Ч.Золзаяа: Хэлний оноогүй ч тэтгэлэгт хамрагдах боломжтой


Харвардын их сургуулийн 15 алтан дүрэмд “Чиний ирээдүйн цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаарна” гэсэн байдаг. Бидний зарим нь хичээл зүтгэлийнхээ үр дүнг үнэлүүлж боловсрол хэмээх үнэт зүйлийг үнэ төлбөргүйгээр олж авах боломжоос атган авч чаддаг. Тэгвэл "тэтгэлэг" гэх энэхүү зүйлийн үр шимийг хүртэн, амьдралдаа бодитоор хэрэгжүүлж буй нэгэн бүсгүйг бид энэ удаагийн ярилцлагын буландаа урьж оролцууллаа. Ингээд “Youth Opportunities” байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, тус сангийн Төв Азийн үйл ажиллагааг хариуцсан зохицуулагч, "Mompreneur Z" нэгдлийн үүсгэн байгуулагч, Фламинго охидын салоны хамтран үүсгэн байгуулагч Ч.Золзаяатай өрнүүлсэн ярилцлагыг хүлээн авна уу. 


YOLO: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та дан ганц боловсролын ч гэлтгүй өөр салбаруудад ч ажилладаг шүү дээ. Түүний нэг нь гоо сайхны салбар. Багадаа ирээдүйд иймэрхүү мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байв уу?

- Хүүхэд байхдаа мөрдөгчтэй кино их үздэг байсан. Тийм болохоор мөрдөгч юм уу цагдаа болно доо гэж боддог байлаа. Гэтэл шал өөр мэргэжлээр буюу MIU дээд сургуулийг Бизнесийн удирдлага чиглэлээр 2009 онд суралцаж төгсөөд,  2011 онд Удирдлагын академид магистрийн зэргээ авсан. Одоо давхар мэргэжлийнхээ дагуу гарааны бизнесээ эхлүүлэн “Фламинго” охидын гоо сайхны төвийг ажиллуулж байна. 

YOLOНийт ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан бэ? 

- Анх 2017 онд АНУ-д "IVLP Women Entrepreneurship" хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамрагдаж дэлхийн 50 орны манлайлагч эмэгтэйчүүдтэй танилцаж байсан. Удалгүй 2018 онд Тайланд улсад зохион байгуулагдсан “APYLE” залуу манлайлагчдын хуралд хагас тэтгэлэгтэйгээр сонгогдон оролцсон. Өнгөрсөн жил "Commonwealth 100 Leadership" онлайн хөтөлбөрт хамрагдаж дэлхийн 109 орны залуучуудтай онлайнаар суралцан, өөрийгөө хөгжүүлэх боломж олдсон. Энэ жилийн хувьд "Wedu star Women leadership program 2020"-д онлайнаар 67 орны эмэгтэйчүүдтэй хамт суралцаж байна. 


YOLOТа “Women Entrepreneurship” хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр оролцож байсан гэлээ. Анх энэ хөтөлбөрийн талаарх мэдээллийг хаанаас авч, хэрхэн бүртгүүлсэн бэ? Ер нь тэтгэлгүүдийнхээ талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

- Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр ба тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын яам намайг “IVLP Women Entrepreneurship” хөтөлбөрт нэр дэвшүүлсэн байсан. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг сайжруулах, гэртээ суугаа ээжүүдийг чадавхжуулах, урам зориг өгөх зорилгын хүрээнд хийсэн ажил, идэвх зүтгэл, хүчин чармайлтыг минь үнэлж дэвшүүлснээр би тус хөтөлбөрийн тэтгэлгийг хүртэж чадсан. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн ачаар олон орны эмэгтэйчүүдтэй танилцаж, шинэ мэдлэг хуримтлуулж, өөртөө үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ маш олон боломжууд байдгийг мэдэж авсан. Харин бусад тэтгэлгүүдийн талаарх мэдээллийг www.youthop.com сайт болон Youth Opportunities Mongolia группээс үнэ төлбөргүй авдаг. 


YOLOГадаадад ч бай дотоодод ч бай өөрийн хичээл зүтгэлээр сургалтын төлбөрөө олоод суралцаж байгаа залуус байдаг. Тэтгэлгээр суралцаж байгаа оюутан залуус ч бий. Энэ хоёрын хооронд чанарын ялгаа хэр их вэ?

- Хамгийн түрүүнд санхүүгийн хувьд маш том ялгаатай. Өөрөө төлбөрөө төлнө гэдэг бол хөдөлмөр, хичээл зүтгэл. Тэтгэлгээр суралцаж буй хүнд ч бас түүнийг хүртэхийн тулд мөн л хөдөлмөрлөх шаардлага гарна. Аль аль нь л зорьж, сонгоод явж хийж байгаа учраас муу, сайн гэх зүйл байхгүй. Хамгийн гол нь суралцаж байх хугацаандаа боломжуудыг тултал ашиглаж, идэвхтэй байх нь чухал. Бүх хүнтэй нээлттэй харилцаж, нийгмийн идэвхтэй байж, эргээд харилцаа холбоотой байх нөхцөл бүрдэнэ. Мөн урт хугацааны болон богино хугацааны тэтгэлэг аль нь ч бай тухайн хүнд үзэл бодол, хувь хүний хөгжилд том үсрэлтийг хийх боломжийг өгөхөөс гадна олон улсын найз нөхөдтэй болох, орчин үеийн шинэ мэдлэг мэдээлэл авах, өөр улсын соёлтой танилцах, эргээд төгсөгчдийн холбоогоороо дамжуулан холбогдох гээд олон давуу талыг бий болгодог гэж хэлмээр байна.

YOLOТа эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг сайжруулах, урам зориг өгөх зорилгын хүрээнд хийсэн ажил, идэвх зүтгэлийнхээ үр дүнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж мөн эмэгтэйчүүдтэй холбоотой ажил хийж байна шүү дээ. Тэгвэл охид эмэгтэйчүүдэд зориулсан ширээний ном эсвэл уншиж үзээсэй гэж хүсэж буй номоо санал болгооч?

- Номоо англи хэл дээр уншвал ер нь их ашиг тустай. Миний зүгээс та бүхэнд Michelle Obama-гийн “Becoming” болон Sue Hawkes-ийн “Chasing” гэсэн номуудыг санал болгож байна. 


YOLOЕр нь оюутан байхдаа ямархуу оюутан байсан бэ? Идэвхтэй, завгүй, хүмүүстэй их харилцдаг гээд одоо байгаагаасаа хэр өөр байв?

- Оюутан байхдаа ер нь одоо байгаагаасаа ч илүү их идэвхтэй оюутан байсан. Юм юм л хийж, оролдож үздэг сониуч байж. Сургуулийн бүх үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх хэлний курс, жолооны курс, сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах гээд их л завгүй байдаг байсан. Хүүхэдтэй болсноосоо хойш бүр их зүйлийг амжуулж олон зүйлийг зэрэг амжуулахад суралцаж байна. 

YOLOАнх яагаад “Youth Opportunities” байгууллагын монгол дахь албан ёсны төлөөлөгч болохоор шийдсэн бэ? Ер нь энэхүү байгууллага нь ямархуу төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ? Байгууллагынхаа талаар болон энэхүү байгууллагатай хэрхэн холбогдож байсан түүхээсээ хуваалцаач. 

- Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж үзээд, тэтгэлэг гэдэг зүйлийн амтанд орчихсон юм. Байнга л хаана шинэ тэтгэлэг байна гэж эрэлхийлж суудаг. Тэгтэл “Youth Opportunities” байгууллагаас “Country Ambassador” буюу албан ёсны улсуудын суурин төлөөлөгч сонгон шалгаруулалт зарласныг олж харсан. Дэлхийн 115 оронд салбартай болох гэж байгаа гэдгийг мэдээд анкетаа илгээсэн юм. Удалгүй эхний шатандаа тэнцсэний дараа хоёр дахь шатандаа skype-аар шууд ярилцлагад орсон. Тэр үед маш их сандарч, догдолж байсан. Яг ярилцлагаа хийж байтал хажууд хүүхэд маань уйлаад жаахан тэвдэж байсан шүү. Гэтэл түүнээс долоо хоногийн дараа сонгогдсон гэсэн хариу хүлээн авснаар Монгол улс дахь суурин төлөөлөгч нь болсон юм. Манай байгууллагын хувьд богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн бусад арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг нэг дор багтаасан платформ юм. Тэтгэлэг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй дэлхий дээр байгаа хамгийн том мэдээллийн сан гэж хэлж болно. 


YOLOМонгол дахь суурин төлөөлөгч байж байгаад энэ жилээс Азийг хариуцсан суурин төлөөлөгч болсон гэсэн шүү дээ. Танд баяр хүргэе. Урьд нь улсаа хариуцдаг байж байгаад одоо бүхэл бүтэн тивийг хариуцдаг болсон болохоор ямархуу хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ? 

- Урьд нь зөвхөн нэг л улс хариуцдаг байсан бол одоо төв Азийн 8 оронг хариуцаж ажиллах болсон. Миний бодлоор улс орнуудын соёлын ялгаа маш их анзаарагдаж байна. Түүнд дасан зохицох чадвар илүү их шаардах болсон гэсэн үг. Зарим улсын хэл, ярианы онцлог үгийн ялгаа төсөөлснөөс өөр юм шиг санагдсан. Маш олон асуулт асуудаг учраас тэдгээрт асуултуудад хариулахын тулд сайтар ойлгож, зөв мэдээлэл хүргэхийг хичээж ажилладаг. Онлайнаар бүх үйл ажиллагаа маань явагдаж, олон орны хүмүүстэй ажиллаж байгаа болохоор цагийн зөрүүг зохицуулах, төрөл бүрийн онлайн платформуудтай ажиллах хэрэгцээ гарч байгаа. 

YOLOУншигчид маань ийм чадварлаг эмэгтэй энэ олон ажлыг хэрхэн амжуулж, зохицуулдаг бол хэмээн сонирхож байгаа байх. Та цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ? Утасны апп ашиглах дуртай юу эсвэл төлөвлөж бичих дуртай юу?

- Би бичих дуртай. Цаасан дээр буусан бүхэн үйлдэл болж биелдэг гэж боддог. Өдрийн амжуулах ёстой ажлуудаа дэвтэртээ төлөвлөж жагсааж бичээд, хийж дууссаныхаа дараа зөвлөөд юм уу дараад явдаг. Амаар ярьсан зүйлс, эсвэл толгой дотроо бодсон бүхэн хэзээ ч бодит болдоггүй гэдэгт итгэдэг. 


YOLOГэрээс гарах боломжгүй болсон энэ цаг үед хүүхэд залуус цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж, гэртээ юу хийгээсэй гэж зөвлөмөөр байна?

- Энэ хугацааг маш үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх хэрэгтэй. Цаашид тэтгэлгээр суралцъя гэж төлөвлөж байгаа бол одоо л хэлний чадвараа сайжруулж, оюундаа хөрөнгө оруулалт хийх цаг. Гадаадын томоохон их дээд сургуулиуд болон өөр олон газрууд үнэ төлбөргүй онлайн сургалтууд зарласан байна лээ. Тэндээс хичээл үзэж болно. Бүх юм онлайн хэлбэрээр явагдаж эхэлсэн болохоор тэтгэлэгт хөтөлбөрүүд ч бас цаг үеэ даган онлайн хэлбэрт шилжиж байна. Онлайн хөтөлбөрүүд цар хүрээгээ тэлж олон залуусыг хамруулах эрмэлзэлтэй байгаа болохоор эсрэгээрээ бидэнд гэрээсээ мош олон онлайн хөтөлбөрүүдэд хамрагдаж гэрчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.  Иймд Youth Opportunities Mongolia группээс хэрэгцээт мэдээллээ авч өөрт тохирсон хөтөлбөрүүдэд хамрагдаасай гэж зөвлөмөөр байна. 

YOLOМэдээж тан шиг завгүй, хийсэн юмтай амьдрахын тулд зөв амьдралын дадлыг хэвшүүлэх шаардлагатай байх. Бидний энэхүү ярилцлагыг уншиж буй залуустаа хандан өдөр тутмын амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгвөл? 

- Өглөө гэрийнхнээсээ түрүүлж босоод тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөх, хийж дуусгаагүй ажлаа дуусгах, мөн өөртөө цаг гаргах дээр анхаардаг. Орчуулгын ном гаргах гэж байгаа болохоор өглөө бүр эртлэн босоод номоо орчуулсаар байгаад саяхан л орчуулж дууссан. Одоо хэвлэлтэд орох гэж байгаа. Тэр хугацаа бол миний хувьд хамгийн их зүйл амжуулдаг зуршил болсон дадал юм. Хүн бүрд өөр өөрийн арга барил байдаг. Харин түүнийгээ олон удаа туршиж байж мэдэж аваад өөртөө дадал болговол зүгээр гэж боддог. 


YOLO: "Youth Opportunities" байгууллагын Ази тивийг хариуцсан суурин төлөөлөгч, "Momprenuer Z" нэгдлийн үүсгэн байгуулагч, Фламинго төвийн Үйл ажиллагаа хариуцсан захирал зэрэг олон олон ажлыг амжуулахад чадварлаг баг хамт олон их чухал нөлөөтэй байдаг байх. Баг хамт олноо хэрхэн бүрдүүлж байсан бэ? Энэ тал дээр хэрхэн туршлагажсан бэ? 

- Тийм шүү. Баг хамт олон маш чухал. "Youth Opportunites Mongolia" байгууллагын хувьд өнгөрсөн жил ЕБС болон Их дээд сургуулиудын төлөөлөл болсон 42 кампус төлөөлөгчдийн сонгон шалгаруулалт хийсэн. Дэлхий дүүрэн боломжууд үнэ төлбөргүй байгааг түгээн дэлгэрүүлэхээр нэг баг болон ажиллаж байна. Энэ жилийн "YOIS - 2020" тэтгэлэгт хөтөлбөрийн олон улсын онлайн арга хэмжээг эдгээр залуус маань маш хариуцлагатайгаар хариуцан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Хоорондоо нөхөрлөж, суралцаж, илтгэл тавьж, ярилцлага өгч сурч байгаагаас гадна албан ёсны сайн дураар ажилласан гэрчилгээ, шаардлагатай бол тодорхойлох захидал хүртэл авах боломжтой. Нэмж дуулгахад 2020 оны төлөөлөгчийн сонгон шалгаруулалт энэхүү арга хэмжээний дараа зарлагдана шүү. 


YOLOӨнөө үед аль ч салбарын мэргэжилтэн болохын тулд гадаад хэлний чадвараа сайтар хөгжүүлсэн байх шаардлагатай болжээ. Та өөрийн хэл сурсан туршлагаасаа хуваалцвал?

- Миний төгссөн дээд сургууль хичээлүүдээ англи хэл дээр ордог байсан болохоор англи хэлээ дажгүй сайн сурсан. Бас богино хугацааны болон онлайн тэтгэлэгт хөтөлбөрүүд бол англи хэлээ сайжруулах, сэргээхэд хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Залуучууд маань урт хугацааны бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгүүдээс өмнө богино хугацааны, хэлний оноо шаардахгүй тэтгэлгүүдэд хүч үзэж олон талын давуу талуудыг мэдэж аваасай гэж хүсэж байна. Хэлний мэдлэг сайжрахаас гадна дараагийн урт хугацааны тэтгэлэгт хамрагдахад маш том түлхэц болж өгдөг. Жил бүр дэлхийн олон орноос төрөл бүрийн форум, семинар, сургалт, солилцооны хөтөлбөр, сайн дурын ажил, цалинтай дадлага, олон улсын залуучуудын зуслан гэх мэт оноо шаардахгүй аялангаа суралцах, найз нөхөдтэй болох хагас болон бүтэн тэтгэлэгт хөтөлбөрүүд маш их зарлагддаг.


YOLOИнгээд ярилцлага маань өндөрлөж байна. Гадаад болон дотоодын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй байгаа уншигчдад маань хандаж зөвлөгөө өгөөч? Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Сурагч болон оюутнуудад зориулсан тэтгэлгүүд хамгийн их зарлагддаг тул залуучууд маань сурч байх хугацаандаа эдгээр тэтгэлгүүдэд хамрагдаж, материалаа явуулж үзэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дотоодын чанартай хөтөлбөрүүд ч бас нэлээдгүй зарлагддаг болсон. Тийм учраас дотоодын тэтгэлэгүүддээ эхэлж хамрагдан туршлага суугаад өвөл, зуны амралтаараа богино хугацааны олон улсын тэтгэлэгт ямар нэг зуучлалын байгууллагын дэмжлэггүйгээр манай сайт, группээс мэдээллээ аваад бүртгүүлээд явах бүрэн боломжтой. Хэлний оноогүй ч маш олон тэтгэлэгт хамрагдах боломжтой. Харин үүний дараа дээрх хуримтлуулсан туршлага, мэдлэг, зорилгодоо үндэслээд олон улсын, урт хугацааны тэтгэлэгт хамрагдвал сонгогдох магадлал их. 

Мөн урт хугацааны тэтгэлэгт хамрагдахыг зорьж байгаа бол зорилгоо маш сайн тодорхойлж өөрийнхөө дотоод ертөнцийг сайтар ухаж ойлгох хэрэгтэй. Мөн суралцах улсаа сонгоод, сайн судалгаа хийж үзээд чиний мэргэжил, ирээдүйн карьерт аль нь тохиромжтой байна гэдгийг судлах нь зүйтэй. Залуучуудын гаргаж байгаа нийтлэг алдаа бол цагийг нь тулгах байдаг. Хэрэв урт хугацааны тэтгэлэгт хамрагдах гэж байгаа бол дор хаяж нэг жилийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. Харин богино хугацааны тэтгэлэг бол нэгээс хоёр сарын хугацаанд бэлдэж явуулахад хангалттай.

YOLOБаярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

#тэтгэлэг #боломж