Ц.Анударь урлагийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг нарын ганц охин нь. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцаж буй. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан тэрбээр эх орондоо ирээд байгаа юм. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
YOLO: Хөл хорио тогтоосонтой холбогдуулан Монголдоо хичээлээ цахимаар үзэж байна. Цахим хичээл хэр байна?
- Би БНХАУ-ын Жэжиан мужийн Ханжоу хотын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч гэсэн мэргэжлээр III дамжаанд суралцдаг. Коронавирусийн халдварын улмаас ирэх есдүгээр сар хүртэл онлайнаар хичээллэхээр болсон. Онлайн хичээл орох нь танхимын хичээл шиг үр бүтээлтэй байж чадахгүй ч гэсэн тэвчээртэй байх, өөрөө бие даан суралцах зэрэг олон зүйлд сургаж байна даа.
YOLO: Хятадын топ таван сургуулийн нэг болох Жэжиан их сургуульд суралцдаг. Анх аавынхаа хүслээр Хятад улсад сурах сонголт хийсэн ч сүүлд өөрийн хүслээ болгон өөрчилж чадсан гэсэн. Энэ талаар хуваалцаач?
- Би урлагийн гэр бүлээс гаралтай. Аав маань продюсер, ээж маань жүжигчин мэргэжилтэй хүн. Тийм учраас ч багадаа кино найруулагч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байж билээ. Сургуулиа төгсөхийн өмнө аав маань надтай ярилцаж жүжигчнээс өөр мэргэжил сонгохыг санал болгосон юм. Урлагийн хүний амьдрал ямар байдгийг биеэрээ мэдэрсэн болохоор тэр байх л даа. Манай аав “Чи SAT, TOEFL-ийн оноогоо авчихлаа. Миний охин англи хэлийг хаана ч сурчихна. Одоо хятад хэл сурч тэнд боловсрол эзэмшвэл яасан юм бэ? Хятадын эрин зуун болж байна” гэж хэлсэн. Би аавынхаа зөвлөгөөг дагасан юм. Аав, ээж, бид гурав бол нэг баг. Хэрэв бид гурвын аль нэг нь багийн хамтын ажиллагааг ойлгохгүй өөр замаар явах гэвэл ойлгуулж, бие биедээ зааж зөвлөх хэрэгтэй. Тийм ч учраас би эцэг эхийнхээ шийдвэрийг дагасан. Миний бодлоор Монгол Улсын урлаг хөгжлийн дээд түвшинд хүрээгүй байгаа. Монгол Улс урлагийнхаа үнэ цэнийг мэдэрч хөгжүүлэх тал дээр хангалттай арга хэмжээ авахгүй байна. Тийм болохоор төгсөөд Монголын урлагийг арай өөр түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүн байхыг хүсэж байгаа юм. Үүнээс улбаалан Олон улсын эдийн засаг, худалдаа гэх энэ мэргэжлийг сонгосон. Урлагийн контент хийж олон улсын зах зээл рүү гаргах боловсрол олж авч байгаа учир мэргэжилдээ дуртай.
YOLO: “Дэлхийн нүүдэлчид” хэмээх подкастаар тань хүмүүс сайн мэднэ. Анх яагаад подкаст хөтөлж эхлэе гэж бодсон бэ?
- Монголд подкаст хөгжөөгүй байхад би өөрийн зохиосон уран зохиолын өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр фэйсбүүк хуудаснаа байршуулдаг байв. “Дэлхийн нүүдэлчид” подкастыг эхлүүлэх санаа нь өгүүллэгтэй холбоотой. Манай ээж хоолой чинь хүмүүст таатай сонсогддог юм чинь подкаст хийвэл яасан юм гэж хэлсэн. Үүний дараа “Дэлхийн нүүдэлчид” подкастаа хийж эхэлсэн юм. Би шинэ хүнтэй танилцаж тэр хүний ертөнцөөр аялах дуртай. Тухайн хүнтэй ярилцаж амьдралын философиос нь суралцдаг. Түүнчлэн ЕБС-аа төгсөх гэж буй сурагчид болон олон хүүхэд залуус Хятадад сурах, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар зэрэг олон асуултуудыг миний цахим хуудас руу илгээдэг байсан. Дэлхийн нүүдэлчид подкастын дугаар бүрт үр өгөөжтэй зочдыг урьж тэд нараар дамжуулан надад ирж буй асуултуудад хариу өгөх мөн хүүхэд залуусын сонголтод нь туслахыг хүссэн юм. Монголын залуучууд дэлхийн хүн болох асар их потенциалтай гэж боддог. Түүнийг би болгоход энэ подкастын үүрэг, үнэ цэнэ оршиж буй. “Дэлхийн нүүдэлчид”-ээс гадна өгүүллэгийн подкаст бас хөтөлдөг.
YOLO: Өөрийнхөө зохиосон өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр нийтэлдэг гэлээ. Хэдэн настайдаа анхны бүтээлээ бичиж байсан бэ?
- 12 настайдаа анхны өгүүллэгээ бичиж байлаа. “Цамхагт хоригдсон чи минь” гэдэг нэртэй. Тухайн өгүүллэгийг бичих болсон шалтгаан нь их сонирхолтой. Би ямар нэгэн буруу юм хийвэл ээж маань намайг загнахаас илүүтэй гэрийн хорионд оруулчихна. Гэр хорионд байх хугацаандаа гар утас хэрэглэхгүй, зурагт үзэхгүй, гадаа гарч тоглохгүй бүтэн долоо хоног өрөөндөө хичээлээ хийдэг байлаа. Ер нь ээж маань намайг загнадаггүй харин дуугаа хураачихна. Тэр үед би маш их өгүүллэг бичдэг байсан юм. Ээжийгээ гомдоосон эмзэглэл юм уу даа. Түүнээс хойш өгүүллэгээр дамжуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дуртай болсон доо.
YOLO: Бичсэн шүлэг, өгүүллэгүүдийг нь их шимтэн сонсдог шүү. Надад “Сэтгэл” “Дурламтгай хүн” зэрэг богино өгүүллэгүүд чинь маш их таалагдсан. Өөрөө хэр дурламтгай хүн бэ?
- Дурламтгай шүү. Манай найзууд надад чи өмнө нь дурлаж байгаагүй юм шиг дурлах юм аа гэж их хэлдэг. Гэхдээ би дурламтгай хүмүүсийг өмөөрнө. Хүний сайхан чанарыг хамгийн амархан олж хардаг хүмүүс дурламтгай байдаг юм болов уу гэж боддог.
YOLO: Аливаа уран бүтээлч хүнд мэдрэмж гэж байдаг шүү дээ. Чиний өгүүллэгээ бичих мэдрэмж ямар үед илүү ихээр төрдөг вэ?
- Би дурласан үедээ шүлэг, өгүүллэг бичдэг. Тэр үед миний сэтгэл хөдөлдөг гэж хэлж болно. Бас хүнтэй найзалж, нөхөрлөсний дараа тухайн хүнээс авсан сайхан мэдрэмжээ цаасан дээр буулгах дуртай. Мөн найз нөхдийнхөө ярьсан түүхүүдээс авсан мэдрэмжээрээ бас өгүүллэг бичдэг. Өгүүллэг бичихдээ дуу сонсоно. Чимээгүй орчинд бичиж чаддаггүй юм. Дуугаа сонсоод өөрт байгаа бүх мэдрэмжээ цаасан дээр буулгаж өгнө дөө.
YOLO: Та урлагийн гэр бүлээс гаралтай болохоор урлагийн мэдрэмж өндөр юм шиг санагдлаа. Тэгвэл таны хувьд мэдрэмж гэж юу вэ? Юунаас гоё мэдрэмж авдаг вэ?
- Ээж маань надад хүн ямар ч тохиолдолд хүнээрээ байх ёстой гэж байнга хэлдэг. Хүн байх гэдэг ухагдахууны талаар эргүүлэн бодоход мэдрэмж юм билээ. Хүн болгон эргэн тойрноосоо ямарваа нэгэн зүйлээс мэдрэмж авч амьдардаг. Гэхдээ юунаас мэдрэмж авч байгаа нь тэр хүний сонголт л доо. Миний хувьд эцэг эхийн минь баяр хөөр, найз нөхдийн минь надад өгсөн итгэл, хийж буй подкаст, уншиж буй ном зэрэг маш олон зүйлээс сайхан мэдрэмж авдаг. Хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэг шиг үргэлж аз жаргалтай, баяр баясгалантай байна гэж байхгүй шүү дээ. Хүн юм чинь гуниглах үе бас бий. Гунигласан үедээ тэр мэдрэмжээ хурдан хөөн явуулах биш илүү их мэдрэхийг хичээдэг. Гунигаа ч гэсэн мэдрээд аз жаргалтай амьдарч болно шүү дээ.
YOLO: Найз нөхдийн хүрээллийг маш чухалчилдаг юм шиг санагддаг. Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
- Бид гэр бүлээ сонгож төрдөггүй. Харин найз нөхдөө сонгох боломж бидэнд бий. Найз нөхөд бол миний хоёр дахь гэр бүл. Найзууд бол намайг илтгэж чадах миний хүрээлэл, миний нэрийн хуудас. Тиймээс ч би найз нөхөрлөлийн хүрээндээ маш их цензур тавьдаг. Эсрэгээрээ өөрөө ч гэсэн найз нөхдийнхөө итгэлийг, цензурыг алдахгүйн тулд маш их хичээдэг. Хоёр биенээ хурцалдаг, дэмждэг хүнийг найз гэнэ. Хэцүү үед, намайг хамгийн муугаараа байх үед миний мөн чанарыг олж хардаг хүнийг найз гэх байх. Найзаар нь хүнийг тань гэдэг үгэнд итгэдэг. Найзуудаараа уулзахаар шинээр уншсан ном, нийтлэл, шинжлэх ухааны нээлт зэргийг хуваалцаж нэг нэгэндээ оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Найзууд маань дандаа сонирхолтой, мэддэггүй сэдвээр ярилцдаг. Хүн ямар хувцас өмсөж, хэр их мөнгөтэй байх нь тэдэнд хамаагүй. Тэд уншиж, харж, сонссоноо ярьж байгаа нь илүү хүртээмжтэй. Залууст хандаж хэлэхэд хүн муулах, хов жив ярихад цаг заваа битгий зарцуулаарай. Монголд байгаа энэ хугацаанд би зөндөө шинэ найзтай болсон. Хөл хорио тогтоосонд баярлах ганцхан шалтгаан энэ юм болов уу. Миний хувьд аливаа хүнтэй найзлахад цаг хугацаа хамаагүй. Харин бид хоёрын гэр бүлийн хүмүүжил адилхан, хамт байхад ярих ярианы сэдэв баялаг бол тэр хүнтэй танилцаад ганц хоног болсон ч сайхан найзууд болж чаддаг.
YOLO: Ээжийг тань “Хувьсгал” продакшны захирал, жүжигчин У.Уранчимэг гэдгээр нь сайн мэднэ. Ээжтэйгээ найзууд мэт дотно байдаг.
- Ээж маань миний ээж төдийгүй найз, ментор. Миний амьдралд болж буй бүх зүйлийг мэддэг миний хамгийн дотны найз. Найзууд маань ээжтэй маань дурлалын түүхүүдээ хуваалцаж зөвлөгөө авах дуртай. Зарим хүүхдүүд найз нөхдийн хүрээлэл дунд гаргадаг зан авир нь нэг өөр, гэртээ эцэг эхтэйгээ бас өөр хүн шиг харьцдаг. Харин миний хувьд ээж минь миний хамгийн дотны найз, зөвлөгч. Манай ээж үлгэр дууриалал болсон эмэгтэй. Их сургуульд орсноос хойш жилдээ сар хүрэхгүй хугацааг л гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг болсон. Харин одоо хөл хорионы ачаар илүү их хугацааг эцэг эхтэйгээ өнгөрүүлэх боломж гарч байна. Би ээжийгээ хараад төгс төгөлдөр эмэгтэй гэж боддог. Ээжээсээ илүү их суралцаж байгаа. Гэр бүлийн хүмүүжил бол миний бардамнал, бахархал. Надад ийм сайхан хүмүүжил олгосон аав ээждээ маш их талархаж явдаг. Гэр бүлийн хүмүүжлийн суурийг тавьсан хүн бол манай ээж. Тэр хүний үзэл санаа надаар дамжигдаж явж байгаа учир надад буруу замаар явах сонголт байхгүй. Ээж аавынхаа нэр төрийг залгуулах үүрэгтэй.
YOLO: Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг гэдэг. Өдрийг хэрхэн эхлүүлж, оройг хэрхэн дуусгадаг вэ? Та хэр эртэч вэ?
- Би бол тийм айхтар эртэч хүн биш. Өглөө найман цагт хичээлтэй үед хоёр цагийн өмнө босдог. Өглөө босоод угаалгын өрөөнд нэг цагийг өнгөрүүлдэг уламжлалтай. Дараа нь тайван дуу хөгжмийн аянд өглөөний кофегоо ууж таашаал авах дуртай. Оюутны дотуур байрныхаа тагтан дээр суунгаа өдрийг хэрхэн өнгөрүүлэх тухай эргэцүүлж, дуртай хөгжмийн аянд найган бүжиглэдэг. Өглөөг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдрийн үр бүтээмжид нөлөөлнө. Би дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээдэг болохоор өдөрт нэг цаг нэг цаг дасгал хийдэг. Ер нь эртэч байхыг хичээж байгаа. Цаг төлөвлөлтийн тухайд хамгийн чухал гэж бодож байгаа ажлуудаа эхэнд амжуулахыг хичээнэ.
YOLO: Хөл хорио тогтоосон болоод ч тийм үү амьдралын хэв маяг удааширсан юм шиг санагдаж байна. Мэдээж энэ үеийг шинээр юм сурах ч юм уу өөрийгөө хөгжүүлье гэж бодож байгаа байх. Энэ талаар хуваалцвал?
- Хүн бүтээмжтэй байх, шинэ юм сурах хөл хориотой ямар ч холбоогүй гэж боддог. Яагаад гэвэл хүн сэтгэлтэй байвал хөл хориотой, ажилтай байхаас үл хамааран амжуулдаг юм. Хэрэв хөл хорионы үед өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол ажил дээр гараад ч ахиж дэвшихгүй. Ер нь хүнд сэтгэл байвал бүхнийг амжуулдаг юм. Би ажил хийж үзээгүй л дээ. Гэхдээ манай сургууль маш их ачаалалтай байдаг учир өглөөнөөс орой хүртэл өдрийн найман цаг тасралтгүй хичээлтэй байж үзсэн. Их сургуулийн хичээл миний хувьд үндсэн ажил минь. Би өдөрт 1-2 цагийн дасгал хөдөлгөөн, өдөр тутмын хичээл, шинэ үг цээжлэх, ном унших зэргээр өдрөө өнгөрөөдөг. Өдрийн сүүлд өнөөдрийг дүгнээд хэвтэхэд дэмий хоосон өнгөрөөгүй бол тэр миний хувьд жижиг амжилт. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийнхөө зорилгодоо үнэнч байх нь миний хувьд хамгийн чухал.
YOLO: Хөл хорио тогтоосон болоод ч тийм үү амьдралын хэв маяг удааширсан юм шиг санагдаж байна. Мэдээж энэ үеийг шинээр юм сурах ч юм уу өөрийгөө хөгжүүлье гэж бодож байгаа байх. Энэ талаар хуваалцвал?
- Хүн бүтээмжтэй байх, шинэ юм сурах хөл хориотой ямар ч холбоогүй гэж боддог. Яагаад гэвэл хүн сэтгэлтэй байвал хөл хориотой, ажилтай байхаас үл хамааран амжуулдаг юм. Хэрэв хөл хорионы үед өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол ажил дээр гараад ч ахиж дэвшихгүй. Ер нь хүнд сэтгэл байвал бүхнийг амжуулдаг юм. Би ажил хийж үзээгүй л дээ. Гэхдээ манай сургууль маш их ачаалалтай байдаг учир өглөөнөөс орой хүртэл өдрийн найман цаг тасралтгүй хичээлтэй байж үзсэн. Их сургуулийн хичээл миний хувьд үндсэн ажил минь. Би өдөрт 1-2 цагийн дасгал хөдөлгөөн, өдөр тутмын хичээл, шинэ үг цээжлэх, ном унших зэргээр өдрөө өнгөрөөдөг. Өдрийн сүүлд өнөөдрийг дүгнээд хэвтэхэд дэмий хоосон өнгөрөөгүй бол тэр миний хувьд жижиг амжилт. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийнхөө зорилгодоо үнэнч байх нь миний хувьд хамгийн чухал.
YOLO: Та орос, англи, хятад хэлтэй. Гадаад хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ?
- Би есдүгээр анги хүртлээ Орос гуравдугаар сургуульд сурсан. Орос школоор өссөн болохоор өөрийгөө хатуу диктатуртай өссөн гэж боддог. Үүний дараа нь American School of Ulaanbaatar ахлах сургууль руу шилжин суралцсан. Оростой харьцуулахад Америкийн боловсролын систем нь шал ондоо. Сурагчдад бие даан сурах хугацааг илүү их олгодог. Анх энэ сургуульд орж байхад миний англи хэлний түвшин тийм ч сайн байгаагүй. Гэсэн хэдий ч хичээл зүтгэлийнхээ ачаар түвшингөө ахиулж чадсан. 10 жилээ төгсөөд гуравдагч хэл буюу хятад хэлийг сурах шийдвэр гаргасан. Орос хэл миний хувьд уянгалаг, франц хэл шиг санагддаг. Дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийг Орос хэл дээр нь унших дуртай. Англи хэл бол дэлхийн хэл. Англиар ярьж чаддаггүй хүн дэлхийтэй хөл нийлүүлж алхаж чадахгүй. Харин 21 зуун бол Хятадын эрин зуун гэх боддог. Хятад хэлний түвшин маань англи, орос хэлний түвшинд арай хүрэхгүй. Гэхдээ түвшингөө ахиулахаар өдөр болгон хичээж байна. Энэ гурван хэлийг төрөлх хэл шигээ эзэмших нь өөртөө тавьсан зорилго.
YOLO: 2020 оны төлөвлөгөөгөө гаргасан уу? Энэ оны хоёр дахь улирал дуусах гэж байна биелэлт хэдэн хувьтай байна вэ?
- Энэ жилийн миний хамгийн том зорилго “Дэлхийн нүүдэлчид” подкастаа нэг сая сонсогчтой болгох. Подкастаа эхлүүлээд жил болох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар сонсогчийн тоо 400 мянгад хүрсэн. Түүнчлэн энэ жил голч дүнгээ 3.0-3.4-д хүргэх зорилготой.
YOLO: Анударийг би маш өөдрөг хүн гэж хардаг. Гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцгөө өөрчлөх талаар бодлоо хуваалцаач?
- Надад хэцүү байна гэж хэлэх эрх байхгүй. Би сэтгэлээр унах үедээ би яагаад ийм байдалд хүрчихэв, яагаад сэтгэлээр унасан бэ гэж асуудлын үндсийг олохыг хичээдэг. Аливаа асуудлыг бид өөрөөсөө холдуулж өрөөл нэгнээс хайх гэж оролддог. Би ямар ч асуудал гарсан хамгийн түрүүнд алдааг өөрөөсөө хайдаг. Хүн болгоны амьдрал өөр өдрийн 99 хувь нь муухай сөрөг байлаа ч гэсэн үлдсэн нэг хувиас нь аз жаргалыг мэдрээрэй. Аз жаргалыг мэдрэх нэг хувь байгаа шүү гэдгийг битгий мартаарай.
YOLO: Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд юу хэлмээр байна вэ?
- Бүх зүйлд талархаж байна. Аав ээждээ баярлалаа. Хамгийн эхэнд аав ээжийнхээ үгийг сонсоорой гэж хэлмээр байна. Залуус бид боловсролоос илүү хүн чанараа, эх оронч сэтгэлгээгээ битгий гээгээсэй гэж хэлмээр байна. Бүгдэд нь амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх