Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Өөрийн энэ бүх мэдрэмжээ яаж буцаан авчрах вэ?
Сайн байцгаана уу? Бас сайн байна уу?
Би ийм хүн.
Би багаасаа ганцхан зурдаг байгаагүй, бас бичдэг байсан юм. Энгийн хүмүүст зориулсан энгийн нэг уйтгартай хоосон хайрын түүхийн өгүүллэгүүд болон өөрийн ном болгож гаргахаар нэлээн удаан бичиж буй гайхамшигт зохиол. Надад анхандаа зохиолоо бичихдээ нэг л юм дутуу, үнэхээр муу болсон мэт санагдах ч дараа нь сөхөөд уншихад үнэхээр сайхан болсон байх нь бий. Би юуг нь голоод байсан юм болоо гэх үед сонин санагддаг байсан юм.
Одоо сайн бодох юм бол хуучин зохиолууд маань тэр аяараа гайхамшиг байсан. Харин одоогийнх арай чүү түүх хэдхэн дажгүй хэсэгтэй. Миний чадвар үнэхээр хүссэн хүсээгүй өдөр ирэх тусам муудаж байгааг миний гар, тархи бүх зүйл маань мэдэрдэг. Би яах вэ, яаж гурван жилийн өмнөх шигээ дахин сэтгэх вэ?... Яаж өөртөө ганц үлдсэн байсан чадвар, бусдын ойлгодоггүй ч хүндэлдэг байсан сэтгэхүй, өөрийн мэдрэмжээ буцааж авчрах вэ???
ЗӨВЛӨГӨӨ: Бичих нь яг хүний биетэй адил хөдөлгөөнт динамик шинжтэй
Сайн байна уу. Захиа бичсэнд баярлалаа. Уран зохиол, яруу найргийн олон янзын төрлүүд байдагтай адил зохиолч, яруу найрагч байх олон янзын арга байдаг. Мөн зохиол, яруу найраг бичихэд ямар ч тогтоосон хэм хэмжээ дүрэм байхгүй. Энэ бол чиний сэтгэлгээний эрх чөлөө. Өөрийн чинь чадвар хүссэн хүсээгүй муудаж байна гэсэн байна. Үүнийг танин мэдэхүйн сэтгэл судлалаар тайлбарлавал аливаа зүйлийг хийхэд түүний давтамжийн тоо чухал байдаг. Давтамж бага байх, сэргээн саналт хийгдэхгүй байх нь бидний ямар ч чадварыг бууруулдаг. Хүний чадвар яг л булчин шиг, тогтмол ажиллуулбал улам хөгжиж ашиглахгүй орхивол суларч, мартагддаг. Өөрийн чинь зохиол бичих давтамж хэр ойр хугацаатай байсан бэ? Бич бич дахин бич. Давтамжийн хугацаа ойр байх тусам чадвар сайжирна. Бичих нь яг хүний биетэй адил хөдөлгөөнт динамик шинжтэй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх