Үс идэх эмгэг буюу РАПУНЗЕЛИЙН СИНДРОМ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-01-16

Магадгүй та үснийхээ үзүүрийг үмхээд, зажилж суудаг нэгнийг мэднэ байх. Та өөрөө ч тэдний нэг байж болох юм. Энэ нь гоо зүйн хувьд таагүй төдийгүй маш ховор тохиолддог эмгэг ч байж болох аж. Трихофагия буюу үс идэх эмгэг нь трихотиломания (үсээ зулгаах) өвчнөөс үүсэх нь бий. Ингээд муу зуршлаасаа салах аргыг мэдэж авцгаая.

Трихотиломания буюу үсээ зулгаах өвчин нь хөмсөг, толгой, биеийн бусад хэсгийн үсээ авахыг хүсэх хязгааргүй хүсэл бүхий сэтгэлзүйн эмгэг юм. Уг эмгэгтэй хүн үс идэх эмгэгтэй болох магадлалтай. Өөрөөр хэлбэл зулгаасан үсээ залгидаг аж. Улмаар бөөгнөрсөн үс ходоодыг бөглөнө. Нэгэн охины ходоодноос 2.35 кг жинтэй бөөгнөрсөн үс гарган авч байсан тохиолдол ч бий. Үс идсэнээр трихобезоар үүсэж, ходоодыг үсэн бүрхүүл хучдаг. Энэ нь Рапунзелийн синдромын эхлэл болно. Ихэнх трихобезоарын эхний үе шатанд шинж тэмдэг илэрдэггүй тул олж мэдэхэд хэцүү байдаг.

ҮСЭЭ ЗУЛГААХ БОЛОН ИДЭХ ЭМГЭГИЙН ШАЛТГААН: 

Үсээ зулгаах эмгэгийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ бусад эмгэгүүдтэй адил хүрээлэн буй орчин, генетикийн хүчин зүйлсийн нэгдлээс үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй юм. Мөн хүчирхийлэл, пика (юу ч хамаагүй идэх), мансуурах эмгэг, сэтгэлийн хямрал, хоолны дуршилгүй болох зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь үс идэх болон зулгаах эмгэгтэй холбоотой байж болно.

ШИНЖ ТЭМДЭГ:

Үс идэх өвчин нь ховор тохиолддог бөгөөд өвчин хүндэрсэн үед л шинж тэмдэг илэрдэг.

- Хэвлий эсвэл гэдэс дотор өвдөх

- Толгой эргэх, ухаан алдах

- Ядрах

- Дотор муухайрах

- Бөөлжих

- Цээж эвгүйрхэх

- Өтгөний өнгө өөрчлөгдөх

- Жин хасах

- Өтгөн хатах эсвэл суулгах

- Хоолны дуршилгүй болох

ҮС ИДЭХ ЭМГЭГЭЭС УЛБААЛАХ ЭРСДЭЛ:

- Ходоодны шархлаа

- Цөсний суваг бөглөрөх

- Ходоодны эмфизем буюу ходоодны ханан дахь хийн хуримтлал

- Цочмог нойр булчирхайн үрэвсэл

- Ходоодны цооролт

ЭМЧИЛГЭЭ: 

Дадал зуршлаа өөрчлөх: Энэ нь эмгэгийг эмчлэх гол эмчилгээ юм. Трихотиломания өвчтэй хүн үсээ зулгаах магадлалтай нөхцөл байдлыг таньж, энэ зан авирыг бусад үйлдлээр орлуулах хэрэгтэй. Жишээлбэл, үсээ зулгаах хүсэл төрөх үед нударгаа зангидах, гараа үснээсээ чих рүүгээ чиглүүлэх зэрэг.

Танин мэдэхүйн сэтгэл засал: Уг эмчилгээ нь тухайн хүний үс зулгаахтай холбоотой гаж итгэл үнэмшлийг тодорхойлж, танихад тусалдаг.

Шийдвэр гаргах ба хүлээн зөвшөөрөх сэтгэл засал: Үүний туслалцаатайгаар эмгэгээсээ салах хүсэл эрмэлзлийг өөртөө төлөвшүүлнэ.

Жижиг трихобезоар (ходоодонд бөөгнөрсөн үс)-ыг ходоодны дурангаар арилгаж болно. Харин том хэмжээтэй буюу Рапунзелийн синдромтой хавсарсан тохиолдолд мэс заслын аргаар авдаг.

Эцэст нь хэлэхэд үсээ зулгаах болон идэх нь муу зуршил төдийгүй сэтгэцийн эмгэг юм. Иймээс энэ зуршлаас салахын тулд эрүүл мэндийн мэргэжилтний оролцоо шаардлагатай. Хэрэв та ийм зуршилтай хэн нэгнийг мэдэх бол эмчид хандахыг зөвлөөрэй.

#Сонин хачин #Эмгэг