Гэрийн нөхцөлд хямд зардлаар үсээ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ аргууд


Салхи шороогоор шуурсан хаврын цагт бүсгүйчүүдийн дунд яригддаг хамгийн түгээмэл сэдэв бол арьс болон үс арчилгаа. Нэн ялангуяа хүний царай төрх болон эрүүл мэндийг илтгэгч гол хүчин зүйл болоод ч тэр үү, үсэндээ сайтар анхаарал тавих хэрэгтэй байдаг. Харин сайхан үстэй байхын тулд заавал үнэтэй, чанартай гоо сайхны салонд хандах шаардлагагүй учир YOLO.mn сайтын хамт олон гэрийн нөхцөлд хямд зардлаар үсээ хэрхэн эрүүлжүүлэх талаар зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. 

1. БУРЖГАР, ХӨВСГӨР ҮСИЙГ АРЧЛАХ НЬ

Буржгар, хөвсгөр үстэй хүмүүс бусад хүмүүсийг бодвол үсэндээ илүү их цаг зарцуулах шаардлага гардаг. Тиймээс хаврын улиралд үс тань хуурайшиж, арзайгаад байгаа бол үсийг зөөлрүүлж, чийгшил өгөх желатинтай маскийг туршаад үзээрэй. 

Орц:

  • Нунтаг желатин
  • Үсний бальзам эсвэл вазелин
  • Эрдэс ус /сонголтоор/
  • Өндөгний шар /сонголтоор/

Заавар:

Эхлээд 1 халбага нунтаг желатинийг 3 хоолны халбага бүлээн устай холино. Илүү үр дүнтэй байлгая гэвэл усны оронд рашаан хэрэглэж болно. Желатинаа устай хольж, сайтар ууссаных нь дараа үсний бальзам болон өндөгний шарыг нэмж хутгана. 

Бэлтгэсэн маскаа үсэндээ түрхээд, зориулалтын малгай эсвэл гялгар уутаар ороогоод 40 минут хүлээгээрэй. Ингээд л гялалзсан, чийглэг үстэй болох нь тэр. 

2. ҮСНИЙ САМЫГ ЗӨВ СОНГОХ НЬ

Та үсэндээ анхаардаг нэгэн бол самыг зөв сонгох хэрэгтэй талаар өмнө нь сонсож л байсан байх. Гоо сайхны мэргэжилтнүүд үс хуурайшсан тохиолдолд хуйхандаа сайтар массаж хийхийг зөвлөдөг. 

Эхний зурган дээр үзүүлсэн сам үсийг хуурай байхад нь массажлах үүрэгтэй. Самны үзүүрт олон жижиг зөөлгөвчүүд байдаг учир хуйханд сайн нөлөөтэй. Энэ самаар 5-10 минут орчим үсээ самнаж, хуйх хэсэгтээ зөөлөн массажлахад үс тань гэрэлтээд зогсохгүй тархи тань ч амрах болно. 

Үс норохоороо их эмзэг болчихдог учраас мэргэжилтнүүд үсээ нойтон байхад нь самнаж болохгүй хэмээн зөвлөдөг. Бүр самнамаар байвал бага зэрэг хатсаных нь дараа өргөн шүдтэй самаар зөөлөн самнаарай. Ширэлдсэн үсийг самнахдаа үсний үзүүрээс эхэлж самнах аргыг ээж, эгч нар тань зөвлөж л байсан байх. 

3. ҮС УРГУУЛАГЧ МАСК ХИЙХ НЬ

Өндөг уураг, амин хүчил зэрэг элементүүдийг ихээр агуулдаг тул ихэнх үсний маскны орцонд өндөг багтдаг. Энэхүү маск нь үсийг зөөлөн, намирсан болгож, ургалтыг дэмждэг гэдгээрээ онцлог. 

Орц:

  • Касторын тос эсвэл кокосны тос - /2 ц.х/
  • Өндөгний шар - /1 ширхэг/
  • Органик зөгийн бал - /1 ц.х/

Заавар:

Орцуудыг сайтар хутгасны дараа маскаа үс, хуйхандаа сайтар массажлан түрхэнэ. Ингээд мөн л зориулалтын малгай эсвэл гялгар уутаар ороогоод 1 цаг хүлээнэ. Тос агуулсан маск учир үсээ шампуниар сайтар угаагаарай. Энэхүү маскийг долоо хоногт 1-2 удаа тавьж хэвшвэл үсний тань ургалт хурдацтай явагдах болно. 

4. САЛААЛЖ, ХУУРАЙШСАН ҮСИЙГ АРЧЛАХ НЬ

Энэхүү маскийг хэрэглээд нэгэнт салаалсан үс буцаж нийлэхгүй ч хуурайшсан болон салаалсан үсийг аажим аажмаар эмчлэхэд тусална. Үсээ угаахаасаа өмнө үсний бальзам, эсвэл кокосны тос түрхэж хэвшээрэй. Угаахын хувьд бол үсээ өмнөх шигээ сайтар угааж, долоо хоногт 1-2 удаа ангижруулагч хэрэглэж болно. 

5. ХАГАНД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЬЕ

Аспириныг үс арчилгаанд ашиглах боломжтой гэдгийг мэдэх үү? 2-3 ширхэг аспириныг шампуньтай холиод үсээ угаана. 5 орчим минут үсээ хөөсрүүлэн угааж, хуйхандаа массаж хийсний дараа үсээ угаагаарай. 

ҮС АРЧИЛГААНЫ ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ БУРУУ ОЙЛГОЛТУУД 

1. ҮСЭЭ ТОГТМОЛ БУДВАЛ ХУРДАН УРГАНА

Үсний ургалт хуйхны уутанцраас шууд хамааралтай учраас хуйхандаа массаж хийж, амин дэмээр баялаг маск тавьж байж л үс хурдан ургана уу гэхээс олон төрлийн химийн бодисоос бүрдсэн үсний будгийн ачаар ургана гэж байхгүй шүү дээ. 

2. ҮСЧИНД ОЧИХООСОО ӨМНӨ ҮСЭЭ УГААХ

Ихэнх хүмүүс гоо сайхны салон руу явахаасаа өмнө үсээ угаах ёстой гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд гоо сайхны салонд очихоосоо 1 өдрийн өмнө үсээ угаах хэрэгтэй гэж зөвлөдөг. Ингэснээр үсчид таны үс, хуйханд буй асуудлыг олж харан, тохирсон үйлчилгээг өгөх боломжтой болно. 

3. ЭРҮҮЛ ҮСНИЙ НУУЦ МЭРГЭЖЛИЙН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

Тухайн бүтээгдэхүүн үнэтэй байх тусмаа таны үсэнд үзүүлэх нөлөө нь сайн байна гэсэн үг биш. Гагцхүү өөрийн үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь л чухал. Гоо сайхны газруудад хэрэглэдэг, үнэтэй шампуниуд 1 угаалтаар л үсийг гайхалтай сайхан болгодог. Ингэхийн тулд өөртөө олон төрлийн химийн бодисыг агуулдаг. Тиймээс шампуниа сонгохдоо парабен болон фталат зэрэг бодисуудыг агуулаагүйг нь сонгоорой. 

Эх сурвалж: Bright Side

#Үс арчилгаа #Хямд #Эрүүл