ЭЕШ - 2019: Энэ жил шалгалтын дүнгээ нэг цагийн дотор мэдэх боломжтой


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2019-02-14

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэл орон даяар өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлж буйтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө.

Бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийг дахин сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

ЭНЭ ЖИЛИЙН ЭЕШ-ИЙН ОНЦЛОГ

  1. Шалгалтад бүртгүүлсэн иргэн Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх шаардлагатай. /МУ-ын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой/
  2. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны гуравдугаар сарын 4-ний 18:00 цагт дуусна.
  3. Монгол хэл бичгийн шалгалтыг бүртгэлийн хураамжгүйгээр буюу үнэ төлбөргүй зохион байгуулна.
  4. Монгол хэл бичгийн шалгалт 2 удаа зохион байгуулагдах бөгөөд эхнийх нь 2019 оны гуравдугаар сарын 23-нд, дахин шалгалт нь 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулагдана. Эхний шалгалтад ороод босго оноонд хүрээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтад ороогүй шалгуулагчид дахин шалгалтад хамрагдах юм.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
  6. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Монгол хэл бичгийн шалгалт батламж хуудастай байна. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жилийн хугацаанд хүчинтэй.
  7. МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
  8. Шалгуулагч сургууль болон багш нар тухайн хичээлд бэлдээгүй гэх мэт шалтгаанаар шалгалт өгөхийг хориглосон асуудал өмнөх жилүүдэд гарсан. Тиймээс шалгуулагч өөрийн хүссэн хэдэн ч хичээлээр шалгалт өгөх боломжтой гэдгийн албаныхан онцлож байв.
  9. Энэ жил суурь боловсролын болон ахлах ангийн сургалтын “Цөм” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш төгсөж буй эхний жил учраас тус хөтөлбөрийн дагуу шалгалтын агуулга өөрчлөгдөнө.
  10. Шалгуулагч өмнөх жилүүдэд дүн оноогоо 14 хоногийн дараа мэддэг байсан бол 2019 онд шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлснээр анхны оноогоо нэг цагийн дотор, хэмжээст оноогоо 24 цагийн дотор мэдэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь их сургуулиудад элсэх, дүн оноогоо мэдэх зэрэг үйл ажиллагааг нэг удаагийн зохион байгуулалтаар шийдэж байгаа нь орон нутгийн элсэгчдэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх зэрэг олон давуу талтай.
  11. 2019 оны ЭЕШ-д 20 мянган хүн шалгалт өгөх урьдчилсан тооцоотой байгаа бөгөөд энэ нь өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага тоо юм.
  12. Улаанбаатар хотод 8, орон нутагт 22 шалгалтын байранд шалгалтыг авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

#ЭЕШ2019