Амьдралыг тань өөрчлөх 10 чухал зуршил


Амжилтын оргилд хүрсэн хүмүүс тухайн өндөрлөгт амар замаар хүрдэггүй. Тэд анхаарлаа нэг зүйлд бүрэн төвлөрүүлж, хувийн сахилга батыг чанд сахиж, эрч хүчээ зөв зүйлд хуваарилж сурсан байдаг. Тиймээс та ч мөн амжилтад хүрэхийг хүсвэл хуучин буруу зуршлуудтайгаа бүү зууралд. Одоогийнхоосоо илүү аз жаргалтай, үр бүтээмжтэй амьдрахын тулд дараах энгийн бөгөөд зайлшгүй шаардлагатай зуршлуудыг өөртөө хэвшүүлээрэй. 

ӨГЛӨӨНИЙ ДАДЛЫГ БИЙ БОЛГО

Өглөө сэрээд та хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Хичээл сургуульдаа явах цагаа тулгаж босоод цайгаа ч уухаа мартаад гараад явдаг юм биш биз? Тухайн өдөр хэрхэн үргэлжлэх нь өглөөг яаж эхлүүлэхээс ихээхэн хамаардаг. Таныг идэвхжүүлж, урам зориг дүүрэн болгох зан үйлийг олоорой. Жишээ нь: Өглөөний цай уух, иог, дасгал хөдөлгөөн хийх, гадаа гарч гүйх, хөгжим сонсонгоо хувцаслах гэх мэт. Алдсан цагаа нөхөх гэж бүх зүйлийг яарч хийхийн оронд эрт босч, аливаа зүйлийг зохион байгуулалттайгаар хийх нь стресс, дарамт зэргийг бууруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, аз жаргалтай байхад тань туслах болно.

80/20 ДҮРМИЙГ ДАГААРАЙ

Паретогийн зарчим буюу 80/20 дүрэм нь аливаа ажлын 20 хувийг чанартай хийж гүйцэтгэснээр 80 хувийн үр дүн өгдөг гэсэн утгатай. Та өдөрт хийх зүйлсийнхэ жагсаалт, төлөвлөгөөг гаргасныхаа дараа хамгийн чухал буюу хамгийн их үр дүн өгөх цөөн хэдэн ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Улмаар гүйцэтгэх ёстой ажлын ихэнх хувийг биелүүлсэн хэмээн үзэж болно. 20%-д л цагаа сайн төлөвлөн хуваарилж, бусад зүйлд сатаарахгүйгээр төвлөрч чадвал 80%-г нь төвөггүйхэн гүйцэтгэх болно. 

УНШ УНШ БАС ДАХИН УНШ

Ном уншсанаар арвин их мэдлэгийг хуримтлуулаад зогсохгүй бүтээлч сэтгэлгээгээ ч хөгжүүлэх боломжтой. Номын ертөнцөөр аялах нь яг л бясалгал хийхтэй адил таныг тайвшруулж, анхаарал төвлөрөлтийг тань нэмэгдүүлнэ. Ертөнцийг харах өнцгийг тэлж, шинэ санаа өгч, сэдэлжүүлдэг гээд олон давуу талтай. Мөн бид номноос уншсан бодит амьдралын жишээгээр дамжуулан аливаа хүнд хэцүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө ч авдаг шүү дээ. 

АЖЛУУДАА НЭГ НЭГЭЭР НЬ ГҮЙЦЭТГЭ

Дэлхийн нийт хүн амын ердөө 2% нь л олон ажлыг нэгэн зэрэг, амжилттайгаар гүйцэтгэж чаддаг байна. Стэнфордын их сургуулиас хийсэн судалгаагаар тархины олон талт үйл ажиллагаа нь ажлын бүтээмж болон анхаарал төвлөрөлтийг бууруулж, танин мэдэхүйн хяналтыг сулруулах хандлагатай байдаг. Тиймээс та үнэхээр л тухайн 2%-д багтах нэгэн биш л бол нэг дор нэг ажлаа хийж, тодорхой зүйлд л анхаарлаа төвлөрүүлэх нь ашигтай гэсэн үг. Өдөрт хийх зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Жагсаалтаа гаргахдаа хамгийн чухлаас нь эхлээд жагсаан бичээрэй. 

ТАЛАРХАЖ СУР

Францын зохиолч Жан-Батист Альфоне Карр "Сарнайн бут өөрийгөө өргөстэй хэмээн гомдоллодог байхад өргөс нь сарнайтай учраас баярладаг" хэмээн өгүүлсэн байдаг. Тиймээс та "өргөс" шиг өөрт байгаа зүйлдээ үргэлжид талархаж яваарай. Энэ нь сэтгэл санаа болон бие махбодын хувьд ч эерэг нөлөө үзүүлэх давуу талтай. Зүгээр л эрүүл энх байгаадаа, элэг бүтэн байгаадаа, хичээл сургуультай байгаадаа таларх. 

Энэхүү зуршлыг өөрт суулгах хамгийн үр дүнтэй арга нь тэмдэглэлийн дэвтэр дээр талархмаар байгаа зүйлсээ жагсаан бичих юм. Дараа нь хэзээ нэгэн цагт гутарсан үедээ тэмдэглэлийн дэвтрээ эргүүлэн нэг харж, түүнээсээ урам авах боломжтой. Хорвоо ертөнц дээр талархах зүйл сая саяараа бий. Жижиг гэлтгүй бүхий л зүйлд баярлаж, талархаж яваарай. 

ЭЕРЭГ ХҮМҮҮСЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛ 

Аз жаргал бол халдварт өвчин л гэсэн үг. Америкийн зохиолч, бизнесмен Жим Рох "Та бол таны хамгийн их цаг заваа зарцуулдаг таван хүний дундаж нь юм” гэж хэлсэн байдаг. Иймд та өөрийн үнэт цагаа ямар хүмүүстэй өнгөрөөж байна вэ гэдгээ сайтар эргэцүүлээрэй. Таны эргэн тойронд таныг цаг үргэлж хоргоож, доош нь татдаг найз байдаг юм биш биз? Тийм бол та тэдэнтэй хамт байснаараа өөрийгөө "хордуулж" байна гэсэн үг шүү. Аз жаргалыг хэрхэн бий болгох, хэрхэн мэдрэх, хэрхэн хуваалцах талаар мэддэг хүмүүстэй цагийг хамт өнгөрүүлэх нь таны амьдралд төсөөлж ч барамгүй эерэг нөлөө үзүүлдэг юм шүү. 

ДАСГАЛ ХИЙХ ЦАГ ГАРГА

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр бие махбодын эрүүл мэнд сайжирч, тэсвэр тэвчээр сууж, эрч хүч нэмэгддэг. Сэтгэл санаа ч хөнгөрөөд явчихдаг. Дасгал хөдөлгөөн хийхэд өөр шалтгаан хэрэггүй биз дээ? За алив ээ, босоод хэдхэн хормыг өөртөө зарцуулчих. 

СОНСОХ УРЛАГТ СУРАЛЦ

Хувийн болон албаны харилцааг хөгжүүлэхэд бусдыгаа сонсох чадвартай байх нь хамгийн чухал. Сонсох чадвар хэдий энгийн ч гэлээ асар их тэвчээр шаардах тохиолдол бий. Гэвч барагтай л бол үг дуугардаггүй ноомой нэгэн, эсвэл тасралтгүй "чалчдаг" яриа нэгэн байсан ч тэр хүн ярьж л байгаа тохиолдолд та анхаарлаа хандуулах л хэрэгтэй. Энэ нь тухайн хүнээ хүндэтгэж буйн илрэл юм. Зөвхөн сонсоод ч зогсохгүй биеийн илэрхийлэмжийг нь ч мөн "уншиж" сураарай. 

ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС ХӨНДИЙР

Дижитал ертөнц бидний амьдралын бүхий л цаг мөчид хамт байх болсон. Нэг хүн дунджаар 5 сошиал хаягтай байдаг бөгөөд өдөр бүр дор хаяж 1 цаг 40 минутыг түүндээ зарцуулдаг гэсэн тоо баримт бий. Судалгаагаар олон нийтийн сүлжээн дээр хэдий чинээ их цаг хугацааг өнгөрөөх тусам сэтгэлийн хямралд өртөх магадлал төдий чинээ өндөр байдаг. Стрессээ бууруулахын тулд сошиал ертөнцийн хэрэглээгээ багасгаж өөртөө цаг гарга. Өөрийнхөө сэтгэл санааг тогтворжуулж, хүрээлэн буй ертөнцтэйгөө  холбогдож, амьд харилцааг эрхэмлэн өдөрт хэдхэн цаг утас, зөөврийн компьютерээсээ холдоорой. 

ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА

Өөртөө анхаарал хандуулж хэсэг хугацаанд амрах нь сэтгэцийн эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх гайхамшгийг бүтээдэг. Өөртөө зориулж өдөр бүр  нэг зүйлийг хий. Сайхан хөгжим сонс, шинэ ур чадварт суралц, хөөстэй ваннд хэвт, сайхан хоол хийж ид. Өөрийгөө урамшуулж амьд байгаа гэдгээ хором мөч бүрээс мэдэр.

Эдгээр зуршлыг хөгжүүлэхийн тулд тууштай, тэвчээртэй байх зэрэг байнгын хүчин чармайлт шаарддаг. Магадгүй хэдэн долоо хоног эсвэл 1 жилээс илүү хугацаа шаардагдах байх. Хэрвээ та бууж өгөлгүйгээр энэхүү зуршлаа үргэлжлүүлсээр байвал хэр их хугацаа шаардагдахаас үл хамааран амьдралд тань гайхалтай өөрчлөлтүүд ирэх болно. 

#success #зөвлөгөө