Ээжүүдийн өдөртэй барьцсан ААВУУДЫН ӨДӨР


Аска | YOLO.MN
2017-08-08

Анхны ээжүүдийн баярын өдөр нь АНУ-д иргэний дайн дуусгавар болсны дараахан үүссэн түүхтэй аж. 1860-аад оны үед Баруун Виржиния мужид Анн Жарвиз гэгч нэгэн хөдөлгөөнч эмэгтэй "Ээжийн Ажлын Өдрүүд"-ийг зохион байгуулснаар тэрхүү өдөр олон цэргийн ээжүүдийг нэгтгэж чадсан өдөр болжээ.

Гэсэн хэдий ч ээжүүдэд зориулсан баярын өдөр албан ёсны бүх нийтийн амралтын өдөр болон зарлагдаагүй байсаар 1908 онд түүний охин Анна ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж Филадельфия мужийн нэгэн худалдааны төвд ээжүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулснаар Ээжүүдийн өдрийн албан ёсны баярын өдөр болон зарлагджээ.

1909 онд 49 муж энэхүү өдрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч 1914 онд ерөнхийлөгч Уидроу Уилсон тавдугаар сарын хоёр дахь Ням гарагийг "Америкчуудын ээжүүдийн өдөр" хэмээн зарлажээ.

Аавуудын өдөр хэрхэн үүссэн бэ?

Аавуудын өдрийг тэмдэглэх олон оролдлого байсан хэдий ч дэмжлэг авдаггүй байжээ. 1908 оны долдугаар сард Баруун Виржиния мужийн нэгэн сүмд өмнөх оны 12-р сард нүүрсний уурхайд гарсан дэлбэрэлтэнд өртөж амиа алдсан 362 эрийн дурсгалд зориулсан цуглаан зохион байгуулагдсан ч нэгэн удаагийн арга хэмжээгээр өндөрлөсөн байна.

1909 онд Сонора Смарт Додд гэх нэгэн бэлэвсэн өрх толгойлсон эмэгтэй ээжүүдийн өдрийн адил аавуудад зориулсан өдрийг тэмдэглэхийг санаачлан сүм, албан байгууллагуудар уйгагүй явсны үр дүнд 1910 оны зургадугаар сарын 19-ний өдөр Вашингтон муж анх удаа албан ёсоор Аавуудын өдрийг тэмдэглэж эхэлжээ. 1924 онд ерөнхийлөгч Келвин Колидж үндэсний хэмжээнд Аавуудын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ.

Орчин үед АНУ-д аавуудын өдрийг зургадугаар сарын гурав дахь Ням гаригт тэмдэглэж байхаар тогтжээ. Европ болон Өмнөд Америкийн орнуудад Гэгээн Жозефийн өдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр тэмдэглэдэг.

1920,1930-аад онуудад ээж болон аавуудын өдрийг нэг өдөр тэмдэглэж байх талаар хөдөлгөөн өрнүүлдэг байсан аж. Их хямралын үед энэхүү оролдлого талаар өнгөрч дэлхийн 2 дугаар дайны дараагаар цэргүүдийг эргэн дурсах өдөр болгох хөдөлгөөн ч өрнөсөн түүхтэй аж.

1972 онд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ричард Никсон Аавуудын өдрийн Нэгдсэн улсын албан ёсны тэмдэглэлт өдөр болгох талаарх санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Орчин үед эдийн засагчдын тооцооллоор жил бүр аавуудын өдөрт зориулан 1 тэрбум гаруй долларыг бэлэг сэлтэд зарцуулагдаг гэсэн тооцоо бий.

Харин манай улсын хувьд Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор "Аавуудын өдөр"-ийг санаачилсан билээ.

Энэ жил улс даяар "Аав нараа хайрлая, хүндэтгэе" уриан дор 13 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр юм.

Эх сурвалж: www.history.com

#happy father's day #world