Энэхүү зураглалыг уншиж байхдаа энэ аяыг сонсоно уу
Зуны адаг сар айлчлан ирж зулай дээрээс нарны хурц туяа төөнөнө. Өглөөний нар хэвийж үд дунд болмогц дүнзэн модоор барьсан зуслангийн эгнээ байшингуудын баруун талд байсан сүүдэр аажмаар нүүн байшингийн ард гарав. Сүүдэр дагаж зуслангийн өвгөд хөгшид зөөлөн буйдангаа дааж ядан зөөнө. Буйдан дээрээ залармагцаа үдийн нарны халууныг гайхан шагширч, сонингоо гарчиглаж, тухтай нь аргагүй суув. Харин зарим нь хоорондоо хууч хөөрөн дараагийн нүүдлээ бодон шатар тоглох нь тайван амгалан.
Зуслангийн бяцхан жаалууд байшин тойрч гүйн хөөцөлдөж, усан буугаар биенээ шүршин сэрүүцүүлсэн шигээ хөгжилтэй нь аргагүй ядрахаа үл мэдэн наадна. Их хотын чих дөжрөм уйтгартай түгжрээн дунд бүгчим автобусанд хэдэн цаг үргэлжилсэн аялал минь дуусч Сэлбийн зуслан дээрээ ирэхэд ийнхүү танил дүр зураг угтан авлаа.
Хөдлөх төдийд л хөлс урсаж халуун агаар биеийг ороон нозооруулж байтал тэнгэр хойноосоо бараантаж нүүгэлтсэн борооны саарал үүлс хоромхон төдийд тэнгэр бүрхэв.
Дусал дуслаар шивэрч эхэлсэн шиврээ бороо төд удалгүй ширүүсэж аагим халуунд ангаж цангасан байгаль дэлхийг ёстой нэг ундаалах шиг болов. Борооны чимээ сонсонгоо ундааслаа тайлах байгалийн дүр зургийг ажиглавал саяхан л эргэн тойрон хүүхэд хөгшигдгүй бужигнаж байсан нөгөө хэдэн зуслангийн байшин амьгүй мэт дүнсийн харагдана. Өмнө зүгт сүндэрлэх шигүү моддын оргилыг манан бүрхэж, зам харгуй ч харагдахгүй мэлмийн өмнүүр хөшиг татах мэт хязгаарлагдав.
Харин хотод эсрэгээрээ. Амьдрал буцалж хурдан хурдан алхалсан хүмүүс хаа нэгтээ яарч яваа харагдана. Халуун кофе амталсан шигээ цонх даган урсах бороон дуслуудыг ажиглан хэн нэгэн нь суугаа байх гэсэн бодолд дарагдаж байтал бороо намдлаа.
2-3 цаг үргэлжилсэн бороо зогсож тэнгэр онгойв. Үүлэн цоорхойн нар гийж буйг холоос харахад шулуун тусгал нь газар луу чиглэн цацарч уран зураг шиг харагдана. Сэрүүн салхи сэвшиж чийглэг агаар толгой сэргээхүйд бүх зүйл өнгөлөг тод үзэгдэнэ. Бөнжигнөсөн дуслууд навч бүрийн үзүүр дээр тогтож нарны туяанд гялтгана. Ойн цоорхойд алхангаа багахан бөхийн ажвал зэрлэг улаан гүзээлзгэнэ бороонд угаагдаж мэлтгэнэн харагдах нь эгдүү хүргэм ажээ. Бушуухан түүж идмээр...
Борооны чийглэг зөөлөн үнэр энэ бүх үзэмжтэй нэгдэн цаанаа л нэг сэтгэл гижигдэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх