Цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлэх 5 кино


Хасбаатар | YOLO.MN
2022-03-23

Урсан өнгөрөх цаг хугацааг анзааралгүй, “За дараа л болгоё, маргааш л хийе, тэгж байгаад болох байх аа” гэсээр яваа юм биш биз? Тэгвэл яг одоо оршин буй цаг хугацаа чинь хэзээ ч ахин эргэн ирэхгүйг сануулж, үнэ цэнийг нь мэдрүүлэх таван киног санал болгож байна.

The Bucket List (2007)

Эдгэшгүй өвчин тусаж, ихдээ л хагас жил амьдарна гэх онош сонссон хоёр эр үхэхээсээ өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалт гаргаж буйгаар киноны үйл явдал өрнөнө. Дутагдаж гачигдах зүйлгүй тэрбумтан эр, энгийн нэг эгэл бор амьдралтай машин засварчин хоёрын дэндүү үзэсгэлэнтэй нөхөрлөлийн түүхийг заавал үзээрэй хэмээн санал болгоё. Энэхүү бүтээл чамд аливааг хийх “зөв цаг”-ийг хүлээж суулгүй, яг одоо л хүссэн зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй гэх үнэтэй сургамжийг хөнгөн гуниг, хөгжилтэй байдлаар үлдээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Before Sunrise (1995)

“Хайр гэдэг бол хүсэл, шунал, тэр хүнгүй л бол амьдарч чадахгүй мэдрэмж” гэдэг үг бий. Яг энэ тодорхойлолтод багтах гайхалтай хайрыг үзэгчид мэдрүүлж чадах кино ч ховор бий. Тоотой хэдийнх нь нэг бол энэ бүтээл. Эхлэлээсээ төгсгөл хүртлээ яруу найраг мэт урсаж, энгийн хэрнээ чамин түүхээр эгэл үзэгчийн сэтгэлийг баясгана. Европоор хөндлөн гулд аялж явсан Америк залуу, эмээ дээрээ зочилчхоод буцаж яваа, үеийн Франц бүсгүйтэй галт тэрэгний цайны газарт хэсэгхэн ярилцаад буух цаг нь болоход сэтгэл хоргодож, бүсгүйгээс хамт буугаач хэмээн гуйхад бүсгүй зөвшөөрч хайрын түүх эхэлнэ. Маргаашийн нар мандтал хамт байх хугацаатай энэ хайрын түүх бидэнд цаг хугацааны үнэ цэнийг сануулахын сацуу хором бүрд дурсамж бүтээж амьдрахыг шавдуулна.

Groundhog Day (1993)

Нэг өдөр дахин дахин давтагдах эцэс төгсгөлгүй тойрогт гацдаг кинонд дуртай юу? Groundhog Day (1993) бол өглөө бүр нэг л өдрөө ахин дахин сэрдэг болсон их зантай цаг уурын сурвалжлагч эрийн түүх юм. Маргааш хэзээ ч ирэхгүйгээр үргэлж өнөөдөртөө гацах ямар болохыг бага ч болов ойлгоод, анзаарагдахгүйгээр урсан өнгөрөх цаг хугацаа хүртэл ямар их тансаглал вэ гэж бодож билээ.

The Butterfly Effect (2004)

Дэлхийн нэг буланд эрвээхэй далавчаа дэвэхэд тэрхүү маш бяцхан өөрчлөлт яван явсаар нөгөө талд нь хар салхи үүсгэж болно гэх онолыг “Эрвээхийн нөлөө” хэмээн нэрлэдэг. Үүнтэй адилаар цаг хугацааг шулуун шугам гэж үзвэл энэ шулууны хаа нэгтээ гарсан бяцхан өөрчлөлт цаашид шулуун орших уу, эс орших уу гэдгийг ч шийдэж болно. The Butterfly Effect (2004) яг энэ тухай л өгүүлнэ. Гол дүрийн баатар маань өнгөрсөн амьдрал руугаа аялах чадвартай бөгөөд бяцхан асуудлуудыг шийдэхээр аялах бүрд өөрийнх нь “цагийн шугамд” асар том өөрчлөлтүүд гарна. Энэ кино дан ганц цаг хугацааны үнэ цэн гэлтгүй бидний өдөр тутамдаа хийдэг бяцхан шийдвэрүүд ирээдүйд ямар хүчтэй нөлөөлж болдог тухай сануулга болно биз.

In Time (2011)

Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн 25 нас хүрээд хөгшрөхөө больсон байх бөгөөд, мөнгөний оронд цаг хугацааг ашигладаг болжээ. Өөрийн цагийг нэмэхийн тулд ажиллаж хөдөлмөрлөнө, харин цаг нь дуусвал шууд үхэл. Цаг бол алт гэх хэллэг уг кинонд шууд утгаараа биеллээ олж баян, хүчирхэг хүмүүс үүрд амьдрах боломжтой нийгэм бүрэлдэн тогтжээ. In Time (2011)-ийн бараг л хором бүр бачуурам хачирхалтай сэтгэл хөдлөлөөр үзэгчдийг жихүүцүүлж, кино дуусах мөчид өөрт байгаа цаг хугацаандаа өөрийн эрхгүй талархмаар байдалд хүргэж чадна.

 

#Кино урлаг