Бид хамраас цус гарахад дээшээ харж, могойд хатгуулбал хорыг нь сорж, хоол идсэнийхээ дараа шүдээ угаадаг. Гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхноосоо дээрх тохиолдлуудад яг ийм л арга хэмжээ авах ёстой гэсэн зөвлөгөө авсан учраас л өнөөг хүртэл дагасаар иржээ. Гэвч үнэндээ эдгээр "зөвлөгөө"-ний ихэнх нь зүгээр л сүсэг бишрэл, дам ярианаас үүдэлтэй байдаг.
Тиймээс Yolo.mn сайтын хамт олон уншигч та бүхэндээ зориулж эдгээр тохиолдлуудад авах ёстой арга хэмжээг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж байна.
1. ХҮҮХДИЙН ХООЛЫГ ХӨРГӨХДӨӨ...
Бид нялх балчир хүүхдэд халуун хоол өгөхдөө хурдан хурдан үлээж хөргөдөг. Гэвч хоол руу үлээх үед бидний амнаас маш их хэмжээний бактери дамжин гардаг. Та хэдийгээр амны хөндийн ариун цэврээ чанд сахидаг байлаа ч тодорхой хэмжээний нян бактери байж л байдаг гэнэ. Харин уг нянтай тэмцэх хэмжээний дархлаа нялх хүүхдийн биед хараахан суугаагүй байдаг аж.
Тэгвэл: Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн сав суулгатай /аяга, таваг, халбага, сэрээ г.м/ байх хэрэгтэй. Мөн хоолыг нь хөргөхийн тулд заавал үлээх шаардлагагүй шүү дээ. Халуун хоолоо аягалсны дараа сэрүүн газар тавиад хэсэг хугацаанд хүлээж болох юм. Жишээлбэл яаралтай үед шөлтэй хоолыг халбагаар хурдан хурдан хутгаад хөргөх боломжтой байдаг. Ямартай ч ойрын зайнаас үлээх шаардлагагүй байх нь.
2. ХАМРААС ЦУС ГАРАХАД...
Бид хамраас цус гарахад цусыг нэмж урсгахгүйн тулд хурдхан шиг л дээшээ харчихдаг. Гэвч энэ тохиолдолд цус хоолой руу урсаж амьсгалтай давхацдаг.
Тэгвэл: Энэ тохиолдолд та нэг их олон үйлдэл хийх шаардлагагүй. Та зүгээр л хамрандаа хөвөн хийгээд, эсвэл хамраа чимхээд сандал дээр цэх суугаарай. Таны эрүү газартай зэрэгцээ буюу параллель байх ёстой.
3. УХААН АЛДАЖ УНАСАН ХҮНИЙГ...
Бид ухаан алдаж унасан хүнийг шуудхан л босгох гээд өргөдөг шүү дээ. Гэвч ухаан алдалт нь цусны даралт огцом буурснаас үүдэн тархины цусан хангамж багассантай холбоотой үзэгдэл аж. Тиймээс ухаан алдсан хүнийг дээш өргөснөөр цус тархинд очиж чадахгүйд хүрдэг байна.
Тэгвэл: Ухаан алдсан хүний толгой нь цээжнээс дор байрлалд байх ёстой. Өөрөөр хэлбэл ухаан алдсан хүнийг сандал дээр суулгаад бөхийлгөх, эсвэл хэвтүүлээд хөлийг нь сойх хэрэгтэй. Мэдээж дараа нь шууд эмнэлгийн байгууллагад хандах ёстой шүү.
4. МОГОЙ ХАТГАСАН ҮЕД...
Та могойд хатгуулсан хүний могойд хатгуулсан хэсгийн хорыг амаараа сорж авах ёстой гэдэг аргыг анх хаанаас мэдэж авснаа санадаг уу? Найз нөхдийн яриа, киноны үйл явдлаас л мэддэг болсон байх. Судлаачдын үзэж буйгаар могойд хатгуулсан хүний хорыг сорж авснаар тухайн хүнд хангалттай хэмжээгээр тус болж чадахгүй гэнэ. Орчин үед вирусийн эсрэг эмчилгээ өндөр хөгжсөн учир могойд хатгуулж нас барах тохиолдол харьцангуй ховор болсон аж. /Могойд хатгуулсан хүмүүсийн 0,05% нь л нас бардаг байна./
Тэгвэл: Могойд хатгуулах үед хүний зүрхний түвшин доошилдог тул тухайн хүнийг доош нь харуулж хэвтүүлснээр могойн хорыг биед тархахаас сэргийлэх юм. Харин үүний дараа нэн даруй түргэн тусламж дуудаж өвчтөнг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэх хэрэгтэй.
5. ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА...
Бидний ихэнх нь хоол идсэний дараа шүдээ угааснаар өөрсдийн амны хөндийн ариун цэврийг сайтар сахиж байна гэж үздэг. Гэвч энэхүү үйлдэл нь шүдний пааланд сөргөөр нөлөөлдөг байна.
Тэгвэл: Олон жилийн туршлага болон шүдний эмч нарын зөвлөж буйгаар шүдээ өглөөний цайны өмнө болон унтахынхаа өмнө угаах нь зөв. Та шүдээ зайлшгүй угаах шаардлага гарвал хоол идсэнээс 40 минутын дараа шүдээ угаагаарай.
6. ХАХАЖ БАЙГАА ХҮНИЙ...
Бид хоолойд нь ямар нэгэн зүйл тээглэж, хахаж буй хүний нуруу руу шуудхан л цохиод авдаг. Хүчтэй цохих юм бол хоолойд тээглэсэн зүйл шуудхан л амаар нь гарчихна гэж боддог учраас л тэгдэг байх.
Тэгвэл: Юун түрүүнд хахаж буй хүн бөхийж байгаад хэд хэдэн удаа хүчтэй ханиах хэрэгтэй. Энэ арга тус болоогүй бол тухайн хүний хоёр мөрний голд буюу хоолойн доод хэсэг, эгэмний ясны гол нь хэд хэдэн удаа алгадаарай.
7. МӨСИЙГ ХӨХӨРСӨН ХЭСЭГ ДЭЭРЭЭ...
Эмч нар хөхөрсөн хэсэгт мөсөөр үрэх аргыг огт сайшаадаггүй. Учир нь хөхөрсөн хэсгийн арьс маш эмзэг болсон байдаг тул мөсөөр шуудхан жин тавих нь цусны урсгалыг бууруулж эдгэрэлтийг удаашруулдаг байна.
Тэгвэл: Мөсийг шуудхан арьсан дээрээ тавихын оронд алчуур эсвэл өөр даавуугаар жийрэглэж байгаад жин тавих хэрэгтэй. Мөн жин тавихдаа 10 минутаас хэтрүүлэх хэрэггүй.
8. ТҮЛЭГДСЭНИЙ ДАРАА...
Бид түлэгдсэн хэсэгт саван, сахар гээд л өөр өөрсдийн зөв гэж бодсон зүйлээ түрхдэг. Гэвч түлэгдэлд арьсанд маш гүн нөлөөлдөг тул цаашид учирч болох эрсдэлээс сэргийлж болгоомжтой хандах хэрэгтэй.
Тэгвэл: Түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн усанд 20 орчим минут байлгаарай.
9. ХӨЛДСӨН ХЭСГИЙГ...
Бид биеийнхээ аль нэг хэсгийг хөлдөөсөн тохиолдолд дулаацуулахын тулд хурдан хурдан үрж, массаж хийдэг. Халуун халуун жин тавих зэрэг эрсдэлтэй үйлдэл ч хийдэг. Гэвч ингэснээр тухайн хэсгийг түлэх эрсдэлтэй байдаг байна.
Тэгвэл: Тухайн хөлдсөн газрыг бүлээхэн усанд дүрээрэй. Халуун усанд дүрж болохгүй шүү. Хэрэв хөлдсөн хэсэг тэсвэрлэхийн аргагүй өвдөж байвал эмнэлгийн байгууллагад шуудхан хандаарай.
10. ХЭЗЭЭ Ч ХУВАНЦАР САВЫГ...
Хуванцар савыг дахин ашиглах хэрэггүй. Пластик сав үйлдвэрлэхэд ашигладаг BPA хэмээх бодис нь саванд бактери ургуулах сөрөг нөлөөтэй бөгөөд тухайн бактери нь үржил шимд нөлөөлж, цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай байдаг.
Тэгвэл: Зүгээр л дахин ашиглаад хэрэггүй. Үүний оронд дахин ашиглах боломжтой шилэн, эсвэл төмөр сав ашиглаарай. Сүүлийн үед BPA-Free буюу уг бодисыг агуулаагүй сав ч худалдаалагдах болсон тул тухайн савыг ашиглаарай.
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх