Зорилгоо тодорхойлж, мэргэжлээ зөв сонгосон хүний өмнө олон боломж үүд хаалгаа нээдэг. Харин хэрхэн, хаанаас эхлэхээ эргэлзэн бодож суугаа хүүхэд залуустаа “Эдийн засагч инженер” мэргэжлээр суралцаж байгаа Д.Хонгорзултай ярилцсанаа хүргэе. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 4-р курсийн оюутан тэрээр одоо Герман улсад оюутан солилцооны хөтөлбөрөөр тэтгэлэгтэй суралцаж байгаа. Түүнтэй сонирхолтой яриа өрнүүлснээ хуваалцъя.
YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад зориулан өөрийгөө товчхон танилцуулаач.
- Сайн байна уу, энэхүү ярилцлагыг уншиж буй уншигчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Даваажавын Хонгорзул гэдэг, одоогоор Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд Эдийн засагч инженер мэргэжлээр 4-р курст суралцдаг.
YOLO: Энэ ярилцлагаар Эдийн засагч инженер мэргэжлийг хүүхэд залууст таниулахаар зорьж байгаа. Эдийн засагч ба инженер гэдэг хоёр өөр мэргэжлийг яагаад нэгтгэсэн юм бол оо?
- Нэрээс нь задалж хараад үзвэл үйлдвэрлэл (Industrial Engineering) гэдэг үг орсон байгаа. Та нэг төсөөлөөд үзээрэй. Үйлдвэр гэдэг нь бидний төсөөлж буй хуучны загвар муутай өнгө нь гандсан саарал том дөрвөлжин, дээрээ яндантай хотын захад байдаг эртний барилга биш юм. Үйлдвэрлэл гэдэг зүйл бидний амьдралын өдөр тутамд, бүр энгийн жижиг зүйлс дээр ч гарч ирж болох тэрхүү нэгэн оролт, гаралт түүний үйл явцын системийн зураглалыг хэлж байгаа юм. Энгийн жишээгээр тайлбарлавал: Дэлгүүрт орж долоо хоногийнхоо хүнсийг цуглуулах гээд явж буй та өөрийгөө төсөөлөх юм бол “гэрээсээ гарахаас эхлүүлээд дэлгүүрт хүнсээ аваад /аваагүй ч байж болно/ гарч буй энэхүү үйл явц хүртэл” та үйлдвэрлэлийг бий болгож байгаа хэрэг юм.
Эдийн засаг гэж тодотгож байгаа нь үйлдвэрлэлийн томоохон хүчин зүйл, нөлөөллийг агуулж байгаатай холбоотой. Мөн олон төрлийн тооцоолол хэмжигдэхүүн болон тэдгээрийн хүчин зүйлсийн тайллыг агуулж байдаг. Энгийнээр тайлбарлавал байгалийн шинжлэх ухааныг нийгмийн шинжлэх ухаантай холбож буй мэргэжил гэж хэлж болохоор.
YOLO: Чиний яагаад энэ мэргэжлээр суралцахаар шийдсэн нь их сонирхолтой байна.
- Нэг мэргэжлийг сонгоод, бүхий л амьдралынхаа туршид тэр салбараар хязгаарлагдан ажиллаж, амьдарна гэдэг надад хамгийн том асуудал байсан. Тийм болохоор суурь мэргэжлээрээ Эдийн засагч инженерийг сонгон, юуны өмнө үйлдвэрлэлийн системчлэлийг ойлгож аваад, аливааг системээр нь зураглан харж сурахыг хүссэн. Түүнчлэн энэхүү мэргэжлийг эзэмшсэнээр тухайн системийг зөвхөн ойлгоод зураглаад өнгөрөх бус, түүн дээр өөрчлөлт, сайжруулалт хийхэд шаардлагатай мэдлэг чадварыг олж авах юм. Мөн аливаа процессын бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хэрэгтэй сайжруулалтыг нь олж хараад, засаж сайжруулж байдаг нь энэ мэргэжлийг сонгосон гол шалтгаануудын нэг байсан.
Түрүүн хэлсэнчлэн нэг салбараар хязгаарлагдахгүйгээр олон талын мэдлэгтэй болж, тэдгээрийн холбогч гүүр нь болдог мэргэжил гэж хардаг. Монголын нэгэн нэр хүндтэй бизнесмен “Монголчууд бид аливаа зүйлийг бий болгож, хоосноос юм бүтээхдээ маш сайн, гэхдээ түүнийгээ цааш нь хөгжүүлж, сайжруулан авч явахдаа муу” хэмээн хэлж байсан. Тиймээс “Industrial Engineering” хөтөлбөрийг МГТИС-д эхлүүлж, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа нь маш баярлууштай хэрэг гэж боддог.
YOLO: Ямар чадваруудыг эзэмшиж, суралцаж байна вэ?
- Миний хувьд мэргэжлийнхээ мөн чанар утга зүйг ялгаатай өөр салбаруудад дадлага хийснээрээ илүү сайн ойлгож авч байна. Салбар дундын мэргэжил гэдэг утгаараа нийгмийн болон харилцааны чадварууд хамгийн түрүүнд орно, дараа нь аливааг том зургаар харж сэтгэх, мөн олон өнцөг замыг гарган судалгаа тооцоолол хэмжигдэхүүнийг бүтээн тайлах, зохих дүгнэлтийг хийх гэх мэт чадварт хөрвөх боломжтой гэж бодож байна.
Ер нь хүн ямар мэргэжил сонгосноос үл хамаарч, аливаад сониуч байж, үргэлж өөрийгөө шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэн, хийж буй зүйлийнхээ зорилго, гол санааг зөв тодорхойлж, түүнийгээ өөртөө үргэлж сануулдаг байх хэрэгтэй гэж боддог.
YOLO: Энэ мэргэжлийг сонгохоор сонирхож буй хүүхэд залуус ямар хичээлдээ түлхүү анхаарах хэрэгтэй вэ? Ер нь танай сургуульд энэ чиглэлээр элсье гэвэл ямар шаардлага тавигддаг бол?
- Намайг элсэж байх үед манай сургууль өөрийн гэсэн байгалийн ухаан болон англи хэлний хичээлээр элсэлтийн шалгалт авдаг байсан. Шалгалтын онооныхоо дагуу бакалаврын 1-р курстээ шууд элсэн суралцах, аль эсвэл Инженерийн бэлтгэл нэг жилийн хөтөлбөрт суралцаад бакалаврын ангид дэвшин суралцах сонголт байсан. Миний хувьд тухайн үед бэлтгэл хөтөлбөрт суралцаад, бакалаврын ангидаа орж байсан. Ингэж суралцах хугацаанд инженерийн суурь мэдлэгийг маш сайн тавьж өгч, мөн сэтгэлгээг хөгжүүлэхэд их анхаарсан.
Цаг үеийн байдлаас шалтгаалаад МГТИС одоо элсэлтийн тавигдах шаардлагад өөрчлөлт оруулсан. Бакалаврын ангид элсэхийн тулд Математик, Физик, Англи хэлний ЭЕШ-ын 600 ба түүнээс дээш оноо авах шаардлагатай. Мөн сургуулийн зүгээс зохион байгуулдаг “English Placement Test” өгнө. Харин Инженерийн бэлтгэл хөтөлбөрт Математик, Англи хэлний ЭЕШ-д 520 оноо авсан сурагчид орох боломжтой. Хэрэв Англи хэл дээр хичээллэдэг бүрэн дунд сургууль төгссөн, эсвэл TOEFL (80 оноо), IELTS (6.0) шалгалтуудад оноо авсан бол ЭЕШ, “English Placement Test”-ээс чөлөөлөгддөг. Тэгэхээр МГТИС-ийг сонирхож байгаа хүүхэд залуус байвал Математик, Физик, Англи хэлний хичээлдээ сайн анхаараарай.
YOLO: Үзэж судалж байгаа хичээлүүдээсээ, мөн Герман багш нарынхаа тухай, Герман сургалтын онцлогийн талаар сонирхуулаач.
- Сургалтын хувьд онцлог зүйл олон байгаа. Байгалийн ухаан, инженер, бизнес, эдийн засгийн ойлголтуудыг багтаасан хичээлийн хөтөлбөртэй учраас олон чадварыг нэгэн зэрэг эзэмшиж, аливааг олон өөр өнцгөөс харж дүгнэх чадвартай болгоход маш том суурь болж өгсөн гэж боддог. Мэргэжлийн ихэнх хичээлийг герман багш нар зааж байна. Энэ хөтөлбөрийг МГТИС Монголдоо нутагшуулж байгаа нь үйлдвэрлэл хөгжсөн герман улсын туршлага мэдлэгээс суралцах маш том боломж гэж боддог.
YOLO: Одоо ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд (RWTH) тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа гэж дуулсан. Энэ тэтгэлгийг хаанаас зарладаг вэ, мөн хэрхэн хамрагдаж болох вэ?
- Зөвхөн МГТИС-ийн оюутнуудад 4-р курст нь ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд нэг семестрийн хугацаатай тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд зөвхөн сурлагын голч дүн, олон нийтийн үйл ажиллагаануудад идэвхтэй байх нь хангалтгүй. Хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг ажаад байхад бусдадаа үлгэр дуурайл болсон, суралцаж буй мэргэжилдээ дурласан, ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй, зорилгоо тод томруунаар дүрсэлж чаддаг, манлайлагч, урам зориг дүүрэн залуус харагддаг. Энд олон улсын оюутнуудтай нэгэн дээвэр дор их зүйл суралцаж байна.
YOLO: Ер нь өөр тэтгэлэг хүртэж байв уу? Тэтгэлэг гардан авсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу.
- МГТИС оюутнууддаа олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжийг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн гол зорилго нь тухайн оюутны суралцах хүсэл, өөрийгөө бүтээх эрмэлзлийг нь дэмжин, урамшуулахад оршдог бөгөөд өөрийгөө нээн хөгжүүлж буй идэвх чармайлттай бүхий л оюутнуудад нээлттэй байдаг. Миний хувьд суралцаж байгаа хугацаандаа сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгүүдийг хүртэж байсан. Тэтгэлэг гардана гэдэг үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж шүү. Энэ эрчээрээ хөгжин, өөрийгөө сорьж, бусдадаа үлгэрлэн хамтдаа хөгжиж, амжилтыг бүтээлцэнэ гээд хийж бүтээх маш том урам зоригийг өгдөг. Мэдээж хамгийн чухал нь санхүүгийн асуудлаа шийдэж байгаа хэрэг юм. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа ингээд тэтгэлгийнхээ ачаар шийдэж, гэр бүлийнхэндээ санхүүгийн хувьд маш том хувь нэмэр болсондоо ч их баярладаг.
YOLO: Чиний хувьд “Герман соёл” буюу германчуудын уламжлал, онцлогоос хамгийн их таалагдсан зүйлээ нэрлээч.
- Цагийн менежментийг зөв зохицуулж, хатуу баримталдаг ард түмэн гэдгээр нь германчуудыг бид сайн мэднэ. Үүнээс гадна ихэнх герман залуус их сургуульд сурч байгаа зорилгоо маш сайн ухамсарласан, биеэ даасан үзэл бодолтой санагдсан. Тухайн мэргэжлээр суралцаж, тодорхой мэдлэгийг олж авснаар ирээдүйд түүнийгээ хэрхэн ашиглах, мөн чанарыг нь бодит амьдралтайгаа хэрхэн холбож болох гэх мэтчилэн олон зүйл дээр хариуцлага, хандлага нь ажиглагдаж байсан. Ер нь сурлагын маш сайн сахилга баттай юм билээ.
YOLO: Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач.
- Миний хувьд мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлан суралцаж байгаа. Мэргэжлийнхээ мэдлэг чадварыг ашиглан цаашид дижитал бүтээгдэхүүний менежментийг Монголдоо хөгжүүлэн ажиллана гэж боддог. Монголд технологийн олон шинэ бизнес, төслүүд гарч ирж байгаатай холбоотойгоор тэдгээрийн бүтээгдэхүүний менежментэд тохирсон шийдэл сайжруулалт, системийн зураглал дээр хөгжүүлэлт хийж өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг.
YOLO: Чин сэтгэлийн яриа өрнүүлж, мэргэжлийнхээ тухай сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Амжилт хүсье!
- Баярлалаа. Эдийн засагч инженер мэргэжлийг сонгон суралцах гэж буй бүх залуусын зам мөр, хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх