Disney-ийн "Snow White" уран сайхны кино нь нээлтээ хийхээсээ өмнө ч олон маргаан дагуулж байлаа. Одоогийн байдлаар тус кино нь IMDb дээр ердөө 1,6 үнэлгээтэй бичигдэж байна.
Учир нь латин гаралтай жүжигчнийг гол дүрд сонгоод зогсохгүй эх хувилбараасаа огт өөр түүх өгүүлсэн гэх шүүмжлэл дагуулж эцэстээ киноны үнэлгээ болон тасалбар борлуулалт нь бүтэлгүйтжээ. "Snow White" киноны хоёр дахь долоо хоногийн орлого эхний долоо хоногоос 66 хувиар огцом буурсан үзүүлэлт байна.
Энэ кино нь гуравдугаар сарын 21-нд нээлтээ хийсэн. "Snow White" киноны өртөг 250 сая ам.доллар давсан боловч Хойд Америкийн 4,200 кино театрт 10 хоногийн дотор ердөө 66.8 сая ам.долларын орлого олсон байна. Харин Хойд Америкаас гаднах дэлхийн нийт орлого 143.1 сая ам.доллард хүрчээ.
Яагаад маргаан дагуулж, ийм муу үнэлгээг хүртэж байна вэ?
Нэгдүгээрт Цасан цагааны дүрд Латин гаралтай Америк жүжигчин Rachel Zegler сонгосон нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан юм. Учир нь эх хувилбарын гол дүрд цасан цагаан арьстай дүр дүрслэгддэг явдал байв. Өмнө нь Rachel Zegler "Би энэ дүрд тоглохын тулд арьсаа цайруулахгүй" хэмээн хариулж маргааныг улам даамжруулсан.
Хоёрдугаарт гол дүр бүтээсэн Rachel Zegler-ын сошиал хуудсан дахь илэрхийлэлүүдийн маргаан их нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсоны дараа өөрийн инстаграм хуудсанд Трамп болон түүний дэмжигчдийг доромжилсон утгатай шууд хатуу үгтэй нийтлэл оруулсан нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.
Мөн жүжигчин Rachel Zegler 2023 оны наймдугаар сард Snow White киног анх Twitter дээр хуваалцахдаа фенүүддээ талархал илэрхийлсний дараа тусдаа бичлэгт "Мөн үргэлж санаарай, Палестиныг чөлөөл!" хэмээн нэмж бичжээ. Rachel Zegler-ын үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн бас нэг зүйл бол тэрээр "Цасан цагаан өөрийг нь мөшгөж буй эрийг хайрладаг нь хачирхалтай" хэмээн хэлсэн явдал юм.
Гуравдугаарт эх зохиолоос хэт хазайсан түүхийг үзэгчдэд гуйвуулан хүргэх оролдлого амжилтгүй болсон гэж кино шүүмжлэгчид дүгнэж байна. АНУ-ын хэвлэлүүд "Snow White " кино үйлдвэрлэлийн зардлаа нөхөхийн тулд тасалбар борлуулалтаа удаан хугацаанд өндөр түвшинд байлгах шаардлагатай гэж таамагласан. Гэвч ирэх долоо хоногт гэр бүлийн үзэгчдийг онилсон "Minecraft Movie" нээлтээ хийх тул "Snow White" улам хүндрэлтэй байдалд орох төлөвтэй байна.
Эх сурвалж: movieweb
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!