Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч М.Маралмаа: Төгс эсээнүүд хамгийн энгийн байдаг


О.Дорж | YOLO.MN
2019-04-08

YOIS 2019 арга хэмжээний үеэр бидэнд Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч М.Маралмаатай ярилцлага хийх боломж олдсон билээ. Тэрээр оюутан залуучуудад зориулан тэтгэлэгт материал явуулахад юунд анхаарвал зохимжтой тухай тун үнэтэй зөвлөгөө өгснийг та бүхэн хүлээн авна уу.

YOLOТа бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Би Зориг санд хөтөлбөрийн зохицуулагчаар 3 жил ажиллаж байна. Урьд нь бол маркетингийн чиглэлээр ажиллаж байсан. Харин одоо залуучуудад зориулсан төрийн бус байгууллагад ажиллаж тэдэнтэй хамтран ажиллаж, хөгжихөд нь дэм болдог учраас сэтгэл хангалуун байдаг.

YOLOОюутан залуусын дунд Зориг сангийн тэтгэлэг маш алдартай шүү дээ. Тэтгэлгийн өргөдлийн материал гаргахад тэдний гаргадаг алдаанууд юу юм бол?

1. Цагийг нь тулгах – Жишээлбэл 10-р сарын 1-ний орой 12 цагт хугацаа нь дуусах байлаа гэхэд 11 цаг 59 минутад нийт өргөдлийн тал нь орж ирдэг. Эндээс юу ажиглагдаж байна вэ гэхээр оюутнууд маань цагийг нь маш тулгаж, болно доо гэж явсаар сүүлдээ цагтаа баригдаж сандраад өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Энэ алдаа нь цаашдаа тэнцэх магадлалыг багасгана.

2. Хайнга байдал – Өргөдлийн үг үсэг болгоноос бид тухайн хүний талаар сэтгэгдэл, мэдээллийг авч байдаг. Үг үсгийн алдаатай, эсвэл гар утсаар латинаар бөглөсөн гэх мэт сэтгэл гаргаагүй үйлдлүүд нь тэр хүнийг манай тэтгэлэгт чин үнэнээсээ хамрагдах хүсэлгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Аливаа зүйлд бүрэн сэтгэлээ гаргаж, өөрийгөө 100 хувь илэрхийлж чадахуйц CV, анкетыг явуулж байгаарай

3. Эсээ дээр ажиглагддаг алдаанууд – Ардчилал гэж чиний бодлоор юу вэ? гэсэн асуултад сурах бичиг дээр байдаг онол, тодорхойлолтуудыг хуулаад биччихдэг. Бид чиний бодлоор юу вэ? гэж асууж байгаа тохиолдолд чиний бодол л сонин гэсэн үг. Тухайн хүмүүс эсээний асуултыг уншаад, чамаас юу мэдмээр байгаа тухайн зүйлдээ л хариулж, хамгийн гол нь өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Чиний түүх юу вэ гэдгийг бид тэндээс унших ёстой. Өөрийнхөө түүхийг, өөрийгөө яагаад онцлог вэ гэдгийг бидэнд гаргаж чадахгүй бол бас нэг алдаа болно.

YOLOТэтгэлгийн материал шүүхэд хамгийн сэтгэлд нийцсэн жишээнүүд ямар байдаг вэ?

-Хамгийн төгс жишээнүүд хамгийн энгийн байдаг. Хэтэрхий гоёж чамирхсан, уран цэцэн үгтэй эсээнүүдээс илүү жирийн өөрийнхөө нэг өдрийн тухай ч юм уу, бараг хичээлдээ явсан тухайгаа бичсэн, гэхдээ тэрийгээ өөрийнхөө амьдралтай уялдуулж чадсан тийм эсээнүүд бидэнд хамгийн их үлдэж, тэр хүнийг танихад тусалдаг. Гоё сайхан уран чимэг гэхээс илүү шударга, энгийн, ойлгомжтой байх зарчмыг баримтлах хэрэгтэй

YOLOТэр их өргөдлийг хүлээж авж байгаа арын албаныхан хэрхэн ажилладаг нь бидэнд сонирхолтой байна.

-Цаг дуусаад бид өргөдөл хүлээж авахаа зогсоонгуут утас тасралтгүй дуугарч эхэлдэг. Миний өргөдөл очиж уу? Танай систем чинь гацаад байна гэх мэтээр маш их асуулт ирж, зарим нь бүр загнадаг. 1 сар, 3 долоо хоног нээлттэй байсан гэж хариулдаг. Тэр хугацаанд яагаад явуулж болоогүй юм бэ? Шударга байх үүднээс хугацаа өнгөрсөн бол бид таны материалыг авахгүй гэсэн хариултыг өгдөг. Үүний дараа бид материалаа хувааж аваад, уншаад оноо өгч жагсаадаг. Тухайн хөтөлбөрийн онцлогоос шалтгаалан оноо өгөх систем өөр өөр. Үүнээс хамгийн дээр гарч ирсэн 60-аас 70 оюутан, зарим хөтөлбөрт 100-аас дээш оюутан ярилцлагад дууддаг. Дараа нь эцсийн шийдвэр гардаг.

YOLOТэтгэлэгт ярилцлагын шатанд ямар гол шалгуурыг авч үзэн тухайн оюутныг тэнцүүлдэг юм бол оо?

-Тэтгэлгийн хувьд бол бид санхүүгийн чадварыг харна. Тухайн хүн төлбөрөө өөрөө хийх боломжтой бол бид санхүүгийн тусламж арай хэрэгтэй байгаа хэн нэгэнд нь өгөхийг зорино. Мөн өөрийгөө илэрхийлж буй байдлыг харна. Заавал нээлттэй байх албагүй. Хүн өөрийгөө зөвөөр ойлгуулж чаддаг байх хэрэгтэй. Үүнээс гадна тухайн хүний бичсэн эсээ, материалаас бид дэлгэрүүлэн асууна. Энэ тохиолдолд бичсэн зүйлээ хэрхэн сайн мэдэж байна вэ гэдгийг тодруулна. Ийм шалгууруудыг бид авч үздэг.

YOLOЗориг сангийн хувьд энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулаач.

-Шинээр “Social interprenuership bootcamp” гэдэг шинэ төслийг эхлүүлээд байна. Бизнес эрхлэгчид ихэвчлэн ашиг олох зорилготой байдаг. Харин нийгэмд чиглэсэн ажлуудыг хийх ийм төсөл яагаад Монголд олон байж болдоггүй юм бэ гэж бодсоны үндсэн дээр энэ төслийг эхлүүлсэн. Мөн Залуучуудын ажилгүйдлийг багасгах зорилготой “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж байна. Энэ хөтөлбөрийн хоёр дахь хэсэг эхний үе шатны амжилт, үр дүнг харгалзан үзэж, бид хэр чанартай хөтөлбөр хэрэгжүүлж вэ гэдгээ тооцоолсны дараа дахин зарлагдах эсэх нь шийдэгдэх болно.

YOLOТаны цагийн хуваарь ямар байдаг вэ?

-Ажлын цаг 17 цагт дуусдаг. Харин залуучуудад зориулсан хөтөлбөр маань ажлын бус цагаар бол орой 8, 9 хүртэл ажил дээрээ суух тохиолдол байдаг. Зарим амралтын өдрүүдээр сургалтууд маань орох бол залуучуудаа дагуулаад хөтөлбөрийн зохицуулагч учраас бүх зүйл дээр биечлэн оролцох ёстой байдаг. Тэгэхээр янз бүр хуваарьтай.

YOLOНийт залуучууддаа юу гэж уриалмаар байна.

Үзээд алд гэж хэлмээр байна. Үгүй гэдэг үгийг сонсох айдсаасаа болж залуучууд маань маш их боломжийг алддаг. Боломж байгаа бол түүнийгээ ашигла. Боломжоо бүү алд гэж хэлмээр байна.

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа smiley

 Зориг сангийн хөтөлбөрүүдийн талаар мэдээллүүдийг энд (http://www.zorigsan.mn/en/) дарж авна уу

#Scholarship #Зориг_Сан