“Энэ дэлхий ЗӨВХӨН ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДААГҮЙ”


Б.Нямдарь | YOLO.MN
2021-10-15
"ХАЙРААР ӨӨРЧИЛЖ ЧАДНА" гэрэл зургийг А.Баттулга

Энэхүү нийтлэл нь сэтгэлзүйн хувьд таагүй байдал үүсгэх магадлалтай контент агуулж байгааг урьдчилан анхааруулж байна.

“Энэ хөвгүүн шиг хүүхдүүд их байдаг гэж бодохоор ирээдүй гэрэлтэй санагдаж байна шүү. Өнөөдөр 17:30 цагийн үед нохойгоо салхилуулаад явж байтал энэ хөвгүүн зодуулчихсан муурын зулзага тэвэрчихсэн яахаа мэдэхгүй өөрийн ууж байсан усаа ам руу нь хийж байв. Би ч юу болсныг мэдсэн болохоор нохойгоо гэр лүү оруулчхаад хамтдаа муураа тэвэрч гүйсээр эмнэлэг орсон юм. Гэхдээ нөгөө эмнэлэг нь хаалттай. Гай газар доороос гэдэг шиг миний утас хүртэл цэнэггүй болоод унтарчихсан. Яахаа мэдэхгүй сандраад зогсож байхад энэ хүүхэд "Эгч ээ хоёулаа хүний утас гуйгаад үзье" гээд бууж өгөхгүй шинжтэй байсанд нь их баярласан. Шууд л такси бариад өөр эмнэлэг явах замдаа таксины ахаас гуйж утсаа цэнэглээд эмнэлэгтэй ярьтал 30 минутын дараа хаалаа гэхээр нь “Дахиад 10-хан минут хүлээж байгаач, бид очиж байна” гэж гуйлаа. Тэгсэн бидний яриаг сонсож байсан таксины ах бид гурвыг түгжрээн дунд маш хурдан хүргэж өгсөн юм.

Замд байхад муурын зулзага маань арай ядан амьсгалж зүрх нь зогсохоос наагуур байхад хүү гараараа муурны зүрхэн хавьцаа зөөлөн базалж амьсгалуулж байхдаа "дахиад жоохон тэсээрэй" хэмээн амандаа шивнээд л яваад байсан. Бид гурав эмнэлэгтээ санд мэнд орж ирээд үзүүлтэл "Бүх эрхтэн нь задарч дотуур цус алдалт ихтэй, зүрх нь маш сул цохилж байна. Бие нь ч бас хөрчхөж. Найдваргүй учраас зовоохгүйгээр унтуулах хэрэгтэй" гэсэн зүйлс сонслоо.

Нөгөө жоохны маань нүдэнд нь нулимс цийлгэнээд унтуулах өрөө рүү дагаж орчих гээд л байв. Яаж тайвшруулах учраа олохгүй гарч явахдаа "Чи үнэхээр мундаг байсан шүү. Эгч нь нохойтой. Манайхтай ойрхон амьдардаг бол хамт салхилуулаад эрхлүүлж байгаарай" гэж хэлээд автобусанд суулгаж өглөө. Хүү уг нь аврах чин хүсэлтэй, надтай хамт муураа тэврээд гүйгээд л байсан. Даанч чадсангүй. Муурын зулзагад юу тохиолдсон талаар асуухад жоохон хүүхдүүд зодож байхаар нь очиж авсан гэнэ. Яаж хүмүүжихээрээ тийм зэрлэг болдог байна аа. Ямартай ч бид түүнийг аврах гэж хичээсэн ч үнэхээр чадсангүй дээ. Ер нь тэгээд дэлхий зөвхөн хүмүүст зориулагдаагүй шүү” хэмээх бичвэрийг саяхны нэгэн өдөр фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч /Kh Saikhana/ бичсэн байхыг олон хүн түгээжээ.

МОНГОЛ УЛСАД 250-300 МЯНГА ОРЧИМ ЭЗЭНГҮЙ БУЮУ ГУДАМЖНЫ НОХОЙ, МУУР БИЙ

Гэрэл зургийг И.Бямба

Монгол Улсын хэмжээнд 250-300 мянга орчим эзэнгүй буюу гудамжны гэх тодотголтой нохой, муур бий гэсэн тооцоолол бий. Мөн нийслэлд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг ба энэхүү ажилд дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг байна.

Эх сурвалж: Монгол улсын гэрийн тэжээвэр амьтдын нөхцөл байдлын цогц судалгаа - 2021

Гэгээн цагаан өдөр, хүний хөдөлгөөн эхэлсэн байхад, зарим үед хүүхдүүдийн нүдэнд дээр нохойг буудаж, зэрлэгээр хөнөөх ч тохиолдол гардгийг иргэд шүүмжилдэг. Энэ нь гудамжны нохойг цөөлөх ёс зүйгүй, бүдүүлэг арга бөгөөд олон улсад үүнийг илүү эерэг аргаар буюу тэднийг барьж, нэг дор байлган эзэнтэй болох хүртэл нь асран тэжээдэг. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо бууралгүй, төсвийн мөнгийг энэ мэт хэрцгий үйл ажиллагаанд, үр дүнгүйгээр зарцуулж байна гэсэн үг.

Гэрэл зургийг Э.Тайчир

Угтаа бол нүүдэлчин монголчууд мал сүргийг нь хамгаалж, ан ав, салхи шуурганд чиг зааж хань болдог, хол замд төөрөх эсвэл бэртэхэд тусламж дагуулан ирдэг үнэнч анд хэмээн нохой хэмээх амьтныг дээдлэн ирсэн уламжлалтай. Гэтэл одоо тэднийг үй олноор нь буудан хядаж, шархдаад цустайгаа холилдсон эхийнхээ мээмийг нь үлгэх гөлөгнүүдийн төрх сэтгэл сэртхийлгэм өрөвдмөөр.

Зургийн эх сурвалж: Азтай савар групп
Гэрэл зургийг Э.Тайчир
"ЭХИЙН СЭТГЭЛ" гэрэл зургийг Б.Лодойхүү

Буудлагын ажилтнууд өдрийн нормын тоондоо хүргэх гэж хашаанаасаа түр гарсан болон хүзүүвчтэй нохдыг ч бууддаг. Хүн ёсны хувьд ч, үр хойчдоо үлгэр дуурайл болохын хувьд ч нохойг буудаж хорооно гэдэг байж боломгүй хэрцгий үйлдэл. Дээр өгүүлсэн сайхан сэтгэлт, өрөвч нинжин хүү шиг гэрэлт ирээдүйн хүүхдүүдийг олноор бий болгохын тулд томчууд бид өөрсдийн үйлдлээрээ үлгэрлэх ёстой юм.

Гэрэл зургийг О.Цогдорж

Яагаад гудамжны ноход бий болдог вэ? Ноход гудамжинд гарах хэд хэдэн шалтгаан бий.

1. Зарим нь нохой авахдаа үүрэг хариуцлагын талаар сайтар тунгаалгүй, сэтгэлийн хөөрлөөр хандаж, хүүхдэдээ чихмэл гөлөг авч өгч байгаа мэт байдаг нь тэднийг дараа нь гудамжинд гарахад хүргэдэг.
2. Нохойдоо заслага /спэй/ хийлгэхгүй байх, хэт их үржүүлж, олноор нь зарж борлуулдаг байдал.
3. Нохой нь гөлөг үедээ гаднах байдлаасаа сайн мэдэгддэггүй учир үүлдрийн хольцтой, эрлийз байх нь тэднийг дараа нь гологдоход хүргэдэг. Тиймээс гөлөг авахдаа удмын бичиг, эцэг, эх нохойг нь судлахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
4. Мөн гэр хорооллын айлууд нохойгоо сайтар асарч хооллохгүй, өлөн зэлмэн байлгаж зодож занчих нь тэднийг гэрээсээ дайжихад хүргэдэг.
5. Гудамжинд гарсан ноход хоорондоо үржилд орж дахиад л дараагийн үе гарч ирдэг.

Иймээс олон улсын жишиг стандартад нийцсэн гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох шаардлага гарч ирж байгаа юм.

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАДТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬТАЙ БОЛНО

“Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ-аас “Амьтад амьдрах эрхтэй” төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийн хүрээнд Монгол Улс дахь гэрийн тэжээвэр амьтдын нөхцөл байдлын цогц судалгааг анх удаа хийж, олон улсын туршлагад үндэслэн жишиг хуулийн төслийн загвар боловсруулаад байгаа ба УИХ-ын гишүүн Б.Энхбаярт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болж, хууль санаачлагчаар ажиллан, УИХ-д өргөн барихаар болжээ.

Тэрээр төслийн танилцуулга өдөрлөгийн үеэр “Би хувьдаа амьтан тэжээдэггүй, амьтны эрхтэй холбоотой асуудлын талаар мэдлэг бага байсан. Харин “Азтай Савар”-ын залуусын хэрэгжүүлж буй энэ төсөл, судалгааны үр дүнтэй танилцаад энэ бол зөвхөн амьтад болон амьтан тэжээдэг хүмүүст хамаатай асуудал огт биш, нийгэм улс орны хэмжээнд тулгамдсан асуудал юм гэдгийг ойлголоо. Гэрийн тэжээвэр амьтны зохицуулалтгүй үржүүлэг, тоо толгойг хянах асуудал, жил бүр устгал хийнэ гэж хэдэн тэрбумаар нь төсөвлөж үргүй зардал гардаг, цаашлаад хөрс, усны бохирдол зэрэг нийгэмд тулгамдсан, шийдэх шаардлагатай асуудлууд их юм байна. Энэ асуудлыг барьж авч, сайн дураараа төсөл болгон хэрэгжүүлж буй залуус байгаад олзуурхаж байна, тийм ч учраас “Азтай Савар”-ын залуус төсөлдөө дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавихад нээлттэй хүлээж авсан. Цаашид өөрийн зүгээс дэмжин, бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана” гэсэн юм.

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН АСУУДЛЫГ ОЛОН УЛСАД ХЭРХЭН ЗОХИЦУУЛДАГ ВЭ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тооцоолсноор дэлхий даяар 200 сая гаруй гудамжны нохой байдаг. Нидерланд улс 2020 онд албан ёсоор гудамжны нохойгүй анхны улс болжээ. Ингэхийн тулд Нидерландын засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Нэгдүгээрт нохой үрчилж авахыг дэмжихийн тулд дэлгүүрээс нохой худалдан авахад илүү өндөр татвар төлөх болсон. Мөн “Collect, Neuter, Vaccinate and Return” буюу гудамжны нохойг олж цуглуулан, спэй заслага хийж вакцинжуулаад эргүүлээд үрчлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнээс гадна амьтан хамгаалах, аврах үүрэгтэй “Амьтдын цагдаа” хүртэл гаргаж ажиллуулах болжээ. Сонирхуулахад Нидерландад “Амьтдын Нам” байдаг бөгөөд 2006 онд парламентад хоёр суудал авч байжээ.

Дэлхийн Амьтан Хамгааллын байгууллага “World Animal Protection”-аас 50 орныг амьтан хамгааллын индексийн дагуу А-G оноогоор үнэлжээ. Харамсалтай нь А үнэлгээ авсан улс одоогоор байхгүй ч, амьтан хамгааллын индексээр B оноотой бусдыгаа тэргүүлж буй хэд хэдэн улс байгаагийн нэг нь Австри юм. Анх 2004 онд батлагдаж, 2017 онд шинэчлэгдсэн Амьтны Эрх Ашгийг Хамгаалах Хуульд бүх амьтныг хүн гэдэг амьтантай эн тэнцүү, өөрсдийн гэсэн мэдрэмж, эрх ашигтай гэж үздэг. Иймээс амьтанд харгис хэрцгий хандахаас гадна “сэтгэл санааны” хохирол учруулахыг хориглодог байна. Хүн тэжээвэр амьтныхаа төрөл зүйл, үүлдэр, бие сэтгэлзүйн онцлог зэрэгт тохирсон халамж, хоол хүнс, орон байр, эмнэлгийн үйлчилгээ зэргээр хангах үүрэгтэй.

Мөн нохойтой хүмүүс ялангуяа гудамж талбай, явган хүний зам, тоглоомын талбай зэргийг цэвэрхэн байлгах үүрэгтэй байдаг аж. Нохой гурван сар хүрмэгц албан ёсоор бүртгүүлж, татвар төлж эхлэх ёстой. Мөн 2008 оноос хойш нохой бүрийг гурван сар хүрмэгц микрочип суулгуулах ёстой тухай хуульчилжээ. 

Тэжээвэр амьтнаа хэрхэн оршуулах тухай хүртэл хуульчилсан байдаг байна. Халдварт өвчний улмаас нас нөгчсөн бол заавал холбогдох албанд хандаж оршуулах ба халдварт өвчний эрсдэлгүй бол өөрийн гэр, хашаандаа оршуулахыг зөвшөөрдөг аж. Мөн нэмэлт мэдээлэл хүргэхэд ихэнх хотод нийтийн тээврээр тэжээвэр амьтан авч явахыг зөвшөөрдөг бөгөөд жижиг биетэй амьтанд цүнх, саванд авч явбал үнэгүй, том биетэй бол заавал уяа, хошуувчтай авч явах ба тасалбарын үнэ төлдөг аж. /Эх сурвалж: Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан/

#Амьтад #Хайр