Инстаграм орчинд алдаршаад буй дөрвөн настай хүү Фарук Жеймс Англи улсын Лондон хотноо амьдардаг. Түүний эцэг Гана улсаас гаралтай бол ээж нь Английн уугуул аж. Хүүгийн ер бусын гэмээр хөвсгөр, буржгар үс нь дэлхийн олон сая инстаграм хэрэглэгчдийн хайрыг татах болсон юм.
Urbanbushbabes.com сайтын редакц хөвсгөр үст Фарукыг студидээ урьж, шинэлэг зураг авалт хийн товчхон хөөрөлдсөнийг та бүхэнд орчуулан хүргэе.
-Чи хэдэн настай вэ?
-Дөрвөн настай.
-Ихэнхдээ хэний царайг харахыг хүсдэг вэ?
-Ээжийнхээ царайг.
-Чи хамгийн дуртай дууны нэр юу вэ?
-Халлелуяа. Ертөнцийн эзэнд залбирч буй дуу. Би энэ дууг сургууль дээрээ найзуудтайгаа дуулдаг.
-Хүмүүс чиний үсний тухай ямар хачирхалтай зүйлсийг хэлж, асуудаг вэ?
-Ингэж ургуулахад хэр удсан бэ? гэдэг асуулт. Би ердөө дөрөвхөн настай, хүмүүс намайг хэр удаан ургуулсан гэж хэлэхийг хүсдэг юм бол? 30 жил үү? /инээв./ Үс чинь жинхэнэ үү, хиймэл үс үү, энэ чамайг халууцуулдаг уу, хүнд оргидог уу, үсэндээ дуртай юу, чи үсээ ер нь самнаж байсан уу гэдэг Манай ээж эдгээр асуултуудад гоё хариулт өгдөг: Миний хүүг үс нь зун сүүдэрлэж, өвөл дулаацуулдаг юм гэж. Би хэрвээ үсээ самнахгүй бол долоо хоноод л ширэлдээд бөөн юм болно. Энэ асуултууд инээдтэй боловч, хүмүүс асуусаар л байдаг. Тэднийг асуугаасай гэж миний хүсдэг ганц асуулт бол “Үсэнд чинь хүрч болох уу?”. Үргэлж зөвшөөрөлгүй шууд хүрдэг нь намайг уурлуулдаг.
-Хэрвээ чи энэ дэлхий дээрх нэг зүйлийг өөрчилж чадах байсан бол, юуг өөрчлөх вэ?
-Мөнгийг ид шидээр бий болдог болгох. Тэгвэл бүгдээрээ баян болно.
-Чамд Дубай хотын юу хамгийн их таалагдсан бэ?
-Далайн эргийн зочид буудлын усанд сэлэх гоё байсан. Бас өндөр өндөр барилгууд таалагдсан. Тэнд хүн-аалз тороо шидэж нисээд муу хүмүүсийг барьж чадна.
-Чамайг Дубай хотод аялж байх үеэр хүмүүс үсийг чинь хараад яаж байна?
-Дубайд маш олон хатагтай нар байсан, ээж тэднийг Ази болон Филиппинээс ирцгээсэн гэсэн. Тэд намайг хараад хашхираад л, инээлдээд л байсан. Урт хумстай гараараа миний үсэнд хүрэх гээд л гүйгээд ирнэ. Би гараа өргөөд, “Миний үсэнд битгий хүр!” гэж хэлдэг болсон. Яагаад гэвэл ийм юм зөндөө олон тохиолдсон. “Магтсанд баярлалаа, гэхдээ миний үсэнд битгий хүрээрэй” гэж эелдэг хэлэхийг ээж маань зааж өгсөн. Тэгж хэлэхээр зарим хүмүүс дургүй байдаг. Үс маань миний биеийн нэг хэсэг гэдгийг тэд ойлгодоггүй байх. Ээж буцаагаад өөрсдийнх нь үсэнд хүрдэг юм. Гэхдээ миний үсэнд хүрэхгүй байлаа ч, чиний үсийг авмаар байна гэдэг. Тэгээд ээжтэй миний үсийг яаж арчилж ургуулсан талаар удаан яриа дэлгээд эхэлнэ. Би тэр үеэр зүгээр л явж усанд сэлмээр санагддаг.
-Дэлхийн өөр ямар газруудаар аялахыг хүсч байна?
-Манай аавын нутаг болох Гана улс руу явмаар байна. Бас Америкт очиж, Эллений шоунд оролцоод түүнтэй хамт хөгжилтэй зүйлс хийхийг хүсдэг. Би Эллений нэвтрүүлгүүдийг ээжтэйгээ дахин дахин давтаж үздэг юм. Тэнд оролцоод бүжиглэж, дуулж байгаа хүүхдүүдэд би дуртай.
-Үсэндээ санаа тавьдаг, харагдах байдалдаа анхаардаг бусад хүүхдүүдэд чи ямар зөвлөгөө өгөх вэ?
-Супермэн шиг хүчирхэг, Есүс шиг сайхан сэтгэлтэй бай. Тэдэнд бас “Баавгай ба зөгийнүүд” номыг унш гэж хэлмээр байна. Би энэ номонд дуртай.
-Чи том болоод ямар ажил хийдэг хүн болмоор байна?
-Би телевизээр гардаг хүчирхэг ренжэр болмоор байна. Эсвэл гал сөнөөгч. Гэхдээ зөвхөн галын машиныг жолооддог хүн нь. Яагаад гэвэл би шатаж буй байшин руу яваад орчихвол ээж маань санаа зовно.
-Чиний хамгийн хийх дуртай зүйл юу вэ?
-Хувцаслах! Би бараг дал гаруй хувцастай. Тийм болохоор манай бэлтгэл ангийн багш намайг энэ хувцаснуудаа ашиглаад шинэ супер баатар болооч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хар хослол, зангиагаа зүүгээд супермэний нөмрөгөө зүүсэн. Тэгээд өөрийгөө “супер-бизнес” гэж нэрлэсэн юм. Нэгхэн секундийн дотор бизнесийн том тохиролцоог хийдэг, муу залуус руу үзэгний бэхээрээ бууддаг тийм баатар.
-Чамд үсээ тайрахыг зөвлөдөг хүмүүсийн талаар чи юу гэж боддог вэ?
-Тэд нар хайчаа цаас хайчлахдаа л ашиглах хэрэгтэй.
-Чамайг гунигтай үед сэргээдэг зүйл юу байдаг вэ?
-Ээждээ тэврүүлэх.
-Өөрийнхөө хэв маягийг юу гэж тодорхойлох вэ?
-Даваа гарагт, би күүл /янзтай/ байдаг. Харин лхагва гарагт, галзуу. Хагас сайн өдрүүдэд би супер баатар!
-Чиний хамгийн дуртай ном юу вэ, бас яагаад?
-“Гайхамшигт би” /зохиолч Кэти Эпплет/. Энэ ном өөрийнхөө давуу талыг гялалзуулж байх ёстойг ойлгуулдаг.
-Супермэн, Хүн-Аалз хоёрын аль нэгийг сонго гэвэл?
-Хүн-Аалз, учир нь тэр байшингуудад тороо шидэж чадна, бас гэрэл зурагчин. Би ч гэсэн гэрэл зурагчин байхгүй юу.
-Найз нөхөрлөл гэдгийг чи юу гэж ойлгодог вэ? Ямар найзыг сайн найз гэх вэ?
-Төмөр хүн, Хүн-Аалз хоёр шиг бие биедээ үргэлж тусалж, муу хүмүүсийн эсрэг тулалдах.
-Чамайг хамгийн сайн илэрхийлэх гурван зүйлийг нэрлэвэл?
-Би улс орнуудаар аялах дуртай. Ээж маань намайг маш эрч хүчтэй, хүмүүсийг инээлгэх дуртай гэдэг. Ер нь ээж намайг инээдтэй гээд байдаг.
-Хамгийн дуртай хоол?
-Өргөст хэмхтэй суши, бас алимны сироптой жигнэмэг.
-Чи спортод дуртай юу? Тийм бол чиний хамгийн дуртай тоглогч хэн бэ?
-Би хөл бөмбөгт дуртай. Тэгээд Девид Луизд үнэхээр дуртай. Учир нь тэр надтай ойролцоо үстэй. Гэхдээ миний дуртай багийг орхиод явсанд нь би гомддог. /Девид Луиз Челсигээс гарсан/
-Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд чи хоол өгч чадах болбол, ямар хоол өгмөөр байна?
-Өөрийнхөө дуртай өргөст хэмхтэй суши, алимтай жигнэмгээ өгнө. Би тэдэнд сушины будаагаар байшин барьж өгмөөр байна.
-Чи ээжийнхээ юунд нь хамгийн дуртай вэ?
-Би ээжийн гэдсэнд дуртай. Тэр миний анхны гэр шүү дээ.
-Аз жаргал гэж чиний хувьд юу вэ?
-Өвөө маань хэзээ ч хорт хавдар тусаагүй байсан бол. Бас диваажингаас эргээд ирвэл энэ аз жаргал.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх