-KЛУБ-
Ном унших дадал нь Харвардын дипломоос ч илүү чухал гэж Билл Гейтс нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл ном уншигч хүүхэд залуусыг нэгтгэж нэгэн гайхалтай гэр бүл болгосон “Тархи Цэнэглэгч” номын клубийн үүсгэн байгуулагч Ч.Идэрболдтой ярилцлаа.
YOLO: Сайн байна уу, юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач.
- Сайн уу, намайг Чулуунбямбын Идэрболд гэдэг. Маркетингийн менежер мэргэжлээр ажилладаг. Мөн “Тархи цэнэглэгч” клубийн үүсгэн байгуулагч.
YOLO: "Тархи цэнэглэгч" клубээ анх хэзээ, ямар зорилгоор байгуулсан бэ? Үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач?
- Юуны өмнө клубийнхаа нэрний утга учрыг тайлбарламаар байна. Тархи "цэнэглэгч" маш олон зүйл байдаг. Тэр дундаас оюуныг тэгтгэгч хамгийн чухал зүйл нь өөрөө ном болохоор ийнхүү нэрлэсэн. Тархи цэнэглэгч клуб анх 2014 оны 4-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид тогтмол уншсан номоороо хэлэлцүүлэг өрнүүлж, уулзалт хийдэг юм. Мөн сайн үйлсийн аяныг давхар хийдэг бөгөөд сүүлийн хоёр жил дараалан өөрийнхөө төрсөн өдрөөр хоёр ч дунд сургуулийн номын санд нь 100 ширхэг ном хандивласан бөгөөд хүүхдүүдэд ном уншихын ач тус хийгээд хэрхэн зөв унших талаар яриа өрнүүлдэг.
YOLO: Нийт хичнээн хүн танай клубт хамрагддаг болон одоогоор хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулаад байна вэ?
- "Тархи цэнэглэгч" клубийн албан ёсны пэйжид 17.000 хүн нэгдэж бидний үйл ажиллагааг дэмжээд явдаг. Цар хүрээгээ өргөсгөх зорилгоор Дархан, Эрдэнэт хотууд Өвөрхангай аймаг зэрэгт салбараа нээгээд байна. Одоогийн байдлаар 66 удаагийн уулзалт зохион байгуулсан.
YOLO: Шинээр элсэх хүсэлтэй хүмүүс яаж хамрагдах вэ? Насны хязгаар гэж бий юу?
- Насны хязгаар байхгүй. Шинээр элсэх хүсэлтэй хүмүүс "Тархи цэнэглэгч" гээд пэйж хуудсанд нэгдээд манай клубийн үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой. Мөн номын хэлэлцүүлэгт ирэхийг хүссэн бүх хүмүүст үнэ төлбөргүйгээр манай уулзалт нээлттэй. Уулзалтад ирэхдээ тэр өдөр хэлэлцүүлэг өрнөх номыг уншаагүй байж болох бөгөөд өөр уншсан найз нөхдөөсөө тухайн номныхоо ойлголтыг авч болно.
YOLO: Бүх зүйлд өөрийн гэсэн үнэт зүйл байдаг шүү дээ. Тэгвэл танай клубийн үнэт зүйл юун дээр оршдог вэ?
- "Тархи цэнэглэгч" клубийн хамгийн гол үнэт зүйл нь нөхөрлөл. Ямар ч үед бид бие биенээ халуун дулаанаар угтаж чаддаг гайхалтай гэр бүл гэж хэлж болно.
YOLO: Ном унших нь хүний ирээдүйн амьдралд ямар ач холбогдолтой вэ?
- Ном аливаа зүйлийн мөн чанарыг таних алсын ухааныг өгдөг. Амьдралд тохиох алдаа оноо, аз жаргал, баяр баясал гээд тэр бүх мэдрэмжийг хүнд төрүүлж чаддаг. Номынхоо дүрийн өмнөөс эргэцүүлэх, өөрийн байр сууринаас авч үзэх, зөв бурууг ялгах ухааныг өгч байдаг зүйл нь ном юм.
YOLO: Ном уншаад таны амьдралд бий болсон хамгийн гайхамшигтай өөрчлөлт юу байсан бэ?
- Түрүүн хэлсэнчлэн хүрээлэл минь маш гайхамшигтай болсон. Өмнө нь хичээл сургуулийн хооронд явдаг энгийн нэгэн хүү байсан бол клуб минь надад шинэ найз нөхөд, шинэ уур амьсгал, бүр цоо шинэ мэдрэмжийг өгсөн.
YOLO: Та нийт хэдэн ном уншсан бэ, тоолж үзсэн үү?
- Уншсан номынхоо тоог чухалчилж авч үздэггүй. Хамгийн гол нь уншиж буй ном бүрийнхээ хуудас бүрээс ямар нэг зүйл ойлгож авахыг хичээдэг.
YOLO: Бидний өвөө эмээ их ном уншдаг байсан гэдэг. Харин сүүлийн үед ном уншигчдын тоо харьцангуй буурсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
- Хэдий ном уншигчдын тоо цөөрсөн гэдэг ч миний мэдэх номонд хайртай, номыг шимтэн уншдаг хүүхэд залуус их олон байдаг. Хамгийн гол нь ном уншигч залуус минь нэгдэж нийгэмдээ нэгэн хүчтэй давалгааг үүсгэх хэрэгтэй байна.
Хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл нь зав гарахгүй болохоор ном уншиж чадахгүй байна гэдэг. Гэхдээ...
Ч. Идэрболд
YOLO: Уншсан ном болгоноосоо сургамж авахыг хичээдэг гэсэн шүү дээ. Тэр дундаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн номныхоо талаар уншигчидтай хуваалцаач?
- Миний хамгийн сүүлд уншсан "Арьсан хүрэмтэй Мадонна" гэх ном хүний сэтгэл гэж ямар агуу зүйл болохыг мэдрүүлж сэтгэлд минь их тод үлдсэн байдаг. Мөн Алхимич гээд ном амьдралын утга учир, түүний үнэ цэнэ хийгээд тууштай зан чанар гэж юу болох гээд эхний хуудсаасаа төгсгөлийн хуудас хүртэл ухаарлыг өгч чадсан.
YOLO: Олон ном унших нь чухал бус зөв номоо унших нь чухал гэдэг шүү дээ. Тэгвэл та хүүхэд залууст ямар ном уншихыг зөвлөж байна вэ?
- Залуус дүү нартаа санал болгох олон ном байгаа ч муу ном гэж байдаггүй юм шүү. Хамгийн чухал нь уншиж буй ном бүрээсээ өөрт хэрэгтэй бүхнийг ойлгож авч уншаарай гэж зөвлөмөөр байна.
YOLO: "Тархи цэнэглэгч" клубийн цаашдын зорилгоосоо бид бүхэнтэй хуваалцаач?
Бидний зорилго бол мэдээж ном уншигч хүүхэд залуусыг нэмэгдүүлэх, тэднийг хооронд нь нэгтгэх явдал юм.
YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд хүүхэд залуучуудад хандаж үг хэлнэ үү?
- Хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл нь зав гарахгүй болохоор ном уншиж чадахгүй байна гэдэг. Тийм болохоор цүнхэндээ байнга номтой явж байгаарай. Автобусанд явж байхдаа ч юм уу, цайны цагаараа ч юмуу өдөрт багахан хором ч болов ном уншихад зарцуулаад байвал нэг л мэдэхэд олон ном уншсан байх болно шүү гэдгийг сануулж хэлье.
YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх