Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноор А. Одонтуяаг урьж оролцууллаа. НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо /НҮБ-ын ЗЗХ/-ны гишүүн, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль /СЭЗИС/-ийн 2-р курсийн оюутан тэрээр өөрийн зорилго, алсын хараа, амжилтад хүрсэн түүх зэрэг сонирхолтой зүйлсийг бидэнтэй хуваалцлаа. Ингээд бидний хийсэн бяцхан бөгөөд танд хангалттай их урам зориг өгөхүйц ярилцлагыг хүлээн авна уу.
YOLO: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Одонтуяа гэдэг. Би Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд нягтлан бодогчийн чиглэлээр суралцдаг. 2-р курсийн оюутан. Мөн НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн.
YOLO: НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны талаар бидэнд сонирхуулбал?
Цөөн үгээр тайлбарлавал НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо /НҮБ-ын ЗЗХ/ нь НҮБ болон Монголын залуучуудын хорооны хоорондын гүүр гэж хэлж болно. Манай хороо нийт 13 гишүүнтэй бөгөөд гишүүн бүр аль нэгэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, их сургуулиудыг төлөөлдөг. Мөн НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд залуучуудын санал бодол, дуу хоолойг хүргэж, НҮБ-аас залуучуудад хэлмээр байгаа, хэрэгжүүлмээр байгаа үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.
YOLO: Залуучуудын дуу хоолой болж ажиллах нь хэр ач холбогдолтой байдаг вэ?
Залуусын дуу хоолой одоогийн нийгэмд хамгийн дутагдаж байгаа зүйлсийн нэг. Манай улсын гурван хүн тутмын нэг нь 34-өөс доош насны залуу хүн байдаг гэсэн судалгаа бий. “Бид өнөөдөр Монгол улсын нийт хүн амын гуравны нэг ч гэлээ ирээдүйн 100% юм” гэдэг үг надад их үнэн санагддаг. Өнөөдрийн яригдаж байгаа бүхий л асуудал, шийдвэрүүд бидний ирээдүйн төлөө л яригдаж байгаа. Бид нарын ирээдүйн амьдралын талаар ярьж байхад бид яагаад чимээгүй сууна гэж? Одоогийн энэ олон буруу шийдвэрийн хор уршгийг өнөөдөр шийдвэр гаргаж байгаа эрх мэдэлтнүүд бус бид л амсана шүү дээ. Зөв шийдвэр гаргавал тэд биш, бид л хожно. Иймээс залуучуудын дуу хоолой асар хүчтэй бас чухал. Тиймдээ ч залуусыг төлөөлнө гэдэг нь нэг талаасаа маш чухал ач холбогдолтой боловч нөгөө талаасаа их хариуцлагыг хүлээдэг.
YOLO: Таны хувьд өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх боломж олдож байсан уу?
Надад Монгол улсын өсвөр насны охидын төлөө олон улсад хоёр ч удаа дуу хоолойгоо хүргэх боломж олдож байсанд баяртай байдаг. Өнгөрсөн зун Канадын Ванкувер хотод болсон “Women Deliver 2019” хэмээх жендэрийн тэгш эрх, охид эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөөх дэлхийн хамгийн том хуралд өөрийн судалгаагаа дижитал постер хэлбэрээр үзүүлэх боломж олдсон юм. Канадын ерөнхий сайд Жастин Трьюдогийн ивээл доор зохион байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, олон улсын парламентын төлөөлөгчид, хүний эрхийн идэвхтнүүд, судлаач сэтгүүлч нар зэрэг 6000-7000 оролцогчтой энэхүү дэлхийн хэмжээний том чуулганд нийт 500 гаруй судалгаанаас миний судалгааны ажил шалгарсанд би их баяртай байдаг.
YOLO: Судалгааны сэдэв нь юуны талаар байсан бэ?
Өсвөр насны охидын өөрийгөө гэмтээх болон амиа хорлох сэдлийн талаарх судалгаа байсан. Хүмүүст судалгааныхаа нэрийг хэлэхэд "Муу амтай юм. Яасан сөрөг сэдэв бэ" гэх мэтээр шүүмжилдэг. Гэхдээ энэ бол муугийн ёр гээд тойроод гарах сэдэв биш. Би ахлах сургуульд дотуур байранд амьдардаг байхдаа найзынхаа шуун дээр маш олон нарийхан, жижигхэн сорви байхыг санаандгүй харчихсан. Түүнээс хойш энэ нь надад их эмзэг сэдэв шиг санагдаад судалж үзэхэд охидын дунд маш түгээмэл байдаг гэдгийг олж мэдсэн. Судалгааны маань дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдсан 300 охины 50% нь амиа хорлох талаар нухацтай бодож байсан буюу төлөвлөж байсан гэдэг тоо гарахад аймшигтай санагдсан. Нухацтай бодож, төлөвлөж байсан гэдэг нь илүү ноцтой асуудал болж байгаа юм.
YOLO: Энэхүү чуулганд оролцоход ямар бэрхшээл тулгарав?
Яг үнэнийг хэлэхэд би өөрийн биеэр очиж, судалгаагаа танилцуулж чадаагүй. Хамгийн түрүүнд аюулгүй байдал болон санхүүгийн бэрхшээлүүд тулгарсан. Тэр үед дөнгөж 18 нас хүрч байсан болохоор огт танихгүй хотод ганцаараа очоод аюулгүй байдлаа бүрэн хангая гэвэл унаа тээвэр, зочид буудал, нислэг гэх зэргээр зардал ихтэй байсан. Гэсэн хэдий ч ийм том боломжийг алдахыг хүсээгүй тул маш олон төрийн болон олон улсын байгууллагуудад очиж санхүүгийн тусламж хүссэн. Хэдийгээр надад мөнгөн тусламж үзүүлээгүй ч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны С. Чинзориг сайд болон Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т. Энхбаяр нар олон улсын байгууллагуудад цохолт хийж, миний хүсэл зоригийг уламжилж өгсөнд би их баяртай байдаг. Ер нь бол очиж уулзсан бүх л газрууд маш эелдгээр хүлээж авч, урмын үг ч олныг хэлж байсан. Гэхдээ санхүүгийн байдал нийгмийн аль ч түвшинд хэцүүхэн асуудал байдаг бололтой. /Инээв/
YOLO: Уг чуулганд өөрийн биеэр очиж чадаагүйдээ харамсдаг уу?
Үгүй, өөрийн биеэр очиж чадаагүй ч миний дуу хоолой тэнд хүрсэн. Би өөрөө аюулгүй байдлаа бодсон ч тэр, гэр бүлийнхээ төсөв мөнгийг бодсон ч тэр яваагүйдээ харамсдаггүй. Харин ч дөнгөж 1-р курст байхдаа олон төрийн болон олон улсын байгууллагуудын өндөр албан тушаалтай дарга нартай уулзаж, өргөдөл гарган бичиг баримт бүрдүүлж, өөрийнхөө санал бодлыг илэрхийлэн зорилгынхоо төлөө явахдаа их туршлага хуримтлуулж чадсан юм шиг санагддаг. Гэвч дараа дараагийн удаад надаас өөр хэн нэгэнд ийм боломж олдсон ч, надтай адилхан асуудлаас болж түүнийгээ алдахад хүрвэл надад тун харамсалтай байх болно. Хэдийгээр төр засгийн зүгээс залуучуудыг маш их дэмжиж ажилладаг боловч илүү бодитойгоор дэмжиж өгч байгаасай гэж хүсч байна.
YOLO: Саяхан Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар сургалт хийж байсан. Залуучууд хэр хүлээж авч байна вэ?
Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар, түүнд өөрсдийн хувь нэмрийг оруулах талаар “Тогтвортой хөгжил ба залуус” сургалтыг НҮБ-ын ЗЗХ болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран их дээд сургуулиудаар зохион байгуулж байгаа. Одоогоор СЭЗИС, МУБИС болон МУИС-д нийт 600 гаруй оюутанг хамруулж, сургалтаа амжилттай зохион байгуулсан. Цаашдаа АШУҮИС, ШУТИС болон ХИС-д зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт хийж байх явцад залуучууд маш их эерэгээр хүлээж авч байсан. Яг үнэндээ ихэнх оюутнууд өөрсдийн хүслээрээ биш ямар нэгэн ятгалгаар тэр тэнхимд ирсэн ч гарахдаа бүгд хүрч ирсэндээ сэтгэл хангалуун байсан гэж бодож байна. Үүгээр ч зогсохгүй ийм төрлийн сургалтууд уйтгартай сонсогддог ч яг үнэндээ их ач холбогдолтой, бас тийм ч уйтгартай биш гэдгийг ойлгосон гэж найдаж байна. Сургалтад хамрагдсан болон бусад сонирхсон залуучуудтайгаа “Залуус ба тогтвортой хөгжил” Фейсбүүк группд нэгдэж, цаашдаа энд олон идэвхжүүлэх болон мэдээлэл солилцох үйл ажиллагаанууд явуулахаар төлөвлөж байгаа. Манай уншигч нар ч гэсэн сонирхож байвал нээлттэй шүү дээ.
YOLO: Ер нь залуучуудын дуу хоолой гэлтгүй оролцоо хэр чухал байдаг вэ? Залуучууд хэр идэвхтэй байдаг вэ?
Ер нь олон нийтийн сүлжээгээр ажиглагддаг нэг хандлага байдаг л даа.“ Монгол утаатай, түгжрэлтэй, ядууралтай, Монголоос л явж байвал хаашаа ч явсан яах вэ” гэх сэтгэгдлүүдтэй та бүхэн ч гэсэн олон таарсан байх. Үнэндээ одоо нийгэмд тулгарч буй асуудлуудыг өөрчилж чадах хүмүүс нь бид өөрсдөө. Гэтэл үүнд томчуудыг буруутгаад, гадаад улс руу гарахын хүслэн болж байгаа нь жаахан харамсалтай. Сонгууль боллоо, энд тэнд залуучуудад хэрэгтэй хурал цуглаан боллоо, яг үнэндээ залуучууд түүнчлэн идэвхтэй оролцоод байдаггүй. Өмнө нь хэлсэнчлэн бид Монголын хүн амын гуравны нэг, ирээдүйн зуун хувь, бид л ирээдүйг өөрчилнө шүү дээ.
YOLO: Их завгүй ажилладаг юм шиг санагдлаа. Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
Миний хобби үе үе жаахан өөрчлөгдөж байдаг л даа. Дунд, ахлах ангид байхдаа өгүүллэг бичих, хоол хийх, бялуу хийх их дуртай байсан. Энэ зун газрын теннис тоглож үзээд их гоё санагдсан. Бас фитнесс, бассейнд явсан юм байна. Би спортын хүн огт биш л дээ. Гэхдээ ингээд ярьсан чинь би биш юм шиг л сонсогдож байна шүү. /Инээв/ Ер нь бол дуу сонсох, кино үзэх, тэмдэглэл хөтлөх, ном унших, ууланд гарах, зураг авах гэх мэтчилэн олон зүйл хийх дуртай.
YOLO: Тэгвэл ирээдүй болсон өсвөр үе, залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Залуучууд бидний дуу хоолой маш чухал үүрэгтэй. Бидний ирээдүй одоо тулгарч байгаа бүхий л асуудлууд, тэднийг шийдэж байгаа шийдлүүдээс шалтгаална. Тиймээс бид "Энэ бол томчуудын л ярих ёстой зүйл, надад хамаагүй" гэж бодохын оронд "Миний ирээдүй, миний амьдрал" гэсэн өнцгөөс хандаж байгаасай, илүү идэвхтэй байж, дуу хоолойгоо сайн өргөөсэй гэж хүсч байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та бүхэнд ч бас баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх