Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Энэ депресс мөн үү?
Сайн байна уу? би 18 настай, эмэгтэй. Надад харьцдаг залуу бий. Бид хоёр харилцаад 8 сар болж байна. Албан ёсоор биш ч үерхэж байгаа гэж хэлж болно. Түүнтэй хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг болохоор хоёр биедээ ихээр татагдсан. Харин түүнийг хөдөө явснаас хойш 2 сар гаруй хугацаанд огт уулзаагүй. Гэхдээ харьцаж байх үедээ түүнээс халуун дулаан үг сонсохыг маш ихээр хүсдэг. Хэд хэдэн удаа энэ талаар өөрт нь хэлсэн боловч цаашдаа анхааръя гэчихээд ямар ч өөрчлөлт гаргаагүй. Анх эхэлснээсээ хойш хоёр биендээ зургаа явуулдаг байсан. Харин заримдаа би явуулмааргүй санагдаж, үүнийгээ өөрт нь хэлснийхээ дараа тэр хүн намайг буруутгаагүй байхад яагаад ч юм гэмшдэг.
Бас сүүлийн 2 сар гаран хугацаанд өдөр бүр маш ихээр уйлдаг болсон. Интернэтээс энэ талаар хайхад депрессийн шинж тэмдэг гэх юм. Бас ойр ойрхон уурлаж бухимдах нь ихэссэн. Түүнийг хааяа санаж, хааяа жаахан маргахаараа хүртэл уйлдаг болчихсон. Бас түүнийг миний сэтгэлийг хөдөлгөх үг хэлэхээр миний гэдэс ходоодны хавьд мушгираад ч байгаа юм шиг нэг тийм сонин, хэнээс ч өмнө нь авч байгаагүй мэдрэмжийг авдаг. Найзуудтайгаа хамт байсан ч хэдхэн минут л ганцаараа байхаар байдаг чадлаараа орилж хашхирмаар санагдаж, асгартлаа уйлмаар байдаг. Өдөр бүр уйлдаг ч огтхон ч тайвширдаггүй. Ахиад уйлмаар л байдаг. Ингэж уйлаад байхаар сүүлдээ уйлах нь огтхон ч намайг дээрдүүлэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Бас өнөөдөр яагаад ч юм миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр юм шиг санагдаж, ингээд л үхчихээс хойш энийг хийгээд яадаг юм гэсэн бодол төрөх болсон. Энэ үнэхээр депресс мөн үү?
ЗӨВЛӨГӨӨ: Уйлаад ч хамаагүй хэлээд үзээрэй
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Депресс буюу сэтгэл гутралтайг илтгэх 9 шинж тэмдэг байдаг ба тэдгээр шинж тэмдгээс 5 болон түүнээс дээш илэрч байгаа тохиолдолд сэтгэл гутрал гэж үздэг. Захианд бичсэнээс харвал тэдгээр шинж тэмдгээс 3 нь л илэрч байх магадлалтай байна. Тиймээс эхний ээлжид сэтгэл гутралтай биш байх магадлалтай гэсэн үг.
Дээр нь амархан уйлдаг болох нь ихэнхдээ депрессийн өмнөх шатны шинж тэмдэг буюу хямрал байх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл энэ үедээ өөртөө анхаарахгүй бол депресс болох магадлалтай гэсэн үг. Захианд найз залуу нь хөдөө яваад 2 сар гаруй хугацаа болсон, мөн сүүлийн 2 сар гаруй хугацаанд маш их уйлах болсон гэсэн байна. Найз залуугаа хөдөө явсны дараагаар өдөр бүр уйлах болсон гэж ойлгож байна. Зөв үү? Цаг хугацаа нь ойролцоо байгаа учраас уйлаад байгаа нь найз залуу нь хөдөө яваад уулзаж чадахгүй байгаатай холбоотой юм болов уу? Та юу гэж бодож байна?
Найз залуугаасаа халуун дулаан үг сонсохыг хүсдэгээ хэлсэн ч өөрчлөгдөхгүй байна гэсэн байсан. Хэн нэгнийг өөрчлөхөөс илүү түүнийг хүлээн зөвшөөрөх нь илүү амар байдаг. Мөн хэн нэгнийг өөрчлөхийг хүсэж байвал тодорхой хэмжээний хичээл зүтгэл, тэвчээр, цаг хугацаа мөн тухайн хүний өөрийнх нь хүсэл хэрэгтэй. Уйлаад ч тайвшрахгүй байвал та хэн нэгэнтэй энэ мэдрэмжээ хуваалцаж ярилцах хэрэгтэй гэсэн үг юм. Сайн найздаа, гэрийнхэндээ эсвэл найз залуудаа яг ямар мэдрэмж төрж байгаагаа уйлаад ч хамаагүй хэлэх гээд үзээрэй. Хэрвээ хүсвэл сэтгэл судлаачтай биечлэн уулзаж ярилцах боломжтой шүү. Танд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Би гар утсанд донтсон
Сайн байна уу? Би 15настай, эмэгтэй. YOLO.mn сайтын ажилчид, сэтгэл судлаачид, зөвлөгөө өгдөг хүмүүстээ юун түрүүнд амжилт хүсье! Надад зөндөө асуудал байгаа ч одоо бичих гэж байгаа нь хамгийн түрүүнд шийдэх ёстой маш том асуудал.
Би 11 настайгаасаа утсанд донтож байна. Айлын ганц болоод ч тэр үү гар утас л хань болдог. Өглөө босоод нүдээ нээхээс эхлээд унтах хүртлээ утсаа оролдсоор л байдаг. Юу ч хийсэн утаснаас хамааралтай болчихсон. Хоол хийсэн ч, хичээл хийсэн ч, дасгал хийсэн ч утас байнга хажууд байдаг. Бас ихэнх юмаа утаснаасаа л хардаг. Утаснаасаа салъя, бага оролдъё гэж хичээсэн ч ямар нэгэн шалтаг заавал гараад ирдэг.
Би зураг зурах хоббитой. Зургаа зурахдаа ч санаа авах үүднээс утсаараа оролдоно. Янз бүрийн хэл сурах гэхээр утаснаасаа хардаг. Өөр юмс хийж утасруугаа ойртохгүй байя гэхээр чаддаггүй. Хийх юм зөндөө байгаа ч утастайгаа зууралдсаар. Эсвэл хийж байгаа ч утастайгаа хамт. Хараа минь ч бага багаар муудсаар хараагаа яаж сайжруулах вэ, хэрхэн утсаа бага оролдох вэ? Одоо хичээл орох хүртэл нүдний хараагаа сайжруулж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөмөөр байвч хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй байна. Би яах ёстой вэ, яаж утаснаасаа салах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Орчин үед утасгүй, интернэтгүй амьдарна гэдэг бараг л боломжгүй
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд чи үүнийг асуудал гэж харж байгаа болон үүнийг засахыг хичээж байгаа чинь сайн хэрэг. Засах хэрэгтэй гэж ухамсарлаж байна гэдэг нь өөрчлөлт хийх хамгийн эхний алхам. Тиймээс чи эхний алхмаа аль хэдийн тавьсан байна.
Орчин үед утасгүй, интернетгүй амьдарна гэдэг бараг л боломжгүй болсон шүү дээ. Мэдээж хэтрүүлсэн тохиолдолд хараа муудах, анхаарал нэг зүйлд удаан төвлөрөхөө болих гэх мэт сул талуудтай. Чиний утсаараа хийдэг зүйлс огт хэрэггүй, цагийг дэмий өнгөрөөж байгаа үйлдлүүд биш юм шиг санагдлаа. Жишээ нь: Хичээлээ хийх, хэл сурах, дасгал хийх, зураг зурах санаа авах гэх мэт. Тэгэхээр утаснаасаа бүр мөсөн сална гэхээс илүү утас оролдох цагаа багасгах нь хамгийн үр дүнтэй арга юм. Огт утас оролдохгүй гээд өөртөө амлалт өгөх эсвэл тэгж хичээх бүрд утсаараа зарим зүйлсийг хийх шаардлагатай болох үед утаснаасаа салж чадахгүй юм байна, дахиад л утсаа бариад сууж байна гэх мэтээр өөрийгөө буруутгах мэдрэмж төрнө.
Үнэхээр утсаа оролдохоо багасгахыг хүсэж байвал өдөрт тодорхой хэдэн цагийг л зарцуулна гэх мэтээр төлөвлөгөө гаргаарай. Мэдээж гэнэт л утсаа бага оролддог болохгүй. Дунд нь төлөвлөсөн цагаасаа хэтрүүлэн оролдох, ер нь болъё, би чадахгүй юм байна, нэг оролдохоороо больж чадахгүй байна гэх мэт мэдрэмжүүд төрнө. Тиймээс тэр үед шантралгүй дахиад л хичээгээд байх хэрэгтэй. Мөн утас ашиглан хийдэг зүйлсээ утасгүйгээр хийх аргуудад суралцаарай. Жишээ нь: Зураг зурахдаа өөрийн уран сэтгэмж төсөөллөөрөө зурах гэж хичээх, дасгал хийхдээ өмнө нь үзэж байсан бичлэгээсээ санаа авч өөртөө тааруулан хийх гэх мэт. Өсвөр насны хүүхдүүдийн төсөөлөн бодох чадвар насанд хүрэгчдийг бодвол сайн байдаг юм шүү. Мөн ном унших, гар урлал, тэмдэглэл хөтлөх гэх мэт утсаар хийдэггүй үйлдлүүдийг туршаад үзээрэй. Чамд таалагдах юм бол хоббигоо болгох боломжтой. Гэрийнхэнтэйгээ хамт дасгал хийх, хамт шинэ хоол хийж турших, нэгнээсээ сонирхолтой асуулт асууж ярилцах, нэгнийхээ хийх дуртай зүйлийг хамтдаа хийж үзэх гэх мэт үйлдлүүдийг хийгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Бусад хүүхдүүд ээж аавдаа загнуулаад хичээлээ хийгээд байхад би...
Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Энэ жил би өөр сургуульд орохоор шалгалт өгнө. Харин энэ шалгалтандаа бэлдэж чадахгүй, залхуу хүрээд, хийх гэхээр тэвчээр дутаад, утсаараа оролдоод, өөр юм хийгээд байна. Бас теле хичээлээ ч олигтой хийгээгүй. Энэ бүх өөрт гарж буй муу талаа мэдэж байгаа хэрнээ яагаад ч юм ерөөсөө хийж өгөхгүй байх юм.
Нэг бодоход тэвчээр минь хаа нэг тийшээ явсан юм шиг. Магадгүй би хүсэл тэмүүлэлгүй байгаа юм болов уу? Өөрийгөө хараад байхад ээждээ олон удаа загнуулаад, эмээ бас ээж хоёр хичээлээ хий гэсэн ч үгийг нь тоохоо больчихож. Бусад хүүхдүүд ээж, аавдаа загнуулаад хичээл номоо хийгээд байхад би яагаад ч юм шалгалтандаа бэлдэж, хичээлээ хийхгүй байна. Өөрийгөө ч ойлгохгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн гэсэн орчинг бүрдүүлээрэй
Сайн уу? Өдрийн мэнд хүргэе мундаг охин минь. Өөрийн дутагдалтай талыг хүлээн зөвшөөрч байгааг чинь магтан сайшаамаар байна. Захиаг нь уншихад 2 зүйл анзаарагдлаа. Нэгдүгээрт магадгүй чамд хичээл хийх, төвлөрөх орчин нь бүрдэж өгөөгүй эсвэл бүрдүүлж чадахгүй байгаа юм болов уу? Түүнээс болоод анхаарал чинь хичээл бус өөр зүйлсэд сатаараад байж болох юм.
Хоёрдугаарт зорилго байсан цагт хийх арга заавал олддог гэдэг. Уг нь бол чиний зорилго тодорхой байна. Шинэ сургуульд орохын тулд шалгалтанд нь тэнцэх ёстой. Харин чи үнэхээр тэр сургууль орохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа юу гэдгийг тунгаан ойлгох, дараа нь хичээл хийхэд тохиромжтой, өөрийн гэсэн орчинг бүрдүүлэн, цагийн менежмент гаргаж үзвэл яаж байна? Үр дүнтэй суралцах хичээллэх аргуудад ч суралцаж интернет, ном хэвлэлээс санаа аваарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь
АСУУДАЛ: Баярлах эсвэл гомдох мэдрэмж төрдөггүй
Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Надад нэг тийм сонин мэдрэмж мэдрэгдээд 2, 3 жил болж байна. Үнэнийг хэлэхэд мэдэрдэг эсэхээ ч сайн мэдэхгүй л байна. Юу вэ гэхээр ганцаардаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Олуулаа байх дуртай хэрнээ яг олонд орохоор төвөгтэй санагдаж гэртээ харихыг хүсдэг. Хүнтэй юмаа ярилцаж хуваалцмаар байгаа хэрнээ амнаас үг гарах шинжгүй, ярих хүсэл төрдөггүй. Гэнэт л инээмээр эсвэл их уйлмаар ч юм шиг эсвэл бүр таг чимээгүй болчихно. Ганцаараа байх дургүй ч хүнтэй хамт удаан байж чадахгүй. Заримдаа бүр үй зайгүй байдаг ганц хоёр найзаасаа дөлчихдөг. Их сонин байгаа биз?
Нийгмийн харилцаанд төвөггүй ордог хэрнээ аажмаар хүмүүс надаас эсвэл би хүмүүсээс холдчихдог. Тэгээд тэдэнтэй ярилцах хэцүү санагддаг. Яг нэг хана байгаа мэт. Зүгээр л чимээгүй ажиглаад л суудаг болчихсон байдаг. Тэдний ярьж байгаа зүйлс надаас их алслагдсан эсвэл надад тохирохгүй юм шиг. Анх ангидаа үймүүлж шуугьдаг байсан бол одоо зүгээр л чимээгүй хараад суух эсвэл хичээлээ хийгээд байж байдаг болсон. Баярлах эсвэл гомдох зүйл мэдрэгддэггүй. Ямар ч гомдмоор баярламаар зүйл болсон тэр үед илрэх ёстой зан байдал илэрдэггүй. Баяртай юм болсон ч баярламаар санагддаггүй гэх юм уу?
Үнэндээ анх энэ мэдрэмж хэцүү санагдаж сэтгэлээр унаад хэцүү байсан ч одоо дасаад тайван байдаг болсон. Гэхдээ энэ мэдрэмжийг зүгээр болгохгүй бол зожиглоод байгаагаа мэдрээд байгаа болохоор... Надад үнэхээр тусламж хэрэгтэй байна. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Хааяа ганцаараа баймаар санагдах нь хэвийн
Сайн уу, чи өөртэйгөө өнгөрөөх цаг, орон зай болон бусадтай өнгөрөөх цагаа тохируулж сурах хэрэгтэй байгаа бололтой. Хүнд бусдыг санах, яримаар санагдах, тэгснээ амархан залхах, төвөгтэй санагдах мэдрэмжүүд төрж л байдаг. Үүнд өөрийгөө хэт их буруутгаж, хүндээр хүлээж авах хэрэггүй болов уу. Тэднээс яагаад дөлөөд байгаагаа чи өөрөө хэлсэн байна шүү дээ. Тэдний ярьж байгаа зүйлс чиний сонирхолтой тохирдоггүй гэж. Тэгэхээр чи яг сонирхол, яриа нийлэх хэн нэгнийг олоогүй байж ч болох юм.
