ЗАХИДАЛ: Миний хөх, өгзгөнд хүрч, надтай ЗҮЙ БУСААР харьцдаг байсан


ССҮТөв | YOLO.MN
2021-08-06

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Миний хөх, өгзгөнд хүрч, надтай зүй бусаар харьцдаг байсан. 

Сайн байна уу? Би 18 настай, эмэгтэй. Одоогоос хоёр жилийн өмнө манай эрэгтэй найз намайг өдөж, биеийн эмзэг хэсгүүдэд маань зөвшөөрөлгүй хүрч, намайг хүчлэх гэж оролдсон юм. Би тэр үед юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байсан болохоор маш их айж, хэнд ч хэлж чадаагүй. Бас ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. 

Тэрнээс өмнө ангийн маань хөвгүүд миний хөх, өгзгөнд хүрэх гээд надтай зүй бусаар харьцдаг байсан. Тэр явдлаас хойш би гурван ч удаа амиа хорлох гэж оролдож байв. Ингээд бусадтай ярихаас ч байдаг болсон. Нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Одоо харин энэ сул талаа нуухын тулд хүмүүстэй хүчээр харьцаж, дургүй байсан ч дуртай юм шиг дүр үзүүлж амьдарсаар. Би маш их ганцаардаж байна. Удахгүй оюутан болоод шинэ хүмүүстэй шинэ орчинд орно гэхээс айж байна. Тэр бүхнийг мартаж, энгийн хүмүүс шиг хэрхэн нийгэмшиж амьдрах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Бусдын хийсэн таагүй үйлдэл өөрийн чинь үнэ цэнийг тодорхойлохгүй. 

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Өнгөрсөнд тохиолдсон таагүй үйл явдал бүрт харамсаж байна. Өөрт чинь тохиолдсон бие болоод сэтгэл зүйн дарамт чиний буруугаас болоогүй юм шүү. Бусад хүнээс гарах таагүй үйлдлүүдийг бид урьдчилж таах, тэднийг хянах боломжгүй нь харамсалтай. Энэ бидний хүчнээс давсан зүйл. Дарамтанд өртсөн хүмүүс бурууг өөрөөсөө хайж эхэлдэг. Ингэснээр бусдаас тусламж хүсэж чаддаггүй. Мөн өөрийгөө үнэ цэнэгүй нэгнээр мэдрэх гээд байдаг талтай. Бусдын хийсэн таагүй үйлдэл өөрийн чинь үнэ цэнийг тодорхойлохгүй юм шүү. 

Тэгвэл бид юу хийж чадах вэ?

1. Дахиж ийм бүдүүлэг үйлдэл гаргахгүй байхыг сануулж хэлж байх.

2. Тусалж чадах хүнд хандах

3. Өөрт чинь таагүй мэдрэмж төрснийг хүлээн зөвшөөрөөд итгэж болох хэн нэгэнд мэдрэмжээ ярих.

Нийгэмд маш олон төрлийн хүмүүс бий. Өөрт чинь таагүй мэдрэмж төрүүлэх хүмүүсээс гадна таатай, сайхан, халуун дулаан мэдрэмж өгөх хүмүүс гарч ирэх л болно. Таагүй хүмүүсээс болж хэт өөрийгөө бусдаас битгий тусгаарлаарай. Нийгмээс өөрийгөө тусгаарлах нь өөрийгөө шийтгэж байгаагаас ялгаагүй юм шүү.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Миний хийсэн бүхэн таалагддаггүй

Сайн байцгаана уу? Энэ шуудан очих өдрийн мэнд хүргэе. Би өмнө нь байгууллагаараа ажиллах уу, хувиараа ажиллах уу гээд шуудан явуулж байсан 18 насаа мэдэрч амжаагүй 19 настан байна аа. Айлдаа хувьчилж ажиллахаар болоод хугацаа нь дуусахаас аравхан хоногийн өмнө тэвчээртэй аргамж алдраад худлаа яриад гараад ирсэндээ жоохон гэмшээд байна.

Өчигдөр бүр аймар зүүдэлсэн. Айлын маань эгч, манай байгууллагын менежер хоёр суучихсан намайг яриад л... Аймар санаачлагагүй, урсгалаараа хүүхэд байна лээ гээд л залуу хүн байж нүүрний баясгалан ч байхгүй гээд л. Хэдий зүүдэндээ л харсан ч гэсэн тэр харцыг хэзээ ч мартаж чадахгүй ээ! Одоо бодоход ч зүрх чичирч байна. Уг нь надад тэгж муухай хандаж байгаагүй л дээ. Гэхдээ нөгөө эмээ бол зүгээр ална дөө. Над руу бүр муухай харж эдр. Би аймар гомдсон. Сүүлдээ бүр гомдох гол ч үгүй болдог юм байна лээ . Мөнгө ийм муухай хүчтэй байна шд. Би өөрийгөө жоохон тэсчихэж чадах байх гэж бодож байсан юм л даа. Эмээ хувьчлагдаад ажиллаж эхэлснээс хойш хөдөө гэр лүүгээ явна гэдгээ татаж аваарай гээд л, намар хичээл орохгүй юм чинь чи угаасаа сурахгүй гээд л. Зүгээр хамгийн муухайгаар хэлэхэд шорон шиг л.

Хүн чинь тэгээд биеийн хэлэмжээ удирдаж чаддаггүй гэдэг биз дээ. Миний хийсэн юм юу ч байлаа гэсэн таалагдахгүй. Хүүхдэд нь ганц гутлыг нь өмсүүлсэн ч гэсэн өөрөө очиж тайлчхаад дахиж өмсүүлнэ. Би зүгээр илүүдэл гэдгээ аймар мэдэрдэг байсан. Би өмнө нь цагийн ч бай, орон тооны гээд ямар ч ажил хэдий хэр хугацаагаар хийсэн ч гэсэн хэнээс ч чи залхуу байна, ажилдаа чин сэтгэлээсээ ханд гэж үг сонсож байгаагүй ээ. Тэгэхэд тэр эмээгээс л анх сонссон.

Үнэхээр сэтгэлд нь хүрэхгүй байдаг байсан юм билээ. Илүү цалин мөнгө хэлээд тэрэнд нь улайраад хувьлагдсан юм бол байхгүй л дээ. Тэр айлын эгч маань л хувиараа юм нээх гээд байгууллагад их мөнгө өгөөд чамд бага мөнгө ирээд байна гээд. Тэр нь ч үнэн л байсан л даа. 10 хоногийн ажиллаагүй мөнгөө шилжүүлье гэсэн чинь миний нөгөө худлаа хэлсэн шалтгаас маань болоод шилжүүлэх хэрэггүй чамд хэрэг болно гээд аваагүй. Гэхдээ би боломжтой болохоороо эгчтэй яриад шилжүүлнэ. Бас тэднийд бүр хайртай аягаа мартчихсан. Яаж очиж авах вэээ??

Ороод очвол бүр ирчихлээ гээд ойлгочихно тэхээр би ажиллахгүй гэж хэлж чадахгүй дахиад л худлаа ярих болчихно. Яагаад үнэнээ ярьж чадахгүй байгаа вэ гэхээр байна шдээ? Анх дөнгөж ороод эмээгийн ааш зан, хүүхдүүдийнх нь ааш авир гээд таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд нь би арай яарчихсан юм аа. Эмээтэй нь ойлголцож чадахгүй байна, больё гээд менежертэйгээ ярьчихсан. Тэгээд л тэрнээс хойш янз бүрийн юм болохоор л эмээ нь чамд юм хэлэх хэцүү, хэлэхгүй байх нэг хэцүү гээд уурлаад байдаг болохоор би жоохон айгаад байна. Надаас болж бөөн хэрүүл болсон бас. Эгч намайг сайн байна, юм хум сайн зааж өгөөд хуурай дүүгээ болгож авна гээд л харин эмээ нь юу ч хийж чадахгүй энэ одоо чамд хань болох уу гээд л. За мэдэхгүй ээ, ямар ч байлаа гэсэн тэднийхээс гараад гэртээ ирчихлээ. Одоо яаж аягаа авах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Түүнийг ойлгохыг хичээж, ярилцахыг оролдоод үзэж болох юм. 

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас айлын эгч нь чамайг ойлгодог, сонсдог юм шиг санагдлаа. Тэр эгчтэйгээ хэр нээлттэй ярилцдаг вэ? Ажиллахад хүндрэлтэй байгаа зүйлсээ хуваалцсан уу? Өөрт төрж буй мэдрэмжээ үгээрээ зөв илэрхийлэхийг хичээгээрэй. Энэ нь чиний сэтгэл зүйн тайван байдалд чухал нөлөөтэй юм шүү.

Мөн чамд хэт түргэдсэн юм шиг санагдаж байна гэж ойлголоо зөв үү? Хэрвээ энэ мэдрэмж нь чамд хэцүү байгаа бол дахин оролдоод үзэж болох юм. Эмээг илүү ойлгохыг хичээж, эмээтэй илүү ярилцахыг хичээж үзэж болох юм. Өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлж, юунаас болж чамайг буруугаар ойлгоод байгааг харилцаж ярилцаж байж л мэднэ шүү дээ.

Харин чи ажиллах хүсэлгүй болсон бол түүнийгээ эелдгээр тэдэнд илэрхийлэх хэрэгтэй болов уу. Энэ нь тодорхойгүй байдал үүсгэхгүй бөгөөд буруу ойлголцохгүй юм. Намайг буруугаар ойлгочих вий гэж худлаа хэлэх эсвэл хүсэхгүй байна, таалагдахгүй байна гэдгээ хэлж чадахгүй байх нь чамд л хэцүү байна. Тиймээс үгүй, хүсэхгүй байна, таалагдахгүй байна гэдгээ нээлттэй хэлж сураарай. 

Мөн эгчдээ аягаа авахаар очиж байгаа гэдгээ урьдчилж утасаар хэлж болно шүү дээ. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


АСУУДАЛ: Сүүлийн үед их стрессдсэн болохоор жин нэмж, батгашсан. 

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Өөрийгөө үнэхээр ойлгохгүй байна. Би нэг л мэдэхэд хэн нэгэнтэй ам зөрүүлж, хэн нэгнийг гомдоосон байх юм. Жоохон юмнаас болоод л нулимс унагачихдаг. Үүнээс болоод их стрессдэх болсон. Заримдаа хийх гэж, хэлэх гэж байсан юмаа мартчихна. Сүүлийн үед их стрессдэж байгаа болохоор жин нэмж, батгашсан. Зүгээр л бүгдийг нь орхиод хол явмаар байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насныхны бие махбодод гарах өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл тавгүйтэх, бухимдах, уйлах, ганцаардах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өсвөр насныхны биед хурдацтай явагдах бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл тавгүйтэх, бухимдах, уйлах, ганцаардах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс чамд илрээд байгаа шинжүүд нь нэг талаас чамаас өөрөөс чинь шалтгаалахгүйгээр үүсэж байгаа юм. Гэхдээ бүх бурууг бодисын солилцооны өөрчлөлттэй холбоод өнгөрч болохгүй. 

Ихэвчлэн юунаас болж хүмүүстэй ам зөрөөд байна вэ? Чамд юу таалагдахгүй байна вэ? Чамайг бухимдуулаад байгаа асуудал юу байна вэ? Жоохон зүйлээс болоод уйлах юм гэсэн байна. Тэр жоохон юм нь яг юу вэ? Юу чамайг стрессдүүлээд байна вэ гэдгийг сэтгэл хөдлөлөөрөө биш бодитоор харж өөрийгөө ажиглаарай. Өөрөөр хэлбэл юуг, яаж шийдвэл чи бага ч болов тайвширч өөрийгөө ойлгох вэ? 

Асуудлаа олсон бол одоо ангилна. Чиний нөлөөлж чадах асуудал юу вэ? Аль асуудлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна вэ? Энэ мэтээр эхлээд өөрт тулгараад байгаа асуудлаа тодорхойлохыг хичээгээрэй. Хэрвээ хүсвэл дээрх асуултуудад хариулаад дахин захидал илгээх боломжтой шүү. Амжилт хүсье. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


АСУУДАЛ: Ээж маань "Та хоёр аавтайгаа амьдар. Би та хоёрыг тэжээж чадахгүй" гэсэн.

Сайн байна уу? Энийг уншиж буй өдрийн мэнд хүргэе. Би 15 настай. Одоо энд бичих гэж буй асуудал минийх биш харийн гэр бүлийн асуудал юм. Манайх гэдэг айл хааяа хэрүүлтэй ч амар амгалан амьдардаг байсан. Гэхдээ жил ирэх тусам эцэг эх минь бие биедээ улам л уурлаж хэрүүл хийх болсон.

Аав ээжийг үргэлж өөлж загнах болсон. Ээж ч хариуд нь аавыг загнаж тэр хоёр чанга чанга орилж хэрүүл хийдэг. Энэ нь дүү бид хоёрт үнэхээр хэцүү байдаг. Ээж ааваас салах гээд баттай шийдчихсэн. Ээж үргэлж л аав чинь намайг дарамталж байна,би эрх чөлөөтэй амьдармаар байна гэдэг. Харин аав ээж чинь үнэхээр залхуу, мөнгө их үрдэг, арчаагүй гэдэг. Ээж та хоёр аавтайгаа амьдар би та хоёрыг тэжээж чадахгүй гэсэн.

Би үнэндээ аав ээжтэйгээ хамтдаа л баймаар байна. Би үнэхээр салалт гэдэг зүйлийг мэдэрмээргүй л байна. Миний бодож байгаагаар аав ээжид бараг гар хүрч үзээгүй. Харин муухай харьцаж ярьдаг. Тэр хоёрын харилцаа эргээд сайжрах болов уу? Гэр бүл салбал хүүхдүүдэд нь хэцүү тусдаг уу?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ бүхэнд чиний буруу байхгүй ч төрж буй мэдрэмжээ аав ээждээ хуваалцаж болно. 

Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхээ харилцааны талаар санаа тавьж байгаа чинь сайн хэрэг. Аав ээжийгээ битгий салаасай гэж хүсэж байгааг нь ойлгож байна. Юу ч тохиолдсон бай энэ бүхэнд чиний буруу байхгүй бөгөөд асуудлыг шийдэх нь чиний үүрэг биш гэдгийг санаарай. Чиний зүгээс хийж чадах зүйл гэвэл болж буй зүйлийг аав ээжтэйгээ аль алинтай нь ярьж, чамд болон дүүд нь ямар хэцүү бодол мэдрэмж төрүүлж байгааг бүгдийг нь хэлэх юм. Тиймээс аав ээжтэйгээ тохиромжтой орчинд, сэтгэл санааны хувьд тайван үед нь ярилцаад үзвэл ямар вэ? Гол нь чамд болоод дүүд ямар хэцүү мэдрэмж төрж байгааг мөн чи юу хүсэж байгаагаа илэрхийлэхийг хичээгээрэй. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


АСУУДАЛ: Аав ээж хоёр маань миний хийхийг хүссэн зүйлийг зөвшөөрдөг ч цаг нь тулахаар больчихдог.

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. 12-р ангид орно. Аав ээж хоёр маань миний хийхийг хүсэж байгаа зүйлийг ихэнхдээ зөвшөөрдөг ч цаг нь тулаад хүссэн сургалтдаа явах гэхэд "Яах гээд байгаа юм?" гэдэг. Үүнийг би их олон удаа тэвчээд өнгөрөөсөн. Үр дүнд нь би ямар ч хүсэл эрмэлзэлгүй, аливаа зүйлээс амархан шантарч, хурдан уйддаг болчихсон.

Саяхан л гэхэд би бие хамгаалах сургалтад явахыг үнэхээр их хүсэж байгаагаа хэлсэн. Би өөрөө иймэрхүү зүйлсэд үнэхээр дуртай л даа. Анхандаа хэлэхэд бодож үзье гэж байсан. Тэгээд яг явах болоод дахиад хэлсэн чинь төгсөх ангийн хүүхэд өөр хэрэгтэй юмандаа явахгүй гэж зэмлэсэн.

Гэхдээ англи хэл математикийн сургалтууд хэтэрхий үнэтэй болохоор намайг явуулдаггүй. Би одоо л дуртай зүйлдээ явж чадахгүй бол дахиад боломж олдохгүй юм шиг санагдаад гомдож байна. Одоо дахиад тэвчээд ойлгож чадахгүй нь үнэхээр их гомдож байна.

ЗӨВЛӨГӨӨ: Тэдний энэ үйлдэл чамд ямар мэдрэмж төрүүлдгийг илэрхийлээрэй. 

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Аав ээждээ захидалд бичсэн зүйлсээ хэлсэн болов уу? За гэж хэлээд больчихдог. Мөн энэ нь чамд ямар таагүй мэдрэмж төрүүлж байгааг хэлсэн үү? Хэрвээ хэлээгүй бол энэ захидалд өөрийгөө илэрхийлж байгаа шигээ аав ээждээ хэлээрэй. Хэлэхдээ гомдол гэхээс илүү шийдэлд төвлөрч ярилцахыг хичээгээрэй. За гэж хэлээд больчихдог байдал олон давтагдсан учраас үүнийг шийдэхийн тулд ярилцаж байна гэж асуудалд хандаарай. 

Хэдий аав ээжийнх нь хэлсэндээ хүрэхгүй байгаа нь чамд таагүй байгаа ч аав ээжийгээ ойлгохыг хичээгээрэй. Тэд чиний сонирхол, хүсэл эрмэлзлийг хүндэтгэн биелүүлэхийг хүссэн ч заримдаа тэдэнд ямар нэгэн саад бэрхшээл үүсдэгийг мэдэхгүй шүү дээ. Амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


АСУУДАЛ: Тэр яг л миний зовлон шаналлаар хооллодог мэт найзууд руу минь сээтэн хаядаг.

Сайн байна уу? Би 19 настай айлын ганц охин. Би 12 жилийн турш нэг залууг хайрлаж байгаа юм. Энэ жилүүдэд түүнд гомдох, гутрах, туних үе маш их байсан. Бас энэ асуудлаас болоод олон ч нөхөрлөлийг дуусгавар болгосон. Үүнээсээ болоод trust issue-тэй болчихсон. Нэг хүнд итгээд үзвэл ахиад л намайг ашиглаад хаях болов уу гэж. Найз нөхөрлөл хайр дурлал гээд. Би түүнд маш их хайртай. Тийм ч учраас энэ урт хугацаанд миний сэтгэл нэг ч удаа хөрөөгүй.

Би түүнд хайртайгаа хэлээгүй. Тэр миний сэтгэлийг мэддэг хэрнээ намайг ашиглаад л хаядаг, үргэлж. Яг л миний сэтгэл нэг уур уцаар асуудлуудаа гаргаж болдог тоглоом шиг. Яг л хэрэг нь гарахаараа усанд хаясан чулуу шиг алга болдог. Хааяадаа зугаагаа гаргах гэж өдөж сэтгэл зүрхэнд минь хүлээлт үүсгэдэг. Надад хайртай, яг л миний амьдралын минь хань шиг аашилж байснаа маргааш нь шал өөр хүн болно.

Гэхдээ тэр миний найзууд руу сээтэн хаядаг. Өмнө нь дурдсанчлан би нэг хүнтэйгээ удаан найзалж үзээгүй, дандаа шинэ найзуудтай болдог. Гэхдээ тэр яг л миний зовлон шаналлаар хооллодог мэт үргэлж намайг шархлуулж хэдий найзуудад минь татагдаагүй ч нүдэн дээр сээтгэнэж миний зүрхийг шархлуулж байгаагаасаа таашаал авдаг юм шиг аашилдаг. Би одоо үнэхээр энэ дуусахгүй давтагддаг тойргоос гамаар байна. Олон удаа оролдож үзсэн ч бүтэлтэй болохгүй байна. Ийм байдалтай 10 гаран жил явсан болохоор хааяа бүхнийг хаяад явмаар санагдах юм. Түүнийг гэх сэтгэлээ дуусгавар болгомоор байна. Би яг яавал дээр вэ? Аргаа бараад мэргэжлийн хүнд хандаж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Чамайг гомдоохыг битгий зөвшөөрөөрэй

Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр хүнийг удаан хугацааны туршид сэтгэлдээ тээж явжээ. Яагаад өөрийнхөө сэтгэлийг хэлээгүй вэ? Сэтгэлээ илчлээгүй хэрнээ тэр хүн чамайг өөрт нь хайртай гэдгийг мэдэж байгаа гэж таамагласан байна. Тэр хүний бодлыг тааж болохоос унших боломжгүй. Харин таасныгаа бид тэр хүний бодлыг уншсан юм шиг хүлээн авах гээд байдаг талтай.

Мөн тэр хүн чамайг хайртайг мэдсээр байж ашиглаж байна гэсэн байсан. Хэрвээ тэр хүн чамайг найзаа гэж боддог бол яах вэ? Энэ бол таамаг төдий л зүйл. Гэхдээ намайг ашиглаж байна гэхээс өөр өнцгөөр хараад үзвэл ямар вэ? Тэр хүн чамайг өөрт нь хайртайг мэдэхгүй, чи эелдэг санагддаг болохоор чамаас тусламж хүсдэг эсвэл найзаа гэж боддог байж болох уу?

Эсвэл чиний хэлж буйгаар чамайг хайртайг мэдсээр байж ашигладаг муу залуу байж болох юм. Бид аливаа зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад түүнд бат итгэсэн үед бодит байдлыг харахгүй өнгөрөх гээд байдаг талтай. Тиймээс хосын харилцаа ч гэхгүй өөр бусад гэр бүл, найз нөхдийн асуудал дээр ч тэр олон талаас харж бодож үзэж байгаарай. 

Хэрвээ чи үнэхээр болихыг хүсэж байвал зоригтойгоор үгүй гэж хэлдэг байгаарай. Өөрийгөө хянаж бага багаар үйлдэл хийгээрэй. Сэтгэл хөдлөлөө хянаж үйлдлээ удирдан чиглүүлнэ гэдэг чухал шүү. Чамайг гомдоохыг битгий зөвшөөрөөрэй. Мэдээж энэ олон жил хайрласан юм чинь гэнэтхэн болино гэдэг хэцүү. Тиймээс бага багаар зайгаа барьж, үгүй гэж хэлж, чатад хариу өгөхгүй байж уулзахгүй байхыг хичээгээрэй.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter