СУДАЛГАА: Хайртай амьтнаа алдах нь яагаад хүнд тусдаг вэ?


М.Тэнгис | YOLO.MN
2019-05-27

Зарим хүмүүс гэрийн тэжээвэр амьтнаасаа хагацах ямар мэдрэмж төрүүлдэг тухай ойлголтгүй, тэр ч бүү хэл “сүртэй” асуудалд тооцдоггүй хандлагатай байдаг учир АНУ-ын хэсэг эрдэмтэд нэгэн судалгааг эхлүүлэх болсон байна.

Уг судалгааг Нью Мексикийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш оюутнууд удирдан зохион байгуулжээ. Тэд өмнө нь гэрийн тэжээвэр амьтнаа алдаж үзсэн хүмүүсийг цуглуулан ярилцаж, тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан тухай нь асуусан байна. Судалгаанд хамрагдагсдын 98 хувь нь үүнийг “маш гүн гүнзгий ганцаардал, гуниг төрж байсан” хэмээн илэрхийлсэн аж.

Гэтэл нөгөөтээгүүр, Хавайн эрдэмтдийн хийсэн бас нэгэн судалгаа мөн сонирхолтой үр дүнг танилцуулдаг. Хайртай амьтнаа алдсан сэтгэлийн шарх, дурлалт хүнээ мартахаас ч урт хугацааг шаардаж байж аньж, эдгэрдэг гэх.

Ер маш олон хүмүүс гэрийн тэжээвэр амьтнаа  алдсан тухайгаа өөр ямар ч үйл явдалтай харьцуулж, жишиж чаддаггүй. Тэд бидний зүрх сэтгэл дэх дотоод хүнтэй найзалж, нөхөрлөж чаддаг учраас хэн хүнээс ч илүү гүн гүнзгий сэтгэгдлийг үлдээдэг ажээ.

Хэрэв та гэрийн тэжээвэр амьтантай бол тэдний гэр бүлд авчирдаг аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг хангалттай мэдэрдэг байж таарна. Олонх хүy хайртай амьтнаасаа үгээр хэлж баршгүй сэтгэлийн тайтгарал, амар амгаланг олдог хэмээн ярьдаг шүү дээ.

Гэрийн тэжээвэр амьтад бол гайхалтай сайн хань. Биднийг гадаа хаалган дээрээс л угтаж хөгжилтэй, инээдэмтэй үйлдлүүдээр үргэлж баясгадаг. Ялангуяа тэд хүүхдэд маш их хайртай. Ер хүмүүс бидэнд нөхцөл болзолгүй хайрыг бэлэглэдэг ховорхон амьд бодгалиудын нэг бол тэд билээ.

Сэтгэл судлаачдын хэлдгээр, амьтад бидний зовсон, жаргасан бүхий л үед хамт байдаг онцлогтой. Үүний тухай бид урьд нь эргэцүүлж үзээгүй ч юм билүү? Хэдийгээр гэр бүл, найз нөхөд юугаар ч орлуулшгүй үнэтэй хүмүүс хэдий ч, гэрийн тэжээвэр амьтан таны буруу байсан ч дэргэд чинь үлддэг. Өвдсөн, ганцаардсан эсвэл баярласан бүхий л мөчийг тань хариу нэхэлгүйгээр хуваалцаж чадна.

Дээрх шинж чанарууд хайртай амьтнаа алдахад хүмүүс бид яагаад ихээр гунигладаг шалтгааныг тайлбарлана гэж эрдэмтэд үздэг ажээ. Дахин давтагдашгүй тэр л гэрийн тэжээвэр амьтандаа үүрд “баяртай” хэмээн хэлнэ гэдэг гунигтай, бас өвдөлттэй дурсамжийг хүний ой санамжид үлдээдэг гэнэ. Үүний тухай урьдын дурсамж хэзээ ч мартагддаггүй нь хамгийн сонирхолтой.

Эх сурвалж: thinkinghumanity.com

#Animals #Cats #Pets #Dogs