэр сэдвүүдийг сонирхож эхэлдэг. Бэлгийн боловсролын талаар зөв мэдээлэл, чиглүүлэг аваагүйгээсээ болж аюултай зүйлд өртөх эрсдэлтэй байдаг.
Порнографик яагаад хүмүүсийг донтуулдаг вэ? Порнограф үзэх үед тархинд өндөр өдөөлтийг ирж байдаг. Энэ нь тархины таашаалын төвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тархинд өндөр өдөөлт өгч байгаа болохоор цааш үргэлжлүүлж үзсээр байдаг. Мөн видео тоглоом, гар утас, бэлгийн харилцаатай холбогдолтой яриа, аймшгийн кино зэрэг нь тархинд хүчтэй өдөөлт өгч байдаг. Эдгээр зүйлсээс их хэмжээгээр таашаал авч улмаар донтолт болох эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл найзад чинь тохиолдсон зүйл видео тоглоом, мөрийтэй тоглоом зэрэгт донтсон хүнтэй л ижил байна.
Мөн бусдаас хангалттай анхаарал халамж авч чадаагүйгээс донтолт үүсэж болдог. Хэн нэгнээс ойр дотно мэдрэмж, анхаарал авч чадахгүй байгаагаасаа болж таашаал авч болох аливаа зүйлийг хайж, орлуулж эхэлдэг. Гэхдээ эдгээр орлуулж байгаа зүйлс угтаа бидний хүсээд байгаа анхаарал, халамж, ойр дотно байдлыг өгч чаддаггүй. Донтолтууд нь тархинд таашаал өгч байгаа мэдрэмжүүдэд дасал болгосон байдаг тул бид тэднээс тийм амархан салж чаддаггүй. Гэхдээ хүн бүр аливаа донтолтоос салах боломжтой.
Өөрт тохиолдсон таагүй үйл явдал, мэдрэмжийг нуувал хэзээ нэгэн цагт илэрч илүү хүнд байдалд оруулах магадлалтай байдаг. Амьдралд тулгарсан хэцүү зүйлсийг мартах гэж хичээх тусам буюу өөрийн ухамсаргүй оюун руу оруулахыг хичээх тусам цаашдын амьдралыг хэцүү болгож байдаг. Амьдралд тохиолдсон онцгой үйл явдлуудыг мартах боломжгүй бөгөөд дахиад адил төстэй асуудалтай тулгарах үед урьдын мэдрэмж дахиж сэдэрдэг. Ийм учраас мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө, чиглүүлэг аваарай гэж найздаа хэлэхийг хүсэж байна. Мэдээж өөрөө шууд очиж уулзахад хэцүү байх болов уу. Эцэг эхтэйгээ дотно байх тусам хүүхэд өөрийн асуудлыг тэдэнтэй нээлттэй ярилцдаг. Гэр бүлээсээ бүхнийг нуух тусам асуудлууд илүү хүндрэх гээд байдаг. Энэ үед гэр бүлийнхэн нь мөн адил сэтгэл санаагаар дэмжиж өгөх хэрэгтэй. Сэтгэл зүйч дээр очих хүсэлтэй байна гэдгээ гэрийнхэндээ эвтэйхнээр ойлгуулах нь зөв болов уу.
Хэрвээ тэр сэтгэл зүйчтэй уулзаж чадахгүй бол түүнд “Хүнийг нэг удаагийн алдаагаар нь тодорхойлдоггүй. Хүн бүр алдах эрхтэй. Харин чи алдаанаасаа суралцаад дахин хувийн зургаа онлайнаар илгээж болохгүй гэдгийг ойлгосон бол сайн байна. Цаг хугацаа өнгөрөхөд байдал намжина, харин чи өөрөө өөрийгөө уучилж чадахгүй эсвэл өөрийгөө муухай хүн болчихсон гэдэгтээ итгээд зовоогоод байж магадгүй юм. Тэгвэл чи хөөрхөн, сайхан охин хэвээрээ байгаа, мөн чамд юу ч тохиолдсон чиний талд байх хүмүүс байна. Ээж чинь мэдсэн ч чамайг ойлгоно гэдэгт итгэлтэй байна” гэж дамжуулаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх