Yolo.mn сайтын хамт олон онцгой содон үг, утга агуулга, аялгуулаг хөгжим бүхий дуунууд, сайхан хоолой, царайлаг төрх, бусдаас ялгарах онцлог хэв маягаараа сонсогчдоо татдаг дуучин AM-C-тэй ярилцлаа. Ингээд хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая.
YOLO: Сайн байна уу? Удахгүй шинэ цомгийн нээлт нь болох гэж байна. Сонсогчдодоо зориулж ямар уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна вэ?
- “Гүнд” цомогт багтсан “Гүнд”, “Санасан байна”, “Юу хүсэж байна”, “Sunflower” зэрэг дуунууд маань одоогоор цацагдчихсан байгаа. Мэдээж цомогт багтах шинэ дуунууд бас бий. Саяхан “Яг энчээ” дуу цацагдсан.
YOLO: Дууныхаа шүлгийг өөрөө бичдэг үү? Санаагаа хэрхэн олдог вэ?
- Би бүх дууныхаа шүлгийг өөрөө бичдэг. Тэр нь ч зөв гэж боддог. Санаагаа бодит амьдралаас сэдэвлэх, эсвэл зүгээр л дотор байгаа бодлуудаа гаргаж ирнэ. Зарим тохиолдолд уран зохиолын ном уншаад, уншсан номоосоо үгийн сан үүсгээд гоё чамин үгнүүд ашигладаг. Гоё кино үзэх, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдох, хүмүүстэй ярилцаж байх үед гоё санаанууд орж ирдэг.
YOLO: Ер нь хэр их ном уншдаг вэ?
- Миний хамгийн их ном уншсан үе гэвэл оюутан байх үе. Яалт ч үгүй ном унших шаардлага их гардаг. Уран зохиолын ном их уншиж, дүрийн судалгаа хийж тархиа цэнэглэнэ гээд л. Одоо бол чөлөөт цагаараа унших дуртай. Саяхан Фүмио Сасакигийн “Би энгийн амьдралыг сонгосон” номыг уншсан. Сүүлд Б.Лхагвасүрэн гуайн “Морин зэрэглээ” номыг уншсан. Дуун дээрээ номноос үг ишлэн оруулсан тохиолдолд цөөн. Гэхдээ дуу өөрөө уран сайхны байх хэрэгтэй учраас Монголын уран зохиолд хэрэглэгддэг гоё үгсийг дуундаа шигтгэж өгөх дуртай.
YOLO: “Making the band” шоунаас төрөн гарч ирсэн. Хамтлагаараа дахин дуу хийх бодол бий юу?
- Одоогоор тийм юм бодоогүй л байна.
YOLO: Хэрвээ “Making the band” шоунд оролцож өөрийгөө нээгээгүй бол дуучин болох байсан болов уу?
- Тийм юм болоогүй, тэгж үзээгүй болохоор мэдэхгүй юм байна. Нэгэнт оролцчихсон нь үнэн болохоор ерөөсөө тэгж бодож байгаагүй.
YOLO: Анх 2015 онд “Habibi” синглээ гаргаж байсан. Хамтлагаасаа тусдаа, ганцаараа дуу гаргахад хүндрэлтэй асуудлууд тулгарч байв уу?
- Хүн ганцаараа юм хийх үед ер нь зөндөө л асуудал гарч ирнэ. Миний хувьд ч тийм зүйлс их байсан. Хамгийн наад зах нь санхүүгийн асуудал тулгарна. Гэхдээ найз нөхөд маань тусалж дэмжиж байсан.
YOLO: Таны бодлоор нөхөрлөл гэж юу вэ?
- Хэн хэндээ хэрэгтэй байх хэрэгтэй. Нэг нэгэндээ тус дэмгүй бол нөхөрлөх ямар ч шаардлагагүй. Би жаргал зовлонд нэг их ач холбогдол өгдөггүй. Зүгээр л надад туслалцаа хэрэг болсон үед тусалж, би ч гэсэн тэр хүнд туслалцаа шаардлагатай үед тусалж, шийдвэр гаргахдаа хамтдаа ярилцаж байх хэрэгтэй. Тэгвэл л нөхөрлөл удаан үргэлжилнэ гэж боддог. Түүнээс биш наргиж цэнгэх бол нөхөрлөл биш.
YOLO: Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг болов уу?
- Миний хувьд бол байхгүй. Байж болно л доо. Гэхдээ би нэг тийм зүйлтэй учирч байсан. Тэр үйл явдлаас хойш эмэгтэй найз гэж байдаггүй юм байна гэж бодсон. Өөр хүмүүст бол эмэгтэй найз гэж байдаг л байх.
YOLO: Хэд хэдэн дуун дээрээ дуучин Siente-тэй хамтарсан байдаг. Та хоёр сайн найзууд уу? Нөхөрлөлийнхөө түүхийг хуваалцаач.
- Миний сайн найз. Анх дууны клип хийхтэй холбогдуулж танилцсан. Манай найз өөр студи байсан л даа. Би тэр үед дуу хийхээр шийдэж Siente-тэй очиж уулзсан юм. Нэг айлын орцонд танилцаж байсан /инээв/.
YOLO: Та үндсэн мэргэжлээрээ “Гацуурхан 2”, “Огтлолцол” кинонуудад тоглосон. Энэ хоёр дүрээ харьцуулбал аль дүртэй нь Г.Энх-Амар гэх хүн илүү ойр вэ?
- “Гацуурхан 2” кинонд ЕБС-ийн хичээлдээ сайн, сэргэлэн сурагчийн дүр бүтээсэн. “Огтлолцол” кинонд “эвдэрхий” гэхдээ сайхан сэтгэлтэй залуугийн дүр бүтээсэн. Гэвч миний амьдралтай аль аль дүр нь ойролцоо байгаагүй. Жүжигчин мэргэжлээр төгсөөд ийм хоёр кинонд тоглож, мэргэжлээ орхиогүй яваадаа баяртай байна.
YOLO: Тэгвэл Г.Энх-Амар гэдэг хүн яг ямар хүн юм бол? Ярилцаж суухад нэлээн дуу цөөнтэй хүн шиг санагдаж байна. Өөрийгөө тодорхойлооч.
- Найзуудтайгаа байхдаа хөгжилдөх үедээ хөгжилдөж, ганцаараа байхдаа бас нэг өөр байгаад л... Ер нь хүн болгон адилхан байх. Би өөрийгөө их сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн гэж боддог. Мөн сая чиний хэлсэнчлэн зарим үед дуу цөөнтэй байж магадгүй. Гэвч би өөрийгөө бусдаас өөр содон гэж бодож байгаагүй. Хийдэг зүйл нь л өөр болохоос бусадтайгаа л адилхан.
YOLO: Одоогоор ганц бие байгаа гэсэн. Өмнөх хайр дурлалын харилцаанаасаа юуг ойлгосон бэ?
- Юуг ойлгосон юм бол оо? /инээв/. Хайр дурлалаас ойлгоод байх юм байхгүй шүү дээ. Зүгээр л мэдрэмж авна. Түүнээс биш нэг охинтой үерхсэнээ дараа нь ингэхгүй шүү, тэгэхгүй шүү гэсэн юм бол байхгүй байлгүй дээ. Өмнө нь өөр хүнийг хайрлаж, хайрлуулж нэг мэдрэмж авсан. Одоо өөр мэдрэмж бас хайж л байгаа байх даа. Юуг ойлгосон бэ гээд сайн бодоод үзвэл “Хүнд ингэж их дурлаж болдог юм байна” гэж л ойлгосон юм байна.
YOLO: Та ер нь ямар охин сонирхдог вэ?
- Надад яг тийм охин сонирхдог гэсэн төрөл байхгүй. Тухайн хүнийхээ яриаг их ажигладаг. Хүний үг яриа ухамсар, тархины потенциалаар нь дамжин гардаг. Хэчнээн хөөрхөн охин байсан ч тэнэг юм яриад байвал хэнд ч утгагүй л санагдана. Тэгэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, амьдралын ухаантай байвал ямар ч хүн ер нь сайхан амьдарна даа.
YOLO: Багадаа ямар хүүхэд байсан бэ? Бяцхан Г.Энх-Амарыг эргэн дурсъя.
- Би багадаа зуслан дээрээ өдрийг тоглож л өнгөрүүлдэг хүүхэд байсан. ЕБС-ийн сурагч байхдаа ФМ хөтөлдөг байлаа. Бас найзуудтайгаа "PC" их тоглодог, зарим үед бол бүр их тоглодог байсан /инээв/. Дараа нь "PC" тоглохоо болихоор шийдээд ахаараа хөгжим тоглохыг заалган хөгжим тоглодог болсон. Ер нь их энгийн. Бусадтай л адилхан байсан даа. Намайг өөрчлөгдөхөд нөлөөлсөн ганц зүйл нь хөгжим тоглож сурсан маань л байх.
YOLO: Багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан уу?
- Би багадаа Жэки Чаны кино их үздэг байсан. Тэр мөчөөс л жүжигчин болох юмсан гэж мөрөөдөх болсон доо. Ахлах сургуулиа төгсөөд “Ямартай ч жүжигчин болно” гэж бодоод мөрөөдлийнхөө дагуу жүжигчний мэргэжлээр сурсан.
YOLO: Урлагийн хүн болоход гэр бүлийнхэн нь хэр дэмжсэн бэ?
- Манай аав уран зураач, уран барималч хүн байсан. Адилхан л урлагийн хүн. Ер нь гэр бүлийнхэн маань эсэргүүцэж байгаагүй. “Чи өөрөө мэд. СУИС-д ороод л үз” гэж хэлж байсан.
YOLO: Гэр бүлийнхнийхээ тухай яриач?
- Би 1 дүү, ихэр ах нар, ээжтэйгээ амьдардаг. Айлын дунд хүүхэд байх ер нь их энгийн. Хэцүү юм байхгүй. Ер нь их гоё /инээв/
YOLO: Ихэнхдээ хүмүүс өөрийн чинь талаар ямар буруу бодолтой явдаг гэж боддог вэ?
- Би уран бүтээл хийдэг хүн. Намайг сонсдог хүн, намайг сонсдоггүй хүн гэж бий. Автоматаар үзэн ядах тохиолдол ч зөндөө байна. Тэр хүмүүс бол надад хамаагүй. Надтай ойр дотно харилцаатай болох хүсэлтэй хүмүүс надтай ярилцаж үзэж байж л намайг мэднэ дээ.
YOLO: Таны хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу вэ?
- Одоо ингээд бодоход санаанд юм орж ирэхгүй л байна. Гэхдээ би хүсэх юм бол юуг ч хийж чадна. Би хүссэн зүйлээ авах дуртай хүн. Ингэнэ гэсэн бол ингэж байж л салдаг. Манай найзууд намайг “Чи их өөрийнхөөрөө” гэж зэмлэдэг. Би бол энийг тийм буруу зүйл гэж боддоггүй. Тэгэхээр хүсвэл юуг ч хийдэг зан маань өөрөө галзуу юм болов уу?
YOLO: Өөрийн чинь хувьд харамсаж явдаг зүйл байдаг уу?
Бодоод байхад харамсдаг зүйлс их байгаа юм байна. Ер нь хүн болгонд л байдаг байлгүй. Гэхдээ өөрийгөө зүхээд толгойгоо цохихоор тийм зүйл бол алга.
YOLO: Хэрвээ бирд гарч ирээд хүслийг чинь биелүүлье гэвэл хамгийн түрүүнд юу хүсэх байсан бэ?
Хүссэн хүнээ өөрийнхөө мэдэлд удирдаж чаддаг болохыг хүсэх байсан. Намайг үзэн яддаг хүний бодлыг эргүүлж чадна. Минийх болохгүй байгаа хүнийг өөрийн болгочихно. Дэлхий дээр хүмүүс ноёлж амьдарч байна. Тэгэхээр хүнийг өөрийнхөө талд оруулна гэдэг хамгийн чухал зүйл.
YOLO: Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж үг хэлэхгүй юу?
Залуучууддаа хандаж хэлэхэд мөрөөрөө л амьдар. Хүнд гай болохгүй амьдрах нь чухал. Хүн өөрөө ч мэдэлгүйгээр бусдад гай болдог. Хүн мөрөөрөө амьдарна гэдэгт бүх зүйл багтна. Хэн нэгнийг муулахгүй, хэн нэгэнд муу зүйл хийхгүй, хэн нэгнийг хохироохгүй байна гэдэг эргээд өөрт ч ашигтай шүү дээ. Монгол залуучууд үүнд суралцаагүй нь их харагддаг. Хараад байхад дээр үед үлдчихсэн юм шиг сэтгэхүйтэй хүүхдүүд их байдаг. Гэвч одоо бол залуучуудын эрин үе ирж байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор соёлыг ойлгож соёлд суралцаж нийгэмдээ зөв хүн байгаарай гэж хэлье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх