Бидний үсээ угаахдаа гаргадаг алдаанууд


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-11-16

Ямар ч төрлийн шампунь хэрэглэсэн үс огт өнгө орохгүй, үргэлж хуурай дээрээс нь хүссэн хэвэнд тань огт орохгүй байгаа мэт санагдаж байна уу? Олон удаагийн хими, будгийн нөлөөнөөс үс тань ихээхэн гэмтсэнээс ийм нөхцөл байдал үүссэн байж болох ч бидний өдөр тутамдаа үсээ угааж байх явцдаа гаргадаг хэдхэн тоомжиргүй алдаа ч үсний гэмтэлд багагүй нөлөөлдөг аж.

1. ТА УСАНД ОРОХ ҮЕДЭЭ ХЭЗЭЭ ҮСЭЭ УГААДАГ ВЭ?
Хэрэв ороод хамгийн түрүүнд биеэ угаахыг илүүд үздэг бол эхлээд үсээ угаахыг туршаад үзээрэй. Биеэ угаахаасаа өмнө үсээ угааснаар таны нуруу болон биеийн тань бусад хэсэгт шампунь, ангижруулагч шингэн арьсны чинь нүхийг бөглөх магадлал багасах юм.Ингэснээр та нуруу, биеэр гарах батганаас бага ч болтугай урьдчилан сэргийлэх боломжтой. Харин үснийхээ хувьд анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь усанд орж байхдаа, эсвэл үсээ угааж байхдаа шууд л шампуниа шүүрч авахаасаа татгалзан дор хаяж 30 секунд эсвэл нэг минут үсээ сайтар усаар норгох хэрэгтэй. Ингэвэл таны хуйх шампунь хүлээж авахад илүү дээр бэлтгэгдэж, хуйханд хуримтлагдсан тослогийг илүү сайн арилгах боломжтой болох юм.

2. УСНЫ ТЕМПЕРАТУР
Урт өдрийн дараа алжаалаа тайлахад халуун устай шүршүүр шиг сайн найз байдаггүй шүүдээ. Тиймээс бид зарим үед хэрэгцээтэйгээс арай халуун усанд орчих гээд байдаг талтай. Тэгвэл хэт халуун ус нь таны хуйхыг хуурайшихад хүргэдэг бөгөөд ингэснээр илүү их загатнах, хагтах магадлалтай болдог байна. Тиймээс усныхаа температурыг үргэлж бүлээн хэвээр нь хадгалахыг хичээгээрэй.

3. ХӨӨСНҮҮД
“Энэ шампунь сайн хөөсөрдөггүй юм билээ, огт үсээ угаасан мэт санагддаггүй” гэх үгийг та ч бас амьдралдаа нэг ч болов удаа сонссон байх. Бид үсэнд хүрэх даруйдаа сайтар хөөсөрдөг шампуниудыг ашиглах дуртай байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр хөөснүүд нь ямар нэгэн онцгой үүрэг гүйцэтгэдэггүй бөгөөд зүгээр л танд цэвэрхэн мэдрэмж төрүүлэхийн тулд шампунид байдаг гэнэ. Тиймээс ихэнх компаниудын ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор нэмсэн хэрэггүй шахам их хөөсөнд хуурталгүй шампуниа зөв сонгоорой.

4. ШАМПУНЬ СОНГОЛТ
Шампуниа ойр ойрхон сольж байвал сайн гэх “домог” гэмээр яриа маш удаан хугацаанд ам дамжиж ирсэн  билээ. Тэгвэл CNN-ий мэдээллэснээр энэ нь ор үндэсгүй дам яриа болж таарсан юм. Калифорниагийн их сургуулийн дерматологийн профессор Паради Мирмирани-гийн хэлснээр бол эрүүл, гялалзсан үстэй байхын тулд та ахин дахин шампуниа солих ямар ч хэрэггүй аж. Шампуниа солих нь зөвхөн таны үсэнд хэрэглэж буй шампунь таарч буй эсэхээс л хамаарах ёстой бөгөөд удаан хэрэглээд байвал үйлчилэхээ больчихдог гэдэг цуу ярианд итгэхгүй байж болох нь.

5. АЛЬ ХЭСГИЙГ ...?
Та үснийхээ аль хэсгийг ихэвчлэн угаадаг вэ? Зөвхөн хуйхаа угаадаг бол та үүнийг зөв хийж ирсэн байна. Хэдий үсний үзүүрээс ч тос ялгардаг хэдий ч мэдээж хуйх ялгаруулдаг шиг их байхгүй нь тодорхой. Тиймээс хуйхаа сайтар угаахад л онцгой анхаарал өгөх хэрэгтэй. Харин үснийхээ үзүүр хэсгийг хэзээ ч битгий хоёр алганыхаа завсар хийн үрж угаагаарай. Ингэснээр үсний тань үзүүр хуурайшиж, гэмтэх маш өндөр магадлалтай байдаг.

6. ХЭДЭН УДАА
Үсээ хэдэн удаа шампунь хэрэглэн угаах нь зөв гэж та боддог вэ? Хэрэв таны хариулт нэг л удаа байсан бол одооноос хоёр удаа шампунь хэрэглээд үзээрэй. Эхний удаад шампунь зөвхөн өнгөн талын тоос шороог л арилгаж дөнгөдөг тул хоёр дахь удаагаа шампунь хэрэглэн угаах нь хуйханд цугларсан гүн тослог, тоос шороог цэвэрлэхэд тусалдаг аж. Мэдээж өдөр бүр эсвэл ойр ойрхон үсээ угаадаг бол өнжөөд нэг, эсвэл 3 хоногт нэг удаа л хоёр удаа шампуньдаж хэвшээрэй. Хэт ойр ойрхон их шампунь хэрэглэвэл үс тань мөн л гэмтэх магадлалтай.

7. АНГИЖРУУЛАГЧ
Ангижруулагчаа битгий алгасаарай. Үсний тань үзүүрт, их бие хэсэгт сайн тэжээл өгч зөөлрүүлж өгдөг тул үсээ арзгар байлгахыг хүсэхгүй байвал ангижруулагчаа алгасахгүй байхыг хичээ. Мөн ангижруулагчийг хуйханд хүргэхээс, хуйх хэсгээ угаахаас эрс татгалзаарай. Энэ нь таны хуйхны сүвийг бөглөж маш хурдан үс тослогтоход хүргэнэ.

8. ХАТААХДАА...
Үсээ сэнс эсвэл алчууранд боож хатаахаас илүү алчуур аваад түүнийхээ дунд үсээ зөөлхөн хийж байгаад зөөлхөн зөөлхнөөр гаднаас нь базаж хатааж хэвшээрэй. Алчуурныхаа дунд хийж байгаад хооронд нь үрэх эсвэл, усыг нь мушгиж хатаахаас харин татгалзахаа мартуузай. Эдгээр нь таны үсэнд маш их гэмтэл учруулдаг.

Мөн үүн дээр нэмээд үсээ нойтон байх үед самнахаас татгалзаарай. Үс нойтон байх үедээ энгийн үеэсээ илүү эмзэг байтал гэмтэх нь элбэг. Тиймээс хатсан хойно нь үснийхээ үзүүрээс эхлэн зөөлөн зөөлнөөр самнаж хэвшээрэй.

Гялалзсан эрүүл үсний төлөө үсээ үргэлж зөв угаагаарай!

#зөвлөгөө