"Мэргэжил сонголтын тестүүд бөглөж үзээрэй"


ССҮТөв | YOLO.MN
2019-03-21

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ мэргэжил надад зохих болов уу?

Сайн байна уу? Би дараа жил их сургуульд орох болохоор ирээдүйн мэргэжлээ сонгох хэрэгтэй. Гэвч надад хүссэн мэргэжил байхгүй. Ээж минь намайг Хятадад хэлний бэлтгэлд явуулсан. Ээж намайг шүдний эмч болгох хүсэлтэй гэсэн ч би эмч болж чадахгүй гэж бодож байна. Учир нь эмч гэдэг их хариуцлага зориг шаардсан мэргэжил. Энэ тухай ээжид хэлэхэд тэр намайг хэл сураад  ядаж орчуулагч болох хэрэгтэй гэсэн. Гэсэн ч орчуулагч болно гэхээр надад нэг л итгэл төрөхгүй байна. Ажлын байр багатай мэргэжил гэж бодож байна. Гэхдээ ойрын үед надад Олон Улсын Харилцааны мэргэжил сонирхлыг минь бага зэрэг татаж байгаа. Энэ мэргэжил надад зохих болов уу? Энэ мэргэжлийн тухай би тийм ч сайн мэдэхгүй. Мөн би тийм ч нээлттэй биш ичимхий, бүрэг хүн. Мөн би ирээдүйд гадаадад ажиллаж амьдрахыг хүсэж байна гэхдээ миний сурч байгаа хэл миний амьдрахыг хүсэж байгаа нөхцөлд тохирохгүй гэж бодож байна. Тийм болохоор би хятад хэлийг сурах хэрэг байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Надад ямар мэргэжил зохих бол?

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжил сонголтын тестүүд бөглөж үзээрэй

Сайн уу? Бидэнд хандан захиа ирүүлсэнд баярлалаа. Өөрийн юунд дуртай, ажлын байрны эрэлт хэр их байх, аз жаргалтайгаар тухайн ажлаа хийсээр байж чадах болов уу, энэ ажлыг хийгээд амьдралаа тэтгэж чадах уу, энэ ажил манай нийгэмд үнэхээр хэрэгтэй байна уу гэх зэрэг маш чухал. Тэгсэн мөртлөө хариулахад хэцүү асуултууд толгой дотор нь эргэлдэж байгааг сайн ойлгож байна. Энэ асуултын хариултыг гэр бүлийнхэн чинь мэдэхгүй. Чиний л дотор байгаа шүү. Гагцхүү түүнийгээ ойлгохдоо мэргэжлийн хүний тусламж аваасай гэж хүсч байна. Сэтгэл судлалын төвүүдэд Мэргэжил сонголтын тест авдаг. Энэхүү тестээр чиний өөрийн онцлог, сонирхол, ямар зүйлсэд ур дүйтэй, эсвэл тааруухан зэрэг дээр үндэслэн ямар ямар мэргэжил чамд тохирох, суралцан төгсөж ажиллавал амжилттай байх талаар мэдээлэл тестийн хариуд гарч ирдэг. Хэрэв чи англи хэлтэй бол онлайнаар мөн мэргэжил сонголтын тестүүд бөглөж үзээрэй.

Ингээд нийгэм буюу хүнтэй ажилладаг хүн болох уу, эсвэл технологийн хүн болох уу, бүр эсвэл шинжлэх ухаанч хүн болох уу зэрэг үндсэн чиглэлээ олчих юм бол нэг чиглэлийн мэргэжлүүд дотроо хөрвөх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл чи зөвхөн орчуулагч мэргэжилтэй бол орчуулга л хийнэ гэсэн үг биш. Хүнтэй ажилладаг хүний нөөц, багш, харилцааны ажилтан, үйлчилгээний ажилтан гээд олон ажил хийж болно гэсэн үг. Мэргэжлүүд улам л хоорондоо холилдож, бидний карьерын сонголт улам өргөн болж байгаа шүү. Бүр цаашлаад чиний ямар мэргэжлээр диплом авснаас илүү чи өөрөө ямар хүн бэ, юунд дуртай вэ, хэр урам зоригтой вэ зэрэг бие хүн чинь ямар ажил хийх, хэр амжилттай байхыг чинь шийддэг болсон гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Тиймээс хэт их санаа зовж өөрийгөө ядраах хэрэггүй шүү. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter