ЗАХИДАЛ: Бөөд үзүүлтэл найз залууг маань миний насны хань БИШ гэсэн


ССҮТөв | YOLO.MN
2021-08-26

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Намайг гэрээсээ гарах гэхээр эмээ минь "корона авчраад наачихна" гээд гаргадаггүй.

Сайн байна уу? Би 19 настай, их сургуулийн оюутан. Би эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Арван жилд байхын л эмээ маань хичээл тарснаас 10 минутын дараа "ирж байна уу" гэж залгадаг байсан. Тухайн үед юу ч боддоггүй харьдаг байсан. Одоо өөр болох хэрэгтэй гэж бодож байна. Би оюутан найз нөхөдтэй, өөр өөр хүрээлэлтэй хувь хүн шүү дээ. Харин манай эмээд энэ огт хамаагүй бололтой. Хөл хорионы үед мөн хоёулхнаа л хорионд орсон. Энэ байнгын идэвхтэй нийгмийн харилцаанд байх дуртай надад их хэцүү байсан.

Гэсэн боловч хөл хорио дууссан ч найз нөхөдтэйгөө одоо хүртэл уулзаагүй. Эмээ маань намайг гэрээс гарах гэхээр л корона авчраад наачихна гээд бүүр найз нөхөдтэй маань уулзуулахаа байсан. Зөвшөөрөл гуйх болгонд "би тусчихвал эдгэхгүй" гээд уурлаж уулзуулахгүй байгаа. Ингэж хэлж байхад нь сөрөөд уулзалтай нь биш гээд найзуудаа уулзъя гэх болгонд нь хойшлуулсаар байгаад найз нөхөд маань надтай харьцахаа ч больж эхэллээ.

Одоо юм бичихээрээ мөнгө л зээлдэг болсон. Энэ янзаараа найзгүй болох гэж байгаа юм шиг айдас төрөөд байна. Гэрээс гараад хамгийн холдоо хажуу дэлгүүр лүүгээ л орж байна. Би гинжтэй нохой болчихсон юм шиг санагддаг боллоо. 

ЗӨВЛӨГӨӨ: Өндөр настай хүмүүсийг гадуур гарахгүй байхыг зөвлөж байгаа учраас эмээгээ ойлгохыг хичээгээрэй.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Нийгмийн нөхцөл байдлаас болж ихэнх хүмүүсийн сэтгэл зүй хямарч тогтворгүй байгаа болов уу. Найзуудтайгаа уулзаж чадахгүй байгаа нь чиний санааг зовоож байгааг ойлголоо.

Нийгмийн нэг хэсэг нь одоо байгаа нөхцөл байдалтай эвлэрээд хэвийн амьдралдаа орохыг эрмэлзэж байхад өөр нэг хэсэг нь гэртээ тусгаарлагдаж амьдрах нь дээр гэж үзэж байгаа. Энэхүү нөхцөл байдлын аль алийг нь үгүйсгэж болохгүй. Мөн насны онцлогоос хамаарч эдгээр бодлууд нь хүмүүст ялгаатай илэрч байгаа байх. Хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өндөр настай хүмүүс гадуур гарахгүй байхыг зөвлөсөөр байна. Ийм учраас эмээ нь ихээхэн түгшүүртэй байгаа байх. Эмээгээ ойлгохыг хичээгээрэй.

Найзууддаа өөрийн нөхцөл байдлыг хэлээрэй. Ийм нөхцөл байдлаас болж гэрээсээ гарч чадахгүй байна. Та хэдтэйгээ уулзмаар байна. Биечлэн уулзаж чадахгүй ч утсаар яръя, дүрсээ харж яръя гэх мэтээр харилцаа холбоотой байхыг хүсэж байна гэдгээ илэрхийлээрэй. Найзуудтайгаа аль болох чат бичих биш утсаар ярихыг хичээгээрэй. Найзуудтайгаа уулзахаас өөрөөр яаж хамтдаа цагийг өнгөрөөж болох вэ гэдгийг судлаарай. Санаачлагатай байгаарай. Сүүлийн үед цахимаар хамт хоол хийх, кино үзэх, болзох, ярилцах гээд олон зүйлсийг хийж болдог болсон шүү дээ. Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Эцэг эх маань "Тэр ийм мундаг хүүхэд, тийм медальтай" гэж ярих нь таалагддаггүй.

Сайн байна уу? Би 21 настай. Цэцэрлэгээсээ одоог хүртэл нэг ч шагнал, медаль авч байгаагүй. Эцэг эх, бусад хүмүүс "тэр тийм медальтай, энэ ийм медальтай мундаг хүүхэд" гэх зэргээр ярихад би хэнд ч хэрэггүй, хэрэгцээгүй юм шиг санагдаж их эмзгээр хүлээж авдаг. Надад иймэрхүү яриа сонсохоор "бусад хүмүүс ийм мундаг байхад би яагаад хэчнээн их хүсэж, хичээсэн ч ийм биш юм бол оо" гэж их гутардаг. Ямар нэгэн уралдаан тэмцээнд эсвэл зүгээр л хөзөрдөхдөө баг болж хуваагдвал би чадах болов уу, надтай баг болсон хүүхдүүд надаас болоод хожигдчихвол яана гэсэн айдас үнэхээр их байдаг.

ЗӨВЛӨГӨӨ: Медальгүй байлаа гээд чи үнэ цэнгүй, чадваргүй нэгэн болчихгүй.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Чи бусад хүмүүс шиг медальгүй байлаа гээд үнэ цэнгүй, чадваргүй нэгэн гэсэн үг огт биш. Медальтай хүмүүс ч өөртөө итгэх итгэл сул байх тохиолдол бий. Тэгэхээр шагнал, медаль биднийг тодорхойлдоггүй гэсэн үг юм.

Мөн медаль авсан хүмүүс чиний өөрийн үнэлэмжид нөлөөлөөд байгаа юм биш. Тэдгээр хүүхдүүдтэй өөрийг чинь харьцуулж байгаа хүмүүсийн үг өөрт чинь илүү нөлөөлөөд байгаа болов уу. Хэрвээ чамайг хэн нэгэнтэй харьцуулаад байвал энэ нь чамд таагүй мэдрэмж өгч байгааг эргэн тойрныхоо хүмүүсд хэлж байгаарай. Мөн шагнал авсан хүүхдүүдэд үргэлж баяр хүргэж байгаарай.

Хүн өөрийгөө юу гэж бодож, харж үнэлж, бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаагаас хамаарч бусдад өөрийгөө таниулж байдаг. Тиймээс хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэхээс илүү чи өөрийгөө юу гэж бодож үнэлж байна вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Өөрийнхөө давуу талыг тодорхойлж, сул талаа хүлээн зөвшөөрч өөртөө эерэг хандаарай. Бага ч хамаагүй өөрийн ололт амжилтад баяр хүргэж байгаарай. Өөрийгөө урамшуулж байгаарай. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Би уураа барьж чаддаггүйгээсээ болоод гэр бүлийнхнээ их гомдоодог.

Сайн байна уу? Би 14 настай сурагч байна. Би уураа барьж чаддаггүйгээсээ болоод гэр бүлийнхнээ их гомдоодог. Айлын бага, дээрээ нэг ахтай. Ах надаас 12 насаар ах болохоор би бараг л айлын ганц хүүхэд шиг өссөн. Дэндүү эрх болохоор ингээд байна уу гэж бодох юм. Өмнө нь хэтэрхий дураараа болохоор ингээд байна гэж боддог байсан ч одоо бүр хэмжээнээсээ хэтэрчихлээ. Эргэн тойрны хүмүүс өдөр бүр ааш зангаа зас гэж хэлдэг. Тэрийгээ ч би мэдэж байгаа. Хэдэн ч удаа засах гэж үзсэн болохгүй юм. Олон удаа подкаст хүмүүсийн судалгаа гэх мэтийг сонсож үзлээ. Аргууд нь 1,2 өдөр л үйлчилдэг. Сүүлийн үед миний ааш зангаас болж хүмүүс надаас дөлөөд ч байх шиг… 

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл хөдлөлөө удирдах нь шууд хийчихдэг амар зүйл биш. Удаан хугацааны хичээл зүтгэл шаардлагатай.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгох гэж хичээж байгаа нь сайн байна. Сэтгэл хөдлөлөө ойлгохын тулд эхлээд уур бухимдал нь бидэнд байдаг хэвийн сэтгэл хөдлөл гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Таагүй үйл явдлаас бид баяр баясал мэдрэхгүй шүү дээ. Чамд тааламжгүй санагдсан зүйл дээр бухимдаж, уурлах нь хэвийн зүйл. Гэхдээ таагүй санагдаж байна гэдгээ үгээрээ илэрхийлж хэлэх нь чухал юм. Хэт их уурлаад байх үед өөрийгөө ажиглах нь маш чухал байдаг. Би яг ямар зүйл дээр бухимдаад, уурлаад байна. Үүсээд байгаа асуудал надаас шалтгаалсан уу? Миний зүгээс юу хийвэл үүсээд байгаа асуудлыг шийдэх вэ? Уурлах үед би ямар үйлдэл гаргадаг вэ гэх мэтээр өөрийгөө ажиглаарай. Ажигласны үндсэн дээр өөрийнхөө юунд хамгийн их уурлаж бухимддаг вэ гэдгээ олохоос гадна уурлах үедээ гаргадаг үйлдээ анзаарна. Уурласан үедээ гаргадаг үйлдлээ мэдэх нь хянахад тусална.

Юунд ихэвчлэн уурлаж бухимдаад байгаагаа олсон бол тэрхүү асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Чиний нөлөөлж чадах зүйл мөн үү? Тийм бол үйлдэл хийж асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Хэрвээ чи нөлөөлж чадахгүй зүйл байвал хүлээн зөвшөөрөөрэй. Эсвэл тэр асуудлаас хол байх сонголтыг хийж болно. Сэтгэл хөдлөлөө удирдах нь шууд л хийдэг амархан зүйл биш. Тодорхой цаг хугацаа хичээл зүтгэл шаардлагатай. Хичээж байгаа чинь сайн байна. Харин энэ хичээж байгаа үйлдлээ битгий зогсоогоорой.

Мөн ямар үйлдлээс өөрийгөө дэндүү эрх, дураараа байна гэж бодож байна вэ? Бусдын үзэл бодол сонголтыг хэр хүндэтгэдэг вэ? Найзууд чинь чамд татгалзвал чи ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Чи дургүй байгаа ч хамт байгаа хүнийхээ дуртай зүйлийг хамтдаа хийдэг үү? Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ажиглаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Бөөд үзүүлтэл найз залууг маань миний насны хань биш гэсэн.

Сайн байна уу? Би 19 настай. Найз хөвгүүнтэйгээ үерхээд 5 жил болох гэж байна. Эцэг эхийн маань хувьд бидний үерхлийг багаас мэддэг, дэмждэг байсан. Миний хувьд найз хөвгүүнийхээ гэр бүлтэй аль хэдийнэ танилцсан бөгөөд надад их сайн ханддаг. Харин манай эцэг эх настай хүмүүс байдаг учраас найз хөвгүүнээ албан ёсоор танилцуулж амжаагүй юм л даа. Гэвч саяхан манай гэр бүл их сайн мэддэг бөөгөөр заслаа хийлгэсэн юм. Тэр хүн найз хөвгүүнийг маань "миний насны хань бишээ" гэж хэлсэн. Энэ үг надад маш хүндээр туссан бөгөөд эцэг эхийн маань бодлыг өөрчлөх вий гэхээс айж байна. Тэр хүний үгэнд итгэхийг хүсэхгүй байгаа ч бусад бүх зүйлийг чин үнэнээр хэлж өгсөн учраас хүнд байдалд орчихлоо. Найз хөвгүүнтэйгээ ярилцсан боловч хоёр талд сэтгэлээр унахаас өөр зүйл хийж чадахгүй юм. Энэ байдлыг хэрхэн даван туулах вэ? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Шашин, шүтлэг нь хувь хүний итгэл үнэмшил тул итгэх, итгэхгүй нь чиний сонголт. Гэхдээ...

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Найз залуутайгаа одоо харилцааны асуудалтай байгаа юу? Бие биенээ уучилж чадахгүй үйл явдал тохиолдсон уу? Асуудал үүсэх үед ойлголцохгүй байх нь их байдаг уу? Чамайг гомдоож итгэлийг чинь алдсан уу? Хэрэв эдгээр асуудал тулгараагүй бол найз залуудаа эргэлзэх хэрэг байгаа болов уу? Бодит байдлыг ч мөн харгалзаж үзэх хэрэгтэй. Мөн найз залуугаа ирээдүйн нөхөр болох хүн гэж харж байгаа юу? Найз залуутайгаа ойрын хэдэн жилдээ гэр бүл болох гэж байгаа юу? Одоогоор гэр бүл болох гээгүй, мөн та хоёрын харилцаанд асуудал байхгүй бол ирээдүйд санаа зовохгүйгээр одоо байгаа харилцаандаа анхаарал хандуулаарай. Яг одоо байгаа харилцаа чинь чухал. Шашин, шүтлэг нь хувь хүний итгэл үнэмшил тул итгэх, итгэхгүй нь чиний сонголт юм. Юунд итгэх, эс итгэх ёстойг бид хэлэх боломжгүй.

Хосын харилцаа хоёр талаас шалтгаалдаг. Харилцаанд асуудал гарч ирэх нь байх зүйл бөгөөд тулгараад байгаа асуудлаа хамтдаа хэрхэн шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна вэ гэдэг чухал. Тулгарч буй асуудлыг заавал одоо шийдэх хэрэгтэй юу? Хэсэг хугацааны дараа шийдэх боломжтой юу? Эргэцүүлж бодоод үзээрэй.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Би 2-р курсийн оюутан. Хичээл орно гэхээр л айж байна. 

Сайн бну? Би одоо 2-р курст орно. Эмэгтэй. Хичээл орно гэхээр л айж сандрах боллоо. Маш олон шалтгаан байгаа юм л даа. Би олон хүний өмнө ярихдаа их сандарч айдаг. Мөн хичээлдээ муу учир шалгалтаа муу өгөх вий гэж санаа зовних боллоо. Би үүнийг хэрхэн даван туулах вэ? Яана гэсэн бодлоос болж амарж ч чадахгүй. Хичээл орохоор их зовох байх гэж боддог. Угаасаа ч зовдог. Оюутан байх миний хувьд маш хэцүү. Гэтэл бусад хүмүүс яаж энэ давааг давдаг юм бол оо? Би дотогшоо ичимхий учир үүнийгээ яаж нээх вэ? Энэ байдлаас болж бусадтай харьцахаасаа айдаг. 

ЗӨВЛӨГӨӨ: Муу дүн авсан ч, олон хүний өмнө сандарч хичээлийнхээ агуулгыг замбараагүй ярьсан ч зүгээр дээ.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хичээл орох дөхсөн нь чиний сэтгэл санааг таагүй болгож байгааг ойлголоо. Захидлаас уншихад маш олон зүйлд санаа зовж байгаа юм шиг санагдлаа. Хэдийгээр муу дүн авсан ч, олон хүний өмнө сандарч хичээлийнхээ агуулгыг замбараагүй ярьсан ч зүгээр дээ. Энэ нь хэвийн зүйл юм шүү. Учир нь хүмүүс анхнаасаа бүхнийг чаддаг эсвэл сурчихсан төрдөггүй шүү дээ. Мөн дийлэнх хүмүүс олон хүний өмнө ярихдаа сандардаг. Тиймээс аль болох сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Энэ нь суралцах үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.

Олон хүний өмнө ярихад дараах арга туслах боломжтой. Бэлдсэн сэдвээ толинд харж бэлдэх, мөн айдастайгаа нүүр тулж олон хүний өмнө аль болох олон удаа гарах нь сандарч тэвдэхийг багасгахад тусалдаг. Мөн гүнзгий амьсгал дор хаяж 10 удаа авах нь тайвшрахад тусална. Түүнчлэн сандарч тэвдэх байдлыг бууруулах эсвэл хичээлээ үр дүнтэй давтах ямар ч арга хэрэглэсэн гэсэн түүнийг тогтсон хугацаанд хийж дадал болгох нь чухал юм шүү. Хэрвээ өөрийгөө хичээлдээ тийм ч сайн биш гэж бодож байвал хичээлдээ сайжрах боломж байна шүү дээ. Оройтоогүй байна. Одооноос хичээлдээ сайжрахын тулд тодорхой үйлдлүүдийг хийж эхлээрэй.

Мөн чиний суралцах хэв маяг ямар вэ? Тухайлбал ганцаараа байхдаа хичээлээ сайн хийдэг хүн байдаг бол олуулаа ярилцаж байж хичээлээ сайн тогтоодог ч хүн байдаг. Тиймээс өөрийн суралцах хэв маягаа тодорхойлохыг хичээгээрэй. Мэдээж хэдэн удаа хичээлээ давтаад л шууд сайн болохгүй. Тодорхой цаг хугацаа хичээл зүтгэл хэрэгтэй. Заримдаа шантармаар санагдах үе тохиолдоно. Тэр үед шантрах биш түр зуур амраарай. Хичээлдээ сайн болохын тулд өдөр бүр хичээлээ л хийнэ гэсэн үг биш бөгөөд долоо хоногийн төлөвлөгөөндөө зөвхөн хичээлээ давтах биш найзуудтайгаа уулзах, амрах, дуртай зүйлээ хийх, гэр бүлдээ цаг гаргах гэх мэт цагуудыг оруулж өгөөрэй. Ингэснээр хичээлээсээ халшрахгүй байх боломжтой. Эцэст нь хэлэхэд чи хүсэж байгаа зүйлээ авахын тулд эхлээд өөрөө үйлдэл хийх хэрэгтэй юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Би ахыгаа архи уусан гэдгийг ээждээ хэлэх ёстой юу? 

Сайн байна уу? Би 13 настай эмэгтэй хүүхэд. Айлын бага. Ээж маань дөрвөн хүүхэд төрүүлж ганцаараа өсгөсөн. Том эгчийн маань сургалтын төлбөрийг олох гэж шаргуу ажиллаж заримдаа гэртээ ирдэггүй. Энэ үед нь би эгч ахтайгаа хонодог. Гэхдээ нэг өдөр манай эгч хөдөө яваад би ахтайгаа ганцаараа хоносон. Тэр үед ах орой гарч яваад шөнө ирэхдээ согтуу ирсэн. Багаасаа хичээлээ хийдэггүй, ахлах ангиасаа тамхи татаж эхэлсэн. Харин архи уудаггүй байсан. Дөнгөж 20 гарч яваа. 

Гэртээ согтуу ороод ирэхээр нь би их айсан. Шууд л гэрлээ унтраагаад өрөөндөө нүдээ аниад хэвтсэн. 

Би ахыгаа согтуу ирснийг ээждээ хэлбэл ээж их уурлаж гомдох байхдаа. Ах маань сургуульд байхдаа олон хэрэг тарьж ээжийг их зовоодог байсан болохоор гэрээр дүүрэн хэрүүл болдог байсан. Архи уусан гэдгийг нь хэлбэл бүр илүү аймар юм болох байхдаа. Би ээждээ заавал хэлэх ёстой болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд ахтайгаа ярилцахыг хичээгээрэй. 

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Ахынхаа төлөө санаа зовж байгааг нь ойлголоо. Ах нь чамтай хэр нээлттэй харилцдаг вэ? Ярилцах орчин бүрдүүлээд ахдаа энэ байдал төвөгтэй санагдаж, санаа зовж байгаагаа илэрхийлэх боломжтой юу? Мөн ахынх хувьд насанд хүрсэн хүн учир асуудлаа өөрөө шийдэх ёстой. Мөн аливаа асуудалд өөрөө хариуцлага үүрэх ёстой. Ээжтэйгээ ярилцахаас өмнө энэ байдал чиний санааг зовоож байгааг ахдаа хэлж “хэрвээ ээж мэдвэл санаа нь зовох байхдаа” гэх мэтээр ахтайгаа түрүүлж ярилцахыг хичээгээрэй. Үнэхээр чи айж санаа чинь зовж тайван байхад хэцүү байвал ээжтэйгээ ярилцаад үзээрэй.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter