Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хамт амьдраад эхэлтэл дахиад л надад хайргүй гэвэл яах юм.
Сайн байна уу? Би 22 настай. Найз залуугаасаа салаад 1 сар болж байна. Анх 18 настайдаа танилцаад үерхсэн. Одоо 4 жил болж байна. Эхний 2 жил аз жаргалаар дүүрэн байсан. Би түүнийг өөрийнхөө заяаны хань гэж боддог байлаа. 3 дахь жилээс хоорондоо хэрэлдэж муудалцах нь ихэссэн хэдий ч миний зүгээс энэ асуудлыг хосуудын дунд байдаг л зүйл гэж ойлгон асуудлаа шийдвэрлэхийг зорьдог байсан. Гэтэл сүүлийн жил улам их муудалцаж, салж нийлэх болсон байна. Эхэндээ салсан ч хамгийн ихдээ л гэхэд 7 хоноод буцаад нийлдэг байсан бол энэ жил тэр хугацаа нь 14 хоног болж, сүүлдээ 1 сар болсон. Анх үерхэж байхдаа надаас хэзээ ч салж чадахгүй гээд араас гуйж гүйдэг байсан. Би өөрөө их муухай ааш гаргадаг байсан байх. Сүүлдээ надаас салъя гэж хэлдэг болсон. Би ч зөвшөөрнө. Салаад 7-14 хоноод л буцаад нийлдэг тийм л харилцаатай болсон байлаа. Сүүлд нэг найзаасаа түүнийг надаас салсан хугацаандаа өөр охидтой харьцдаг байсан гэж сонссон. Тэр үед би "Одоо ийм хэрэггүй зүйлээс болж муудалцаж салахаа больё. Оронд нь ирээдүйдээ анхаарч, өөрсдөдөө хэрэгтэй зүйлд цаг заваа зориулъя" гэхэд найз залуу маань салмаар байна л гээд байсан.
Би тэр үгийг сонсоод шоконд орж, утсаа салгасан. Энэ өдрөөс хойш 1 сар өнгөрчээ. Над руу 1, 2 удаа залгасан ч би эргээд нийлэх нь зөв үү, үгүй юу гэдэгт маш их эргэлзэж байна. Эргээд нийлэхэд миний зүгээс ямар нэгэн эсэргүүцэх зүйл байхгүй ч хамтран амьдраад эхэлтэл дахиад л надад хайргүй гээд хаяад явбал яах юм. Яг яавал дээр гэдгийг үнэхээр мэдэхгүй юм. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Олон жил үргэлжилсэн харилцаа нь уналтад ороод, шийдэх гэж хичээсэн ч үр дүнгүй, шийдсэн ч хэсэг хугацааны дараа ахиад л нөгөө байдал үүсдэгээс залхаад, нөгөө талаас ахиж өөрийгөө зовоохоос айж, зөв шийдвэр гаргах гэж тусламж хүсч байна гэж ойлголоо. Мөн түүний хэлсэн үг чамайг их гомдоосон бололтой. Тэгж их гуйдаг байсан байж одоо яагаад өөрчлөгдөв гэж гайхаж, эсвэл надаас боллоо гэж өөрийгөө буруутгаж байгаа бол тэгэх хэрэггүй. Зүгээр л түүнд ганцаараа байх эсвэл өөр ямар нэг хэрэгцээ гарсан байх гэж бодоорой. Одоо чиний дотор түүнийг алдахаас, хол байхаас, эвлэрсэн ч ирээдүйд түүнийг дахин ийм үйлдэл гаргах вий гэхээс айх айдас холилдож байгаа байх. Олон жил үргэлжилсэн харилцаа хямрахад ямар ч хүн дагаад хямралд ордог.
Ихэнхдээ ийм хямралын үед хосууд хэсэг завсарлага авах нь үр дүнтэй байдаг. Аль аль нь эргэцүүлэх, өөртөө цаг гаргах, хосынхоо үнэ цэнийг мэдрэх боломж олгодог. Түүнтэй эргэж харилцаагаа сэргээх үгүйг чи өөрөө л шийднэ. Хэт их сэтгэл хөдлөлтэй үедээ бүү шийдээрэй. Мөн чамд хосын харилцаанаас өөр санаа тавих хэрэгтэй олон зүйл байгаа болов уу? Тэр зүйлсдээ цаг гаргаарай. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол тухайн асуудлаа yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг чамд хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх