Хүн 5 минут хямрахад дархлаа 6 цаг дарангуйлагддаг гэдэг. Дэлхий нийтийн анхаарлын гол сэдэв болоод буй коронавирусын дэгдэлт хүмүүсийн сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлж буйг, энэ цаг үед сэтгэлзүйн дархлаагаа хэрхэн бий болгох талаар сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Олон нийтийг хамарсан гамшиг, өвчин дэгдсэн нөхцөл байдалд иргэд хэрхэн хандах нь зүйтэй вэ?
Айдас гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлье. Айдас бол хүн төрөлхтөний байгалиас заяасан, хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл. Амьд үлдэх, байгалийн шалгарлыг давах, аливаа асуудлыг шийдвэрлэх цаашлаад араатнаас өөрийгөө хамгаалах гээд энэ нь хүний хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл байсаар ирсэн. Айдас нь бодит болон бодит бус гэсэн хоёр төрөл байдаг. Бодит айдас нь бидний нүдэнд харагдаж байгаа зүйл дээр тулгуурладаг. Жишээ нь хэрэв гадаа цасаар шуурч хүйтэн байвал хүн даарахаас айж зузаан хувцсаа өмсчихье хэмээн бодно.
Харин бодит бус айдас нь мэдээлэл дээр тулгуурлаж бидний амьдралын туршлагын явцад бий болдог. Яг л бид хальтарч унаж байж мөс аюултайг, зөгийд хатгуулж байж өвдөлтийг мэдэрдэгтэй адил бид айдастай тэмцэж, нөхөрлөж сурдаг. Ийм учраас бид тухайн айдас бидний бие махбодь, сэтгэл зүйд мэдрэгдээгүй ч тархи аль хэдийнэ хариу үйлдэл үзүүлж, хүн айж эхэлсэн байдаг. Үүнд таны бие хүний онцлог, хүмүүжил, боловсрол, амьдралын туршлага ихээхэн хамааралтай. Өмнө нь тухайн айдастай холбоотой таагүй дурсамж, мэдээлэл их авч байсан бол бүр ч хэцүү. Хүн буруу мэдээлэл авахын хэрээр бодит бус айдас нь ихэсч эргээд тухайн хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг, олон нийтийн сэтгэлзүй ч тэр хэмжээгээр өөрчилдөг.
Мөн хэн тухайн мэдээллийг хүргэж байна гэдэг нь их чухал. Хүн айдастай нүүр тулахад хамгийн түрүүнд түүнийгээ дарж, ая тухтай, тайван байхыг илүүд үздэг. Мөн айдас мэдрэхээрээ нэг бол зугтдаг эсвэл тэмцдэг. Тэмцэнэ гэдэг нь хамгийн найдвартай эх сурвалж бүхий мэдээллийг хайх, мэдээллүүдийг харьцуулах, өөрт зөв арга хэмжээнүүдийг авах, хориглосон зүйлийг хийхгүй байх зэрэг юм. Харин зугтах нь тухайн мэдээллийг зөв бурууг нь дэнслэлгүй бусдад мэдээллэх, бусдыг хохирогч болгох, өөрөөсөө холдуулах, эсвэл асуудлыг дараа шийдье хэмээн хойшлуулах, гайгүй болно гэж найдаад үйлдэл хийхгүй, заавар зөвлөмжийг үл тоох зэргээр илэрнэ. Одоо хүмүүс ихэнхдээ зугтах үйлдлийг хийгээд байгаа нь анзаарагдаж байна.
Мөн зарим хүмүүс сөрөг мэдээллийг хүлээн аван бачимдаад олон хүнд түгээн хуваалцаж сэтгэлээ тайвшуулдаг. Тиймээс л сөрөг мэдээлэл илүү олон хүнд хүрдэг. Тэгэхээр хүн худал мэдээлэлд автаж өөрийгөө хямраахгүй байх нь чухал юм.
-Тэгвэл тэрхүү сөрөг мэдээлэлд хүн хэрхэн эерэгээр хандах боломжтой вэ?
Хүн өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг зөвхөн өөрөө л хамгаалах боломжтой. Нөгөөтэйгүүр худал мэдээлэл түгээж байгаа хүмүүс ихэвчлэн паранойд болон хистерик төрлийн хүмүүс байдаг нь олон төрлийн судалгаагаар батлагдсан байдаг. Паранойд нь аливаа зүйлд итгэдэггүй, хардамтгай байдаг бол хистерик төрлийн хүн нь бусдын анхаарлыг татахын тулд юуг ч хамаагүй хийдэг. Ийм төрлийн хүмүүс бусдыг төөрөгдүүлсэн худал мэдээллийг гаргадаг.
Эмч нар амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа гэж зөвлөж байгаа бол сэтгэл судлаачийн хувьд хэлэхэд та эрүүл байхыг л хүсч байвал маш тайван бай гэж зөвлөмөөр байна. Дархлаагаа дэмжих хамгийн сайн арга бол инээх. Мөн бодож байгаа зүйлээ бусадтай хуваалц, сэтгэлээ уудал, ярь. Тайван байхыг хичээ. Тайван байхын тулд зөв мэдээллийг баталгаатай, олон эх сурвалжаас ав. Бодит бус айдсыг бууруулах хамгийн сайн арга бол буцаагаад асуух байдаг. Өөрөөр хэлбэл “Чи наад мэдээллээ хаанаас, хэнээс сонссон бэ?” гэх мэтээр лавлах хэрэгтэй. Хамгийн сайн шүүмжлэлт сэтгэлгээ бол асуулт асуух юм шүү дээ.
БОЛОМЖ Л БАЙВАЛ ИНЭЭ, ДОТРОО БОДОЖ БАЙГАА ЗҮЙЛСЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦ, МАШ САЙН УНТАЖ АМАР
-Тухайн мэдээлэлд анхаарлаа хэт төвлөрүүлэхгүй зөвхөн урдах ажлаа хийгээд эсвэл хүүхдэдээ л анхаарлаа хандуулах, сөрөг зүйл бодохгүйгээр өөрт хэрэгтэй зүйлд сатаарч, таны сая дурдсан бодит бус айдсаас зугтаах нь илүү дээр юм шиг...?
Нэг талаараа тийм. Гэвч хүн айдсаа л дарахын тулд байдал сайжирч уу хэмээн найдаж мэдээллийг тогтмол шалгадаг. Өнөөдрийн гол сэдэв болсон коронавирусын үеийн сэтгэл зүйн талаар ч бус ер нь монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд таатай биш болж байгааг илтгэх олон баримтыг бид өдөр тутам сонсож, харж байна. Хүн бүр сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах өөрийн гэсэн техниктэй, дадалтай болох цаг ирсэн.
Сэтгэл зүйн эрүүл мэндээ сайн хамгаалдаг хүн хамгийн зөв мэдээллийг зөв эх сурвалжаас аван өөрийгөө болон өрөөлийг хамгаалж чаддаг. Харин тэгж чаддаггүй хүмүүс бусдыг сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, сайн иргэн байх боломжийг нь ч хойш татдаг. Нийгмийн айдас их болох тусам бусдыг турхирах, муу зүйлд уриалан дуудах үзэгдэл гарах эрсдэлтэй.
-Худал мэдээлэлд автаж өөрийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх энгийн зөвлөгөөг өгөөч?
-Хамгийн эхлээд аливаа мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгээр ханд. Энэ нь манайханд хамгийн сул байдаг чадвар. Тиймээс аливаа мэдээллийг үнэн худал, хэн хэзээ нийтэлсэн эсэхийг нягталж чаддаг, шүүмжлэх сэтгэлгээтэй байх хэрэгтэй.
Хоёрдугаарт таныг хамгаалж чадах хамгийн сайн “эмч” бол та өөрөө. Боломж л байвал инээ, дотроо бодож байгаа зүйлсээ бусадтай хуваалц, маш сайн унтаж амар. Оройн 20 цагаас хойш шаардлагагүй бол гар утсаа бүү оролд. Түүнийхээ оронд хэн нэгэнтэй сайхан ярилцах эсвэл унтаж амар. Ер нь амьдралын хэв маяг эрүүл л байвал дархлаа тэр хэмжээгээрээ сайн байна шүү дээ.
Манай олны танил эрхмүүд, сошиалд олон дагагчтай хүмүүс аливаа мэдээллийг түгээхдээ ч болгоомжтой байх хэрэгтэй байна. Хэн бичсэн нь мэдэгдэхгүй нэг бичвэрийг хамгийн сүүлд нь “copy” (хуулбарлав) гэж бичээд түгээдэг. Үгээр биш өөрсдөө үйлдлээрээ үлгэрлэж үзүүлээсэй гэж хүсч байна. Олон нийтийг хамгаалахыг хүссэн ч санамсаргүйгээр буруу мэдээлэл түгээхийн оронд чимээгүй байх нь хамгийн сайн арга ч байж болно.
-Хүний сэтгэл зүй дархлаатай шууд холбогддог гэдэг. Энэ талаар дэлгэрүүлбэл?
Сүүлийн жилүүдэд сэтгэл судлалын шинжлэх ухаан улам эрчимтэй хөгжөөд байгаагийн шалтгаан нь хүний бие, эрүүл мэнд сэтгэл зүйтэй нь шууд холбоотойг тогтоосных юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаан тэр чигтээ хүн, хүн хоорондын харилцаа, зан үйлийн тухай судалдаг шинжлэх ухаан. Өөрөө өөрийгөө хамгийн сайн хамгаалдаг цогц систем бол хүний бие юм. Гэвч өнөөдөр энэ чадвар нь хөгжлөө дагаад техник технологи, амьдралын хэв маяг, алдаатай үйлдлээс үүдэн гажуудах болсон. Гэхдээ энэ бүхнийг засах боломж хүн бүрт бий. Хүн бүрт амьдралын зөв хэв маягийг дадал болгох, өөрөө өөрийгөө удирдаад явах боломж байдаг.
Энэхүү халдварт өвчинтэй холбоотойгоор сэтгэлзүйн эрүүл мэндээ та өөрөө өөрийгөө хохироох вий гэдгээ бодох хэрэгтэй. Та худал мэдээлэл бүхий “хог” уншиж хямран дархлаа дэмждэг гэж итгэн өндөр үнээр авсан дархлааны бэлдмэл эсвэл цаг гарган бэлдэж идсэн амин дэмтэй хоолныхоо үр дүнг битгий үгүй хийгээрэй.
-Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх