CHALLENGE: Бүхнийг шинээр эхлэх АРВАН хоног


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-07-30

Удаан хугацааны турш хөл хорионд байгаа хүүхэд, залуус бидний хувьд өдөр хоногууд нэгэн хэвийн, уйтгартай өнгөрч байгаа нь амьдралын хэмнэлээ тэр чигт нь өөрчлөхөд хүргэж байгаа билээ. 

Тэгвэл удалгүй хичээл эхэлж, “өмнөх” амьдралдаа эргэн орох гэж байгаатай холбогдуулан “бүхнийг шинээр эхлэх 10 өдөр” чалленжийг хүргэж байна.

ӨДӨР 1: ДААЛГАВАР

Өнөөдөр чи өөрөөсөө юу мэдэрч байна хэмээн асуугаад үзээрэй. Сайн, муу, зүгээр гэх мэт энгийн хариултуудаас зайлсхийж, өөрийгөө яг юу мэдэрч байгааг илэрхийлэх үг олохыг хичээгээрэй. Сэтгэл хөдлөл нь тархинаас ирж буй дохио бөгөөд түүнийг танин мэдэж, “сэтгэл хөдлөлийн үгийн сан” бий болгох нь эрүүл мэндэд тустай байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

ЯАГААД ҮҮНИЙГ ХИЙНЭ ГЭЖ?

Хүнд олон тооны мэдрэмжүүд байдаг. Тэдгээрийг ерөнхийд нь эерэг болон сөрөг хэмээн ангилж болно. Бид эдгээр сэтгэл хөдлөлийг ихэвчлэн дотроо хадгалж үл тоохыг хичээдэг билээ. Тэгвэл сэтгэл судлаачид мэдрэмжүүдээ ил гаргахыг зөвлөдөг. Ингэх нь тархийг тайвшруулж, стрессийг бууруулдаг ажээ.

Юун түрүүнд бид юу мэдэрч буйгаа ойлгох хэрэгтэй. Үүний дараа түүнийгээ илэрхийлэх хамгийн тохиромжтой үгийг олох нь чухал юм. Өдөр бүр энэхүү дасгалыг хийснээр өөрийн гэсэн сэтгэл хөдлөлийн үгийн сантай болох боломжтой. Үр дүнд нь сэтгэл хөдлөлөө ойлгон, өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж сурахад дөхөм болох юм.

СӨРӨГ МЭДРЭМЖ Ч ЧУХАЛ ГЭЖ ҮҮ?

Хүний тархин дахь сэтгэл хөдлөл хариуцсан хэсэгт аюулыг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг амигдала байрладаг. Бид аюулыг мэдрэх үед тус хэсгээс сөрөг мэдрэмжийг илтгэсэн сэрүүлэг ажиллаж эхэлдэг байна. Харин тэдгээр сөрөг мэдрэмжээ гадагшлуулснаар "би айж байна", "би ууртай байна" хэмээн зогсолтгүй дуугарах сэрүүлгийг намжаадаг байна.

Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд аалзнаас айдаг хүмүүст амьд тарантула харуулан, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг хүссэн байна. Судалгааны үр дүнд чангаар хашхирч, айдсаа ил гаргаж буй хүмүүс чимээгүй ажиглаж буй хүмүүстэй харьцуулахад бага айдастай байгаа нь тогтоогджээ. Судалгааны багийн ахлагч, Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Мэтт Либерман:

- “Аалз чамайг хэр их айлгаж, тавгүйтүүлж байгаад гол анхаарлаа төвлөрүүлэх нь айх мэдрэмжийг улам ихэсгэдэг. Харин юу мэдэрч байгаагаа ил гаргасан хүмүүс дараагийн удаа айдастайгаа илүү тайвнаар нүүр тулдаг” хэмээн хэлжээ. 

#Сонин хачин #Challenge