Өөртөө бэлэглэх бяцхан дадлууд


М.Намуун | YOLO.MN
2023-06-09

Бидний амьдралд сайн, муу маш олон зүйлс тохиодог. Харин тэдгээрийг ямар өнцгөөс харж, хэрхэн хүлээж авахаас шалтгаалан бидний гунигтай бас жаргалтай өдрүүд бий болно. Зөвхөн та л өөрийнхөө өнөөдрийг, бас маргаашыг бүтээнэ. Сайн дадал биднийг хүссэн бүхэнд хөтөлнө. Харин тэр сайн дадлыг өдөр бүр өөртөө бэлэглээрэй. Ингээд Yolo.mn  өөртөө бэлэглэх зөв дадлуудын талаар хуваалцъя. 

Өглөө болгон бүлээн ус уух

Шөнөжин амарсан ходоодоо хоол хүлээж авахад бэлтгэхийн тулд бид өлөн дээрээ заавал ус уух хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарна гэдэг өөрийгөө хайрлаж буй хэрэг. Өлөн элгэн дээрээ бүлээн ус ууж хэвшэснээр хоол боловсруулах эрхтэн систем болон бодисын солилцоо сайжирч, биеийн температур тэнцвэрждэг. Харин хүйтэн усыг өглөөний цагаар уух нь хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг учир тийм ч оновчтой биш. Тиймээс өглөө болгон бүлээн ус ууж хэвшээрэй.  

Ороо хураах 

Яаж ч сандарч, залхуурсан  унтсан ороо хурааж гарах нь жижиг боловч чухал үйлдлүүдийн нэг. Учир нь ороо хурааж гарснаар та хариуцлагатай бөгөөд эмх цэгцтэй мэдрэмжийг авах болно. Энэхүү үйлдлийг хойшлуулж бас мартахгүй байх нь хамгийн чухал.

Хийх ажлаа төлөвлөх 

Өдөрт хийх ажлуудаа хийж болох цагаар нь баримжаалан дэс дарааллуулан төлөвлөх хэрэгтэй. Ингэхдээ хамгийн чухал зүйлсээ эхэнд бичих нь өдрийг илүү хялбар болгоно. Бүх төлөвлөсөн ажлаа хийж дууссаны дараа танд өөрөөрөө бахархах мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна. Өдөр, өдрөөр ажлаа төлөвлөж сурна гэдэг өөрөө өөртөө өгч буй гайхалтай сахилга батын бэлэг байх болно. 

Түгжрэлд ном унших  

Замын түгжрэл гэдэг бидний амьдралд нэгэн хэвийн үзэгдэл болсон. Харин үүнийг цаг хороосон, дарамт мэтээр хүлээж авахын оронд түгжирч буй хугацаагаа ч хөгжих боломжоо ашиглах хэрэгтэй. Автобусанд сул суудал байгаа үед суугаад, хүн багатай үед бариулаасаа сайтар атгаж зогсоод ном унших боломжтой. Ном чамайг тэс өөр ертөнцөд аваачиж чимээ, шуугиантай ертөнцөөс тасруулах шидтэй юм шүү. Бас мэдээж ном унших нь тархины хөгжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.

Усны сав биедээ авч явах 

Усны сав хэрэглэж хэвших нь олон давуу талтай. Хүн өдөрт дунджаар найман аяга ус уух ёстой байдаг. Ус нь хүний биед хамгийн хэрэгтэй шингэн бөгөөд уснаас авах эрдэс бодисыг өөр юугаар ч /ундаа, жүүс, кофе гэх мэт/ орлуулах боломжгүй. Та усны савыг алхаж байхдаа мөн тээврийн хэрэгслээр зорчихдоо, ажил, сургууль гээд л аль ч газар хэрэглэж болох тул таны цаг, мөнгөнд хэмнэлттэй байх нь гарцаагүй. Хамгийн гол нь үргэлж биедээ авч явах нь чухал шүү. 

Энэ удаа та бүхэндээ “Өөртөө бэлэглэж болох бяцхан дадлууд”-ыг хуваалцлаа. Чөлөө, завгүй бүдчих бүгчим энэ хотод өөрийгөө хайрлахаа битгий мартаарай. Хамгийн жижиг үйлдлүүд үнэн хэрэгтэй хамгийн чухал үйлдлийг гүйцэтгэдэг юм шүү.  

#Зөв дадал