Та Солонгосын талаар хэр мэдэх вэ? "Дугду" гэж сонссон уу?


Т.Онон | YOLO.MN
2024-07-18

Монголчууд бид Солонгосын соёлтой 2000 оноос хойш олон ангит кино, хоол, К-поп гэх мэт олон талаас танилцаж, хүүхэд залуус Солонгос одуудын фэн клуб хүртэл байгуулж, хөгжөөн дэмжих болсон билээ. Мөн айл бүрээс бараг нэг хүн Солонгост аялаж, сурч, ажиллаж байгаа гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Бид “Кимчи”-ч бас амтархан иддэг болоод удаж буй билээ. Харин тэгвэл та "Дугду" хэмээх нэрийг сонсож байсан уу?

Дугду бол Япон, Солонгосын хоорондох орших жижиг арал бөгөөд Үллынду арлаас зүүн өмнө зүгт 87,4 км зайд оршдог.  Дугду нь Дундо, Сеодо гэсэн хоёр том арал болон эргэн тойрны 89 арлаас бүрддэг бөгөөд тэдгээрийн хоорондох хамгийн богино зай нь далайн түрлэгийн үед 151 метр юм. Нийт талбай нь 1187.544м2 бөгөөд БНСУ-ын Засгийн газрын мэдэлд байдаг төрийн өмчит газар юм.

Түүхийг сөхөн харвал Япон 1905 оноос хойш Дугду арлыг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлаж, хоёр улсын хооронд маргаан үргэлжилсээр байна. Гэвч 1946 онд Холбоот гүрнүүдийн дээд командлагчийн санамж бичгийн дагуу Үллынду, Дугду арлыг Японы газар нутгаас хасчээ. Өнөөдрийг хүртэл газар нутгийн маргаан шийдэгдээгүй бөгөөд Дугду арлыг Солонгос хариуцдаг тул аралд зочлохын тулд урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай.

Би саяхан Үллынду аралд зочилсон юм. Цаг агаар сайхан байсан тул Дугду арал тод харагдаж байлаа. Нутгийн Дугду музейгээр зочилж, түүхэн баримттай танилцаж, Солонгосын ард түмэн байгалийн үзэсгэлэнт байгалиа хамгаалан, жуулчлал хөгжүүлж буйг хараад Дугду нь яахын аргагүй Солонгосын газар нутгийн нэг хэсэг гэдэгтэй санал нийлэв.

Дугду нь аялал жуулчлалын бүс болох асар их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд Солонгосын засгийн газар Дугду, Үллынду хотыг жуулчны газар болгон хөгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд Дугду нь аялагчдын дунд улам бүр танигдаж, гадна дотны олон жуулчид тус арлыг зорин очиж байна. Тэр дундаа орон нутгийн онцлог шинж чанаруудыг багтаасан далайн хоол амтлах боломжийг олгох бөгөөд Дугду музей, түүхэн дурсгалт газруудаар зочлох боломжтой. Эдгээр нь Дугду нь нутаг дэвсгэрийн энгийн асуудлаас хальж, бүс нутгийн эдийн засаг, соёлын хөгжилд хувь нэмэр оруулж байгаагаараа маш их ач холбогдолтой юм.

Дугду арал нь хүн амьдрахад тохиромжгүй жижиг арал боловч Япон, Солонгосын хооронд газар нутгийн маргаан яагаад үргэлжилсээр байна вэ? гэдэг асууда сонирхол татаж байна. Гэсэн хэдий ч энэ жижигхэн арал дээр эх орноо хайрлан хамгаалж байгаа, аж төрөхөд боломжгүй ч гэсэн тус арал дээр хаягтай амьдардаг гэр бүлийн тухай сонсоод эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэл Монголд ч чухал гэдгийг ойлгосон юм. Солонгосын Дугдуг хамгаалж байгаа Ким хос шиг бид ч бас Монголын газар шороог хамгаалах ёстой.

#Дугду