ЭЕШ-д үр дүнтэй бэлдэх ШАЛГАРСАН аргууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-20

Элсэлтийн ерөнхий шалгалтаа хэрхэн  амжилттай өгөх вэ гэж сандарч байгаа л биз дээ. Хаанаас эхлэх, яаж үр дүнтэй бэлдэх талаар мэдэхгүй байгаа төгсөх ангийнхандаа зориулан энэхүү нийтлэлээ хүргэж байна.  

Юуны түрүүнд хүүхдүүдийн хамгийн ихээр сонирхдог асуултад хариулъя. 

“АЗ” гэж байдаг уу? 

Аз гэж байдаг. Огт хичээлээ хийдэггүй байсан хүүхэд, үнэхээр хичээж бэлдсэн хүүхдээс өндөр оноо авч байсан тохиолдол бий. Гэхдээ хүн болгон сугалаанд хожоод байдаггүй гэдгийг л ойлгох нь чухал. Би дандаа аз ёндоотой байдаг учраас бүгдийг нь таачихна гэх өрөөсгөл ойлголтоосоо салах хэрэгтэй. Тиймээс азыг мартах нь чухал. Чи ирээдүйнхээ төлөө хэдий чинээ хичээнэ, тэр чинээгээрээ үр шим хүртэнэ шүү.  

ЭЕШ өгөх ихэнх сурагч хаанаас эхэлж хийх, яаж үр дүнтэй бэлдэх ёстойгоо мэдэхгүй явсаар цаг хугацаагаа алддаг. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэж байна.  

Цаг хугацаа, хичээлүүдээ тооцоол 

Хамгийн эхэнд ЭЕШ болоход хэд хоног үлдсэн, ямар ямар хичээлээр шалгалт өгөхөө бодон, өдөрт хичээлүүдээ хэдэн цаг хийх төлөвлөгөө гаргаарай. Өөрийнхөө сурах, цээжлэх арга барил, өдрийн аль хэсэгт илүү идэвхтэй төвлөрч чадаж байна гэдгээ мэдэх хэрэгтэй. 

Өөрт тухтай орчныг бүрдүүл 

Аль болох чимээ багатай, анхаарал сайн төвлөрөх газар хичээлээ хийгээрэй. Номын сан, кофе шоп, Study room зэрэг газар суухад илүү тохиромжтой. Мөн  утас, телевиз зэрэг анхаарал сарниулах зүйлээс өөрийгөө тусгаарлаж, ширээгээ аль болох цэвэрхэн байлгах нь төвлөрөхөд тусална.   

Хамгийн их алддаг, хурдан мартдаг сэдвүүдээ эхэлж хийх 

Шалгалтдаа бэлдэхдээ өөрийнхөө хамгийн их алддаг, хурдан  мартдаг, хүнд хэцүү сэдвээсээ эхлэх хэрэгтэй. Бүр үнэхээр ойлгохгүй, хариуг нь олж чадахгүй тохиолдолд багшаасаа асуух нь зөв. Шалгалтад бэлдэхдээ хариуг нь шууд харах эсвэл багшаасаа үргэлж асуугаад байх нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоно. Тиймээс аль болох өөрсдөө хийхийг зориорой. Мөн чамтай адилхан мэдэхгүй байгаа найзтайгаа хамтран ярилцаж, ойлгож хийх нь үр дүнтэй.  

Өмнөх оны тестүүд дээр ажиллах 

Өмнөх оны шалгалтын материалууд дээр ажиллах нь үр дүнтэй. Учир нь шалгалтын материалууд хоорондоо агуулгын хувьд төстэй учир ажиллаад үзсэн байхад буруудах зүйлгүй. Мөн тухайн тестийг ажиллаж байхдаа хэр хугацаанд гүйцэтгэж байна гэдгээ хянаж үзээрэй. Заасан хугацаанаас илүү байвал дасгалуудаа арай хурдан ажиллаж, харин богино хугацаанд хийж дуусгавал хичээлдээ аль болох сайн төвлөрч, зөв хариулж чадсан байна уу гэдгээ шалгах боломжтой.  

Хэтэрхий удаан суух хэрэггүй 

ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол өдөржин, хэтэрхий удаан сууж хичээлээ хийх. Хичээлүүдээ өдөр бүр бэлдэх хэрэгтэй ч хэтэрхий удаан сууж хийх нь буруу. Дундаа амралттай хичээллэхийг хичээ. Мөн хичээл тус бүрд нэгээс хоёр цагийг зарцуулан уншиж, судлах нь хэрэгтэй. 

Блюпринтын дагуу бэлдэх хэрэгтэй юу? 

Блюпринт бол энэ жилийн ЭЕШ-ын чиглэлийг л өгч байгаа зүйл. Яг энэ агуулгаараа орж ирнэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ үндсэн сэдвүүдийг нь заавал уншиж судлаарай.  

Утгаар нь эсвэл түлхүүр үг ашиглан цээжлэх 

Зарим тодорхойлолт, эрдэмтдийн хэлсэн үгсийг ялгаж цээжлэхэд хүндрэлтэй байдаг. Ялангуяа нийгмийн ухааны хичээл дээр. Нийгмийн ухаан хичээлийн ойлголтууд нь бараг л ижилхэн. Ганц, хоёр үг үсэг зөрүүтэй байх нь бий. Тиймд тус тодорхойлолтыг цээжлэхдээ утгаар нь ойлгох эсвэл түлхүүр үг ашиглан цээжлэхэд амар байх болно. Жишээ нь; Соёлын даяаршил, соёлын үйлдвэрлэл, соёлын орон зай гээд толгой эргэм олон ойролцоо үгс байлаа гэхэд соёлын даяаршил – нэгдэн нийлэх, соёлын үйлдвэрлэл – бүтээл үйлдвэрлэх, соёлын орон зай – оюун санааны орчин гэх зэргээр тухайн тодорхойлолтын түлхүүр үгийг тогтооход хангалттай. Шалгалтад энэ хэсэг орж ирвэл түлхүүр үгээрээ хариултаа олоход амар байх болно.  

Цээжилсэн зүйлээ мартахгүй байх нь чухал 

Мэдээжийн хэрэг маш олон тодорхойлолт, хичээлүүд, сэдэв цээжлээд заримыг нь мартах эрсдэлтэй. Тиймээс мартахгүйн тулд бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэн, найз нөхөд болон өөртөө ойлгосон зүйлээ ярьж өгөх нь цээжилсэн зүйлээ бататгахад тусална. 

Санал болгох апп, хуудас 

YESH апп, Багшийн туслах 800 – Эдгээр аппууд нь дотроо мэргэжлийн багшийн хичээл, өмнөх оны болон блюпринтын дагуу бэлдсэн маш их тесттэй ба юун дээр алдсан гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарласан байдгаараа онцлог. Үнийн хувьд ч боломжийн. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө болон мэргэжил сонголтод чинь туслах олон заавар бичлэгтэй.  

YOUTUBE – Шалгалтдаа өндөр оноо авсан маш олон хүүхдүүд youtube-д бичлэгээ байршуулсан байдаг. Ямар хичээлээр өгсөн, хэрхэн бэлдсэн, юун дээр анхаарах ёстой, хэзээнээс бэлдвэл тохиромжтой, хэдэн цаг хийх гээд өөрийн туршлага дээр анзаарсан маш олон хэрэгтэй мэдээллүүдийг чамд өгөх болно.  

Eec.mn – Энэ бол ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй хуудас. Учир нь ЭЕШ-ын тов болоод хэдэн цагт, хаана очиж шалгалтаа өгөх юу юу бэлдэх гээд олон хэрэгтэй мэдээллээ үүнээс харах боломжтой. 

E-Content – E-Content бол ерөнхийдөө сурах бичиг. Өмнөх оны олдохгүй байгаа сурах бичгүүдээ тус аппаас хараад, унших боломжтой. 

Эцэст нь хэлэхэд ЭЕШ чиний ирээдүйд нөлөөлж болохуйц том шалгалт хэдий ч чиний амьдрал түүгээр хязгаарлагдахгүй. Төгсөх ангийнхны хувьд ЭЕШ бол сэтгэл зүйн том дарамт болох нь бий. “Шалгалтдаа уначихвал яана аа, бага оноо аваад сургуульдаа орж чадахгүй байх вий” гэж хэт санаа зовж өөрийгөө түгшээх хэрэггүй. Тиймээс аль болох өөрийгөө тайвшруулж, өөртөө итгэх хэрэгтэй.  Хичээл зүтгэл байгаа цагт амжилт чамайг олоод ирнэ шүү. Амжилт

#нийтлэл