Реппэр Eminem РЕКОРД эвдлээ


Миау | YOLO.MN
2020-01-29

Хип хоп ертөнцийн ноён оргилуудын нэг болох реппэр Eminem энэ сарын 17-нд өөрийн шинэхэн цомгоо гаргасан. "Music to Be Murdered By" хэмээх уг цомог нь цацагдсан даруйдаа ихээхэн маргаан дэгдээгээд байсан билээ. 

Учир нь реппэр Young M.A-тай хамтарсан "Unaccomodating" хэмээх дуун дээрээ тэрээр 2017 онд Их Британийн Манчестер хотноо болсон Ariana Grande-гийн тоглолтын үеэрх бөмбөг дэлбэрэлтийн талаар дурдсан. Энэ талаар Манчестер хотын дарга ч хүртэл "Энэхүү үйл явдлыг дурдах ямар ч шаардлагагүй, маш хүндэтгэлгүй үйлдэл хийлээ" хэмээгээд байсан юм. Мэдээж уг дэлбэрэлтийн хохирогчид, тэдний гэр бүлийнхэн нь үүнийг хэрхэн хүлээн авсан нь тодорхой. 

Гэвч нэгэн сайн мэдээг дуулгахад "Music to Be Murdered By" цомгийн бас нэгэн дуу дэлхийн рекорд эвдэж түүхэнд бичигдэхээр боллоо. Уг цомгийн долоо дахь уран бүтээл болох "Godzilla" дууны гуравдугаар бадаг хип хоп хөгжмийн түүхэн дэх хамгийн хурдан үглэсэн хэсгээр тодорчээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр уг рекордыг 3 дахь удаагаа эвдэж байгаа юм байна. 

"Godzilla" дууны 3-р бадаг дээр тэрээр 31 секундийн хугацаанд 224 үг үглэсэн бөгөөд энэ нь секундэд 7.23 үг хэлсэн гэсэн үг юм. 

Тэрээр 2018 онд реппэр Nicki Minaj-тай хамтран гаргасан "Majesty" хэмээх дуун дээр секундэд 7.08 үг хэлсэн байдаг бол 2013 онд гаргасан "Rap God" хэмээх дуун дээр секундэд 6.07 үг хэлсэн байдаг. 

"Godzilla" дуу олны анхаарлыг татаж буй бас нэгэн шалтгаан нь энэхүү дууг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нас барсан реппэр Juice WRLD-той хамтран гаргасан явдал байлаа. 

Эх сурвалж: Men's Health

#Eminem #Реппэр #Рекорд