Өсвөр насанд өөрийгөө ойлгох, таньж мэдэх нь чухал байдаг ба үүнд их цаг зарцуулдаг учир хааяа ганцаараа баймаар санагдах нь хэвийн. Харин чи хэний ч талаар бодохгүй, хүмүүс баярлаж, гуниглаж байсан ч юу ч мэдрэхгүй, чамайг магтаж эсвэл доромжилж байсан ч юу ч мэдрэхгүй, ганцаараа эсвэл олуулаа байх нь ямар ч ялгаатай мэдрэмж төрүүлэхгүй болоод эхэлбэл энэ нь шизиод персоналити дизордерын шинж тэмдэг юм. (Чамайг тийм гэж хэлээгүй, зүгээр л уншигчдад мэдээлэл өгч байгаа юм шүү.)
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Найз маань над руу их аймар хардаг
Сайн байна уу? Хамгийн түрүүнд намайг сонсож, бас ойлгохыг хүссэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Би 17 настай. 12-р ангид суралцдаг. Надад тулгараад буй асуудал миний ойлголтоос хэтэрсэн мэт санагдаад, айдсыг минь хүргээд байх боллоо. Би 11 жилийн турш нэг охинтой найзалж байгаа юм л даа. Тэр их түрэмгий бас над руу их аймар хардаг. Энэ мэдээж их сонин сонсогдож байгаа байх. Гэвч түүнтэй хамт байхад тэр үргэлж намайг бухимдуулаад байх юм. Тэр надад сайн ханддаг юм шиг мөртлөө дандаа намайг шүүмжлээд байх шиг санагддаг. Бусдаас шүүмжлэл сонсох нь тийм ч муу биш л дээ. Гэхдээ сайн найз минь гэж боддог хүнээс гэр бүл өөр бусад таалагддаг бүх зүйлээ шүүмжлүүлээд байхаар муухай санагдаж байна.
Нэг удаа би найзын тухай маш их судалгаа хийж, тохиромжтой цаг мөчийг хүлээж байгаад түүнтэй ярилцаж үзээд "Чи яг тэр зангаа засаад тэгвэл их гоё байна. Харин одоо чи надад хэлээрэй. Надад алдаа дутагдалтай зүйл байгаа нь мэдээж. Би юугаа засвал дээр вэ? Чи надаас юу хүсэж байна вэ? гэж асуусан. Гэтэл тэр хүнээс юм хүсэж, өөрийнхөө дураар байлгах муухай гэж хэлсэн. Бид юуны төлөө найзлаад байгааг огтхон ч ойлгоогүй. Би уул нь түүнийг хэт тулгаагүй шүү дээ. Магадгүй түүний зөв байх. Түүнийг хэтэрхий муугаар бодоод байгаа нь миний буруу ч байж болно.
Би үнэхээр дэндүү эмзэг хүн юм болов уу? Гэхдээ хамгийн аймшигтай нь би түүнтэй хамт байхдаа "Одоо яана аа, тэр над руу муухай харж байгаа болов уу? Эсвэл би түүнд дахиад юм авч өгөх ёстой юм болов уу? Би юу буруу хийсэн юм болоо... Дахиад уурлаад миний хийсэн болгоныг шүүмжлээд байвал яана" гэж бодохоос бүүр нэг л муухай санагдаад тэр хүүхдийг найз минь гэж бодохоор л хямраад байх юм. Тэгээд өөр хүүхдүүдтэй ярилцаад хөгжилтэй байхаар найзаасаа урвах муухай, тэд нар чамайг ашиглаж байгааг ойлгохгүй байгаа юм уу? гэх юм.
Би яавал дээр юм бол оо? Түүнийг явуулах цаг нь хэдийн болсон гэдгийг би мэдрээд байна. Гэхдээ яаж? Бурхан минь үнэхээр орхих нь зөв болов уу? Тэр хэзээд надаас зуураад л зуураад л байдаг. Яг л шоронд байгаа юм шиг санагдаад байх юм. Үзээгүй зүйлийнхээ тухай хамаагүй ярих нь онцгүй ч гэсэн, хэн хүнд ч таагүй санагдах байсан байх... Гэхдээ эцэст нь би найзтай байхаас айгаад байна шүү дээ. Ганцаараа ганцаардаад л байвал жаргалтай байх юм шиг мэдрэгдээд байна. Надад тус болж хэдэн үг ч болтугай хэлж өгнө гэдэгт итгэж байна... Энэ хүрээд захиагаа өндөрлөе дөө. Намайг анхааралтай сонсож өгсөнд тань хязгааргүй их баярлалаа бас уучлаарай...
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хамгаалж зогсоорой
Сайн уу? Найз чинь чамд үргэлж хэцүү мэдрэмж төрүүлээд байгаа бол хамт байх шаардлагагүй болов уу. Чиний бичсэнээс тэр аливаа зүйлийг өөрийнхөө талд ашигтайгаар тайлбарлаж, чамайг буруутгаж, нэг үгээр манипулэйшн хийдэг бололтой. Мөн чи түүнээс зайгаа барих хэрэгтэйгээ ойлгочихсон ч зориг дутаад байгаа бололтой.
Найз нөхөд байх гол утга учир нь нэгнээ дэмжих, эерэг мэдрэмж өгөх, улам сайн хүн болоход нь туслах болохоос сэтгэлийг нь түгшээж, байнгын буруутгах биш юм. Дээр нь чи түүнтэй ярилцаж, ойлголцох гэж оролдож үзсэн байна шүү дээ. Тиймээс зоригтой байж өөрийгөө хамгаалж зогсоорой. Хэрвээ шууд зайгаа барихад хэцүү санагдаж байвал бага багаар хийгээрэй. Та хоёр удахгүй оюутан болох юм уу ажилд орох учир аяндаа холдоно гэдэгт бас итгэлтэй байна. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Би яаж сэтгэлээ илчлэх вэ?
Сайн байна уу? Би 10-р ангид сурдаг. Би дээд ангийнхаа 1 охинд сайн болчихсон. Түүнтэй хэзээ ч амьдаараа ярилцаж, бүр яриа өдөж ч байгаагүй. Би хоёр Фэйсбүүкээр чатлаад 2 жил болж байна. Бид хоёр нэг сургуульд сурч байсан ч 9-р ангиа төгсөөд өөр сургууль руу шилжсэн. Өмнө нь нэг сургуульд байсан ч ерөөсөө уулзаж байгаагүй. Очоод яриа өдөр гэхээр надаас тэр үед хамаагүй өндөр байсан болохоор яагаад ч юм очиж чадаагүй.
Саяхан төрсөн өдөр нь болсон. Торт өгнө гэж амласан юм. Ядаж байхад коронавирус гарчихсан учраас гэртээ оруулахаас дургүйцэж байсан ч зүгээр тортоо өгөхөөр очсон юм. Гэрийг нь мэдэхгүй учраас замаа заалгаж явахдаа буруу газраар хэд хэдэн удаа яваад жоохон бухимдуулчихсан. Гэхдээ гэрийг нь арай гэж олоод тортоо өгсөн. Өндөр намын хувьд бараг ойролцоо болсон ч бас л намхан байлаа. Анх удаа уулзсан болохоор шууд сэтгэлээ илчилж чадаагүй. Бас саяхан түүнд ном хэвлүүлэх тусламж хэрэг болсон юм. Их ном хэвлүүлэх гэж байсан болохоор гэртээ принтертэй хүүхэд хайж байсан. Манайд принтер байхгүй ч номыг нь гадуур хэвлүүлж өгсөн. Гэхдээ би яаж сэтгэлээ илчлэх вэ? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Хүлээж авах эсэх нь түүний асуудал
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Чи түүнд сэтгэлээ илчлэхээр шийдсэн ч яаж гэдэг учраа олохгүй байгаа учраас тусламж хүсч байна гэж ойлголоо. Чи янз бүрийн үйлдлээр өөрийгөө илэрхийлэхийг оролдсон байна. Гэвч хүн тэр хүний амнаас өөрт нь сэтгэлтэйг сонсохоос нааш үйлдлээр нь түрүүлж дүгнэхэд хэцүү байдаг. Тийм болохоор үгээрээ илэрхийлбэл ямар вэ? Хэт их романс шиг, тэр хүнд дарамт мэдрүүлмээр урт захиа, яриа биш мөн тоглоом, наргиа шиг хэт хөнгөн биш, яг өөрийнхөө юу мэдэрч байгааг нэг, хоёр өгүүлбэрээр хэлэх гээд үзээрэй. Мөн тэр хүн хүлээж авах үгүй нь түүний асуудал учир ямар хариу ирэх бол гэдэг талаар их санаа зовох хэрэггүй болов уу. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Гэрээсээ зугтаачихдаг ч юм билүү гэж бодсон
Сайн байна уу? Би өсвөр насны охин. Захиа бичиж байгаа шалтгаан бол би эцэг эхээ үзэн ядаж байна. Надаар гэрийн ажил их хийлгэж, намайг чадахаараа хийхээр дандаа загнана. Чи илүү сайн цэвэрлэ гэх мэт. Хичээлээ хийж эхлэх гээд төвлөрсөн байх үед хүртэл дуудаж юм хийлгэнэ. Үргэлж надад л асуудал байгаа мэтээр гэрт болж буй бүх асуудлын ард би байгаа юм шиг харьцана.
Би өөдөөс нь үг дуугардаг нь үнэн хэдий ч том хүн гэхээрээ намайг өөрийнхөө дураар байлгана гэсэн үг биш шүү дээ. Би хэзээ ч өөрийгөө өмөөрч болохгүй. Тэгвэл үг сонсоогүй өөдөөс нь хэрэлдсэн болно. Яаж ч хичээж гэрээ цэвэрлэсэн хэзээ ч сэтгэлд нь хүрэхгүй үргэлж загнана. Айлын охин хүүхэд гэхээрээ цэвэрлэгч юм уу? Би ахлах анги учраас сурах зүйлс их. Тэр болгонд миний алтан цагаас хумсална. Орой унтах болгондоо төлөвлөсөн хичээлээ хийж чадаагүй учраас өөрийгөө үзэн ядна.
Би ярилцах гэж үзсэн. Өөрийгөө ойлгуулахыг ч хичээсэн. Тэгж хэлэхээр "чи юу тэгтлээ их хийгээд байгаа юм, гэрт юу ч бүтэлтэй хийчихдэггүй юм байж" гээд ахиад л загнуулсан. Бүтэхгүй юм байна лээ. Нялх дүүтэй учраас над дээр л гэр орны ачаалал ирнэ. Гэрээсээ зугтаадаг ч юм билүү гэж бодож үзсэн. Ингэж явсаар их сургуульд ч орж чадахгүй бол яана аа гэж маш их айж байна. Өдөр бүр над руу үглэж загнах нь намайг ууртай, муухай ааштай болгож байна.
ЗӨВЛӨГӨӨ: 1 удаа ярилцаад амжилттай болох ёстой биш
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Эмэгтэй хүүхэд гэхээр гэрийн үйлчлэгч шиг ажиллах ёстой гэсэн үг биш, мөн гэр бүлдээ огт тус нэмэр оруулахгүй, зочид буудалд байгаа юм шиг амьдарна гэсэн үг x биш. Гэрийн ажилд туслах нь бидэнд амьдрах ухааны олон чухал чадварт суралцах сайхан боломж өгдөг. Чамд одоо ирж байгаа ачаалал, дээрээс нь хийсэн ч ямар ч урам, талархал ирэхгүй байгаа байдал чамайг гонсойлгож байгаа бололтой.
Эцэг эхтэйгээ ярилцах гэж оролдсон нь сайн байна. Заавал нэг удаа ярилцаад амжилттай болох ёстой биш шүү дээ. Арай өөр үгс ашиглаад дахиад өөрийгөө ойлгуулахыг оролдоод үзвэл ямар вэ? Ээж нь нялх хүүхэдтэй учраас ядарч, стрессддэг бололтой. Тэрийг нь ч чи ойлгож байгаа байх. Бас чи хичээлээ хийх хүсэл ихтэй байгаад баярлаж байна. Ийм хүсэл эрмэлзэл, амбиц, зорилготой байхад амжилттай хүн болох нь тодорхой гээд хэлчихвэл буруудахгүй байх. Энэ эрмэлзлээ битгий алдаарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Хойд аав маань намайг гэрээсээ явуулахыг хүсдэг
Сайн байна уу? Таныг надад зөвлөж чадна гэж найдаж байна. Би 10-р ангийн сурагч. Манай хойд аав намайг гэрээсээ явуулахыг хүсдэг. Юм ярих болгондоо л хурдхан хүнтэй суулгаад тусад нь гаргана гэдэг. Зүгээр л бодлогогүй ингэж хэлэх нь надад маш хүндээр тусдаг. Би арван жилээ сайн төгсөж, гоё мэргэжлээр их сургуульд орохыг зорьдог.
Ямар ч аав хүн охиноо хурдан хүнтэй суулгахыг хүсэх вэ дээ. Хэдий төрсөн хүүхэд нь би биш ч гэлээ яагаад ингэж ярьдаг юм бэ? Ганц ч ингэж тоглоомоор хэлээгүй нэлээн хэд хэдэн удаа ингэж ярьсан. Зүгээр л гомдоод байна. Намайг хэзээ ч өмөөрдөггүй, үргэлж нөхрийнхөө талд бат зогсож намайг нийлж доромжилдог ээждээ бас гомдож байна. Би гэдэг хүн энэ гэрт илүүдэл юм шиг санагдаад...
ЗӨВЛӨГӨӨ: Насанд хүрсэн хүн шиг тайван хэлээд үзээрэй
Сайн уу, бидэнд итгэж хандсанд баярлалаа. Чамд их хэцүү, ганцаардсан мэдрэмж төрж байна гэж ойлголоо. Чамайг ойлгох хүн байхгүй байсан ч чиний хүсэл эрмэлзэл, ирээдүйн төлөвлөгөө, хобби, амьдралдаа очихыг хүсдэг газар гээд энэ бүхэн чамд хань болж, цааш үргэлжлүүлэн хичээж суралцах эрч хүч өгнө гэж найдаж байна.
Чиний бичсэнээс харахад чамд сайхан зорилго, төлөвлөгөө байгаа бололтой. Түүндээ төвлөрөөрэй. Тэгсэн ч тэдний хэлж буй зүйлсэд гомдоод, мартагдахгүй байвал намуухан, тайвнаар “надад ... хэлж байгаа чинь .... мэдрэмж төрүүлж байна, би их сургуульд ... мэргэжлээр сурч ... ажилд орно гэсэн төлөвлөгөөтэй, ахиж битгий ингэж хэлээрэй” гээд яг л насанд хүрсэн хүн шиг тайван гэхдээ нухацтай хэлээд үзээрэй. Магадгүй тэр чамд ямар мэдрэмж өгч байгаагаа мэддэггүй байж болно шүү дээ. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх